Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1137

 

 

  

 

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр          Дугаар 181/ШШ2018/01137            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б овогт Э А /РД: /-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:, “М Д” ХХК /РД: /-д холбогдох,  

 

Даатгалын гэрээний үүргийг гүйцэтгүүлж, нөхөн төлбөрт 25,181,504.84 төгрөгийг гаргуулан “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205039468 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Аийн нөхөр Д. Бат-Эрдэнэ нь Голомт банкнаас 2014 оны 12 дугаар сарын 24-нд ЗГ/2205102886 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 60,700,000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд Э.А нь тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон юм.

Голомт банк нь “М Д” ХХК-тай хамтран ажилладаг тул зээлдэгч Д.Бат-Эрдэнэ нь Мандал даатгалын №1501008741 тоот орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан даатгуулсан байсан боловч 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан юм.

“М Д” ХХК нь даатгуулагчийн зээлийн үлдэгдлийн үндсэн төлбөр болох 50,363,009.69 төгрөгөөс 25,181,504.84 төгрөгийг Голомт банкинд олгоод байгаа ооловч үлдэгдэл 50%-ийн төлбөр 25,181,504.84 төгрөгийг олгохоос татгалзсан.

“М Д” ХХК нь ийнхүү татгалзаж байгаа шалтгаанаа “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 8 дугаар зүйлд заасныг үндэслэж Э.А нь хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн тул даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч “М Д” ХХК нь Э.Атэй даатгалын гэрээг огт байгуулаагүй бөгөөд “М Д” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд даатгуулагчийн эрх, үүрэг үүсээгүй байхад хариуцлага хүлээх ёстой мэтээр тайлбарлаж байна.

Энэ талаар Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “даатгуулагч” гэдэгт өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор заасан байна.

Тиймээс манай зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9/2924 тоот албан бичгээр бидэнд хариу өгөхдөө “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний 8-р зүйлд "Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно” гэсэн заалтыг үндэслэж, нөхөн төлбөрийн 50 хувийг олгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

Мөн Э.Аийг даатгалын гэрээнд даатгуулагчийн хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн байна гэж үзжээ. Хуульд зааснаар аливаа гэрээнд бүртгүүлж биш, харин тухайн гэрээг байгуулж хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр эрх, үүрэг үүсдэг билээ.

Мөн даатгалын тохиолдлын улмаас олгох нөхөн төлбөрийн хувийг огт даатгалын гэрээ байгуулаагүй хамтран зээлдэгчийн тоогоор багасгаж тооцохоор гэрээнд урьдчилан заасан нь даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөвхөн нэг талын давуу байдлыг олгосон хууль бус гэрээний заалт гэж үзэж байна.

“М Д” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй шалтгаанаар бидэнд нөхөн төлбөр олгохоос татгалзаад байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байхад гэрээ байгуулаагүй этгээдийг даатгуулагч гэж үзэж, нөхөн төлбөрийг дутуу олгож байгаад бид гомдолтой байна.

Мөн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж заасан байна.

Тиймээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, “М Д” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25,181,504,84 төгрөгийг гаргуулж, Голомт банк дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 2.2. “Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол гэх эрсдэл мөн гэж үзэн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолон, 2016 оны 10 дугаар сарын 17-ны байдлаарх зээлийн үлдэгдлийн 50% болох 25,181,504.84 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Иймд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний 8-р зүйлийг тодруулбал, даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно гэж заасан. Жишээ нь: Үндсэн зээлдэгчээс гадна 1 хамтран зээлдэгчтэй бол нөхөн төлбөр олгох хувь нь үндсэн зээлдэгчид 50%, хамтран зээлдэгчид 50% байхаар тохирсон.

Энэ дагуу үндэслэн зээлийн үлдэгдэл 50,363,009.69 төгрөгөөс 1 хамтран зээлдэгчтэй тул 50 хувиар тооцож, даатгуулагчид ногдох 25,181,504.84 төгрөгийг “М Д” ХХК-аас 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нөхөн төлбөрийг Голомт банканд олгосон болно.

Манайх гэрээнд заасан үүргээ хүлээж, нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “М Д” ХХК-аас Д.Бат-Эрдэнэтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 25,151,504.84 төгрөгийг гаргуулж, “Голомт банк” ХХК дахь түүний зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нөхөн төлбөрийг бүрэн олгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Э.А болон түүний нөхөр Д.Бат-Эрдэнэ нар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г “Голомт банк” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь 60,700,000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч Э.А, Д.Бат-Эрдэнэ нар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 24-ний өдрүүдэд тохирсон хэмжээгээр зээл, түүний хүүг буцаан төлөх замаар зээлийг төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

            Худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 15011008741 тоот гэрээ”-г “М Д” ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 86,742,000 төгрөгөөр үнэлж, хураамжид 104,091 төгрөгийг, зээлийн үлдэгдлийг 55,869,742.87 төгрөгөөр тооцож, хураамжид 67,044 төгрөгийг тус тус төлжээ.

 

Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний зүйл нь нэгдүгээрт Д.Бат-Эрдэнийн худалдан авсан орон сууц, хоёрдугаарт “Голомт банк” ХХК-аас орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр байгаагаас үзвэл шүүх зохигчдын хооронд хөрөнгийн болон зээлийн даатгалын гэрээ зэрэг байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Сайн дурын үндсэн дээр байгуулагддаг, ердийн даатгалд хамаарах дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн,  бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нь үйлдвэрлэлийн осолд орж, нас барснаар зээлийн даатгалын гэрээний 2.1-д заасан даатгалын тохиолдол бий болсон байх ба энэ үйл баримтад маргаагүй “М Д” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт 25,181,504.87 төгрөг /2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 50,363,009.69 төгрөгийн 50 хувь/-ийг “Голомт банк” ХХК-д шилжүүлсэн нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч Д.Бат-Эрдэнийн зээлийн дансанд орж, улмаар зээлийн үлдэгдлээс хасагдаж тооцогдсон байна.

 

            Нэхэмжлэгч Э.А нь даатгалын гэрээний дагуу зээлийн үлдэгдэлтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой байсан гэж үлдэх 50%-тай тэнцэх төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч “М Д” ХХК нь зээлийн үлдэгдлээс хамтран зээлдэгчид ногдох 50 хувийг хассан дүнгээр нөхөн төлбөр олгохоор тохирсон тул үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

            Талууд даатгалын хураамж төлсөн эсэх, даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон эсэх, нөхөн төлбөрт зээлийн үлдэгдлийн 50 хувийг олгосон байдалд маргаагүй тул шүүх энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

            Харин нэхэмжлэгч Э.А шаардах эрхтэй эсэх, хариуцагч “М Д” ХХК нь нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдэл дүнгийн хэмжээгээр олгох үүрэгтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь даатгуулагч Д.Бат-Эрдэнэтэй 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн Г-232 тоот гэрчилгээг авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар даатгуулагч Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч “М Д” ХХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Даатгалын гэрээний 8 дугаар зүйлд ...“Даатгуулагч нас барсан, эсхүл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгч ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно” гэж заажээ.

 

Гэрээний “Даатгуулагч нас барсан, эсхүл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө” гэсэн заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг зээлийн үндсэн төлбөрт “Голомт банк” ХХК-д түүний төлсөн төлбөрийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн зээлийн бүрэн хэмжээгээр тооцохоор тогтоосон гэж ойлгогдож байна.

 

Харин “...Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгч ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно” гэсэн заалт нь зээлдэгч болон хамтран зээлдэгч нар 2-уул даатгалын гэрээнд даатгуулагчаар оролцсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой зохицуулалт тул манай тохиолдолд хэрэглэгдэх үндэсгүй гэж үзнэ.

 

Даатгалын үнэлгээний хэмжээ нь даатгалын хураамж тооцох, даатгалын тохиолдол бий болоход даатгагчаас даатгуулагчид төлөх нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход үндэслэл болгож байгаа зүйлийн бодит үнэ цэнийг ойлгодог тул талууд даатгалын зүйлийн үнэлгээг даатгуулагчийн ипотекийн зээлээр банкинд төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл байхаар буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 55,869,742.87 төгрөгөөр тодорхойлсон, даатгалын хураамжийг энэ дүнгийн 0,12 хувиар тооцсон учир нөхөн төлбөрийн хэмжээ нь зээлийн үлдэгдэл дүн болох 50,363,009.69 төгрөгөөр тодорхойлогдох учиртай.

 

Хэдийгээр зээлийн гэрээнд Д.Бат-Эрдэнэ, Э.А нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон үйл баримт тогтоогдсон боловч даатгалын гэрээгээр Д.Бат-Эрдэнэ нь зөвхөн өөрт ногдох хэсгийг даатгуулаагүй, харин зээлдүүлэгчийн өмнө хамтран зээлдэгчийн хамт хүлээсэн үүргийг бүхэлд нь даатгуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.5-т заасан зохицуулалтад нийцсэн тул шүүх хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрийг 50%-аар бууруулан тогтоосныг хууль болон гэрээний тохиролцоонд нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч “М Д” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25,181,504.84 төгрөг гаргуулж, “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан даатгалын нөхөн төлбөрт 25,181,504.84 төгрөгийг гаргаж, “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг “М Д” ХХК-д даалгасугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,000 төгрөгөөс 283,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 142 төгрөгийг, хариуцагчаас 283,858 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА