Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01639

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01639

 

 

 

 

 

 

 

 

 

Монинжбар ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00984 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Монинжбар ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 934 350 805 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгөч Л.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монинжбар ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монинжбар ХК нь Эрчим хүчний яамтай 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Континентал зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний тусгай нөхцөлд зааснаар санхүүжилтэд 2014 онд 2 520 000 000 төгрөг, 2015 онд 2 864 549 907 төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тохирсон. Гүйцэтгэгч Монинжбар ХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэх үүднээс өөрийн нөөц бололцоо болон бусад санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал гэрээнд заасан төлбөрийн хугацааг зөрчин 2015 оны эхний улиралд төлөх ёстой 2 865 549 907 төгрөгийг хувааж буюу тухайн оны 07 дугаар сард 1 465 000 000 төгрөг, үлдэгдэл 1 400 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард төлөх байдлаар төлбөрөө хугацаанд нь санхүүжүүлээгүй. 2015 оноос хойш 2016 оны 3 cap буюу сүүлийн санхүүжилт орж ирэх хүртэлх хугацаанд Монинжбар ХК нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү, гадаад бараа материал худалдан авалт түүний ханшийн зөрүү, мөн гэрээгээр зөвшөөрсний дагуу тус ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан компаниудад гүйцэтгэлийн хөлс төлбөрийг барагдуулах ажил, түүнээс үүдэх өр төлбөрийн асуудал зэрэг нь санхүүгийн бодитой алдагдал бий болгож байгаа юм.

Үүнд: Гүүвел инженеринг монгол ХХК-тай 2014 оны 04 дүгээр сард 5В шугамыг 100 хувь буулгах ажлын гэрээг 100 000 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан ба 2016 оны жилийн эцсийн байдлаар тооцоо нийлсэн актаар тус компанид 62 415 580 төгрөгийн өртэй байснаас гэрээний дагуу хоногийн 0.5%-ийн алданги тооцогдож, 31 207 790 төгрөгийн цэвэр алдагдал хүлээгээд байна. Мөн Гүүвел инженеринг монгол ХХК-ийн зүгээс гэрээнээс үүдэлтэй алдагдсан боломжийг тооцон 7 025 756 төгрөгийн ханшийн зөрүүг нэхэмжилж, тус компанид алдагдал болоод ханшийн зөрүүгийн хамт 38 233 546 төгрөг төлөхөөр байна.

Ололт оч инвест ХХК-тай 2014 оны 06 дугаар сард Континенталь зочид буудлын урд талаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх 800м ФбОО-ын хос дулааны шугам угсралтын ажлыг 500 000 000 төгрөгийн дүнд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гүйцэтгэлийн төлбөрийг төлж барагдуулах боломжгүй байсаар 2016 оны жилийн эцсээр 350 000 000 төгрөгийн өртэй гарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний алданги 175 000 000 төгрөг болж өссөн ба тухайн үед 5В гэрээний захиалагч тап санхүүжилтийг бүрэн шилжүүлээгүйн улмаас бидний төлөвлөж байсан 2016 онд хийгдэх ажлын гадаад материалын татан авалт оройтож валютын ханшийн зөрүүгээс 39 397 452 төгрөгийн бодит алдагдал хүлээсэн тул 214 397 452,96 төгрөгииг даруй шилжүүлэхийг захиалагч талд удаа дараа мэдэгдсэн.

Боорчи ХХК-тай 2014 оны 05 дугаар сард төмөр бетон эдлэг нийлүүлэх 305 800 000 төгрөгийн гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 54 656 000 төгрөгийг төлж чадахгүй байсан тул нөгөө тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 8 823.057 төгрөгийн алданги төлөхөөр болсон. Мөн гэрээний хугацаа дуусах үед Боорчи ХХК-д 150 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба одоо нийт 14 452 273 төгрөгийн тооцоотой болсон.

Энгүй тал ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр механизм /экскаватор Лебкер 924/-ыг 50 000 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулсан. Уг төсөлд дээрх механизмыг ашигласан бөгөөд санхүүжилт саатсаны улмаас төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Уг компанид 34 400 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Бид долларын зөрүүгээс өнөөдрийн байдлаар 49 180 084 төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд цаашлаад гэрээний алданги болох 17 200 ам.доллар буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ханшаар 42 240 792 төгрөгийг валютын ханшийн зөрүүд төлөхөд хүрээд байна. 2015 онд Яармагийн 15 км цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ханшийн зөрүүнээс 82 326 406 төгрөгийн алдагдал хүлээсэн. 5В магистраль дулааны шугамын ажлын санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас манай компани туслан гүйцэтгэгч компаниудын үлдэгдэл санхүүжилтийг олгож чадаагүй ба энэ нь цаашдаа 257 271 639 төгрөг, гэрээний алданги 101 232 509,96 төгрөг, санхүүжилтээ цаг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн ханшийн зөрүүгийн алдагдал 82 326 406,35 төгрөгийн алданги болон манай компанийн ханшийн зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлж дараа ондоо хэрэгжүүлэх ажлуудын материалын татан авалтыг хийж чадаагүйн улмазс үүссэн алдагдсан боломж гэх мэт нийт 440 830 555,31 төгрөгийн алдагдал хүлээхэд хүрээд байна.

Хаан банктай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3 удаа 300 000 000 төгрөг, 980 000 000 төгрөг, 500 000 000 төгрөгийн, Даймонд финанс ББСБ-аас 240 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүд 2015 он хүртэл 166 685 774,64 төгрөг төлсөн бөгөөд санхүүжилт орж ирээгүйгээс 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 393 128 859 төгрөгийн хүү төлсөн. Мөн худалдан авалтын ханшийн зөрүүд 130 237 676 төгрөг төлсөн. Компанид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 523 366 537 төгрөгийн бодит хохирол учирч, 410 984 268,38 төгрөгийн туслан гүйцэтгэгч компаниудын нэхэмжилсэн гэрээний алданги, валютын ханшийн зөрүү, компанийн алдагдсан боломжийн өртөг зэрэг хохирол амссан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар Эрчим хүчний яамнаас 934 350 805 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Эрчим хүчний яамны тайлбарт: Зохигчдын хооронд 5 385 549 907 төгрөгийн гэрээ байгуулагдсанаас Эрчим хүчний яам гэрээнд заасан үүргээ биелүүлж 2.5 тэрбум төгрөгийг 2014 онд төлсөн гэдэгт талууд маргахгүй байна. Манайх дүрмийн санхүүжилтийн мөнгө буюу 1 400 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд төлөх ёстойгоос нэг сарын хугацаа хэтрүүлсэн ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг 8 сарын дараа хугацаа хэтрүүлснээс хохирсон гэж 934 350 805 төгрөг нэхэмжилж баигааг эс зөвшөөрч байна. Үүнд: Гүүвел инженеринг ХХК, Ололт оч инвест ХХК, Боорчи ХХК-тай байгуулсан гэрээг 2014 онд байгүулж, аль оны санхүүжилтээс хохирсон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчиж алданги тооцсон. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2, гэрээний 46.1, 46.2-т заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэлд дурдсан 82 326 406 төгрөг, 257 271 639 төгрөг, 440 830 555 төгрөг, мөн Хаан банк, Даймонд финанс ББСБ-ын 166 685 774 төгрөг, 365 537 401 төгрөг, санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн гадаад материал худалдан авах 130 237 676 төгрөг зэрэг хохирлууд нь компанийн дотоод асуудалтай холбоотой байхад яамтай холбож байгаа нь учир дутагдалтай, ойлгомжгүй байна. Түүнчлэн компанийн урсгал зардал, өөр зардлуудтай хамтатгасан байж болзошгүй байна. Нэхэмжпэгч өөрөө ч хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан эсэхээ мэдэхгүй, ойлгоогүй байна. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний ерөнхий заалтын 27.1-д хугацааг хойшлуулах эрх нь захиалагч талд байгаа талаар заасан. Гэрээний тусгай нөхцлийн 46.1, 46.2, 40.0.1-д заасныг тус тус зөрчсөн байна. Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан ба харамсалтай нь 2015-2016 онд эдийн засаг хямарч томоохон төслүүдийг Засгийн газраас 500 000 000 төгрөгнөөс дээш төслийн 50%-ийг олгох шийдвэр гарсан. Эрчим хүчний яамнаас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №В/955, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № В/1736, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн В/134 тоот албан бичгүүдийг тус тус Сангийн яаманд хүргүүлж, Монинжбар ХК-ийн санхүүжилтийг олгуулах талаар хандсан. Мөн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № а/2963 тоот албан бичгээр Эрчим хүчний сайдын төсвийн төсөл, 2016-2017 оны төсөөлөл хүргүүлэх хавсралтын №12-т Монинжбар ХК-ийн үлдэгдэл санхүүжилтыг тодотгож хүргүүлсэн ч Сангийн яам санхүүжилтийг хоёр хувааж олгох шийдвэр гаргасан. Сангийн яамны шийдвэр, Монгоп Улсын одийн засгийн хямралын үеийг тооцож, санхүүжилт 7 сараар хожимдож орсон ч Засгийн газраас бүх тооцоог шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн алдаатай ойлгомжгүй, үндэслэл тооцоо зэргийг харгалзан үзэж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь xэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрчим хүчний яамнаас 401 951 918.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монинжбар ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 532 398 887 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 452 293 төгрөгийг улсын орлогод үлдээж, Монинжбар ХК-аас 3 294 532 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Эрчим хүчний яамнаас 2 167 710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монинжбар ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдоржийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 5 385 549 907 төгрөгийн гэрээ байгуулж үүнээс 2014 онд 2 520 000 000 төгрөгийн урьдчилгаа, 2015 оны эхний улиралд 1 465 000 000 төгрөгийг тус тус гаргуулж авсан болохыг хүлээн зөвшөөрч дээрх төлбөр дээр ямар нэгэн маргаангүй гэдгээ илэрхийлсэн байна. Талууд 2014 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээ байгуулж төлбөрийг 2 хувааж Улсын төсвөөс олгохоор тохиролцсон байдаг. Харамсалтай нь 2015-2016 онд Монгол Улсын эдийн засаг хямарч томоохон төслүүд болох 500 000 000 төгрөгөөс дээш үнэтэй төслийн 50%-ийг хасах шийдвэр Улсын Их Хурал, Засгийн газраас тогтоол шийдвэр гарсан. Эрчим хүчний яамнаас гэрээний үүргээ биелүүлж 2015 оны 04 сарын 03-ны өдрийн №В/955, 2015 оны 06 сарын 09-ны өдрийн № В/1736, 2016 оны 01 сарын 14-ны өдрийн В/134 тоот албан бичгүүдийг тус тус Сангийн яаманд хүргүүлж "Монинжбар" ХК-ийн санхүүжилтийг олгуулах талаар Сангийн яаманд хандаж өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажилласан. Мөн 2014 оны 08 сарын 14-ний өдрийн № а/2963 тоот албан бичгээр Эрчим хүчний сайдын төсвийн төсөл, 2016-2017 оны төсөөлөл хүргүүлэх хавсралтын №12-т "Монинжбар" ХК-ийн үлдэгдэл санхүүжилтийг тодотгож хүргүүлсэн ч Сангийн яам санхүүжилтийг 2 хувааж олгох шийдвэр гарсан. Үүнээс үзэхэд Эрчим хүчний яам нь санхүүжилтийг олгох талаар шат дараатай арга хэмжээ авч ажилласан нь харагдаж байна. Монгол Улсын эдийн засгийн хямралын хүнд цаг үе болон УИХ, Засгийн газрын шийдвэр, Сангийн яамны олгосон мөнгөний хуваарилсан байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг өөрчлөн залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Монинжбар ХК нь хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 934 350 805 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5В магистраль Тк-1893-с Континентал зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх 2100 метр 2*500 мм-ийн шугамыг 2*800 мм болгон өргөтгөх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь 2014 онд 2 520 000 000 төгрөг, 2015 онд 2 865 549 907 төгрөг, нийт 5 385 549 907 төгрөгөөр санхүүжүүлэх, нэхэмжлэгч нь 5В магистраль Тк-1893-с Континентал зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх 2100 метр 2*500 мм-ийн шугамыг 2*800 мм болгон өргөтгөх ажлыг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байна. /хх 18/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн хийж дуусган, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч 2014 онд 2 520 000 000 төгрөг, 2015 онд 2 865 549 907 төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 2014 онд 2 520 000 000 төгрөг, 2015 оны 07 сард 1 465 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 400 000 000 төгрөгийн санхүүжилтийг хугацаа хэтрүүлж олгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх зорилгоор Хаан банк ХХК-тай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр нийт 1 780 000 000 төгрөгийн, Даймонд файнанс ББСБ ХХК-тай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 240 000 000 төгрөгийн зээл авсан байна.

 

Шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн нь буруу биш боловч нэхэмжлэгчийн бусдад төлсөн зээлийн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон нь үндэслэл муутай, хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг буруу тодорхойлжээ.

 

Хариуцагч Эрчим хүчний яам ажил гүйцэтгэх гэрээгээр 2014 онд 2 520 000 000 төгрөг, 2015 онд 2 865 549 907 төгрөгийн санхүүжилт олгох үүргийг хүлээсэн бөгөөд 2015 онд 2 865 549 907 төгрөг төлөгдөх төлбөрийг 2015 оны 07 сард 1 465 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 400 000 000 төгрөг төлж, үүргээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр хийж дуусгасан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэхэмжлэгч талаас бусдад төлөгдсөн хүүг хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Монинжбар ХК нь Хаан банк ХХК-тай байгуулсан нийт 1 780 000 000 төгрөгийн зээлээс 980 000 000 төгрөг, 300 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүг гэрээний хугацаанд буюу 2015 онд төлж барагдуулсан. Харин 500 000 000 төгрөгийн зээлийн хүүд нийт 133 833 791 төгрөг төлснөөс 17 667 715 төгрөгийг, Даймонд ББСБ ХХК-аас зээлдэн авсан 240 000 000 төгрөгийн зээлийн хүүд 111 076 840 төгрөг төлснөөс 7 497 266 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нийт 25 164 981 төгрөг төлсөн байна. /хх 68-71/

 

Мөн нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр Боорчи ХХК-аас худалдан авсан сувгийн тэвш-Лотки 7 барааны үнийг гэрээний хугацаанд төлж чадаагүйн улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 856 дугаар захирамжаар Монинжбар ХК-аас алдангид 8 823 057 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ. /хх185/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол 33 988 038 төгрөгийг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас валютын ханшийн зөрүүгээс үүссэн алдагдал 130 237 676 төгрөг, Гүүвел инженеринг монгол ХХК-ийн алдагдсан боломж 7 025 756 төгрөг, гэрээний алданги тооцсон дүн 31 207 790 төгрөг, Ололт оч инвест ХХК-ийн алдагдсан боломж 39 397 452 төгрөг, гэрээний алдангид тооцсон дүн 175 000 000 төгрөг, Боорчи ХХК-ийн алдагдсан боломж 2 051 136 төгрөг, Энгүй тал ХХК-ийн алдагдсан боломж 27 180 229 төгрөг, гэрээний алданги тооцсон дүн 37 972 440 төгрөг, санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас худалдан авалтаас үүссэн алдагдал 82 326 406 төгрөг, нийт 532 398 887 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд хамааралгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00984 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 401 951 918 төгрөг гэснийг 33 988 038 төгрөг, 532 398 887 төгрөг гэснийг 900 362 767 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтыг 2 167 710 төгрөг гэснийг 327 890 төгрөг гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эрчим хүчний яамны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 168 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ