Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00644

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00879 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1300 дугаар магадлалтай,

.........ын нэхэмжлэлтэй,

“.........” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .........а, өмгөөлөгч Б.Оюунбилэг, П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, А.Энхсанаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.........” ХХК-д 2013 оноос ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.08-ны өдрийн 821 дугаартай магадлалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж “.........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.09.26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон боловч, гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар ажлаас дахин халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн, харилцагчид давуу байдал үзүүлсэн гэх хууль бус үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. “.........” ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........ыг “.........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.09.26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлаар томилсон. Тэрээр захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “.........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар цуцалж, ажлаас халсан. Чингис хаан банкны хуульч Т.Төрбадрах мессенжэрээр 2019.10.29-ний өдрийн 19/01 тоот зээлийн тодорхойлолтын зургийг явуулж ийм зээл гарсан уу гэж асуусан. Тухайн үед зээлийн хорооны шийдвэр гараагүй байсан бөгөөд зээлийг судлах зөвшөөрлийг 2019.10.29-ний өдөр 10 цаг 46 минутад .........ад имэйлээр явуулсан. Зөвшөөрсөн хариу ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийг судлах зөвшөөрлийг авмагцаа зээл олгохыг шийдвэрлэсэн гэх тодорхойлолт гаргасан байсан. Иймд ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 182/ШШ2020/00879 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан .........ыг “.........” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,753,960 төгрөгийг “.........” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч .........ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “.........” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч “.........” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203,013 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1300 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 182/ШШ2020/00879 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан .........ыг “.........” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, гэж, - Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж, - Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасаж, 5 дахь заалтыг 4 болгож тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн .........а хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ажилтан .........а намайг ажлаас халсан .........ны Гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1681 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалт, .........ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 50.28.2, 5.28.4, 5.28.10, 5.28.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.6. 7.4.13, 7.4.17 дах заалтуудыг тус тус үндэслэжээ. Ажил олгогч ажилтан намайг ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” эсэх, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэх, эсхүл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” эсэхийг дээр дурдсан тушаалд нэрлэн дурдалгүйгээр намайг ажлаас халсан юм.  Ажилтан .........а миний бие сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх мэт ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна. Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана” гэж тайлбарласныг ажил олгогч 2019.11.01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар зөрчсөнийг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Ажил олгогч ажилтан намайг ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэл /сахилгын давтан зөрчил гаргасан уу, ноцтой зөрчил гаргасан уу, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан уу/-ээ тодорхой заагаагүй байхад давж заалдах шатны шүүх: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил буюу харилцагчид хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн байна” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийсэн байна.

Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч ......... ажилтан .........а намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг баримталж ажлаас халсан атлаа ажлаас халсан үндэслэлээ “ “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.10, 5.28.14-д болон “Хөдөлмөрийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.6, 7.4.13, 7.4.17 дах заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж тодорхойлсон байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа ажлаас халсан үндэслэлдээ “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тухай огт дурдалгүйгээр “харилцагчид хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн ноцтой зөрчил гаргасан” гэж тодорхойлсон ажил олгогчийн хууль бус шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөнд гайхан эргэлзэж байна. Ажил олгогчийн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтан намайг ажлаас халсан үндэслэлтэй огт тохироогүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх ажилтан .........а миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Ажилтан .........а миний бие .........инд ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулж байгаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл хийж байгаагүй, ажилтан надаас болж ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд ямар нэгэн сөрөг үр дагавар бий болоогүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон “хуурамч тодорхойлолт” гэх зүйлээс болж ажил олгогч .........инд нэг ч төгрөгийг бодит хохирол учраагүй болохыг анхааран үзэх зайлшгүй шаардлагатай байна. Давж заалдах шатны шүүх ажилтан .........а намайг Хөдөлмөрийн гэрээний 7.4.13-д заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж буруутгасан. Хөдөлмөрийн гэрээний 7.4.13-т “харилцагчид дансны хуурамч хуулга, тодорхойлолт гаргаж өгсөн” гэж заасан. Гэтэл харилцагчид гаргаж өгсөн гэж буруутгасан тодорхойлолт эх хувиараа ажил олгогч .........инд байсан, ажил олгогч ......... анхан шатны шүүхэд хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхойлолтыг эх хувиар нь нотлох баримтаас гаргаж өгсөн. Нөгөө талаас хуурамч тодорхойлолт гаргуулж авсан гэж яригдаад байгаа иргэн О.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтуяа нар ямар нэгэн тодорхойлолт гаргуулж аваагүй гэдгээ шүүхийн өмнө бичгээр баталж, тодорхойлсон. Иргэн О.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтуяа нарын бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хариуцагч ......... баримтаар няцааж чадаагүй. Дээрх байдлаас үзэхэд ажилтан .........а миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон тодорхойлолтыг иргэн О.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтуяа нарт гаргаж өгөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Ажилтан .........а миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон тодорхойлолтыг иргэн О.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтуяа нарт гаргаж өгөөгүй, ажилтан намайг харилцагчид гаргаж өгсөн гэж буруутгаад байгаа тодорхойлолтыг ажил олгогч ......... өөрөө шүүхэд эх хувиар гаргаад өгсөн байхад давж заалдах шатны шүүхийн “харилцагчид хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

.........а, “.........” ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн салбарын харьяа Нарлаг дэнж тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэл гаргасанд, хариуцагч ажил олгогчийн гаргасан тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“.........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1681 тоот тушаалаар .........ын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталжээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг тайлбарлахдаа талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хэлэлцэн тохирсон ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн гэрээний 7.4.13-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд “харилцагчид дансны хуурамч хуулга, тодорхойлолт гаргаж өгсөн” үйлдэл хамаарна гэж заажээ.

Нэхэмжлэгч .........а ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий зээлдэгч нарт зээл олгох шийдвэр гарсан гэж уг асуудлыг шийдвэрлэгдээгүй байхад урьдчилан тодорхойлолт гаргаж өгсөн нь түүнийг ажлаас халах үндэслэл болжээ.

Энэ нь талуудын байгуулсан 2019.09.26-ны өдрийн 937 тоот хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, ноцтой зөрчилд тооцож ажлаас халахаар тохирсон, ажилтанд хориглосон үйлдэл мөн байна. Уг үйлдэл нь тус банкны Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдож, 2019.10.30-ны өдрийн Илтгэх хуудсанд тусгагдан улмаар зөрчилд сахилгыг шийтгэл хүлээлгэсэн нь хуулийн хугацаанд байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халах зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх сахилгын шийтгэл ажилтны гаргасан зөрчилд тохироогүй гэж дүгнэсэн нь алдаатай талуудын гэрээний тохиролцоог үгүйсгэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан тухайлан ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг хэлэлцэн тохирч болохыг буруугаар тайлбарласан гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ажилтан, ажил олгогчийн харилцан тохирсон хөдөлмөрийн гэрээнд ажлаас халах үндэслэл болох ноцтой зөрчилд тооцсон хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасантай нийцүүлэн дүгнэж хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд “...ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт халсан үндэслэлтэй тохироогүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд туйлын гомдолтой” гэх нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй юм.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1300 дугаар магадлалын хэвээр үлдээж, нэхэмжлэгч .........ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАНЗРАГЧ

                                                                          ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

                                    Х.СОНИНБАЯР

                                                                                                                                        Д.ЦОЛМОН

                                     Х.ЭРДЭНЭСУВД