Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/00984

 

                        

 

 

 

 

 

 

     2018 оны 04 сарын 20 өдөр

       Дугаар 183/ШШ2018/00984

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 24/3 тоотод байрлах, 2061287 регистрийн дугаартай, М ХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-36, Засгийн газрын 14 дүгээр байранд байрлах, Эанд холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 934.350.805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, Г.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч М ХК-ийн гүйцэтгэх  захирал Б.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, Г.Өлзийсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХК нь Этай 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Континенталь зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний тусгай нөхцөлд зааснаар санхүүжилтэд 2014 онд 2.520.000.000 төгрөг, 2015 онд 2.864.549 907 төгрөгийг улсын төсвөөс санхүүжилтээр төлөхөөр тохирч уг гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч М ХК-ны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэх үүднээс өөрийн нөөц бололцоо болон бусад санхүүгийн эх үүсвэр /Хаан банк, Д.ФББСБ-аас авсан зээлүүд/-ийг ашиглаж, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал гэрээнд заасан төлбөрийн хугацааг зөрчин 2015 оны эхний улиралд төлөх ёстой 2.865.549.907 төгрөгийг хувааж буюу тухайн оны 7 дугаар сард 1.465.000.000 төгрөг, үлдэгдэл 1.400.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард төлөх байдлаар төлбөрөө хугацаанд нь санхүүжүүлээгүй. 2015 оноос хойш 2016 оны 3 сар буюу сүүлийн санхүүжилт орж ирэх хүртэлх хугацаанд М ХК-нд Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү, гадаад бараа материал худалдан авалт түүний ханшийн зөрүү, мөн гэрээгээр зөвшөөрсний дагуу тус ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан компаниудад гүйцэтгэлийн хөлс төлбөрийг барагдуулах ажил, түүнээс үүдэх өр төлбөрийн асуудал зэрэг нь санхүүгийн бодитой алдагдал бий болгож байгаа юм. Үүнд: ГХХК-тай 2014 оны 4 дүгээр сард 5В шугамыг 100 хувь буулгах ажлын гэрээг 100.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан ба 2016 оны жилийн эцсийн байдлаар тооцоо нийлсэн актаар тус компанид 62.415.580 төгрөгийн өртэй байснаас гэрээний дагуу хоногийн 0.5%-ийн алданги тооцогдож, 31.207.790 төгрөгийн цэвэр алдагдал хүлээгээд байна. Мөн ГХХК-ийн зүгээс гэрээнээс үүдэлтэй алдагдсан боломжийг тооцон 7.025.756,79 төгрөгийн ханшийн зөрүүг нэхэмжилж, ингэснээр тус компанид алдагдал болоод ханшийн зөрүүгийн хамт 38.233.546,8 төгрөгийг төлөхөөр байна. ОХХК-тай 2014 оны 6 дугаар сард Континенталь зочид буудлын урд талаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх 800м ФбОО-ын хос дулааны шугам угсралтын ажлыг 500.0 сая төгрөгийн дүнд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан. Гэрээний хугацаанд дээрх компани ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дууссан. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гүйцэтгэлийн төлбөрийг төлж барагдуулах боломжгүй байсаар 2016 оны жилийн эцсээр 350.0 сая төгрөгийн өртэй гарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний алданги 175.0 сая төгрөг болж өссөн ба тухайн үед 5В гэрээний захиалагч тал санхүүжилтийг бүрэн шилжүүлээгүйн улмаас бидний төлөвлөж байсан 2016 онд хийгдэх ажлын гадаад материалын татан авалт оройтож валютын ханшийн зөрүүгээс 39.397.452.96 төгрөгийн бодит алдагдал хүлээсэн. Иймд гэрээний алданги дээр ханшийн зөрүүг нэмж манай компанид 214 397 452,96 төгрөгийг даруй шилжүүлж бидний хохирлыг барагдуул гэсэн шаардлагыг захиалагч талд удаа дараа явуулсан. Б ХХК-тай бид 2014 оны 5 дугаар сард төмөр бетон эдлэл нийлүүлэх 305.800.000 төгрөгийн гэрээ байгуулж, тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн цаг хугацаандаа материалыг нийлүүлсэн бөгөөд компанийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 01-нд Б ХХК-д төлбөрийг бүрэн барагдуулах ёстой байсан боловч санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас хойшлогдсон. Б ХХК-ийн санхүүжилтын үлдэгдэл 54.656.000 төгрөгийг олгож чадалгүй байсаар 2016 онтой золгосон. Б ХХК манай компаниас гэрээний үлдэгдэл төлбөр, түүний хүүг нэхэмжилж шүүхэд өгснөөр 27.895.870 төгрөгийн алданги төлөхөөр болсон. Улмаар тэдэнтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулан, 19.072.813 төгрөгийн алдангийг хасуулснаар 8.823.057 төгрөгийн алдангийг төлөхөөр болсон. Мөн бетон эдлэл нийлүүлэх гэрээний хугацаа дуусах үед манай компани Б ХХК-д 150.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэд энэ хугацааны алдагдсан боломжийг тооцон валютийн ханшийн зөрүүнээс 5.629.216.21 төгрөгийг нэхэмжилсэн ба нийтдээ 14.452.273,2 төгрөгийн тооцоотой болсон. Манайх 5В магистраль шугамын ажлыг эхлүүлснээс эхлээд дуусах хүртэл хугацаанд төслийн ажилд зориулж, Энгүй тал ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр механизм /экскаватор Лебкер 924/-ыг 50.000 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулсан. Уг төсөлд дээрх механизмыг ашигласан бөгөөд санхүүжилт саатсаны улмаас төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Тухайн үед орж ирсэн бага зэргийн санхүүжилтээр бусад туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэлийн хагас, гадаад материалын төлбөр болон ажиллах хүчний цалин хөлс зэргийг тавьснаар өнөөдрийг хүртэл дээрх компанид 34.400 ам.долларын үлдэгдэлтэй байна. Бид долларын зөрүүгээс өнөөдрийн байдлаар 49.180.084 төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд цаашлаад гэрээний алданги болох 17.200 ам.доллар буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ханшаар 42.240.792 төгрөгийг валютын ханшийн зөрүүнд төлөхөд хүрээд байна. Манай компани дараа онд хэрэгжүүлэх төслүүдийн гадаад материалын татан авалтыг өмнөх ондоо татан төвлөрүүлдэг бөгөөд 5В-ийн ажлын санхүүжилт орж ирээгүйн улмаас энэ ажил зогссон. Үүний улмаас нилээдгүй хохирол амссан. 2015 онд Яармагийн 15 км цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ханшийн зөрүүнээс 82.326.406,35 төгрөгийн алдагдал хүлээсэн. 5В магистраль дулааны шугамын ажлын санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас манай компани туслан гүйцэтгэгч компаниудын үлдэгдэл санхүүжилтийг олгож чадаагүй ба энэ нь цаашдаа 257.271.639 төгрөгийн гэрээний алданги, 101.232 509,96 төгрөгийн буюу тухайн компаниудын санхүүжилтээ цаг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн ханшийн зөрүүгийн алдагдал 82.326.406,35 төгрөгийн алданги болон манай компанийн ханшийн зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлж дараа ондоо хэрэгжүүлэх ажлуудын материалын татан авалтыг хийж чадаагүйн улмаас үүссэн алдагдсан боломж гэх мэт нийт 440.830.555,31 төгрөгийн алдагдал хүлээхэд хүрээд байна. Мөн 2014 онд тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд Хаан банктай анх 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 3 удаа 300.000.000, 980.000.000, 500.000.000 төгрөгийн, Д.ФББСБ-аас 240.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн зориулалт дээр тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргах гэж заасан ба энэхүү ажлын хүрээнд мөнгийг зарцуулсан. Манай компани дээрх хоёр газраас авсан зээлийн хүүнд 2015 он хүртэл 166.685.774,64 төгрөг төлсөн байдаг бөгөөд 2015 оноос ажлын санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас авсан зээлүүдээ төлж чадалгүй сүүлийн санхүүжилт орж ирээгүйгээс 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 22 хүртэлх хугацааны  хүү нэхэмжилсэн ба нэмэгдүүлсэн хүүг огт нэхэмжлээгүй, энэ хугацаанд 393.128.859 төгрөгийн хүүг төлсөн ба энэ нь дансны хуулгын баримтаас тодорхой харагдана. Үүний зэрэгцээ санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас тухайн төсөлд зориулж авсан гадаад материал худалдан авалтын валютын ханшийн зөрүүнд гэрээ хийгдэх үеийн ханш, материал худалдаж авах үеийн ханшийн хооронд үүссэн зөрүү 130.237.676,43 төгрөг төлсөн байдаг. Компанид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 523.366.537 төгрөгийн бодит хохирол учирч, 410.984.268,38 төгрөгийн туслан гүйцэтгэгч компаниудын нэхэмжилсэн гэрээний алданги, валютын ханшийн зөрүү, компанийн алдагдсан боломжийн өртөг зэрэг хохирлуудыг амсаад байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжилбэл компанийн удаан хугацаанд оршин тогтнох байдал алдагдахад хүрээд байна. Манай компанид үүссэн энэ бүх өр төлбөр, хохирол нь захиалагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс бий болсон бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үр шимийг хүлээж авсан, доголдолгүй ажил гүйцэтгэлийг хүлээж авсан бол төлбөрийг саадгүй төлөх үүрэгтэй гэж зааснаар Энаас 934.350.805 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зохигчдын хооронд 5.385.549.907 төгрөгийн гэрээ байгуулагдсанаас Э гэрээнд заасан үүргээ биелүүлж 2.5 тэрбум төгрөгийг 2014 онд төлсөн гэдэгт талууд маргахгүй байна. Манайх дүрмийн санхүүжилтийн мөнгө буюу 1.4 тэрбум төгрөгийг гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд төлөх ёстойгоос нэг сарын хугацаа хэтрүүлсэн ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг 8 сарын дараа хугацаа хэтрүүлснээс хохирсон гэж 934.350.805 төгрөг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: Гүүвел инженеринг ХХК-тай 2014 оны 4 дүгээр сард шугам буулгах ажлыг 100.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулж, 38.233.546 төгрөг, ОХХК-тай 2014 оны 6 дугаар сард 500.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, гэрээний алданги, гадаад валютын алдагдал зэрэг нь 214.397.452 төгрөг, Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сард 305.800.000 төгрөгийн гэрээ байгуулж, гэрээний хохирол нь 14.452.273 төгрөг гэжээ. Эдгээр 3 компанитай байгуулсан гэрээнүүдийг багцлаад няцаахад 2014 онд гэрээ байгуулж, аль оны санхүүжилтээс хохирсон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчиж алданги тооцсон. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2, Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно гэх заалт, гэрээний 46.1, 46.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05%-ийг төлнө, энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэлд дурдсан 82.326.406 төгрөг, 257.271.639 төгрөг, 440.830.555 төгрөг, мөн Хаан банк, Д.ФББСБ-ын 166.685.774 төгрөг, 365.537.401 төгрөг, санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн гадаад материал худалдан авах 130.237.676 төгрөг зэрэг хохирлуудыг харахад компанийн дотоод асуудлыг яамтай холбож, ямар ч хамааралгүй мөнгө нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, ойлгомжгүй, байна. Түүнчлэн компанийн урсгал зардал, өөр зардлуудтай хамтатгасан байж болзошгүй байна. Үүнийг батлах хамгийн энгийн жишээ нь нэхэмжлэлийн 1 дүгээр хуудсанд нэхэмжлэлийн шаардлагад 917.775.078 төгрөг гаргуулах гэсэн атлаа, 4 дүгээр хуудсанд 936.605.633 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн логикийн алдаа гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх тооцоо хэр үндэслэлтэй, хэр бодитой вэ гэсэн эргэлзээг төрүүлж байна. Үүнээс үзэхэд нэхэмжпэгч өөрөө ч хэдэн төгрөгний бодитой хохирол учирсан эсэхээ мэдэхгүй, ойлгоогүй байгаа нь харагдаж байна. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний ерөнхий заалтын 27.1-т хугацааг хойшуулах эрх нь захиалагч талд байгаа талаар заасан. Гэрээний тусгай нөхцлийн 46.1, 46.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05%- ийг төлнө. Энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй, 40.0.1-т... Тухайн жилд батлагдсан төсвөөс санхүүжилнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан ба харамсалтай нь 2015-2016 онд эдийн засаг хямарч томоохон төслүүдийг Засгийн газраас 500.0 сая төгрөгнөөс дээш төслийн 50%-ийг олгох шийдвэр гарсан. Энаас 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №В/955, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № В/1736, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн В/134 тоот албан бичгүүдийг тус тус Сангийн яаманд хүргүүлж, М ХК-ийн санхүүжилтийг олгуулах талаар Сангийн яаманд хандсан байдаг. Мөн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн № а/2963 тоот албан бичгээр Эрчим хүчний сайдын төсвийн төсөл, 2016-2017 оны төсөөлөл хүргүүлэх хавсралтын №12-т М ХК-ийн үлдэгдэл санхүүжилтыг тодотгож хүргүүлсэн ч Сангийн яам санхүүжилтийг хоёр хувааж олгох шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд яам нь санхүүжилтийг олгох талаар шат дараатай арга хэмжээ авч ажилласан нь харагдаж байна. Энэ бүгдээс үзэхэд санхүүжилт олгоогүй асуудал нь Энаас шалтгаалаагүй бөгөөд асуудлаа Сангийн яаманд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

 

Сангийн яамны шийдвэр, Монгол Улсын эдийн засгийн хямралын хүнд цаг үеийг тооцож, санхүүжилт 7 сараар хожимдож орсон ч Засгийн газраас бүх төлбөр тооцоог шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн алдаатай ойлгомжгүй, үндэслэл муутай тооцоо зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                  

                                                                                                               ҮНДЭСЛЭХ  нь:

 

М ХК нь Эанд холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 934.350.805 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх  хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М ХК нь “5В магистраль Тк-1893-с Континенталь зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх 2.100 метр 2*500 мм-ийн шугамыг 2*800 мм болгон өргөтгөх” ажлыг 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, захиалагч Этай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЭХА-018/14 тоот гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч ажлыг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээний үнийн нийт дүн болох 5.385.549.907 төгрөгнөөс 2014 онд 2.520.000.000 төгрөгийг, үлдэх 2.865.549.907 төгрөгийг 2015 онд улсын төсвөөс тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

          Зохигчид дээрх ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн талаар талууд маргаангүй, ажлыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.

       

Нэхэмжлэгч М ХК ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанартай хийж дуусгасан, харин хариуцагч тал гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, хүү болон туслан гүйцэтгэгч компаниудад гүйцэтгэлийн хөлс олгох асуудлууд нь санхүүгийн хувьд бодит хохирол болж байгаа тул гэрээний хариуцлага буюу гэрээнээс учирсан хохиролд 934.350.805 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  

         

          Хариуцагч Э нь 2014 оны санхүүжилтийг хугацаанд нь өгсөн, харин 2015 оны санхүүжилтийг 2 дугаар улиралд төлөх ёстой байснаас нэг сарын хугацаа хэтрүүлж, 2015 оны 7 дугаар сард төлсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу бодитой хохирол хэдэн төгрөг болсон гэдэг нь тодорхой бус, үнийн дүнг хэдэн янзаар нэхэмжилж, хамгийн сүүлд 934.350.805 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байх заалттай нийцэхгүй, мөн 0.05 хувь байна гэдгээр тооцож үзэх юм бол энэхүү мөнгөн дүн маш үндэслэлгүй, түүнчлэн яг хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан гэдгийг баримтаар нотолж тодорхойлж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байгаа болно.  

        

        Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “... Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “... Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.

 

         Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь захиалагч буюу Эыг санхүүжилтийг тухай бүрт нь шийдвэрлээгүй, төсөвт мөнгийг гүйцэд суулгаж өгөөгүйгээс үнийн өсөлтөд нэрвэгдэж, банкны болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү, харилцагч байгуулагуудаас авсан бараа материалын үнэ, гэрээт ажилд худалдаж авсан материалын үнэ гэрээ хийх үеийн ханшаас худалдаж авах хүртэлх үеийн валютын ханшийн зөрүү, туслан гүйцэтгэгчийн ажлын хөлс зэргийг төлж чадалгүй алдагдалд орсон гэж дээрх хуулийн заалтын дагуу хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй боловч шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Үүнд: Нэхэмжлэгч нь 2014 онд тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд Хаан банктай зээлийн эрх нээх гэрээ, Даймонд банк бус санхүүгийн байгууллагатай зээл болон барьцааны гэрээ байгуулж, их хэмжээний зээл авсан гэх бөгөөд 2015 онд санхүүжилт хугацаандаа орж ирээгүйгээс авсан зээлүүдээ хугацаанд нь төлж чадалгүй, сүүлийн санхүүжилт орж ирэх 2016 оны 3 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд банк, банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн гэж 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацааны хүүнд 393.128.859 төгрөг нэхэмжилж байна.

 

           Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэж үзэхэд М ХХК нь Хаан банктай зээлийн эрх нээх гэрээ байгуулж 3 удаа нийт 1.780.000.000 төгрөгийн,  Даймонд банк бус санхүүгийн байгууллагатай зээл болон барьцааны гэрээ байгуулж 240.000.000 төгрөгийн зээл авсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, зээлийн шугамын гэрээ, зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байх ба захиалагч 2015 оны санхүүжилтийг хоёр хувааж гэрээнд заасан хугацаанд нь хийгээгүйгээс тус компани Хаан банк, Даймонд ББСБ-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлж, бодит хохирол учирсан болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хүү төлсөн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 393.128.859 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Мөн тус компани 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, сувгийн тэвш лотки-7 худалдан авч, 251.144.000 төгрөг төлж, 54.656.000 төгрөгийг төлөөгүйгээс Б ХХК алдангийн хамт М ХК-иас 83.551.870 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх хуралдааны явцад зохигчид 63.479.057 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 856 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож, улмаар нэхэмжлэгч тал Б ХХК-д алдангид 8.823.057 төгрөг төлөхөөр тохиролцсон дагуу дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй  байх тул хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 393.128.859 төгрөгийн хамт нийт /393.128.861.09+8.823.057/=401.951.918.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.         

        

          Харин валютын ханшийн зөрүүгээс үүссэн алдагдал 130.237.676,43 төгрөг, ГХХК-ийн алдагдсан боломж гэх 7.025.756,79 төгрөг, гэрээний алданги тооцсон дүн 31.207.790 төгрөг, ОХХК-ийн алдагдсан боломж 39.397.452,96 төгрөг, гэрээний алданги тооцсон дүн 175.000.000 төгрөг, Б ХХК-ийн алдагдсан боломж гэх 2.051.136,28 төгрөг, Энгүй тал ХХК-ийн алдагдсан боломж гэх 27.180.229 төгрөг, гэрээний алданги тооцсон дүн 37.972.440 төгрөг, санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас дараа дараагийн ажилд материал худалдан авалтаас үүссэн алдагдал буюу алдагдсан боломж 82.326.406,35 төгрөг, нийт 532.398.887,81 төгрөг нэхэмжилсэн нь 2015 оны санхүүжилт өгөхөөс өмнөх үеийн холбогдох баримтууд байх ба нэхэмжлэгч 2014 оны санхүүжилтийн талаар маргаагүй, нотлох баримтууд 2014 оных буюу захиалагчийн санхүүжилтээ хугацаанд нь өгсөн цаг хугацаатай тохирч байх тул дээрх баримтуудыг үндэслэн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зйүлийн 58.4-т “…Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М ХК улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4.746.825 төгрөгнөөс 1.452.293 төгрөг төлж, үлдэх хэсгийг хойшлуулах хүсэлт гаргаснаар тус дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1452 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 3.294.532 төгрөгийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хойшлуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.452.293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М ХК-иас 3.294.532 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Энаас 2.167.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зйүлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ НЬ:

 

     1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э яамнаас 401.951.918.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 532.398.887 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.452.293 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, М ХК-иас 3.294.532 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Энаас 2.167.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай. 

 

           3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН