Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01466

 

  

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 211 дүгээр магадлалтай, 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нарт холбогдох  

2014.05.05-ны өдрийн ОСЗГ-52 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 156,323,312.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нар нь ХААН банк ХХК-ийн Хүлэг тооцооны төвөөс 2014.05.05-ны өдөр ОСЗГ-52 тоот зээлийн гэрээ, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр БГҮ-52 тоот барьцааны гэрээ байгуулж 96,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,584,654 төгрөг, хүүгийн төлбөрт 35,144,794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,528 төгрөг, нийт 40,736,976.79 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2018.10.31-ний өдөр, 2019.01.08-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа Монгол шуудан ХХК-иар хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2014.05.05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 90,415,345.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 60,819,057.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,088,909 төгрөг нийт 156,323,312.12 төгрөгийг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Бат-Ирээдүй нь тус банкнаас орон сууцны зээл авсан боловч энэ орон сууцны зээлийн мөнгийг өөрөө аваагүй, захиран зарцуулаагүй юм. Уг орон сууцны хуучин өмчлөгч орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлэх замаар зээлд хамрагдах боломжийг хайж, зээлийн гэрээ байгуулан авсан. Иймээс Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нар нь энэ хэргийн хариуцагч биш. Хэдийгээр өөр хүмүүс зээлийн мөнгийг авсан боловч гэрээ байгуулсны хувьд нийт 40,736,976.79 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс 90,415,345.73 төгрөгийн төлбөр хийгдэх байх, харин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь байдал дээр маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 60,819,057.95 төгрөгийн хүү, 5,088,908.55 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэрвээ гэрээнд алданги, анз, торгууль тооцохоор зааж өгч байгаа бол тэр нь гүйцэтгэж байгаа үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл зээлийн хүү гэдэг маань ямар нэгэн байдлаар хариуцлагын хэмжээ, мөнгө авч ашигласны төлбөрийг зээлийн хүү гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ мөнгийг авч ашигласан зүйл байхгүй. Ийм нөхцөл байдалд зээлийн хүү нь Б.Төгсжаргал, Ч.Бат-Ирээдүй нарт хариуцлага хэлбэрээр оногдоод байна. 2018.10.31, 2019.01.08, 2019.03.01, 2019.04.24-ний өдрийн мэдэгдлүүд өгсөн. Хэрвээ бид нар 2018.10.31-ний өдрийн байдлаар хүү хамгийн сүүлд төлсөн гэж үзвэл энэ төлөлт хүүд орсон уу үгүй юу. 60,000,000 төгрөгийн хүүг тооцоод үзэхэд 5 жилийн хугацаанд төлөх хүүд бодогдоод байна. Төлбөр хийгдэж байгаад 2016.03.31-ний өдрийн байдлаар хүүгийн төлөлт хийгдсэн. Гэхдээ сарын хүү нь 1,500,000 төгрөг төлөх ёстойгоос сарын хүүг, жилийн хүү рүү бодохоор сарын 1,800,000 төгрөгийн хүү, өдрийн 52,000 төгрөг рүү орчихсон. Өөрөөр хэлбэл гэрээнд 365 хоног тооцчихсон. Нэг жилийн 19.8 хувийн хүүг тооцохоор 4,415,345.46 төгрөг, үүнийгээ жилийн хүүд болохоор жилийн 17,902,239 төгрөг болж байгаа. Үүнийгээ гэрээнд заасан хүүд тооцохоор өдрийн 49,038 төгрөг болж байна. Ингээд бодохоор бид 5 жилийн хүү төлөх үндэслэлгүй. Зээлийн хүүгийн тооцоолол алдаатай байгаа учраас нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл хүртэл алдаатай. Тэгэхээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан 2014.05.05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нараас 140,100,682.73 төгрөгийг гаргуулан ХААН банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 16,222,629.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Бат-Ирээдүйн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939,567 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 858,453.41 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгон шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 211 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 140,100,682.73 гэснийг 154,814,852 гэж, 16,222,629.39 гэснийг 1,508,460.12 гэж, 3 дахь заалтын 858,453.41 гэснийг 932,024 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн тогтоосон 3,96 хувиар тооцож, нэмэгдүүлсэн хүүг 1,508,460.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Ч.Бат-Ирээдүй нарт холбогдох иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхээс ...нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохирч хариуцагч нарын төлөгдөөгүй үндсэн зээл 90,415,345.73 төгрөг тул үүнээс нэхэмжлэгчийн тооцсон хувиар тооцвол 3,580,448 төгрөг нэмэгдүүлсэн хүүд төлөхөөр байна... гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тооцсон гэх 3,96 хувиар гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, талууд гэрээнд нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэснийг үндэслээгүй байгаа нь давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг ч буруу тооцож бууруулсан. Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 9,8 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

ХААН банк ХХК нь Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 156,323,312 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийг захиран зарцуулаагүй гэж эс зөвшөөрч маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хариуцагч нараас зээлийн үүрэг болох нэмэгдүүлсэн хүүг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулжээ. 

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нар нь 2014.05.05-ны өдөр №ОСЗГ-52 дугаартай зээлийн, №БГҮ-52 дугаартай барьцааны гэрээнүүдийг ХААН банк ХХК-тай байгуулж, орон сууц авах зориулалтаар 96,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ч.Бат-Ирээдүйн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь тогтоогджээ. 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

а/ Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн ХААН банк дахь 5058152439 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар, эсхүл зээлдэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдийн данс руу шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.  

ХААН банк ХХК 2014.05.06-ны өдөр Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нарын хамтран эзэмшдэг дансанд зээл 96,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.1-д Зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө, 4.2.1-т Зээлийн төлбөрийг сар бүр 2058152439 тоот харилцах дансанд төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн төлөх төлбөрийн баримтад гүйлгээний утгыг тодорхой бичих гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.  

Нөгөөтээгүүр гэрээний 1.2.4, 2.1.5, 2.4.3, 7.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

Нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, орон сууцны зээлийн гэрээний 5.1.9-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

3. Шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, ХААН банк ХХК-иас хариуцагч нарт хүргүүлсэн зээл эргэн төлөх тухай мэдэгдэл зэргийг үндэслэж, нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.  

Учир нь зээлийн гэрээний 1.2.8-д Зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэх-Зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байхыг ойлгохоор заасан бөгөөд мөн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заажээ.  

ХААН банк ХХК-ийн 2018.10.31-ний өдрийн 05030/18/341, 2019.01.08-ны өдрийн 05030/19/05, 2019.03.01-ний өдрийн 05030/19/43, 2019.04.24-ний өдрийн 61/01/4106 тоот зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй байна.  

Нэхэмжлэгч зээлийн гэрээний 5.1.5, 6.1.1, 6.4-т зааснаар хариуцагч нар зээл олголт, эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.  

Гэрээний 8.3-т энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдол /2.1.4-т заасан хувьсах хүүгийн өөрчлөлтөөс бусад/-д гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд гэрээний 8.2-т заасан нөхцөл хангагдсанаар хүчин төгөлдөр болно гэж заажээ. 

Хариуцагч нар гэрээний 1.2.6, 1.2.7-д заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлснээс үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож, ХААН банк ХХК-тай харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар талууд гэрээнд нэмэлт хугацаа заасан гэж үзэхгүй. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд гаргасан нь хууль, талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцжээ. 

Харин гэрээг цуцлах нь бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг шүүх анхаараагүй байна.  

4. Хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174, 175, 225, 242, 451, 452 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

5. Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь, уг хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохирсон байхад давж заалдах шатны шүүх 3,96 хувиар тооцож, 3,580,448 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэхгүй байна.  

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү 5,088,909 төгрөгийн шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 211 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03432 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нараас 156,323,312 төгрөгийг гаргуулан ХААН банк ХХК-д олгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939,567 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Бат-Ирээдүй, Б.Төгсжаргал нараас 939,566 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,086 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                Г.БАНЗРАГЧ 

                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                     Х.ЭРДЭНЭСУВД