Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00211

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00211

 

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б , Б.Т нарт холбогдох

 

2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 156 323 312.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Хариуцагч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б , Б.Т нар нь ХААН банк ХХК-ийн Хүлэг тооцооны төвөөс 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ОСЗГ-52 тоот зээлийн гэрээ, мөн оны 5 дугаар сарын 05-ны өдөр БГҮ-52 тоот барьцааны гэрээ байгуулж 96 000 000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5 584 654 төгрөг, хүүгийн төлбөрт 35 144 794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 528 төгрөг, нийт 40 736 976.79 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа Монгол шуудан ХХК-аар хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

Иймд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 90 415 345.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 60 819 057.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 088 909 төгрөг нийт 156 323 312.12 төгрөгийг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б , Б.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар: Ч.Б нь тус банкнаас орон сууцны зээл авсан боловч энэ орон сууцны зээлийн мөнгийг өөрөө аваагүй, захиран зарцуулаагүй юм. Уг орон сууцны хуучин өмчлөгч орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлэх замаар зээлд хамрагдах боломжийг хайж, зээлийн гэрээ байгуулан авсан. Иймээс Ч.Б , Б.Т нар нь энэ хэргийн хариуцагч биш. Хэдийгээр өөр хүмүүс зээлийн мөнгийг авсан боловч гэрээ байгуулсны хувьд нийт 40 736 976.79 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс 90 415 345.73 төгрөгийн төлбөр хийгдэх байх, харин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь байдал дээр маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 60 819 057.95 төгрөгийн хүү, 5 088 908.55 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь зээлдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байна. Хэрвээ гэрээнд алданги, анз, торгууль тооцохоор зааж өгч байгаа бол тэр нь гүйцэтгэж байгаа үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл зээлийн хүү гэдэг маань ямар нэгэн байдлаар хариуцлагын хэмжээ, мөнгө авч ашигласны төлбөрийг зээлийн хүү гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ мөнгийг авч ашигласан зүйл байхгүй. Ийм нөхцөл байдалд зээлийн хүү нь Б.Т , Ч.Б нарт хариуцлага хэлбэрээр оногдоод байна. 2018 оны 10 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 08, мөн оны 3 дугаар 01, мөн оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлүүд өгсөн. Хэрвээ бид нар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүү хамгийн сүүлд төлсөн гэж үзвэл энэ төлөлт хүүнд орсон уу үгүй юу. 60 000 000 төгрөгийн хүүг тооцоод үзэхэд 5 жилийн хугацаанд төлөх хүүнд бодогдоод байна. Төлбөр хийгдэж байгаад 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүүгийн төлөлт хийгдсэн. Гэхдээ сарын хүү нь 1 500 000 төгрөг төлөх ёстойгоос сарын хүүг, жилийн хүү рүү бодохоор сарын 1 800 000 төгрөгийн хүү, өдрийн 52 000 төгрөг рүү орчихсон. Өөрөөр хэлбэл гэрээнд 365 хоног тооцчихсон. Нэг жилийн 19.8 хувийн хүүг тооцохоор 4 415 345.46 төгрөг, үүнийгээ жилийн хүүнд болохоор жилийн 17 902 239 төгрөг болж байгаа. Үүнийгээ гэрээнд заасан хүүнд тооцохоор өдрийн 49, 038 төгрөг болж байна. Ингээд бодохоор бид 5 жилийн хүү төлөх үндэслэлгүй. Зээлийн хүүгийн тооцоолол алдаатай байгаа учраас нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл хүртэл алдаатай. Тэгэхээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ч.Б , Б.Т нараас 140 100 682.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 16 222 629.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б , Б.Т нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939 567 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б , Б.Т нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 858 453.41 төгрөг, 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.1-т талууд тохирч эргэн төлөлтийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 120 сарын хугацаатай сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл нь гэрээний тэгш, шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар гэрээний 2.1.5, 2.4.2-т тус тус зээлийн гэрээгээр тохирсон.

Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 19.8 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний залууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК шүүхэд хандан, хариуцагч Ч.Б , Б.Т нараас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлд 156 323 312 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийг захиран зарцуулаагүй гэж маргажээ.

Талууд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр ХААН банк ХХК нь 96 000 000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, Ч.Б , Б.Т нар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-8/ Уг гэрээний дагуу ХААН банк ХХК, зээлдэгч нарын 5030437448 тоот данс руу 96 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Б , Б.Т нар зээлийн үүргээс 40 736 976.79 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс зөрчиж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлд 2165 төгрөг төлснөөс хойш зээлийн үүргийг биелүүлээгүй, үүний улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, мөн үндсэн зээлд 90 415 345.73 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэдэгт маргаангүй, харин зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцсон үндэслэлд маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, нэхэмжлэгч ХААН банк ХХК-иас хариуцагч нарт хүргүүлсэн зээл эргэн төлөх тухай мэдэгдэл зэргийг үндэслэн, нэхэмжлэгч талыг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хамтран зээлдэгч буюу хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 225.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцож гаргуулсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 05030/18/341, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05030/19/05, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05030/19/43 дугаар бүхий Зээл төлөх тухай мэдэгдлүүдээр хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. Улмаар хариуцагч нар үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хандаж нэхэмжлэл гаргасан байх тул уг өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Талууд гэрээний 2.1.5 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанд нийцэх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргуулах үндэслэл тогтоогдож байна. Иймд энэ асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 5 088 909 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Талууд гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар, уг хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохирчээ. Хариуцагч нарын төлөгдөөгүй үндсэн зээл 90 415 345.73 төгрөг тул үүнээс нэхэмжлэгчийн тооцсон гэх 3,96 хувиар тооцвол 3 580 448 төгрөг нэмэгдүүлсэн хүүд төлөхөөр байна. /хх107/

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 90 415 345.73 төгрөг, зээлийн хүүд 60 819 058 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 580 448 төгрөг, нийт 154 814 852 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ч.Б н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 38а байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх16-17/ Уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Мөн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Тунгалагийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 140 100 682.73 гэснийг 154 814 852 гэж, 16 222 629.39 гэснийг 1 508 460.12 гэж, 3 дахь заалтын 858 453.41 гэснийг 932 024 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД