Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01637

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01637

 

 

 

Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мандал даатгал ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 25 181 504.84 төгрөг гаргуулан Голомт банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205039468 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э.Алтанцэцэгийн нөхөр Д.Бат-Эрдэнэ Голомт банкнаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 60 700 000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд Э.Алтанцэцэг нь тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон.

Голомт банк ХХК нь Мандал даатгал ХХК-тай хамтран ажилладаг тул зээлдэгч Д.Бат-Эрдэнэ нь орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан даатгуулсан байсан боловч 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан юм. Мандал даатгал ХХК нь даатгуулагчийн зээлийн үлдэгдлийн үндсэн төлбөр болох 50 363 009.69 төгрөгөөс 25 181 504.84 төгрөгийг Голомт банкинд олгоод байгаа боловч үлдэгдэл 50%-ийн төлбөр 25 181 504.84 төгрөгийг олгохоос татгалзсан. Мандал даатгал ХХК нь ийнхүү татгалзаж байгаа шалтгаанаа орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэж Э.Алтанцэцэг нь хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн тул даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч Мандал даатгал ХХК нь Э.Алтанцэцэгтэй даатгалын гэрээг огт байгуулаагүй бөгөөд Мандал даатгал ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд даатгуулагчийн эрх, үүрэг үүсээгүй байхад хариуцлага хүлээх ёстой мэтээр тайлбарлаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9/2924 тоот албан бичгээр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэж, нөхөн төлбөрийн 50 хувийг олгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Мөн Э.Алтанцэцэгийг даатгалын гэрээнд даатгуулагчийн хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн байна гэж үзжээ. Даатгалын тохиолдлын улмаас олгох нөхөн төлбөрийн хувийг огт даатгалын гэрээ байгуулаагүй хамтран зээлдэгчийн тоогоор багасгаж тооцохоор гэрээнд урьдчилан заасан нь даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөвхөн нэг талын давуу байдлыг олгосон хууль бус гэрээний заалт гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байхад гэрээ байгуулаагүй этгээдийг даатгуулагч гэж үзэж, нөхөн төлбөрийг дутуу олгож байгаад бид гомдолтой байна.

Мөн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн Мандал даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25 181 504.84 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мандал даатгал ХХК-ийн тайлбарт: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 2.2, Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол гэх эрсдэл мөн гэж үзэн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолон, 2016 оны 10 дугаар сарын 17-ны байдлаарх зээлийн үлдэгдлийн 50% болох 25 181 504.84 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний 8-р зүйлийг тодруулбал, даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно гэж заасан. Манайх гэрээнд заасан үүргээ хүлээж, нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг тус тус баримтлан даатгалын нөхөн төлбөрт 25 181 504.84 төгрөг гаргаж, Голомт банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг Мандал даатгал ХХК-д даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 000 төгрөгөөс 283 858 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 142 төгрөгийг, хариуцагчаас 283 858 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Удвал давж заалдах гомдолдоо: Даатгуулагч нас барсан бол олгох нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоолохыг гэрээний 8 дугаар зүйлийн нөхөн төлбөр хэсэгт тодорхой жишээгээр тайлбарлаж, тохиролцсон. Нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох нэг нөхцлийг яагаад хоёр салгаад дараагийн тооцоолол хийх нөхцлийг хэрэглэхгүй гэж үзэж байгаагаа хуульд заасан үндэслэл заалтыг баримталж тайлбарлаагүй. Мөн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээг хуульд нийцсэн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэсэн атлаа тодорхой жишээ авч, тохиролцсон нөхцлийг яагаад өгүүлбэрээр нь тасалж, хэрэглэх боломжгүй зохицуулалт гэж байгаа талаар тодорхой дурдаагүй. Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцож олгох талаар Даатгалын гэрээнд тусгайлан зохицуулсан хэм, хэмжээ байхад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. энэхүү маргаанд хариуцагч нь ямар нэг шаардлага гаргаагүй буюу шүүхийн хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэж буй Д.Бат-Эрдэнэ, Э.Алтанцэцэг нараас ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй. Үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээлгэн өгсөн гэх асуудал байхгүй. Даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-аар орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцанд даатгалын тохиолдол учрахад нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох талаар зохицуулсан байдаг. Д.Бат-Эрдэнийн нөхөн төлбөрт олгосон 25 181 504 төгрөгийн хэмжээг мөн журам, гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл дүнгээс үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар нь тооцон олгосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Алтанцэцэг нь хариуцагч Мандал даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 25 151 504.84 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Алтанцэцэг болон түүний нөхөр Д.Бат-Эрдэнэ нар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Голомт банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр 60 700 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн байх ба гэрээний 3.1.6-д зээлдэгч нь эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч Д.Бат-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мандал даатгал ХХК-тай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан байна. /хх 19-22, 17/

 

Даатгуулагч Д.Бат-Эрдэнэ 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барснаар даатгагч Мандал Даатгал ХХК нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн үлдэгдэл 50 363 009 төгрөгөөс даатгуулагчид ногдох нөхөн олговор 25 181 504 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, даатгагчийг даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Талууд даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг гэрээгээр тохиролцсон байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар хариуцагчаас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу.

 

Даатгалын гэрээний 8 дугаар зүйлд ... даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно гэж тус тус зааж, олгогдох төлбөрийн хэмжээг үндсэн зээлдэгчээс гадна 1 хамтран зээлдэгчтэй бол нөхөн төлбөр олгох хувь нь үндсэн зээлдэгчид 50 хувь, хамтран зээлдэгчид мөн 50 хувь байх гэж тодорхой тусгасан байх тул хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг үндсэн болон хамтран зээлдэгчийн хүлээх хариуцлагыг хувь тэнцүүлэн тооцсон нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, даатгалын гэрээний 8, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний уулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Мандал даатгал ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 25 151 504.84 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ