Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0068

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч С.Оюунжаргал /томилолтоор/,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Нямхүү/ШТЭД-0852/

иргэний нэхэмжлэгч Б.А,

иргэний хариуцагч Х.Ц- өмгөөлөгч З.Нандинцэцэг /ШТЭД-2224/

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1903 00561 0482 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод оршин суудаг, урьд

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х.Ц- эзэмшлийн “Hyundai 5 ton” маркийн ...... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг, 3.4-т заасан ”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт: “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт: 1.1 Нэг: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”,  Монгол Улсын стандарт МNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага: 7.3  Тоормосны систем : 7.3.1-д заасан “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй: 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замаас гарч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Бага нарангийн 9 дүгээр гудамжны 13/б тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах Д.Б-ын эзэмшлийн 6-н ханатай Монгол гэрийг дайрснаас гэрт байсан 11 настай, эрэгтэй Б.Э- амь насыг хохироож, 44 настай, эрэгтэй Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн тойм зураг /1хх7-17/, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мэдүүлэг /1хх29-30, 146-147/, иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мэдүүлэг /1хх35/, иргэний хариуцагч Х.Ц- мэдүүлэг /1хх40-41/, гэрч Э.Б-мэдүүлэг /1хх56/, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1214 дугаартай дүгнэлт /1хх60-62/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 93 дугаартай дүгнэлт /1хх68/, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай “Хас Үнэлгээ” ХХК-ний гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх92-95/, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай “Хас Үнэлгээ” ХХК-ны гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх99-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн дүгнэлт /1хх105-118/, шинжээч С.Мөнхдалайн мэдүүлэг /1хх158-159/, техникийн шинжээч, цагдаагийн хошууч Э.Алтанболдын гаргасан дүгнэлт /2хх22-24/, А.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх37-38/, тээврийн хэрэгслийн бичиг баримттай холбоотой материалууд /1хх185-192/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: А.Б-иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /1хх196/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт /1хх204/, оршин суугаа хорооны тодорхойлолт /1хх212/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс: Иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мэдүүлэг /1хх35/, иргэний хариуцагчийн мэдүүлэг /1хх40/, ачаа тээвэрлэлтийн гэрээ /1хх49/, иргэний хариуцагч “Урансалаа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /1хх51/, шүүгдэгч А.Б- гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх55/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх178/, шинжээчийн дүгнэлт /1хх105-118/, иргэний хариуцагчийн мэдүүлэг /1хх151-152/ мөн шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс шинжээч нарын дүгнэлтүүд, хохирлын баримтууд болон буяны зардлын баримтууд /1хх219-250, 2хх1-18/ сэтгэл санаа, өмгөөлөгчийн хөлс зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч А.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн ......................... тоот хашаа болон хашаан дотор байсан гэр, модон амбаар, цахилгааны модон шон зэргийг Хьюндай маркийн ...... УБӨ дугаартай автомашины жолооч А.Б- ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа явж байхдаа хойд талаас нь очиж мөргөсний улмаас гэрт байсан 11 настай, эрэгтэй Б.Э дайрч амь насыг нь хохироосон зам тээврийн осол хэрэг гарсан байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-17/,

2. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд том хүү Б.Э-хамтаар бид хоёр гэртээ байсан. Би эхнэр хүүхдийнхээ хамт хашаан дотроо 6 ханатай гэрт амьдардаг юм. ...Гэнэт түс тас хийгээд л явсан. Нэг мэдэхэд гадаа гудамжинд ганцаараа байсан. Гадаа гудамжинд хүмүүс цугларсан байсан. Юу болсон талаар харахад манай хашааны хойд талаас машин орчихсон, манай гэрийг юу ч үгүй дайрчихсан харагдсан нүд халтирмаар болсон байсан. ...Миний хүү хаана байна гээд хашгирсан боловч хүү маань байхгүй байсан. Нэг харахад онцгой байдлын машин ирчихсэн хашаа руу оруулахгүй байсан. Талийгаачийг маань Б.Э гэдэг. 11 настай, эрэгтэй. Сүхбаатар дүүргийн 65 дугаар сургуулийн 5Б ангид сурч байсан. ...Дороо нэг дүүтэй. Дүү нь 7 настай, эрэгтэй. Машин хаанаас хэр хурдтай орж ирснийг мэдэхгүй байна. Манай ээжийн нэр дээр байдаг бичиг баримт нь байгаа. Манайхаас өөр хашаанд хүн байхгүй. Хоёр байшин байдаг. Байшин эзэнгүй байсан. Манай гэрээс бүтэн эд зүйл байхгүй. ...Бүх эд зүйлсийн эвдрэлийн үнэлгээг хийлгэсэн байгаа. Жолоочтой уулзаагүй жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...”, “...Өнөөдрийн байдлаар миний биеийн байдал бүрэн гүйцэт эдгэрээгүй байна. Тухайн компани /Уран салаа/ болон жолооч Б-зүгээс өнөөдрийн байдлаар надад үзүүлсэн тусламж мөнгө төгрөг алга байна. Учирсан хохирлын хувьд миний талийгаач хүү Б.Э-буяны зардалд нийт 9.0141.167 төгрөг гарсан. Миний эмчилгээний зардалд 2.005.177 төгрөг гарсан. Бусад зардалд 20.230.150 төгрөг гарсан. Ингээд нийтдээ талийгаачийн буяны зардал, миний эмчилгээний зардалд, бусад зардалд нийт 31.276.494 төгрөг гарсан байна. Баримтуудыг бүгдийг хэрэгт хавсаргаж дугаарлан өгсөн байгаа буюу нийт 55 хуудас материалыг мөрдөгчид өгсөн байгаа...” мэдүүлэг /1хх29-30, 146-147/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.А-гийн “...Буруутай гэх жолоочоос энэ хашаа байшингийн үнэлгээнд гарсан төлбөрийг нэхэмжилж байна...” мэдүүлэг /1хх35/,

4. Иргэний хариуцагч Х.Ц- “...Манай байгууллага Дундговь аймагт худаг өрөмдөх ажил гараад би уг аймагт худаг өрөмдөх цэг зааж өгөх, мөн хийн компрессор аваачиж өгөх шаардлагатай болоод би өөрийн эзэмшлийн машин дээрээ ачаад 2019 оны 5 дугаар сарын 26-нд  Дундговь аймаг руу жолоочоо гаргасан юм. Би тухайн үед машинд хийх ёстой бүх үйлчилгээг нь шалгаад жолооч Б- хүлээлгэн өгөөд хоолонд оруулаад, замын хураамж хоолны мөнгө төгрөг өгөөд би араас нь буюу үүрээр гарахаар болоод Б- “Уран салаа” компаниас гаргаад явуулсан юм. Үүрээр гарна гэж бодоод гэртээ унтаж байгаад утсаа асаатал жолооч Б- над руу залгасан байхаар нь би Б- рүү залгахад утас нь холбогдохгүй байсан учир гэрээсээ гараад явж байтал Замын цагдаагийн газраас таны машин зам тээврийн осол гаргасан байна гэж надад хэлсэн юм. ...Тухайн үед жолооч Б- гэрлүүгээ явах шаардлагагүй шууд Дундговь аймаг руу яв гээд явуулж байхад дур мэдэн тэр өндөр газар руу ачаатай машинтай гараад тэгээд буцаад гэрээсээ уруудаж явахдаа айлын хашаа дайрч осол гаргасан байна лээ. Энэ машиныг осол болохоос өмнө нэг сарын өмнө худалдаж авч байсан. Би энэ байгууллагад усны инженер ажилтай учир энэ байгууллагын ажилд өөрийнхөө машиныг  ачаа түрээсийн ажилд явуулдаг юм. Дундговь аймаг руу хийн компрессор хүргэж өгөх ажил гараад л би машиндаа хийн компрессорийг ачаад явуулсан юм. Уг автомашинд 5 тн-ны  ачаа  ачих ёстой, хийн компрессор нь өөрөө 4-тн жинтэй байдаг. Тухайн үед хийн компрессороос гадна 100 кг жинтэй жижиг нацос, мөн газар өрөмдөхөд хэрэглэдэг 5 шуудай шар шавар ачсан, хүрз, жоотуу гэх зэрэг багаж хэрэгсэл, 100 мм-ийн 6м-ын урттай 5 ширхэг труба ачсан өөр ачаа ачаагүй юм. Энэ “Уран салаа” ХХК-ны захирал нь миний төрсөн аав байгаа юм. Би аавынхаа энэ байгууллагад усны инженер хийдэг, түүнээс хувь нийлсэн байгууллага биш 100% манай аавын байгуулсан байгууллага, би өөр газар ажиллаж байгаад 2016 онд аавынхаа энэ компанид усны инженерээр ажиллаж эхэлсэн юм. Б- би өөрийнхөө энэ ачааны машиныг жолоодуулахаар ажилд авсан, түүнээс “Уран салаа” компаний албан ёсны жолооч биш би энэ хүнийг жолоочоор аваад 20 хонож байсан юм. Манай байгууллага Дундговь аймгийн Сайнцагаан суманд гүний худаг гаргахаар гэрээ байгуулсан учир бид осол гарсаны дараа гурав хоногийн дараа ахлах мөрдөгч д/х Ганболдын зөвшөөрлөөр ачаагаа ачаад Дундговь аймаг руу явуулсан юм. Очоод ажлаа явуулах гэтэл хийн компрессорын аккумлятор нь хагарсан, радиатор нь цоорсон, гадна хайрцаг нь эвдэрч гэмтсэн байсан, иймд мөн манай байгууллагад зохих ёсны хохирол учирсан байгаа. ...Би жолооч Б-тэй  хамтран ажиллах албан ёсны гэрээ  хийгээгүй миний машиныг бариад 20 гаран хонож байсан, ер нь бол туршилтын хугацаанд байсан, Б- сард нэг сая төгрөгөөр цалинжуулна гэж аман тохиролцоо хийгээд ажиллаж байсан юм...” мэдүүлэг /1хх40-41/,

5. Иргэний хариуцагч “Урансалаа” ХХК-ийн төлөөлөгч, захирал Г.Хүрэлсүхийн “...манай байгууллага нь жолооч бүртэйгээ ажил хийх гэрээг хийдэг. Тухайн үед жолооч Б-тэй гэрээ хийсэн байсан. Тухайн үед ...Дундговь аймагт худаг гаргахаар ажиллаж байсан бөгөөд сүүлд нь уг машины ачаан дээр ... зүйлс хэрэгтэй байна гэхээр нь уг машинд ачуулаад жолооч Б- явуулах байсан юм. ...Б- нь байгууллагын хашаанаас гараад явсан боловч маршрут зөрчөөд Толгойтын зүг явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх152/,

6. Гэрч Э.Б-“...Би 2019 оны 5 дугаар сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байсан ба эхнэр бид хоёр гэрээсээ гараад дээшээ дэлгүүр орох гээд явж байтал эхнэр бид хоёрын өөдөөс буюу дээрээс том автомашин ирж явсанаа замын хашлага даваад замын баруун гар талын айлын хашааг шууд дайраад орчихсон, эхнэр бид хоёр яваад очиход хашаан дотор 5 ханатай монгол гэрийг бас дайрчихсан байсан. Хоёр хүүхэн хүүхэд гээд орилоод байсан би өөрийнхөө ... ...... гэсэн дугаартай утсаар дуудлага өгсөн юм. Осол гарах үед бүрэнхий болж байсан, замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун байсан. Автомашинд хэдэн хүн сууж явсаныг анзаараагүй, ямарч байсан жолооч нь кабин дотроо сууж байх шиг байсан...” мэдүүлэг /1хх56/,

7. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1214 дугаартай “...Талийгаач Б.Э-биед хоёр тал бөмбөлгийн зулай, дух, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, чамархайн хуйханд цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урд хэсгийн язарсан урагдал, няцрал, хэвлийн хөндийд цус хуралт /200гр/, баруун уушигны доод дэлбэнгийн ар хэсгийн тархмал няцрал, цус хуралт. Баруун гуяны урд дээд хэсгийн хууларсан шарх, булчин, судас тасрал, баруун суудал ясны дээд хэсгийн хөндлөн салсан хугарал, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цээж, хэвлий, мөчдөд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үеээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачийн биед шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /1хх60-62/,

8. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 93 дугаартай “...Д.Бт хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал, хуйх, дух, баруун бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс бол ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэсэн дүгнэлт /1хх68/,

9. Хохирогч Д.Бын эд зүйлд үнэлгээ хийсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай “Хас Үнэлгээ” ХХК-ийн гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ нийт дүн 5.646.500 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх92-95/,

10. Иргэний нэхэмжлэгч Б.Агийн эд зүйлд үнэлгээ хийсэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай “Хас Үнэлгээ” ХХК-ны гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ нийт дүн 1.315.650 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх99-101/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн гаргасан “...Шинжилгээнд ирүүлсэн Hyundai-Gold маркийн ...... улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. 3. Асуулт 3,7-р асуултуудад хариулахад автомашины бүхээг болон явах эд анги, жолооны механизмд гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. 4. Ослын үед үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй. 5. Тоормосны хий, шингэн дамжуулагатай. 6. Тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй. Тоормосны гуурсууд тасарч битүүмж алдагдсан тул ослын өмнө тоормосны механизм хэвийн ажилтай байсан эсэхийг тогтоох боломжгүй. Зүүн хойд талын тоормосны эд анги бүрэн бус, накладка сул хөдөлгөөнтөй, баруун хойд талын тоормосны накладка тос гэх мэт зүйлээр бохирлогдсон байна. 7. Автомашины урд болон хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй, хэмжээтэй дугуй тавьсан байна. Хээний хувьд дугуй тус бүр нь стандарт хангаж байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх105-118/,

12. Шинжээч С.Мөнхдалайн “... Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зүүн хэсэг буюу жолоочийн хянах самбарын хэсэг бүхэлдээ дотогшоогоо шахагдаж хагарч, хэв гажилтанд орсон байсан тул хянах самбар дээр байрлах хийн даралт хэмжигчийн ажиллагааг шалгах боломжгүй байсан. Мөн тээврийн хэрэгслийн урд тэнхэлгийг салгасан байдалтай тоормосны гуурсууд тасарсан, машины хөдөлгүүр асахгүй байсан тул хийн баллоны хянах самбар тоормосны гуурсаар битүүмж алдагдсан байсан учир өмнө нь хий алдаж эсэхийг тодорхойлох боломжгүй байсан. Тоормосны үрэлтийн ялтас буюу наклад барбаны накладкатай харьцах талын гадаргуу тос мэт зүйлээр бохирлогдсоноор тоормос бүрэн барихгүй. Зүүн хойд талын тоормосны хязгаарлагч даруулга төмөр байхгүй. Накладыг хадаас мэт зүйлээр тогтоосон. Тухайн наклад нь салж ангайсан, тоормосны үрэлтийн ялтас элэгдэж элэгдэж хийцийн төмөр үрэгдсэн зэргээс үндэслээд зүүн хойд наклад нь ослын өмнө үүссэн /гэмтэл/ байх боломжтой гэж үзсэн. Мөн зүүн хойд тоормосны наклад ангайсан тоормосны үрэлтийн ялтас нь барабантайгаа харьцахгүй болсон нь тоормос бүрэн барихгүй. Хойд тэнхлэгийн тоормос ослын өмнө бүрэн барихгүй байсан байх боломжтой...” мэдүүлэг /1хх158-159/,

13. Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Э.Алтанболдын гаргасан “... 1. Хьюндай Голд маркийн ...... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Алгаа овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг, 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин... ашиглахыг хориглоно,

Нэг: Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх. Монгол Улсын стандарт МNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага 7.3 Тоормосны систем 7.3.1. “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” дүгнэлт /2хх22-24/,

14. А.Б-яллагдагчийг “...Би “Урансалаа” ХХК-д 2019 оны 4 сард ажилд жолоочоор ажилд орсон. Би ...... УБӨ улсын дугаартай машиныг өмнө нь намайг барьж ажилд яв гэхэд нь би явахгүй гэдгээ хэлдэг байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 26-ны өглөө манай захирал Хүрэлсүх надад уг машин дээр ачаатай байгаа хийн компрессорыг замын машинд ачиж явуулах гэж байснаа болиод надаар хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэр үед уг машиныг асаахаар гидрийн шингэн нь оргилж асгараад байхаар нь би захирал Хүрэлсүх болон түүний хүү Цэвэлдорж нарт би явахгүй гэж хэлэхэд ...зүгээрээ шингэнийг нь нэмээд яв, хөнжил гудсаа аваад яваарай гэж хэлсэн. ...би компрессор ачсан Хьюндай Голд маркийн ...... УБӨ маркийн ...... дугаартай машиныг асаагаад байгууллагын хашаанаас гараад Толгойтын зүг яваад өөрийнхөө гэр рүү буюу Сонгинохайрхан дүүргийн ............. тоот хашаа руугаа явж очоод өөрийнхөө хөнжил гудсаа аваад хоол унд идээд сууж байтал Цэвэлдорж над руу залгаад “та гарч байна уу” гэхээр нь би одоо хоол идчихээд гарлаа гэж хэлээд би гэрээсээ 20 цаг 00 минутын орчим гараад Толгойтын зам руу уруудаад явж байтал машин гэнэт тоормосгүй болсон. Би гар тоормосоо татахад нэмэргүй буюу зогсохгүй байсан. Тэгэхээр нь би баруун гар тийшээгээ буюу гудамж руу дараад хашлага дээгүүр харайхад би кабины дээд хэсгээ мөргөөд толгой манараад явсан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан...Ажилд ороод удаагүй байхад намайг хөдөөнөөс дуудаад уг машинаар мөн хийн компрессор ачсан байхад нь Төв аймгийн Баянцогт сум руу нэг удаа хүргүүлж байсан...уг машины тоормос нь муу ажилладаг байсан. Би зөөлөн гэлдэрч явдаг байсан...” гэх мэдүүлэг /2хх37-39/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч А.Б-.

            Гэм буруугийн дүгнэлтэд хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг иргэний хариуцагч Х.Ц-, “Уран салаа” ХХК-иас гаргуулах байр сууринаас оролцов.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч А.Б- нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Хохирлын хувьд Иргэний хуулийн дагуу иргэний хариуцагчаас гаргуулах саналтай байна гэв.

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж осол гарсанг бүрэн нотлоогүй. Шүүгдэгч нь тухайн үед маршрут зөрчсөний улмаас осол гарсан тул иргэний хариуцагч хохирлыг төлөх нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж оролцов.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд,

            - Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... УБӨ улсын дугаартай “Hyundai 5 ton” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Бага нарангийн ............... тоот хашааг мөргөж, уг хашаан дотор байрлах 6-н ханатай Монгол гэрийг дайрснаас гэрт байсан Б.Э-амь насыг хохироож, Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Б.Агийн хашаа, үл хөдлөх хөрөнгөд хохирол учирсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мэдүүлэг, гэрч Э.Б-мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Агийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шүүх эмнэлгийн 1214, 93 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

            Энэхүү зам тээврийн ослыг шалтгаан нөхцлийг тодруулах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийлгэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3738 дугаар дүгнэлт, шинжээч С.Мөнхдалайгийн дүгнэлттэй холбоотой өгсөн мэдүүлэг, техникийн шинжээч Э.Алтанболдын 365 дугаар дүгнэлт тус тус гарчээ.

            Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3738 дугаар дүгнэлт дурдсанаар “...Тоормосны гуурсууд тасарч битүүмж алдагдсан тул ослын өмнө тоормосны механизм хэвийн ажилтай байсан эсэхийг тогтоох боломжгүй. Зүүн хойд талын тоормосны эд анги бүрэн бус, накладка сул хөдөлгөөнтөй, баруун хойд талын тоормосны накладка тос гэх мэт зүйлээр бохирлогдсон байна ...Автомашины урд болон хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй, хэмжээтэй дугуй тавьсан байна...” гэсэн, энэхүү дүгнэлттэй холбоотой шинжээч “...Тоормосны үрэлтийн ялтас буюу наклад барбаны накладкатай харьцах талын гадаргуу тос мэт зүйлээр бохирлогдсоноор тоормос бүрэн барихгүй. Зүүн хойд талын тоормосны хязгаарлагч даруулга төмөр байхгүй. Накладыг хадаас мэт зүйлээр тогтоосон. Тухайн наклад нь салж ангайсан, тоормосны үрэлтийн ялтас элэгдэж элэгдэж хийцийн төмөр үрэгдсэн зэргээс үндэслээд зүүн хойд наклад нь ослын өмнө үүссэн /гэмтэл/ байх боломжтой гэж үзсэн. Мөн зүүн хойд тоормосны наклад ангайсан тоормосны үрэлтийн ялтас нь барабантайгаа харьцахгүй болсон нь тоормос бүрэн барихгүй. Хойд тэнхлэгийн тоормос ослын өмнө бүрэн барихгүй байсан байх боломжтой...” гэж мэдүүлжээ.

            Энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгч А.Б- “...уг машинаар мөн хийн компрессор ачсан байхад нь Төв аймгийн Баянцогт сум руу нэг удаа хүргүүлж байсан...уг машины тоормос нь муу ажилладаг байсан. Би зөөлөн гэлдэрч явдаг байсан...” гэсэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатан өгсөн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж дүгнэв.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл техникийн хувьд доголдолтой, шаардлага хангахгүй байсан, мөн жолооч энэхүү нөхцөл байдалдаа тохируулан тээврийн хэрэгслийг жолоодож байсан, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

            Улмаар Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Э.Алтанболдын дүгнэлтэд дурдсан  “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт: “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт: 1.1 Нэг: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу доор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин...ашиглахыг хориглоно, 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”,  Монгол Улсын стандарт МNS 45982011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” 4. Нийтлэг шаардлага 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн бүх шаардлагыг хангасан байна”, 4.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын үзлэг тооллогод хамрагдаж тэнцсэн ... байна”, 7. Ачаа тээврийн автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага: 7.3  Тоормосны систем : 7.3.1-д заасан “Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек 2-оос багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16 %-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай” гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Гурав: Дугуй: 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” зөрчсөн гэсэн нь хэрэгт авагдсан үйл баримттай тохирч байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв. 

            Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс, ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

            Дээрх тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн буюу техникийн шаардлага хангаж байгаа тал дээр тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч хариуцлагагүй хандсанаас зам тээврийн осол гарах шалтгаан буй болсон, мөн жолооч анхаарал болгоомжтой зорчих, шаардлагатай тохиолдолд тээврийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарч нэг хүний амь нас, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол мөн бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б- гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас буяны зардалд 9.041.167, өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 2.005.177 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 5.646.500 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нийтдээ 29.960.844 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний нэхэмжлэгч Б.А эд хөрөнгөд учирсан хохиролд 1.315.650 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хариуцагч Х.Ц-оос 1.000.000 төгрөгийг хохирогч Д.Бт өгсөн болох нь талуудын мэдүүлгээс тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг иргэний хариуцагч нараар төлүүлэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар “Урансалаа” ХХК болон Х.Ц- нарыг татан оролцуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Б- нь хэрэг учрал болсон цаг хугацаанд “Урансалаа” ХХК-ийн жолоочоор ажиллаж, осол гарахад жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээрх тоног төхөөрөмж бүхий ачааг Дундговь аймаг руу хүргэх зорилгоор иргэний хариуцагч Х.Ц- эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Мөн “Урансалаа” ХХК-ийн захирал Г.Х болон иргэний хариуцагч Х.Ц- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.

Тодруулбал, “Урансалаа” ХХК-ийн төлөөлөгч, захирал Г.Хүрэлсүхийн “...Тухайн үед жолооч Б-тэй гэрээ хийсэн байсан. Тухайн үед ...Дундговь аймагт худаг гаргахаар ажиллаж байсан бөгөөд ... уг машины ачаан дээр ... зүйлс хэрэгтэй байна гэхээр нь жолооч Б- явуулсан...” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Х.Ц- “...Манай байгууллага Дундговь аймагт худаг өрөмдөх ажил гараад би уг аймагт худаг өрөмдөх цэг зааж өгөх, мөн хийн компрессор аваачиж өгөх шаардлагатай болоод би өөрийн эзэмшлийн машин дээрээ ачаад 2019 оны 5 дугаар сарын 26-нд  Дундговь аймаг руу жолоочоо гаргасан юм. Энэ “Уран салаа” ХХК-ийн захирал нь миний төрсөн аав байгаа юм. Би аавынхаа энэ байгууллагад усны инженер хийдэг, түүнээс хувь нийлсэн байгууллага биш 100% манай аавын байгуулсан байгууллага ...Б- би өөрийнхөө энэ ачааны машиныг жолоодуулахаар ажилд авсан, түүнээс “Уран салаа” компаний албан ёсны жолооч биш би энэ хүнийг жолоочоор аваад 20 хонож байсан юм... Б- сард нэг сая төгрөгөөр цалинжуулна гэж аман тохиролцоо хийгээд ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Б- “...Би “Урансалаа” ХХК-д 2019 оны 4 сард ажилд жолоочоор ажилд орсон. Би ...... УБӨ улсын дугаартай машиныг өмнө нь намайг барьж ажилд яв гэхэд нь би явахгүй гэдгээ хэлдэг байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 26-ны өглөө манай захирал Х надад уг машин дээр ачаатай байгаа хийн компрессорыг замын машинд ачиж явуулах гэж байснаа болиод надаар хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэр үед уг машиныг асаахаар гидрийн шингэн нь оргилж асгараад байхаар нь би захирал Х болон түүний хүү Ц- нарт би явахгүй гэж хэлэхэд ...зүгээрээ шингэнийг нь нэмээд яв, хөнжил гудсаа аваад яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэг талаас цалин хөлс олгож ажлаа хийлгэх /тээвэрлэлт/ нөгөө талаас ажлаа гүйцэтгэж, цалин хөлс авах /жолооч/ харилцан эрх, үүрэг бүхий ажил олгогч, ажилтаны харилцан тохиролцоо хийгджээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн иргэний хариуцагч /тээврийн хэрэгсэл эзэмшигч, хуулийн этгээд/ нар нь харилцан санхүүгийн ашигтайгаар хамтран ажилладаг гэх нөхцөл байдал, шүүгдэгч нь хөдөлмөрийн харилцааны дагуу үүргээ гүйцэтгэж байхдаа осол гаргасан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэргүүн ээлжинд иргэний хариуцагч нар хамтран хариуцах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ тохиолдолд шүүгдэгч А.Б- маршрут зөрчсөн, ажлын хашаанаас шууд Дундговь аймаг руу гарч явах ёстой байсан гэсэн нь баримтаар тогтоогдохгүй /ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тээвэрлэлтийн маршрут зэрэг/ байх тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гэм хорын хариуцлагыг шүүгдэгчид хариуцуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлын нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэнг хэлэлцэлгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн дээр дурдсан хохирлын нийт дүнгээс иргэний хариуцагчаас төлсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцов.

Иймд хэргийн нөхцөл байдлын хувьд гэмт хэргийн хор уршиг их, бага насны хүүхдийн амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэг айлыг гэр оронгүй болсон нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн зардлыг хохирлыг хариуцвал зохих этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэнг дурдаж байна.

Бусад зардлын хувьд баримтаар тогтоогдож байх тул нийт 18.960.844 төгрөгийг иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Б.Ад учирсан 1.315.650 төгрөгийг мөн иргэний хариуцагч нараас төлүүлж шийдвэрлэв.

Харин иргэний хариуцагч нарын хувьд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч А.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргахгүй байгаа байдлыг харгалзаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

            Шүүгдэгч А.Б- үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршигийн хэмжээ их  байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

            Оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн ...... дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байгааг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А. Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн .................дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байгааг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Урансалаа” ХХК болон Х.Ц- нараас хувь тэнцүүлэн 18.960.844 /арван найман сая, есөн зуун жаран мянга, найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бт,

Мөн 1.315.650 /нэг сая, гурван зуун арван таван мянга, зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ад тус тус олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, мөн иргэний хариуцагч нар нь гэм буруутай этгээдээс хуульд заасан журмын дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР