Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 3432

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03432

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхон, 45 байр, 131 тоотод оршин суух Ч.Б  ,

 

Хариуцагч: Б.Т / нарт холбогдох,

 

2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 156,323,312.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Ч.Б , Б.Т  нар нь Х ны Хүлэг тооцооны төвөөс 2014 оны 05 сарын 05-ны өдөр ОСЗГ-52 тоот зээлийн гэрээ, 2014 оны 05 сарын 05-ны өдөр БГҮ-52 тоот барьцааны гэрээ байгуулж 96,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. 2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,584,654 төгрөг, хүүгийн төлбөрт 35,144,794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,528 төгрөг, нийт 40,736,976.79 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2018 оны 10 сарын 31-ний өдөр. 2019 оны 01 сарын 08-ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ний өдөр, 2019 оны 04 сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа Монгол шуудан ХХК-иар хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3-т заасны дагуу зээлдэгч Ч.Б , хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т  нараас 156,323,312.23 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иймд банк 2014 оны 05 сарын 05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн дагуу 2019 оны 08 сарын 26-ны өдрийн байдлаар дараахь зээлийн төлбөр гаргуулах. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 90,415,345.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 60,819,057.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,088,909 төгрөг нийт 156,323,312.12 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2014 оны 05 сарын 05-ны өдрийн БГҮ-52 тоот барьцааны гэрээнд дурьдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байр 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Б , Б.Т  нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б , Б.Т  нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр 156,323,312.23 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч нарын зүгээс дараах хариу тайлбар гаргаж байна. Ч.Б  нь тус банкнаас орон сууцны зээл авсан боловч энэ орон сууцны зээлийн мөнгийг өөрөө аваагүй, захиран зарцуулаагүй юм. Уг орон сууцны хуучин өмчлөгч орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлэх замаар зээлд хамрагдах боломжийг хайж, зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ зээлийн төлбөрт иргэн Б.Т  хамааралгүй бөгөөд тэрээр нэг ч төгрөг зээлийн төлбөрөөс авч хэрэглээгүй тул түүнийг хариуцагч болгох үндэслэл байхгүй гэж бодож байна. Харин Ч.Б н хувьд зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн мөнгийг бүтэн аваагүй, захиран зарцуулаагүй болно. Иймээс энэхүү зээлийн төлбөрийн жинхэнэ хариуцагч биш тул Ч.Б , Б.Т  нарт холбогдуулан нэхэмжлэлийг гаргах боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр өөр хүмүүс зээлийн мөнгийг авсан боловч гэрээ байгуулсны хувьд нийт 40,736,976.79 төгрөгийг төлсөн. Цаашид төлөх гэж бодсон боловч энэ зээлийг төлж барагдуулах санхүүгийн эх үүсвэр, чадвар байхгүй байна. Үлдэгдэл төлбөрөөс 90,415,345.73 төгрөгийн төлбөр хийгдэх байх, харин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь байдал дээр маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 60,819,057.95 төгрөгийн хүү, 5,088,908.55 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь зээлдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байна. Хэрвээ гэрээнд алданги, анз, торгууль тооцохоор зааж өгч байгаа бол тэр нь гүйцэтгэж байгаа үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл зээлийн хүү гэдэг маань ямар нэгэн байдлаар хариуцлагын хэмжээ, мөнгө авч ашигласны төлбөрийг зээлийн хүү гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ мөнгийг авч ашигласан зүйл байхгүй. Ийм нөхцөл байдалд зээлийн хүү нь Б.Т , Ч.Б  нарт хариуцлага хэлбэрээр оногдоод байна. Мэдэгдлүүд өгсөн,  2018.10.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 90,415,345.73 төгрөг, зээлийн хүү 46,252,031.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,940,433.75 төгрөг, нийт 139,607,810.53 төгрөг төлөх, 2019.01.08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 90,415,345.73 төгрөг, зээлийн хүү 49,685,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,393,606,59 төгрөг, нийт 143,494,289.37 төгрөг төлөх, 2019.03.01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 90,415,345.73 төгрөг, зээлийн хүү 52,235,792.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,751,851.65 төгрөг, нийт 146,402,990.32 төгрөг төлөх, 2019.04.24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 96,415,346 төгрөг, зээлийн хүү 54,884,343 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,143,013 төгрөг гээд нэмэгдээд явчихсан. Хэрвээ бид нар 2018 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар хүү хамгийн сүүлд төлсөн гэж үзвэл энэ төлөлт хүүнд орсон уу үгүй юу. 60 саяын хүүг тооцоод үзэхэд 5 жилийн хугацаанд төлөх хүүнд бодогдоод байна. Төлбөр хийгдэж байгаад 2016 оны 03 сарын 31-ний байдлаар хүүгийн төлөлт хийгдсэн. Гэхдээ сарын хүү нь 1,500,000 төгрөг төлөх ёстойгоос сарын хүүг, жилийн хүү рүү бодохоор сарын 1,800,000 төгрөгийн хүү, өдрийн 52,000 төгрөг рүү орчихсон. Өөрөөр хэлбэл гэрээнд 365 хоног тооцчихсон. Нэг жилийн 19,8 хувийн хүүг тооцохоор 4,415,345.46 төгрөг, үүнийгээ жилийн хүүнд болохоор жилийн 17,902,239 төгрөг болж байгаа. Үүнийгээ гэрээнд заасан хүүнд тооцохоор өдрийн 49,038 төгрөг болж байна. Ингээд бодохоор бид 5 жилийн хүү төлөх үндэслэлгүй. Зээлийн хүүгийн тооцоолол алдаатай байгаа учраас нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл хүртэл алдаатай. Тэгэхээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Ч.Б , Б.Т  нарт  холбогдуулан 2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 156,323,312.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нар нь тус банктай зээлийн гэрээ байгуулан орон сууцны зээл авсан боловч зээлийн мөнгийг авч захиран зарцуулаагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол алдаатай бодогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Ч.Б , Б.Т  нар нь “Х ” ХХК-тай 2014 оны 05 сарын 05-ны өдөр ОСЗГ-52 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, БГҮ- 52 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 96,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд зээлдэгч Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 28,696,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-7-12/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 05-ны өдөр ОСЗГ-52 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа 2024 оны 05 сарын 05-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч “Х ” ХХК нь гэрээний 6.1.1-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоосон тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Ч.Б , Б.Т  нарыг татсан нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасны дагуу  зээлдүүлэгч “Х ” ХХК нь зээлдэгч Ч.Б , Б.Т  нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний дагуу “Х ” ХХК нь 2014 оны 05 сарын 06-ны өдөр 96,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.Б гийн Х  дахь данс руу шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-13/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 90,415,345.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 60,819,057.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,088,909 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нар нь 2016 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,584,654 төгрөг, зээлийн хүүнд 35,144,794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,528 төгрөгийг төлсөн  болох нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээл, зээлийн хүүгийн тоцооллоор тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нар 2016 оны 03 сарын 31-ний өдөр төлөлт хийснээс хойш “Х ” ХХК нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр, 2019 оны 01 сарын 08-ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ний өдөр, 2019 оны 04 сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-21-24/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсний дагуу зээлдүүлэгч банк нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой.

 

Хариуцагч 2016 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, банкнаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч төлөлт хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэгч банк гэрээний үүргийг 2019 оны 08 сарын 29-ний өдрийн байдлаар шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 31-ний өдрийн мэдэгдэлд 2018 оны 11 сарын 03-ны өдрийн дотор зээлээ төлөхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн боловч уг хугацаагаар эрхээ хэрэгжүүлээгүй, 2019 оны 01 сарын 08-ны өдөр дахин хугацаа заасан мэдэгдэл хүргүүлсэн байдлаас үзэхэд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тодорхой байх тул 2019 оны 01 сарын 08-ны өдрөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлон хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 10-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлж гэрээний үүрэг шаардсан учир хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн хүү 5,088,909 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2019 оны 01 сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 90,415,345.73 төгрөг, зээлийн хүүнд 49,685,337 төгрөг, нийт 140,100,682.73 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Х  зээлийн хүүг буруу тооцож нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг гарган маргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

           

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ч.Б , Б.Т  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 90,415,345.73 төгрөг, зээлийн хүүнд 49,685,337 төгрөг, нийт 140,100,682.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,222,629.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан 2014 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-52 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ч.Б , Б.Т  нараас 140,100,682.73 /нэг зуун дөчин сая нэг зуун мянга зургаан зуун наян хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,222,629.39 /арван зургаан сая хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б , Б.Т  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Б гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204010690 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 А байрны 45 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939,567 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б , Б.Т  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 858,453.41 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Д.ЦЭРЭНДОЛГОР