Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2020/01300

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01300

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00879 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т- ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн төлөөлөгч Н.Байгаль, А.Энхсанаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК-д 2013 оноос ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дугаартай магадлалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон боловч, гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар ажлаас дахин халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн, харилцагчид давуу байдал үзүүлсэн гэх хууль бус үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. Т- ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-ыг Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлаар томилсон. Тэрээр захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар цуцалж, ажлаас халсан. Чингис хаан банкны хуульч Т.Төрбадрах мессенжэрээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/01 тоот зээлийн тодорхойлолтын зургийг явуулж ийм зээл гарсан уу гэж асуусан. Тухайн үед зээлийн хорооны шийдвэр гараагүй байсан бөгөөд зээлийг судлах зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 46 минутад Б.М-ад имэйлээр явуулсан. Зөвшөөрсөн хариу ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийг судлах зөвшөөрлийг авмагцаа зээл олгохыг шийдвэрлэсэн гэх тодорхойлолт гаргасан байсан. Иймд ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ыг Т- ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 753 960 төгрөгийг Т- ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.М-ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т- ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203 013 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, Т-ны Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн допгоод журам болон банкны допгоод үйл ажиллагаатай холбоотой бусад журмыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.6 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, 7.4.20 ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачшгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ... гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ үнэн зөв, бодит үнэнийг тогтоох талаас үнэлэлт өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль эрх зүйн үндэслэлийг тухайлан, нэг бүрчлэн тодорхойлон тусгасан. Б.М-ын хувьд өөрийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, тус зөрчлийг шалган тогтоосон. Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын үндэслэл хэсэгт дурдагдсан хөдөлмөрийн гэрээний зүйл заалт /7.4.2, 7.4.6, 7.4.13, 7.4.17 дах заалт/-ыг үндэслэл болгоогүй, тушаалд дурдагдсан 7.4.13, 7.4.17 дах заалтыг тайлбарлаагүй хассан, Тушаалд огт дурдагдаагүй 7.4.20 дах заалт Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, гэж заасан хэрэгт огт ач холбогдолгүй, хэргийн үнэн бодит байдалд хамааралгүй заалтыг үндэслэл болгон тайлбарласан.

Б.М-а 40 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн утга бүхий тодорхойлолт бичиж зээлдэгч нарт өгсөн нь түүний Дотоод хяналт, шалгалтын газарт бичгээр өгсөн тайлбар, /хх-ийн 74 тал/, Т- ХХК-ийн Нарлаг дэнж салбарын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/01 тоот тодорхойлолт, хариуцагчийн тайлбараар нотлогдсон. Т- ХХК нь Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19/14/116 дугаар илтгэх хуудсыг үндэслэн Б.М-ад ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн хувьд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.М-а нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 96/

Нэхэмжлэгч нь Т- ХХК-ийн Нарлаг дэнж тооцооны төвийн захирлаар 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. /хх3-5/

Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Т- ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.2, 5.28.4, 5.28.10, 5.28.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.6, 7.4.13, 7.4.17 дах заалт, Хүний нөөцийн хорооны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот хурлын шийдвэрийг үндэслэл болгон ажилтан Б.М-ыг ажлаас чөлөөлсөн. /хх 22/

Т- ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19/14/116 тоот илтгэх хуудсаар иргэн О.Эрдэнэцэцэг, хамтран зээлдэгч Д.Мөнхтуяа нар 40 000 000 төгрөгийн бизнесийн зээл авах хүсэлт гаргаж, зээл олгох шийдвэр эцэслэгдэн гараагүй байхад Б.М-а нь 40 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн утга бүхий тодорхойлолтыг дээрх иргэдэд гаргаж өгсөн нь Дотоод хяналт, шалгалтын газарт нэхэмжлэгчийн бичгээр өгсөн тайлбар, Т- ХХК-ийн Нарлаг дэнж салбарын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/01 тоот тодорхойлолт, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдсон гэж үзнэ. /хх69, 74/

Талуудын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 937 тоот хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т Т-ны дүрэм, ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад журмыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.6-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, 7.4.13-т харилцагчид дансны хуурамч хуулга, тодорхойлолт гаргаж өгсөн, 7.4.17-д үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн саналаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тохиролцсон. /хх3-5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх юм. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу харилцагчид хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн байх тул анхан шатны шүүхийн сахилгын шийтгэл ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00879 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ыг Т- ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, гэж,

- Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж

- Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасаж, 5 дахь заалтыг 4 болгож тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД