Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01577

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01577

 

 

 

 

 

 

 

 

 

С.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/0696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батмэнд ХХК, Г.Оюунд холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөг, хохирол 144 680 030 төгрөг, нийт 540 761 126 төгрөг болон 15,042.67 ам.доллар гаргуулах үндсэн,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, маргаан бүхий орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26 148 ам.долларыг Г.Оюуны С.Доржсүрэнд төлөх 50 000 ам.доллараас хасаж тооцуулах, уг орон сууцыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.Доржсүрэн нь 2006 оны 6 дугаар сард Г.Оюунтай амаар тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 50 000 ам.доллараар худалдан авахаар болсон. Тухайн үед орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаад өгнө гэсэн боловч өгөхгүй байсаар Г.Оюун нь Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавьж зээл авсан байсан. Тэгээд зээлээ төлж дуусгахаар өмчлөх эрхийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Г.Оюунаас 2006 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 50 000 ам.доллароор худалдан авсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Оюун нь уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй, зээлийн барьцаанд тавьчихсан байгаа тул дээрх орон сууцны өмчлөгчөөр Боржигон овогт Самбуудоржийн Доржсүрэнг тогтоолгох,

С.Доржсүрэнг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосноор дээрх орон сууцыг Г.Оюуны 2013 онд "Ашидтүвшин финанс" ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр буюу өмчлөлд нь шилжүүлэн олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг гаргаж байна.

Мөн "Батмэнд" ХХК-ийн захирал Г.Оюун нь 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр "Хас банк"-тай зээлийн гэрээ байгуулж 100 000 ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийнхээ барьцаанд С.Доржсүрэнгийн өмч болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17041/ ХД-52 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусыг нь барьцаанд тавиулчихаад банкны зээлээ төлөөгүйн улмаас С.Доржсүрэнгийн уг өмчөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж С.Доржсүрэнг хохироосон. Шүүх хурлаас өмнө Г.Оюунд холбогдолтой залилангийн үйлдлийг Эрүүгийн журмаар шалгаж байгаа тухай албан бичгийг шүүхэд өгөхөд түүнийг хүлээн авалгүйгээр иргэний хэргийг шууд шийдвэрлэж, С.Доржсүрэнгийн өмчөөр зээлийн гэрээний үүргийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар уг шийдвэрт нь давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлал хүчин төгөлдөр болсон. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан албадан чөлөөлөх ажиллагаа хийж С.Доржсүрэнг орон гэрээс нь хүч түрэмгийлэн өмсөж байсан хувцастай нь гудамжинд гаргаж хаясан байдаг. С.Доржсүрэн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас банкнаас таун хаусыг бусдад худалдсан зөрүү төлбөр болох 61 869 204 төгрөгийг авсан бөгөөд гэрийн эд хогшлоо гаргуулж авсан. Мөн шүүх таун хаусны үнэлгээг тогтоолгохоор "Итгэлт эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээгээр таун хаус нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 456 660 300 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон тул уг үнээс 61 869 204 төгрөгийг хасаж таун хаусны үнэ 394 791 096 төгрөгийг "Батмэнд" ХХК болон Г.Оюун нараас гаргуулахыг шаардаж байна.

"Хас банк"-тай байгуулсан "Батмэнд" ХХК ийн захирал Г.Оюуны зээлийн гэрээнд С.Доржсүрэн нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй, уг зээлээс нь ганц ч төгрөгийг хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй нь үнэн бөгөөд Г.Оюун гэгч нь С.Доржсүрэнгийн нөхөр Мөнхбаатарын ээжийнх нь дүүгийн хүүхэд буюу үеэл эгч нь учраас түүний үгэнд итгэн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээнд очиж гарын үсэг зурж, амьдарч байсан орон гэрээ зээлд нь барьцаалуулсан байдаг. Зээл авснаасаа хойш Г.Оюун нь С.Доржсүрэнг дуудаж "н.Ганхуягт төлөх ёстой төлбөр 46 886 ам.долларыг н.Ганхуягаар бариулах орон сууцны урьдчилгаанд оруулаад тооцчихъё, чи харин энэ баримтан дээр гарын үсэг зурчих, тэгээд Хас банкнаас авсан миний зээлийн төлбөрөөс 46 886 ам.долларыг төлчихөөрөй" гээд гарын үсэг зуруулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн кассын зарлагын ордер дээр зуруулсан гарын үсэг нь С.Доржсүрэнгийнх мөн боловч тухайн үед бэлнээр мөнгө төгрөг, ам.доллар бодитоор өгч авалцаагүй. Ингээд Ганхуягт 46 886 ам.долларыг Г.Оюуны өмнөөс төлсөн гэж ойлгож "Батмэнд" ХХК-ийн Хас банкинд төлөх зээлийн төлбөрт С.Доржсүрэн төлбөр төлж хохирсон. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул Батмэнд ХХК болон Г.Оюун нараас 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг гаргуулах,

С.Доржсүрэн нөхөр н.Мөнхбаатарын хамт Боохой данзан ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд "Батмэнд" ХХК болон Г.Оюуны банкны зээлийнх нь барьцаанд орон гэрээ алдахгүйн тулд, мөн Г Оюунаас худалдан авсан 3 өрөө орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг шаардахад гаргаж өгдөггүй, Г.Оюун нь зээлийн барьцаанд барьцаалуулчихаад чөлөөлж өгөхгүй байсны улмаас барьцаалах хөрөнгөгүй, захиран зарцуулах эрхгүйн улмаас мөнгө хүүлэгч нараас /33 нэр бүхий этгээдүүдээс/ өндөр хүүтэй зээл авч их хэмжээний өр төлбөрт дарагдсан. Иймд баримтаар нотлогдож байгаа хэмжээнд буюу 144 680 030 төгрөгийг "Батмэнд" ХХК болон Г.Оюун нар гэрээний үүргээ биелүүлээгуйн улмаас учруулсан хохиролд төлүүлэхээр нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Иймд "Батмэнд"ХХК болон Г.Оюун нараас 540 761 126 төгрөг болон 15 042.67 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Оюун Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр шалгагдаад гэм буруугүй нь тогтоогдож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул С.Доржсүрэнгийн гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий таун хаусын худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлыг Лиза ХХК хариуцна гэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 456 тоот шийдвэр хэрэгт байгаа.

Хас банктай холбоотой зээлийн асуудалд "Батмэнд" ХХК болон С.Доржсүрэн нар хамтран зээлдэгч байсан бөгөөд С.Доржсүрэн н.Ганхуягт төлөх төлбөрийн үлдэгдлийг төлөхийн тулд 46 886 ам.долларыг авсан нь хэрэгт байгаа баримтаар харагдана. С.Доржсүрэн 46 886 ам.долларыг төлөхгүй, залилан мэхлүүллээ гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 335 тоот цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хүчин төгөлдөр шүүхийн тогтоолд гэм буруугийн асуудал болон төлбөр мөнгөний асуудлыг тодорхой заасан. Маргаан бүхий таун хаусыг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж худалдан борлуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж, "Мөнх Оргил трэйд" ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг 236 000 000 төгрөг гэж үнэлэн, н.Насанцэнгэл гэж хүний эзэмшилд шилжүүлж хохироосон гэж байгаа боловч С.Доржсүрэн нь 61 869 200 төгрөгийн зөрүүг 2015 онд авсан байдаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Хас банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт С.Доржсүрэнг хариуцагчаар оролцуулаагүй нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар шийдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албатай холбоотой асуудалд бол С.Доржсүрэн төлбөр төлөгчийн хувиар бүхий л ажиллагаанд оролцсон. С.Доржсүрэнгийн "Арслан" дэлгүүр нь өөр олон этгээдүүдэд өртэй байсан нь Г.Оюун болон Батмэнд" ХХК-тай холбоогүй бөгөөд С.Доржсүрэн бие даасан "Боохой Данзан" ХХК байгуулан түүний үйл ажиллагааны хүрээнд Арслан нэртэй дэлгүүр ажиллуулсан. С.Доржсүрэн өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг явуулж хэрэгжүүлэхэд бусдаас зээлсэн мөнгөний хүүг өөрөө хариуцах үүрэгтэй. Өөрийн компанийн үйл ажиллагааг явуулахад бусдаас зээлсэн мөнгийг Г.Оюун, "Батмэнд" ХХК нараас шаардах эрхгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 456 тоот шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхийн 535 тоот шийдвэр, Нийслэлийн давж шатны шүүхийн 249 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол зэргээс Г.Оюун ямар нэгэн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Оюуны сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.Доржсүрэн Г.Оюун нарын хооронд хийгдсэн гэх хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хэдийгээр зохигч талуудын хэлцлийн агуулга үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл гэж үзэхээр байгаа боловч хуульд зааснаар уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасантай нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд харилцан өгсөн авсан бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох,

Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасны дагуу Г.Оюуны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Байгальмаад хөлслүүлэн зээлж авсан 8 500 ам доллар, мөн иргэн Б.Баигальмаагаас зээлж авсан 5 000 000 төгрөгийг ам.долларт шилжүүлэн тооцож 3 448 ам.доллар, Монголиан пропортис ХХКар зуучлуулан мөн дээрхи орон сууцыг Редпад ХХК-д 2008 оны 06 дугаар сарын 06-нь өдрөөс эхлэн сарын 1 100 ам доллараар 1 жилийн хугацаанд түрээслүүлэн олсон орлого болох 13 200 ам.доллар, Редпад ХХК болон "Монголиан Иропортис ХХК-ийн зуучлагч иргэн Лхагвад зуучлалын хөлс төлөх чадваргүй байхад нь Г.Оюун С.Доржсүрэнгийн өмнөөс зуучлагч Лхагвад 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1 000 ам.доллар зэрэг нийт 26 148 ам.долларыг Г.Оюуны С.Доржсүрэнд төлөх 50 000 ам.доллараас хасч, үлдэх 23 852 ам.долларыг С.Доржсүрэнд буцаан өгч, Иргэний хуулийн 106 дугаар зүилийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах эрхтэй болохыг тогтоолгох, дээрх орон сууцыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Оюунаас 50 000 ам.доллараар худалдан авсан. Тухайн үед Г.Оюун нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах болоогүй байна, гарахаар нь нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч явсаар байгаад өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад, аль хэдийн Худалдаа Хөгжлийн банкинд барьцаалсан. С.Доржсүрэн байрныхаа гэрчилгээ авья гэж шаардахаар ресторанаа зарчихаад байрыг барьцаанаас чөлөөлөөд өгье гэж хэлж байсан ба удаа дараа шаардсаны эцэст Г.Оюун С.Доржсүрэнтэй тооцоо нийлсэн акт хийгээд дээрх орон сууцны үнийг төлсөн ямар нэг төлбөрийн тооцоогүй гэсэн баримт хийж өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тэгэхээр орон сууцны төлбөр төлөгдсөн тул С.Доржсүрэн өөрийн нэр дээр бүрэн шилжүүлэн авах боломжтой. Гэтэл Г.Оюун нь уг орон сууцыг үргэлжлүүлэн "Ашид Түвшин финанс ББСБ" ХХК-ийн барьцаанд тавьж, С.Доржсүрэнгийн хөрөнгийг өөртөө зээл аван ашиглаад өдий хүртэл явж байна.

С.Доржсүрэн өөрийн мөнгийг нь төлөөд авсан орон сууцаа бусдад түрээслүүлэхдээ орон сууц Г.Оюуны нэр дээр байсан учир түүнээс итгэмжлэл авахаас өөр аргагүй болж, итгэмжлэл авч орон сууцаа түрээслүүлсэн. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан н.Байгалмаагаас зээлж авсан 8 500 ам.доллар болон 5 000 000 төгрөгийг Г.Оюун нэхэмжлэх эрхгүй. С.Доржсүрэн иргэн н.Байгалмаагаас дээрх мөнгийг зээлж авсан боловч буцааж бүрэн төлсөн баримт хэрэгт байгаа. "Редпад" ХХК-д орон сууцаа түрээслүүлсэн 13 200 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь С.Доржсүрэн орон сууцаа "Редпад" ХХК-д 2008 оны 06 дугаар сараас эхлэн 4 сарын хугацаатай, сард 1 100 ам.доллараар түрээслүүлсэн. Өөрийнхөө худалдан авсан орон сууцаа бусдад түрээслүүлээд олсон мөнгөө Г.Оюунд төлөх үндэслэлгүй юм. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан н.Лхагваа гэгчийг нэхэмжлэгч С.Доржсүрэн огт танихгүй бөгөөд зуучлуулж байгаагүй. Г.Оюунаас 1 000 ам.доллар аваагүй. Тийм учраас 1 000 ам.долларыг төлөх үндэслэлгүй. Хавтаст хэргийн 256 дугаар хуудсанд Г.Оюун хуурамч нотлох баримтыг хавсарган өгсөн бөгөөд шүүхийн ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 496 дугаар зүйлийн 496.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15,042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөг, хохирол 144 680 030 төгрөг, нийт 540 761 126 төгрөг болон 15,042.67 ам.доллар гаргуулахыг хүссэн С.Доржсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр аман хэлбэрээр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Г.Оюунаас 119 846 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Доржсүрэнд олгож, 26148 ам.долларыг Г.Оюуны С.Доржсүрэнд төлөх 50 000 ам.доллараас хасаж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлан С.Доржсүрэнгээс 3 618 542 төгрөг гаргуулан Г.Оюунд олгож, Г.Оюуны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150 809 794 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 913 921 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 273 600 төгрөг, Г.Оюуны нэхэмжлэл гаргахдаа төлсөн 931 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Доржсүрэнгээс 445 450 төгрөг гаргуулж хариуцагч Г.Оюунд, хариуцагч Г.Оюунаас 757 182,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Доржсүрэнд, С.Доржсүрэнгээс 72 847 төгрөг гаргуулж Г.Оюунд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн шүүхэд хандан гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр байх боловч хариуцагч Г.Оюуны шүүхэд хандан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх тухайд зааж өгөөгүйд нь гомдолтой байна. Мөн нөгөө талаар С.Доржсүрэнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Г.Оюунаас буцаан төлөх 50 000 ам.долларыг төлүүлэх тухайд шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Оюун, С.Доржсүрэн нарын хооронд үүрэг үүсгэх үеийн ханш буюу 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын ханш болох 1 171 төгрөгөөр тооцон Г.Оюунаас 50 000 ам долларт 58 550 000 төгрөгийг гаргуулан С.Доржсүрэнд олгохоор шийдвэрлэх үүрэгтэй байсан атлаа анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийн буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханш болох 2 396 төгрөгөөр ам.долларыг тооцон 119 846 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Г.Оюуны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 26 148 ам долларыг Г.Оюуны С.Доржсүрэнд төлөх 50 000 ам доллараас хасан тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь С.Доржсүрэн нь хариуцагч Г.Оюуны, өгсөн нэхэмжлэлийн үндсэн дээр бусдад түрээслүүлж, хөлслүүлж үр шимийг нь хүртэж байсан нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдох боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасныг тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан ".. Хан-Уул дүүргийн 1 хороо Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 мкв 3 өрөө орон сууц "-ыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хэсгийг шийдвэрт нэмж оруулан, мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг баримтлан Г.Оюунаас С.Доржсүрэнд 58 550 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулан үлдэх 61 296 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон , мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 492.1, 493 дугаар зүйл 493.1, 495 дугаар зүйл 495.3 дахь хэсэгт заасны дагуу Г.Оюун нь С.Доржсүрэнд 23 852 ам доллар буцаан төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Доржсүрэн хариуцагч Г.Оюун болон Батмэнд ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөг, хохирол 144 680 030 төгрөг, нийт 540 761 126 төгрөг болон 15,042.67 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч Г.Оюун Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 86.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, маргаан бүхий орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26 148 ам.долларыг Г.Оюуны С.Доржсүрэнд төлөх 50 000 ам.доллараас хасаж тооцуулах, уг орон сууцыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнгөнтуул, Да.Энхцэцэг, Ж.Сэмжид нарыг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаартай захирамж 9 дүгээр хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан байх боловч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Д.Мөнгөнтуул, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт хуваарийн дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан журмын дагуу томилно гэж заасан байх ба хэрэгт шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Ж.Сэмжид уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар баримт байхгүй байхын зэрэгцээ шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул маргааны үйл баримт, талуудын тайлбарт хууль хэрэглээний дүгнэлт өгөх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/0696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 695 134 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ