Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01901

 

МБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00984 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1639 дүгээр магадлалтай,

МБ ХК-ийн нэхэмжлэлтэй

ЭХЯ-анд холбогдох, 

Гэрээнээс учирсан хохирол 934.350.805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч МБ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭХЯ-тай 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Континентал зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний тусгай нөхцөлд зааснаар санхүүжилтэд 2014 онд 2.520.000.000 төгрөг, 2015 онд 2.864.549.907 төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тохирсон. Гүйцэтгэгч МБ ХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэх үүднээс өөрийн нөөц бололцоо болон бусад санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал гэрээнд заасан төлбөрийн хугацааг зөрчин 2015 оны эхний улиралд төлөх ёстой 2.865.549.907 төгрөгийг хувааж буюу тухайн оны 7 дугаар сард 1.465.000.000 төгрөг, үлдэгдэл 1.400.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард төлөх байдлаар төлбөрөө хугацаанд нь санхүүжүүлээгүй. 2015 оноос хойш 2016 оны 3 cap буюу сүүлийн санхүүжилт орж ирэх хүртэлх хугацаанд МБ ХК нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү, гадаад бараа материал худалдан авалт түүний ханшийн зөрүү, мөн гэрээгээр зөвшөөрсний дагуу тус ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан компаниудад гүйцэтгэлийн хөлс төлбөрийг барагдуулах ажил, түүнээс үүдэх өр төлбөрийн асуудал зэрэг нь санхүүгийн бодитой алдагдал бий болгож байгаа.

Үүнд Гүүвел инженеринг монгол ХХК-тай 2014 оны 4 дүгээр сард 5В шугамыг 100 хувь буулгах ажлын гэрээг 100.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан ба 2016 оны жилийн эцсийн байдлаар тооцоо нийлсэн актаар тус компанид 62.415.580 төгрөгийн өртэй байснаас гэрээний дагуу хоногийн 0.5%-ийн алданги тооцогдож, 31.207.790 төгрөгийн цэвэр алдагдал хүлээгээд байна. Мөн Гүүвел инженеринг монгол ХХК-ийн зүгээс гэрээнээс үүдэлтэй алдагдсан боломжийг тооцон 7.025.756 төгрөгийн ханшийн зөрүүг нэхэмжилж, тус компанид алдагдал болоод ханшийн зөрүүгийн хамт 38.233.546 төгрөг төлөхөөр байна. Ололт оч инвест ХХК-тай 2014 оны 6 дугаар сард Континенталь зочид буудлын урд талаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх 800м ФбОО-ын хос дулааны шугам угсралтын ажлыг 500.000.000 төгрөгийн дүнд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гүйцэтгэлийн төлбөрийг төлж барагдуулах боломжгүй байсаар 2016 оны жилийн эцсээр 350.000.000 төгрөгийн өртэй гарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний алданги 175.000.000 төгрөг болж өссөн ба тухайн үед 5В гэрээний захиалагч тал санхүүжилтийг бүрэн шилжүүлээгүйн улмаас бидний төлөвлөж байсан 2016 онд хийгдэх ажлын гадаад материалын татан авалт оройтож валютын ханшийн зөрүүгээс 39.397.452 төгрөгийн бодит алдагдал хүлээсэн тул 214.397.452,96 төгрөгииг даруй шилжүүлэхийг захиалагч талд удаа дараа мэдэгдсэн.

Боорчи ХХК-тай 2014 оны 5 дугаар сард төмөр бетон эдлэг нийлүүлэх 305.800.000 төгрөгийн гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 54.656.000 төгрөгийг төлж чадахгүй байсан тул нөгөө тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 8.823.057 төгрөгийн алданги төлөхөөр болсон. Мөн гэрээний хугацаа дуусах үед Боорчи ХХК-д 150.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба одоо нийт 14.452.273 төгрөгийн тооцоотой болсон.

Энгүй тал ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр механизм /экскаватор Лебкер 924/-ыг 50.000 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулсан. Уг төсөлд дээрх механизмыг ашигласан бөгөөд санхүүжилт саатсаны улмаас төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Уг компанид 34.400 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Бид долларын зөрүүгээс өнөөдрийн байдлаар 49.180.084 төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд цаашлаад гэрээний алданги болох 17.200 ам.доллар буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ханшаар 42.240.792 төгрөгийг валютын ханшийн зөрүүд төлөхөд хүрээд байна. 2015 онд Яармагийн 15 км цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ханшийн зөрүүнээс 82.326.406 төгрөгийн алдагдал хүлээсэн. 5В магистраль дулааны шугамын ажлын санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн улмаас манай компани туслан гүйцэтгэгч компаниудын үлдэгдэл санхүүжилтийг олгож чадаагүй ба энэ нь цаашдаа 257.271.639 төгрөг, гэрээний алданги 101.232.509,96 төгрөг, санхүүжилтээ цаг хугацаандаа авч чадаагүйгээс үүссэн ханшийн зөрүүгийн алдагдал 82.326.406,35 төгрөгийн алданги болон манай компанийн ханшийн зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлж дараа ондоо хэрэгжүүлэх ажлуудын материалын татан авалтыг хийж чадаагүйн улмаас үүссэн алдагдсан боломж гэх мэт нийт 440.830.555,31 төгрөгийн алдагдал хүлээхэд хүрээд байна.

Хаан банктай 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3 удаа 300.000.000 төгрөг, 980.000.000 төгрөг, 500.000.000 төгрөгийн, Даймонд финанс ББСБ-аас 240.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүд 2015 он хүртэл 166.685.774,64 төгрөг төлсөн бөгөөд санхүүжилт орж ирээгүйгээс 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 393.128.859 төгрөгийн хүү төлсөн. Мөн худалдан авалтын ханшийн зөрүүд 130.237.676 төгрөг төлсөн. Компанид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 523.366.537 төгрөгийн бодит хохирол учирч, 410.984.268,38 төгрөгийн туслан гүйцэтгэгч компаниудын нэхэмжилсэн гэрээний алданги, валютын ханшийн зөрүү, компанийн алдагдсан боломжийн өртөг зэрэг хохирол амссан. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар ЭХЯ-наас 934.350.805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭХЯ-ны шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 5.385.549.907 төгрөгийн гэрээ байгуулагдсанаас ЭХЯ- гэрээнд заасан үүргээ биелүүлж 2.5 тэрбум төгрөгийг 2014 онд төлсөн гэдэгт талууд маргахгүй. Манайх дүрмийн санхүүжилтийн мөнгө буюу 1.400.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд төлөх ёстойгоос нэг сарын хугацаа хэтрүүлсэн ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг 8 сарын дараа хугацаа хэтрүүлснээс хохирсон гэж 934.350.805 төгрөг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч байна. Гүүвел инженеринг ХХК, Ололт оч инвест ХХК, Боорчи ХХК-тай байгуулсан гэрээг 2014 онд байгуулж, аль оны санхүүжилтээс хохирсон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчиж алданги тооцсон. Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2, гэрээний 46.1, 46.2-т заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэлд дурдсан 82.326.406 төгрөг, 257.271.639 төгрөг, 440.830.555 төгрөг, мөн Хаан банк, Даймонд финанс ББСБ-ын 166.685.774 төгрөг, 365.537.401 төгрөг, санхүүжилт хугацаандаа орж ирээгүйн гадаад материал худалдан авах 130.237.676 төгрөг зэрэг хохирлууд нь компанийн дотоод асуудалтай холбоотой байхад яамтай холбож байгаа нь учир дутагдалтай, ойлгомжгүй байна. Түүнчлэн компанийн урсгал зардал, өөр зардлуудтай хамтатгасан байж болзошгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний ерөнхий заалтын 27.1-д хугацааг хойшлуулах эрх нь захиалагч талд байгаа талаар заасан. Гэрээний тусгай нөхцлийн 46.1, 46.2, 40.0.1-д заасныг тус тус зөрчсөн байна. Талууд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан ба харамсалтай нь 2015-2016 онд эдийн засаг хямарч Засгийн газраас 500.000.000 төгрөгнөөс дээш төслийн 50%-ийг олгох шийдвэр гарсан. ЭХЯ-наас 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №В/955, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № В/1736, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн В/134 тоот албан бичгүүдийг тус тус Сангийн яаманд хүргүүлж, МБ ХК-ийн санхүүжилтийг олгуулах талаар хандсан. Мөн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн № а/2963 тоот албан бичгээр Эрчим хүчний сайдын төсвийн төсөл, 2016-2017 оны төсөөлөл хүргүүлэх хавсралтын №12-т МБ ХК-ийн үлдэгдэл санхүүжилтыг тодотгож хүргүүлсэн ч Сангийн яам санхүүжилтийг хоёр хувааж олгох шийдвэр гаргасан. Сангийн яамны шийдвэр, Монгол Улсын эдийн засгийн хямралын үеийг тооцож, санхүүжилт 7 сараар хожимдож орсон ч Засгийн газраас бүх тооцоог шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн алдаатай ойлгомжгүй, үндэслэл тооцоо зэргийг харгалзан үзэж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь xэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00984 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХЯ-наас 401.951.918.09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 532.398.887 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.452.293 төгрөгийг улсын орлогод үлдээж, МБ ХК-аас 3.294.532 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч ЭХЯ-наас 2.167.710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МБ ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1639 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00984 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 401.951.918 төгрөг гэснийг 33.988.038 төгрөг, 532.398.887 төгрөг гэснийг 900.362.767 төгрөг гэж өөрчилж, 2 дахь заалтыг 2.167.710 төгрөг гэснийг 327.890 төгрөг гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭХЯ-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.168.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэх үүднээс өөрийн нөөц бололцоо, ХААН банкны зээл, Даймонд ББСБ-ын зээл болон бусад эх үүсвэрийг ашиглаж, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянахдаа талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн хийж дуусган, 2014 ондоо улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч 2014 онд 2.520.000.000 төгрөг, 2015 онд 2.865.549.907 төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 2014 онд 2.520.000.000 төгрөг, 2015 оны 7 сард 1.465.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.400.000.000 төгрөгийн санхүүжилтийг хугацаа хэтрүүлж олгосон үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн. Улмаар шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн нь буруу биш боловч нэхэмжлэгчийн бусдад төлсөн зээлийн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон нь үндэслэл муутай, хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг буруу тодорхойлсон гэж үзэж МБ ХК-ийн ХААН банк, Даймонд ББСБ-уудад 2015 онд төлсөн зээлийн хүүний төлбөрүүдийг хэрэгсэхгүй болгосон нь дээр тодорхойлон дүгнэсэн төлбөр хугацаа хэтрүүлж олгосон нь үйл баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй, нэхэмжлэгч нь банк, ББСБ-аас зээл авсаныг хүлээн зөвшөөрсөн гэж илт зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Тус компани ХААН банкны зээлийн шугамыг хэрэглэхдээ ЭХЯ-ны төсөлд зориулна гэж авсан. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн боловч ямар үйл баримтыг үндэслэж энэ дүгнэлтийг хийсэн нь магадлалаас харахад тодорхойгүй байна. Магадлалд захиалагч нь үүргээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүй гэж дүгнэсэн атлаа 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг хариуцагчийн хүлээх гэрээний үүргийн зөрчилд хамаарах хугацаа гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасныг үндэслэж тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх үүргээ гэрээгээр тогтсон 2014 онд гүйцэтгэж дуусгасан байгаа нь хариуцагч буюу захиалагч талаас гэрээгээр тогтоосон хугацаа буюу 2015 он эхэлмэгц нэн түрүүнд төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхийг бий болгож байгаа юм. Энэ талаар талууд маргадаггүй ба хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн албан бичгүүдээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр үйл баримтыг илт зөрүүтэй дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тухайн хэрэг маргааныг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Төсвийн тухай хуулиар манай компанид төлөгдөх төлбөр 2.865.549.907 төгрөг 2014 оны улсын төсөвт сууж УИХ-аар 2014 оны 11 сард батлагдсан. Төсвийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д зааснаар “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно" гэсний дагуу энэ төлбөрийг гүйцэтгэх гэрээ төсвийн ерөнхийлөн захирагчтай нэгэнт хийгдсэн тул оны эхэнд төлөгдөх ёстой байсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 41 дүгээр зүйлийн 41.2.1, 41.2.2, 41.2.6-д тус тус зааснаар зориулалтын дагуу төлбөрийг барагдуулах хангалттай үндэслэл юм.  Гэтэл хариуцагч төсвийн жил эхлээд эхний гурван сард төлбөр барагдуулах талаар огт ажиллаагүй нь 4 сарын 03-ны өдөр Сангийн яаманд анхны бичиг илгээснээс харагдаж байна. Жилийн эхэнд төсвийн зарлагын эрх нээгдэхэд төсвийн захиран зарцуулагч батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэг хүлээдэг. Харин зарцуулах эрх нь гэрээлэгдсэн ажилд шууд, гэрээлэгдээгүй ажилд гэрээ байгуулснаар үүсдэг. МБ ХК-д ЭХЯ-наас төлөгдөх төлбөрийн хувьд гэрээ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд төлөгдөх төлбөр нь энэ зориулалтаар батлагдсан тул оны эхэнд шууд төлөх ёстой. Төлбөр хүлээн авагч ч мөн ингэж тооцож, мөнгөн гүйлгээ, орлого, зарлагаа төлөвлөдөг. Гэтэл 7 дугаар сард төлнө гэдэг нь энэ хугацаанд зээлтэй аж ахуйн нэгж төлбөр хойшилсон дүнгээр хүү төлж байдаг. Үүнд төлбөрийн үүргийн хугацаа, хэмжээ шууд хамааралтай болохоос, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан гэрээнд хамаагүй бусад зардал гэсэн ойлголт бизнесийн харилцаанд огт хамааралгүй юм.

Давж заалдах шатны шүүх “...нийт 532.398.887 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд хамааралгүй гэж үзсэн нь нэхэмжлэгчид илт хохиролтой хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж үзсэн нь нэхэмжпэгчийн бодитой амссан хохирлыг үл хайхарч, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх нь валютаар гадаадаас худалдаж авч байгаа бараа, материал, түүний үнэ, тухайн цаг үеийн ханш, алдагдалтай огт хамаагүй зөвхөн дотооддоо төгрөгөөр гүйцэтгэх, орлого, зарлага, тооцоог төгрөгөөр илэрхийлэхтэй холбоотой билээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш дээрх шугамын ажлын зураг, төсөв хийгдсэн 2013 оны эхээр 1392 төгрөг байсан бол ажлын гүйцэтгэх гэрээ хийгдсэн 2014 оны 4 сарын 28-нд 1792, 2015 оны 01 сарын 01-нд 1888 төгрөг, 2016 оны 3 сарын 22-ны өдөр 2048 болж даруй 30 хувиар унасан байна. Мөн тендерт оролцогчид хамгийн бага үнэ санал болгож ялахын төлөө оролцдог учир хяналтын үнээс 10 орчим хувь бууруулж үнийн санал өгдөг. Нэхэмжлэгч МБ ХК манай улсад үйлдвэрлэдэггүй шугам хоолой, холбох хэрэгслийг гадаадаас импортоор оруулж ирсэнийхээ төлөө алдагдал хүлээж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд бараа импортлох нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. 4.2-т Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.” гэсэн заалтуудтай холбогдох харилцааны объект биш юм. Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Учир нь давж заалдах шатны шүүхээс магадлалаа үндэслэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож байгаа нөхцөлд тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжгүй юм. Компанийн санхүүгийн байдал дээрх гэрээний улмаас эрс муудаж, 2016, 2017 оны тайлант жилд 439.0 сая төгрөгийн алдагдалтайгаар баланс, аудитын тайлан гарч улмаар 2018 онд худалдан авах ажиллагаанд оролцох шаардлагаа хангахгүйгээс тендерт ч оролцож чадахгүйд хүрээд байгаа билээ. Шүүх хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн улс орныхоо бүтээн байгуулалтад 2000 гаруй барилга байгууламжийг барьж босгосон 60 жилийн түүхтэй компани цаашид оршин тогтнох, идэвхтэй үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөхөд хүрээд байна. Иймд дээр гаргасан үндэслэлүүдийг хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 532.398.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч МБ ХК хариуцагч ЭХЯ-наас бусдад төлсөн зээлийн хүү 393.128.859 төгрөг, валютын ханшийн зөрүү 130.237.676 төгрөг, туслан гүйцэтгэгч компаниудын нэхэмжилж буй алданги, валютын ханшийн зөрүүд 410.984.268,38 төгрөг, нийт 934.350.805 төгрөг шаардаж, үндэслэлээ, “гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, санхүүжилтийн зарим хэсгийг хугацаа хэтрүүлж олгосноос учирсан хохирол” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэл бодит бус, санхүүжилтээс 1.4 тэрбум төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн боловч үүнд яам буруугүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 401.951.918.09 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 33.988.038 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг” хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээгээр МБ ХК нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Континентал зочид буудлын баруун талын уулзвар хүртэлх шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч санхүүжилтэд 2014 онд 2.520.000.000 төгрөг, 2015 онд 2.864.549.907 төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тохирсон нь тогтоогджээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээдэг тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Нэхэмжлэгч МБ ХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч ЭХЯ- нь ажлын хөлс төлсөн талаар зохигч маргаагүй байна.

Гэрээнд ажлын хөлс 5.385.549.907 төгрөгийг 2014, 2015 онд хувааж төлөхөөр  зааснаас эхний санхүүжилтийг хугацаандаа олгосон, хоёр дахь санхүүжилтээс 1.465.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард, 1.400.000.000 төгрөгийг 2016 оны 03  дугаар сарын 22-ны өдөр төлсөн нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг ба үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэйг мөн зүйлийн 222.7-д заасан байна.

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог бөгөөд анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгч буюу ЭХЯ-  үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн хэтрүүлснийг зөв дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2015 оны санхүүжилтийг бүхэлд нь хугацаа хэтрүүлэн олгосон гэж, хохирол нэхэмжилсэн ба 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1.400.000.000 төгрөгийн санхүүжилтээс бусад нь хугацаандаа төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь 2015 онд нийт 2.865.549.907 төгрөг төлөхөөс мөн ондоо 1.465.000.000 төгрөг төлсөн байх тул энэ төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан бусдаас зээл авч, хугацаандаа мөнгөө төлж чадаагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлж хохирсон гэх 393.128.859 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэтэрсэн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тооцсон нь гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх  хугацаатай нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д хугацааг тоолох журам, 73 дугаар зүйлийн 73.1-д хугацаа тоолж дуусах журмыг тус тус заасан байна.

Хугацааг тоолохдоо  он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр цагаас эхлэн тоолно. Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёр дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна.

Иймд давж заалдах шатны шүүх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол буюу бусдад төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож хариуцагчаас нийт 25.164.981 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч МБ ХК нь ажлыг гүйцэтгэхдээ Боорчи ХХК-с худалдан авсан сувгийн тэвш Лотки 7 барааны үнийг хугацаандаа төлөөгүйгээс шүүхийн шийдвэрээр МБ ХК-с алдангид 8.823.057 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь тогтоогдсон тул дээрх мөнгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагч ЭХЯ-наас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн бусад хохирол буюу валютын ханшийн зөрүүгээс үүссэн алдагдал 130.237.676 төгрөг, санхүүжилт хугацаандаа ороогүйгээс дараа оны ажлын материал худалдан авалтаас үүссэн ханшийн зөрүү 82.326.406 төгрөг болон туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс   тухайн компаниудын нэхэмжилж буй гэх тухайлбал, Гүүвэл инженеринг монгол ХХК-д төлөх алданги 31.207.790 төгрөг, ханшийн зөрүү  7.025.456 төгрөг, нийт 38.233.246 төгрөг, Ололт инвест ХХК-ийн шаардсан алданги 175.000.000 төгрөг, ханшийн зөрүү 39.397.452.96 төгрөг, нийт 214.397.452.96 төгрөг, Боорчи ХХК-ийн нэхсэн валютын ханшийн зөрүү 2.051.136.28 төгрөг, Энгүй тал ХХК-д төлөх ханшийн зөрүү 27.180.229 төгрөг, алданги 37.972.440  төгрөг,  бүгд 532.398.887.81 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, эдгээр хохирол учирсан нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үйлдэлтэй хамааралгүй гэж  үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хохирол шаардахад хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үйлдэл, уг үйлдлээс    хохирол учирсан байх, учирсан хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдох шаардлагатай.

Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч компаниудтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсний хөлсийг хугацаанд нь төлөөгүй нь хариуцагч ЭХЯ-ны 2015 оны санхүүжилтийн зарим хэсгийг хугацаа хэтрүүлж буюу 2016 оны 3 дугаар сард олгосонтой холбоотой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Учир нь нэхэмжлэгч эдгээр компаниудтай 2014 онд гэрээ байгуулсан байх бөгөөд мөнгийг эхний санхүүжилтээс олгох боломжтой байжээ.

Иймд эдгээр хохирлыг хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу алдагдал гэж үзэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэхгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4.830.000 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ