Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 337

 

   А.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-н өмгөөлөгч Г.Нямхүү,

иргэний нэхэмжлэгч Б.А,

иргэний хариуцагч Х.Ц-н өмгөөлөгч З.Нандинцэцэг,

иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, З.Хүрэлсүх, О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, иргэний хариуцагч Х.Ц, иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-д холбогдох эрүүгийн 1903 00561 0482  дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо .............оршин суух, /РД: ............../,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн;

 А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны оройн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х.Ц-н эзэмшлийн “Hyundai 5 ton” загварын, .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, 1.1 Нэг: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, Монгол Улсын стандарт MNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашин тавих техникийн нэмэгдэл шаардлага: 7.3 Тоормосны систем: 7.3.1-д заасан “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй: 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замаас гарч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг, ............... тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах А.Б-н эзэмшлийн зургаан ханатай монгол гэрийг дайрснаас гэрт байсан 11 настай, Б.Э-н амь насыг хохироож, 44 настай, А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 347405 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “У С” ХХК болон Х.Ц нараас хувь тэнцүүлэн 18.960.844 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т, мөн 1.315.650 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.А-д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, мөн иргэний хариуцагч нар нь гэм буруутай этгээдээс хуульд заасан журмын дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Х.Ц тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Х.Ц би хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр өмгөөлөгчөөр дамжуулан хэргийг тээврийн прокурорт болон анхан шатны шүүхийн шатанд байхад нь ... УБӨ улсын дугаартай, “Hyundai 5 ton” загварын тээврийн хэрэгсэлд дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан билээ. Учир нь, криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн лабораторын шинжээчийн 3738 дугаартай дүгнэлтээр ....... УБӨ улсын дугаартай, “Hyundai 5 ton” загварын авто машины “ ... гэмтлүүд нь ослын үед үүссэн”, “ослын үед үүссэн гэмтлүүд нь осол гарах үед нөлөөлөөгүй” гэх ойлгомжгүй дүгнэлт, мөн тухайн дүгнэлтээр автомашины хойд зүүн хойд болон баруун хойд дугуйны болоод тоормос асуудалтай талаар дурдсан байдаг. Тодруулбал, машины зүүн урд болоод баруун урд талын дугуй болон тоормосны эд анги бүрэн бүтэн асуудалгүй байна гэсэн үг.

Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Э.Алтанболдын дүгнэлтэд дээрх 3738 дугаартай дүгнэлтийг баримтлахдаа ослын үед үүссэн гэмтэл гэдгийг осол гарахын өмнө байсан мэтээр үндэслэн Х.Ц намайг хууль зөрчсөн хэмээн үзсэн.

Дээрх ойлгомжгүй 3738 дугаартай дүгнэлтийг тодруулах үүднээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй байж, хэргийг шийдэхдээ бүх дугуй тоормосгүй, ажиллахгүй байсан мэтээр “... ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол” гарсан хэмээн үндэслэлийн нэг болгожээ. Гэтэл хэрэгт авагдсан зам тээврийн осол, үзлэг хийсэн тэмдэглэлд тоормосны мөр байхгүй хэмээн тэмдэглэгдсэн байсныг шүүх анхаараагүй.

Хоёр. Хавтас хэргийн 59 дэх талд авагдсан 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай байсан бөгөөд түүнд шинжээчид эрх, үүрэг тайлбарлах арын хэсэгт эрх үүрэгтэйгээ танилцсан хэсэгт шинжээчийн гарын үсэг байхгүй байсан.

Гурав. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдэхдээ хэрэгт авагдсан төлбөрийг баримтуудыг бүрэн судлаагүй хэмээн үзэж байна. Жишээ нь: Хэргийн 228 дугаар талд авагдсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн баримтад худалдагч байгууллагын тамга байхгүй, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 20.000 төгрөгийн баримт утга: хүзүүний бэхэлгээ гэх баримт нь дээд хэсэгтээ “Энхжаргалант” ХХК гэх нэртэй байх бөгөөд тамга нь “Тэр мөстийн өгөөж” гэсэн, 223 дахь тал Хархорин төв 6-161 гэх баримт огноо байхгүй гэх мэт шаардлага хангахгүй баримтууд байхад үүнийг нотлох баримтаар үнэлж, сэтгэл санааны хохирлоос бусад хохирлыг хангаж шийдсэнд гомдолтой байна. Хэдийгээр шүүх хуралдаанаар гэм буруутай эсэх нь чухал ч үндэслэлтэй бодит хохирлыг төлөх нь ч төлөх хүмүүсийн хувьд бас л чухал, бодит үндэслэлтэй нотлох баримтаар нотлогдож буй хохирлыг тодорхойлох ёстой хэмээн үзэж байна. Мөн хохирогч талаас худалдан авсан дотуур, гадуур хувцас зэргийг хохиролд тооцон төлөх ёстой эсэх нь эргэлзээтэй байна.

Хэргийн нөхцөл байдлын тухайд:

Дөрөв. Хэрэгт “У С” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Уг гэрээний тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэхээр буюу хийн компрессор тээвэрлэн хүргэж өгөх үүргийг гүйцэтгэхээр Х.Ц би өөрийн компанийн жолооч болох А.Б-г Дундговь аймаг руу явуулахаар “гэрээрээ орж хөнжил пүүгээгээ авах уу, тийм бол энэ жижиг машинаар яваад ир” гэхэд Б.А.Б нь “тэгэх шаардлагагүй, надад аргалчих юм бий” гэсэн.

Гэтэл А.Б нь Дундговь аймаг руу шууд явалгүй ажилд явах байсан цаг хугацааг алдан, маршрут зөрчин, өөрийн гэртээ харьж байж байгаад оройн 20 цагийн орчимд гэрээсээ уруудаж яваад уг ослыг гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх үүнийг нотлох баримт байсаар байхад, мөн иргэний хариуцагчаар давхар татагдсан “У С” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр ажлын цаг алдаж, шууд замдаа гарах ёстой байсан маршрут зөрчин зөвшөөрөлгүй дураараа ачаатай машинаар тэр өндөрлөг газарт байрлах гэртээ харьж байгаад оройн цагаар гэрээсээ уруудаж яваад осол гарган, нэг хүний амь нас эрсдэн, нэг хүн хүндэвтэр гэмтэл авч эд хөрөнгийн хохирол учруулсан байхад А.Б-г “У С” ХХК-ийн жолооч, Тээвэрлэлтийн гэрээний захиалагч талын ажилтан хэмээн үзэж, эд хөрөнгийн хохирлыг “У С” ХХК болон Х.Ц намайг хуваан төлөх шийдвэр гаргасныг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь, А.Б нь зөвшөөрөлгүй ажлыг цаг таслан, маршрут зөрчин, хувийн ажлаа амжуулж байгаад гаргасан ослын улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг би төлөх үндэслэл байхгүй юм. Буруу зүйл хийсэн хүн өөрөө бас бусдад учруулсан хохирлоо төлөх ёстой, төлнө гэдгээ ч анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг үл тоон, бүх эд хөрөнгийн хохирлыг “У С” ХХК болон иргэн Х.Ц надаар төлүүлнэ гэдэг шударга ёс бус, гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянуулж үнэн, бодитоор, нотлох баримтад тулгуурлан шударгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Х.Ц-н өмгөөлөгч З.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан нь тогтоогдсон. Гэхдээ уг бүрэн бус байдал нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн Х.Ц “шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурагдаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гэтэл би өнөөдөр хуралд орохын өмнө хавтас хэргээс харахад гарын үсэг нь нөхөгдөөд зурагдчихсан байна.  ...” гэв.

Иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын өөрт хамаарах хэсгийг иргэний хариуцагч “У С” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Манай “У С” ХХК нь хийн компрессорыг Дундговь аймаг руу хүргүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр тээвэрлэлтийн  гэрээг байгуулсан. Гэтэл тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэх ёстой гүйцэтгэгч талын жолооч А.Б-г манай “У С” ХХК-ийн жолооч хэмээн анхан шатны шүүх үзэж, түүний учруулсан эд хөрөнгийн хохирлын тал хэсгийг манай компани төлөх ёстой хэмээн шийдсэнд гомдолтой байна.

“У С” ХХК-ийн зүгээс хэрэг анхан шатны шүүхэд байхад манай компанийн жолооч биш, манай компанид ихээхэн хохирол учруулсан талаар тайлбар өгсөн. Мөн А.Б-н захирал ч “А.Б нь манай компанийн ажилтан” хэмээн тайлбар өгсөн байхад анхан шатны шүүх ямар баримтаар А.Б-г манай компанийн ажилтан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

А.Б нь ч гэсэн ямар компанид ажилд орсноо мэддэггүй юм уу, түүний гаргасан мэдүүлгийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Тээвэрлэлтийн гэрээний дагуу гүйцэтгэгч талын жолоочийн буруутай үйлдэл, ажлын маршрут зөрчин ослын улмаас учирсан хохирлыг захиалагч тал буюу тухайн машин дээр байсан ачааны эзэн төлөх нь шударга бус явдал юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “У С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө  үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х-н өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Осол гаргасан автомашин Х.Ц-н нэр дээр байдаг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тиймээс техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон ачаа тээвэрлэх явцтай Г.Х ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэлгүй байна. Тээвэрлэлтийн гэрээнээс үзэхэд “У С” ХХК нь тухайн тээврийн хэрэгсэлтэй огт хамааралгүй болох нь харагдаж байхад иргэний хариуцагчаар татсан нь буруу. Иймд Г.Х-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдаж байна. Учир нь:

А.Б нь жолоочоор ажилд орсон тухай мэдүүлэг нь иргэний хариуцагч “У С” ХХК-ийн захирал Г.Х-н мэдүүлгээр батлагддаг бөгөөд ердөө 1 сар хүрэхгүй хугацаанд ажиллаж, ачааны тээврийн хэрэгсэлтэй харьцаж явахдаа гэмт хэрэгт холбогдсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хуулийн этгээд буюу ажил олгогч “У С” ХХК нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлдвэрлэгчээс тогтоосон норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгох, түүнчлэн Автотээврийн тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн техникийн хяналт, стандарчилал, үзлэг явуулахад тээврийн хэрэгсэл өмчлөгч хуулийн этгээдийн хүлээх үүргийг тус тус тодорхой хуульчилсан байна.

Гэтэл эдгээр хуулиар тогтоосон шаардлагыг ажил олгогч “У С” ХХК бүхэлд нь биелүүлээгүй, зөрчсөн төдийгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тогтоосон шаардлагыг давхар зөрчсөн нь нотлогдсон байна.

Жолооч А.Б-г хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар огт хангаагүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан үүргийг жолооч хангаагүй гэж буруутган дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл юм.

Нэгэнт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоочид шилжүүлж ажилд гаргасан байх тул Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж жолоочийг буруутгах үндэслэлгүй, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн өмчлөгч ашиглалтын журмыг зөрчсөн эсэхийг эхэлж шалгасны дараа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн эсэхийг шалгаж үнэлэх байтал ажил олгогчийн шууд буруутай үйлдэлд жолоочийг буруутгасан нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, жолооч А.Б нь налуу газар уруудсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахаар жолоочийн бүхээгт бололцоотой бүхий л үйлдлийг хийсэн боловч /эвдрэлтэй тоормосны систем, шаардлага хангаагүй дугуйтай/ техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж зогсоож чадаагүй, өөрөө гэмтэж, Гэмтэл согог судлалын эмнэлэгт ухаан орсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

БНСУ-д ашиглаж байгаад импортоор оруулж ирсэн, насжилт ихтэй, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тодруулбал тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон Үндэсний стандартын шаардлагыг хангуулаагүй, Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон байхад жолоочийг ажилд гаргасан буруутай үйлдэлдээ ажил олгогч “У С” ХХК Иргэний хуульд зааснаар гэм хорыг бүрэн хариуцах нь хууль ёс, шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ.

Хэрэгт ......... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт оруулаагүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.2-т зааснаар торгууль ногдуулсан шийтгэвэр авагдсан байна. Хэрэг осол гарсан шалтгаан, нөхцөл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн гэх жолоочийн үйлдэлтэй бус, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн өмчлөгчийн үйлдэлтэй шууд холбоотой байхад анхан шатны шүүх буруу дүгнэж, ял шийтгэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан жолооч А.Б-н үйлдлийг цагаатгаж, Сонгиохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв өмчлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзвал шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг тус тус харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан эрх хасах болон хорих ялын хэмжээг багасган, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хариуцагч “У С” ХХК-иас А.Б гэх хүн уг компанид хамааралгүй. Тээврийн хэрэгсэл авч зугтаасан гэж мэдүүлж байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч А.Б тухайн хугацаанд энэхүү компанийн ажлыг гүйцэтгэж явсан нь тогтоогдсон. ...” гэв. 

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч З.Хүрэлсүхийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-н өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдлуудаас үзвэл буруутай хүн байхгүй мэтээр бичсэн байна. Хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхад хохирол төлөхийн оронд гэм буруу дээрээ маргацгааж байгаад нь харамсаж байна. Шүүгдэгч А.Б энэ гэмт хэрэгт гэм буруутай. Учир нь, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдалтай байгааг мэдэж байсан. Үүнийгээ Г.Х, Х.Ц нарт хэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрээ хууль ёсны үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан нь техникийн болон авто лабораторийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллахгүй байснаас болж энэ гэмт хэрэг гарсан. Иймд иргэний хариуцагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны оройн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х.Ц-н эзэмшлийн “Hyundai 5 ton” загварын, ....... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, 1.1 Нэг: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, Монгол Улсын стандарт MNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашин тавих техникийн нэмэгдэл шаардлага: 7.3 Тоормосны систем: 7.3.1-д заасан “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй: 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” гэснийг тус тус зөрчсөний улмаас замаас гарч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг, ......... тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах А.Б-н эзэмшлийн зургаан ханатай монгол гэрийг дайрснаас гэрт байсан 11 настай, Б.Э-н амь насыг хохироож, 44 настай, А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Б-н “... Манай талийгаач хүү Б.Э маань зурагт үзээд хойморын орон дээр сууж байсан. Би гэрийнхээ зүүн талын орон дээр зүүрмэглээд унтаж байсан. Гэнэт түс тас хийгээд л явсан. ...” /1 хх 29-30/, “... Жолооч А.Б болон “У С” ХХК-д гомдолтой байна. Миний хүүхдийн амь насыг хохироосонд гомдолтой байна. ...” /1 хх 146-147/,   

иргэний нэхэмжлэгч Б.А-н “... Буруутай жолоочоос хашаан байшингийн үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжилж байна. ...” /1 хх 35/,

иргэний хариуцагч Х.Ц-н “... жолооч А.Б-г “У С” ХХК-иас гаргаад явуулсан. ... Замын цагдаагийн газраас “таны машин зам тээврийн осол гаргасан байна” гэж надад хэлсэн. ... А.Б айлын хашаа мөргөж, хашаан дотор байсан гэрийг дайрч, зам тээврийн осол гаргасан байсан. ...” /1 хх 40-41/,

иргэний хариуцагч “У С “ХХК-ийн төлөөлөгч Г.Х-н “... “Hyundai gold” загварын, ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 4 дүгээр сард худалдан авсан, ... ер нь манай байгууллагын жолооч нар унадаг байсан. ... А.Б нь манай байгууллагад ороод удаагүй, үндсэн ажилтан болоогүй байсан. Гэхдээ ажилд орохдоо гэрээ хийсэн байсан. ...” /1 хх 152/,

 гэрч Э.Б-н “... Орой 20 цаг өнгөрч байхад эхнэр, бид хоёр гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал өөдөөс том ачааны автомашин ирж явснаа замын хашлага даваад замын баруун гар талын айлын хашааг шууд дайраад орчихсон. Бид хоёрыг яваад очиход хашаан дотор байсан таван ханатай монгол гэрийг бас дайрчихсан байсан. ...” /1 хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач Б.Э-н биед 2 тал бөмбөлгийн зулай, дух, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, чамархайн хуйханд цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урд хэсгийн язарсан урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралт /200гр/, баруун уушгины доод дэлбэнгийн ар хэсгийн тархмал няцрал, цус хуралт. Баруун гуяны урд дээд хэсгийн хууларсан шарх, булчин, судас тасрал, баруун суудал ясны дээд хэсгийн хөндлөн салсан хугарал, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цээж, хэвлий, мөчдөд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. ...” /1 хх 60-62/ гэсэн 1214 дугаартай дүгнэлт,

Батлан хамгаалахын эмгэг судлалын шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн “... Д.Б-т хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал, хуйх, дух, баруун бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэл болно. ...” /1 хх 68/ гэсэн 93 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Нyundai” загварын, ..... УБӨ улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Автомашины бүхээг болон явах эд анги, жолооны механизмд гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. ... Зүүн хойд талын тоормосны эд анги бүрэн бус, накладка сул хөдөлгөөнтэй, баруун хойд талын тоормосны накладка тос мэт зүйлээр бохирлогдсон байна. Автомашины урд болон хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй, хэмжээтэй дугуй тавьсан байна. ...” /1 хх 105-106/ гэсэн 3738 дугаартай дүгнэлт,   

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн “... “Hyundai gold” загварын, ..... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг. 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин, чиргүүл, ... ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахааргүй байх”, Монгол Улсын стандарт MNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашин тавих техникийн нэмэгдэл шаардлага, 7.3 Тоормосны систем, 7.3.1 “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, Гурав: Дугуй, 3.6 “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч Х.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 27 “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2.в. “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт: “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин, чиргүүл, ... ашиглахыг хориглоно. Нэг. Тоормосны систем. 1.2 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахааргүй байх. Монгол Улсын стандарт MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, 4. Нийтлэг шаардлага, 4.1 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна. 4.5 Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг тооллогод хамрагдаж тэнцсэн... байна. 7. Ачаа тээврийн авто машинд тавих техникийн нэмэгдэл шаардлага. 7.3 Тоормосны систем. 7.3.1 Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэх заалт, Гурав: Дугуй, 3.6 “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /2 хх 22-24/ гэсэн 365 дугаартай дүгнэлт,

Зам тээвэр, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал /хх 7-10/, фото зургийн үзүүлэлт /хх 12-17/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 47/, А.Б-н өвчний түүхийн хуулбар /1 хх 72-77/, “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 92-95, 99-101/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 124-125/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-н бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч А.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “...“У С” ХХК нь жолооч А.Б-г хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар огт хангаагүй, мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр ажилд гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан үүргийг жолооч хангаагүй гэж буруутгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоочид шилжүүлж ажилд гаргасан байх тул Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж жолоочийг буруутгах үндэслэлгүй, А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х-с “...Тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэх ёстой гүйцэтгэгч талын жолооч А.Б-г манай “У С” ХХК-ийн жолооч хэмээн анхан шатны шүүх үзэж, түүний учруулсан эд хөрөнгийн хохирлын тал хэсгийг манай компани төлөх ёстой хэмээн шийдсэнд гомдолтой, шийтгэх тогтоолын “У С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө  үү. ...” гэсэн,  

иргэний хариуцагч Х.Ц-с “... Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Э.Алтанболдын дүгнэлтэд шинжээчийн 3738 дугаартай дүгнэлтийг үндэслэн “ослын үед үүссэн гэмтлийг осол гарахын өмнө байсан” мэтээр дүгнэж, Х.Ц намайг хууль зөрчсөн хэмээн үзсэнд, мөн нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаар хохирлын хэмжээг тогтоосон, А.Б нь зөвшөөрөлгүй ажлыг цаг таслан, маршрут зөрчин, хувийн ажлаа амжуулж байгаад гаргасан ослын улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг би төлөх үндэслэлгүй, А.Б-г “У С” ХХК-ийн жолооч, Тээвэрлэлтийн гэрээний захиалагч талын ажилтан хэмээн үзэж, эд хөрөнгийн хохирлыг “У С” ХХК болон Х.Ц намайг хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, жолооч А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, уг хавсралтын 1.1 дэх заалт, Монгол Улсын MNS 4598:2011 стандартын 4.1, 4.5, 7.3.1, 3.6 дахь заалтуудыг, тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.в заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт, Монгол Улсын MNS 4598:2011 стандартын 4.1, 4.5, 7.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчиж, жолооч А.Б-г бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ажилд гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллагаагүй болж, замын хажууд байрлах иргэний нэхэмжлэгч Б.А-н хашааг мөргөж, улмаар хохирогч А.Б-н монгол гэрийг дайрч, дотор нь байсан Б.Э-н амь насыг хохироон, хохирогч А.Б-н биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 365 дугаартай дүгнэлт /2 хх 22-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 3738 дугаартай дүгнэлт /1 хх 105-106/ зэргээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Түүнчлэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, жолооч нь жолоодон яваа тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй, бүрэн бүтэн байдлыг хангасан тохиолдолд уг тээврийн хэрэгслийг жолоодон явах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан бол осол хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүргийг тээврийн хэрэгслийн эзэмшигч хүлээнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “У С” ХХК нь жолооч А.Б-г туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон болох нь иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х-н “... А.Б нь манай байгууллагад ороод удаагүй, үндсэн ажилтан болоогүй байсан. Гэхдээ ажилд орохдоо гэрээ хийсэн байсан. ...” гэсэн /1 хх 152/ мэдүүлгээр нотлогдож байна.

   Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “У С” ХХК нь ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хохирлын зохих хэсгийг хариуцан төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Ц нь техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, жолооч А.Б нь автомашины тоормосны систем, дугуй зэрэг нь стандарт шаардлага хангаагүй машин механизм ашиглаж, замын хөдөлгөөнд оролцсон байна.  

Жолооч А.Б нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй эсэхийг шалгах, хэрэв тээврийн хэрэгсэл нь эвдрэл, гэмтэлтэй байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй байтал тэрээр энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан байх тул түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, уг хавсралтын 1.1 дэх заалт, Монгол Улсын MNS 4598:2011 стандартын 4.1, 4.5, 7.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

Харин жолооч А.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, тээврийн хэрэгслийн тоормосны систем нь ослын өмнө техникийн шаардлага хангахгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3738 дугаартай дүгнэлтээр нэгэнт нотлогдсон байна.

Тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллагаагүй болсон нөхцөлд жолооч зогсоох арга хэмжээ авах боломжгүй байхад жолоочийг зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгах үндэслэлгүй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “... А.Б-г гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.

  Шүүгдэгч А.Б-н үйлдлийн улмаас огт замын хөдөлгөөнд оролцоогүй, гэртээ амарч байсан бага насны хүүхдийн амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг хэргийн нөхцөл байдлаас үзвэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, иргэний хариуцагч Х.Ц, иргэний хариуцагч “У С” ХХК-ийн төлөөлөгч Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хариуцагч Х.Ц-н өмгөөлөгч З.Нандинцэцэгээс “... Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол дээр шинжээчид эрх, үүрэгтэй танилцуулж, гарын үсэг зураагүй байсан. Гэтэл шүүх хуралдааны өмнө хэргийг материалтай танилцахад гарын үсэг зурагдсан байна. ...” гэсэн тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр талийгаач Б.Э-н цогцост үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөгчийн тогтоол гаргасан ба шинжээч Ц.Нандинцэцэг нь шинжээчийн 1214 дугаартай дүгнэлтээ /1 хх 60/ гаргахдаа Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай танилцаж гарын үсэг зурсан байхаас гадна уг шинжээчийн дүгнэлтэд талуудын хэн аль нь маргаагүй байна. 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд иргэний хариуцагч Х.Ц-н нэрийг “Х.Цэвээндорж” гэж ташаарч бичсэнийг тэмдэглэвэл зохино.