Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг  дугаар хороо, хороолол, гудамж  байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Д овогт Б-ын М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Багшийн дээд салбарын захирлаар, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Арслантай гүүр салбарын захирлаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл  Бага тойруу тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дугаартай магадлалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1446  тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилж, гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн, харилцагчид давуу байдал үзүүлсэн гэх хууль бус үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. Т ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Н.Б, А.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Б.Мыг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлаар томилсон. Тэрээр захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681  тоот тушаалаар цуцалж,  ажлаас халсан. Чингис хаан банкны хуульч Т.Төрбадрах мессенжэрээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/01 тоот Зээлийн тодорхойлолтын зургийг явуулж ийм зээл гарсан уу гэж асуусан. Тухайн үед зээлийн хорооны шийдвэр гараагүй байсан бөгөөд зээлийг судлах зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 46 минутад Б.Мд имэйлээр явуулсан. Зөвшөөрсөн хариу ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийг судлах зөвшөөрлийг авмагцаа зээл олгохыг шийдвэрлэсэн гэх тодорхойлолт гаргасан байсан. Иймд ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ НЬ:

          

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Т ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Т ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтан Б.М Нарлаг дэнж тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

 

Ажил  олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.,Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.2, 5.28.4, 5.28.10, 5.28.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.6, 7.4.13, 7.4.17 дах заалт, Хүний нөөцийн хорооны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот хурлын шийдвэрийг үндэслэл болгож ажилтан Б.Мыг ажлаас чөлөөлсөн байна.

 Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2. Тны дүрэм, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой  бусад журмыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.6.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, 7.4.20.ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

 

 Т ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19/14/116 дугаар “Илтгэх хуудас”-аар “Иргэн О.Эрдэнэцэцэг түүний охин хамтран зээлдэгч Д.Мөнхтуяа нар 40,000,000 төгрөгийн бизнесийн зээл авах хүсэлт гаргаж, зээлийн судалгаанд шаардагдах материалаас зээлдэгч нарын цахим иргэний үнэмлэх, гар өргөдөл, хар дэвтрийн хуулбар, дансны хуулга зэргийг авч судалгааг эхлүүлсэн ба тухайн зээлд олгох шийдвэр эцэслэгдэн гараагүй байтал захирал Б.М “40,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн утга бүхий тодорхойлолт бичиж зээлдэгч нарт өгсөн нь Албан хэрэг хөтлөлтийн заавар 2.4.2.Тодорхойлолт: Үйл явдал бодит байдлын үнэн зөвийг нотлох зорилгоор холбогдох шийдвэр, мэдээ баримтанд үндэслэн гаргасан баримт бичиг, 12.1.Албан хэрэг хөтлөлийн зааврыг Банкны нийт ажилтан өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон  ажиллана гэсэн заалтуудыг зөрчиж, банкны нэрийн өмнөөс хуурамч тодорхойлолт гаргасан байна...”, “...тодорхойлолт болон холбогдох тайлбараас дүгнэхэд захирал Б.М нь өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан ажилтанд банкны нэрийн өмнөөс хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн нь батлагдсан төдийгүй албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, иргэн хоорондын худалдах, худалдан авах үйл ажиллагаанд саад учруулахуйц болон харилцагч нар Тны талаар сөрөг ойлголт бий болгох банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан” гэж дүгнэж, ажлаас халах санал /хх-ийн 71-72 тал/ гаргажээ.

 

Ажилтан Б.М “40,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн утга бүхий тодорхойлолт бичиж зээлдэгч нарт өгсөн болох нь түүний Дотоод хяналт, шалгалтын газарт бичгээр өгсөн тайлбар /хх-ийн 74 тал/, Т ХХК-ийн Нарлаг дэнж салбарын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19/01 тоот тодорхойлолт, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна./хх-ийн 69/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.1.сануулах, 131.1.2.үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3, ажлаас халах” гэж заажээ.

 

Ажил олгогч Т ХХК-нь Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19/14/116 дугаар “Илтгэх хуудас”-ыг үндэслэн ажилтан Б.Мд ногдуулсан ажлаас халах  сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж үзэхээр байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх естой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.М 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тушаалыг гардан авсан /хх-ийн 22 тал/ талаар тэмдэглэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Мыг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн  тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 2,038,000/ төгрөгийг :21,5 =өдөрт 94,790 төгрөг х 124 хоногийн олговор/ 11,753,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б.Мыг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон байх тул түүний Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй байх тул 2019 оны 9 дүгээр сард авсан цалин хөлсийг нийт ажилласан хоногт хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:  

          

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мыг Т ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,753,960 /арван нэгэн сая долоон зуун тавин гурван мянга есөн зуун жар/ төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203,013 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ