Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01888

 

Э.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01137 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1637 дугаар магадлалтай

Э.Аийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

“Даатгалын гэрээ”-ний нөхөн төлбөрт 25 181 504,84 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Аийн нөхөр Д.Бат-Эрдэнэ Голомт банкнаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 60 700 000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд Э.А нь тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон.

“Голомт банк” ХХК нь “М” ХХК-тай хамтран ажилладаг тул зээлдэгч Д.Бат-Эрдэнэ нь орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан даатгуулсан байсан боловч 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан юм. “М” ХХК нь даатгуулагчийн зээлийн үлдэгдлийн үндсэн төлбөр болох 50 363 009.69 төгрөгөөс 25 181 504.84 төгрөгийг “Голомт банк ХХК-д олгоод байгаа боловч үлдэгдэл 50%-ийн төлбөр 25 181 504.84 төгрөгийг олгохоос татгалзсан. “М” ХХК нь ийнхүү татгалзаж байгаа шалтгаанаа орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэж Э.А нь хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн тул даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч “М” ХХК нь Э.Атэй даатгалын гэрээг огт байгуулаагүй бөгөөд “М” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд даатгуулагчийн эрх, үүрэг үүсээгүй байхад хариуцлага хүлээх ёстой мэтээр тайлбарлаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9/2924 тоот албан бичгээр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэж, нөхөн төлбөрийн 50 хувийг олгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Мөн Э.Аийг даатгалын гэрээнд даатгуулагчийн хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн байна гэж үзжээ. Даатгалын тохиолдлын улмаас олгох нөхөн төлбөрийн хувийг огт даатгалын гэрээ байгуулаагүй хамтран зээлдэгчийн тоогоор багасгаж тооцохоор гэрээнд урьдчилан заасан нь даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөвхөн нэг талын давуу байдлыг олгосон хууль бус гэрээний заалт гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байхад гэрээ байгуулаагүй этгээдийг даатгуулагч гэж үзэж, нөхөн төлбөрийг дутуу олгож байгаад бид гомдолтой байна.

Мөн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 25 181 504.84 төгрөгийг гаргуулж, “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501008741 тоот гэрээний даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 2.2, Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол гэх эрсдэл мөн гэж үзэн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолон, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдлийн 50% болох 25 181 504.84 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний 8 дугаар зүйлийг тодруулбал, даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно гэж заасан. Манайх гэрээнд заасан үүргээ хүлээж, нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01137 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг тус тус баримтлан даатгалын нөхөн төлбөрт 25 181 504,84 төгрөгийг гаргаж, “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг “М” ХХК-д даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 000 төгрөгөөс 283 858 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 142 төгрөгийг, хариуцагчаас 283 858 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1637 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний уулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 25 151 504.84 төгрөг гаргуулж, “Голомт банк” ХХК дахь Д.Бат-Эрдэнийн зээлийн 2205102886 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1637 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт: “...Даатгагчийг даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Талууд даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг гэрээгээр тохиролцсон байна. ...Шүүх нэхэмжлэгчийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар хариуцагчаас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу...” гэж дүгнээд даатгалын гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон.

Учир нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч Э.А болон даатгуулагч Д.Бат-Эрдэнэ нар 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, улмаар 1987 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан хууль ёсны өвлөгч мөн байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхгүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “...Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд олгоно...”, 5 дугаар зүйлийн 5.12-т “...Даатгуулагчийн амь насыг даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээс доогуур үнэлж даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлийн дүнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно...” гэж тус тус заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад үүргээ биелүүлсэн мэтээр үзэж дүгнэсэн нь мөн хуульд нийцэхгүй шийдвэр болсон.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “даатгуулагч” гэдэгт өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор заасан байна.

Гэтэл Э.Аийг даатгалын гэрээнд даатгуулагчийн хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцах ёстой гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Хуульд зааснаар аливаа гэрээнд бүртгүүлж биш харин тухайн гэрээг байгуулах хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр эрх, үүрэг үүсдэг билээ.

Мөн даатгалын тохиолдлын улмаас олгох нөхөн төлбөрийн хувийг огт даатгалын гэрээ байгуулаагүй хамтран зээлдэгчийн тоогоор багасгаж тооцохоор гэрээнд урьдчилан заасан нь даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөвхөн нэг талын давуу байдлыг олгосон хууль бус гэрээний заалт гэж үзэж байна.

“М” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй шалтгаанаар бидэнд нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж заасныг зөрчиж байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байхад гэрээ байгуулаагүй этгээдийг даатгуулагч гэж үзэж нөхөн төлбөрийн үлдэгдлийг шаардсан бидний эрхийг хохироож, шаардах эрхийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд бид гомдолтой байна.

Тиймээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.А нь “Даатгалын гэрээ”-ний нөхөн төлбөрт 25 181 504,84 төгрөгийг гаргуулахаар “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Даатгалын гэрээ”-гээр тохирсон нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Зээлдэгч Э.А, Д.Бат-Эрдэнэ нар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 60 700 000 төгрөгийг 96 сарын хугацаатай авсан ба худалдан авсан орон сууцны болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Д.Бат-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г “М” ХХК-тай байгуулж, орон сууцыг 86 742 000 төгрөгөөр, зээлийн үлдэгдлийг 55 869 742,87 төгрөгөөр тооцож, тус тус даатгалын хураамж төлсөн байна.

Гэрээний хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр даатгуулагч Д.Бат-Эрдэнэ үйлдвэрлэлийн осолд орж нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 50 363 009,69 төгрөг байсан тул “М” ХХК зээлийн даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөрийн 50% болох 25 181 504,87 төгрөгийг “Голомт банк” ХХК-д шилжүүлсэн, хамтран зээлдэгч буюу хууль ёсны өв залгамжлагч Э.Аийн зээл бүхэлдээ төлөгдөх ёстой гэж үзэн, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

“Даатгалын гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар болон даатгалын тохиолдол бий болсон талаар зохигч маргаагүй, харин нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

Даатгуулагч Д.Бат-Эрдэнэ, даатгагч “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 1501008741 дугаартай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 8 дугаар зүйлд гэнэтийн ослын даатгалын хамгаалалтыг зохицуулж, “...даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тогтоохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг хариуцлагатай гэж үзэн, зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно...” гэж тохиролцжээ.

Талуудын дээрх тохиролцоо хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн  төлбөрийг төлөх, ...үүрэгтэй” гэжээ.

Э.А, Д.Бат-Эрдэнэ нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч гэх үндэслэлээр даатгагч “М” ХХК даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг  зээлийн үлдэгдэл дүнгийн 50%-иар тооцож, 25 181 504,84 төгрөгийг “Голомт банк” ХХК-д зээлийн төлбөрт шилжүүлсэн байх тул тэрээр хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Даатгуулагч нас барснаар хамтран зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул зээлийн үүргийг бүхэлд нь даатгагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1637 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.Аээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД