Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2020/00138

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/001196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41.257.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунчимэг нарийн бичгийн дарга .......................нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөүптаун ХХК нь *******тай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 047 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь ******* нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян- Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 хороолол, 8 байрны 1-р орцны 3 давхрын 40 метр квадрат бүхий 9 тоот хаягт байрлах орон сууцыг 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

******* нь Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 08 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлж дуусах үүрэгтэй байсан. Гэтэл ******* нь орон сууцны үнээс 27.495.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 27.505.000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Худалдан авагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өдийг хүртэл 3 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд ******* нь өдийг хүртэл компаниас худалдан авсан орон сууцанд нийт 1372 хоног буюу 45 сар 22 хоног амьдарч байна. Компани *******т итгээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд одоо худалдсан орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан болно. ******* нь орон сууцны үнийн үлдэгдэл 27.505.000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй юм. Мөн худалдан авагч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэлгүй үлдэгдэл төлбөрийг 690 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу өдрийн 137 475 төгрөгөөр нийт 94.857.750 төгрөг төлөх үүрэг хүлээж байна, Харин Иргэний хуулийн 232,4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу ******* нь компанийн өмнө 13.752.500 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаа болно.

Иймд орон сууцны үнэ төлөх гэрээний үүрэгт 27.505.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 13.752.500 төгрөг нийт 41.257.500 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөүптаун ХХК нь ******* надаас худалдаж авсан байрны үлдэгдэл төлбөр болон алданги гэж 41 257 500 төгрөг нэхжээ. Худалдаж авсан орон сууцны үнийн үлдэгдэл мөнгийг төлж чадахгүй хугацаа хугацаа хэтрүүлсэн нь үнэн юм. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ талаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд заагаагүй байна. Уг нь *******ХХК нь бидний худалдаж авсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл уг компани бас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/01196 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 20.881.250 төгрөг гаргуулан *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.376.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 364.240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 262.356 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь гэрээний үнэ, төлбөр тооцоо хийх тухай хоёр гэсэн хэсгийн 2.6.-д Захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг /хавсралт 1-д/ заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөгдөөгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт хугацаанд төлбөл зохих дүнгээс хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож, гүйцэтгэгч талд төлнө гэж талууд тохиролцжээ. Өөрөөр хэлбэл талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд л алданги төлөх тухай тохиролцсон байна.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ цуцлах биш үлдэгдэл төлбөрийг төлүүлэх шаардлага байсан шаардлага байсан.

Шүүх алдангийн тухай Иргэний хуулийн 232.6-г буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт төлөгдөөгүй орон сууцны үнэ 14.005.000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол дурдсан алданги тооцох тухай гэрээний заалтыг Иргэний хуульд зааснаар хэрэглээгүй тухай маргасан байх ба уг асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд мөн адил мэтгэлцэж байсан.

Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үндэслэлд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд орон сууцны үнийг дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдан худалдан авах гэрээний зорилгод үндэслэн тайлбарлагдах, тодруулбал орон сууцны үнийг төлөхдөө амьдарч байх хугацаанд төлөх үүргийг худалдан авагч тал хүлээсэн, гэрээний зорилго, үүргийн шинж чанарт тохирсон байдлаар тохиролцон улмаар гэрээнд худалдан авагч нь орон сууцны үнийг төлөх үүргээ гэрээний хавсралтад заасан хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг болох анзын талаарх тохиролцож, гэрээ бичгээр байгуулсан гэж үзнэ. Уг гэрээг шүүх тайлбарлаж хэрэглэхдээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр үйлдсэн бөгөөд 198 дугаар зүйлийн 198.2-т, 198.4, 198.5-д заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нөгөө талаас шударга ёсны зарчмын хувьд бусдаас орон сууц худалдан авч түүндээ амьдарч зориулалтыг дагуу ашиглаж, эзэмшиж ирсэн атлаа гэрээний үүргээ олон хоногоор зөрчиж, улмаар гэрээнд заасан үүргийг гүйцэтгэлийг хэтрүүлчхээд одоо гэрээний дагуу ямар ч хариуцлага хүлээх, алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашигт нийцсэнийг дурдах нь зүйтэй байна. Уг асуудлаар нэхэмжлэгч маргаагүй болно.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/01196 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******т холбогдуулан байрны төлбөр, алданги -41.257.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь ...Үлдэгдэл төлбөрийг төлж, алданги төлөхийг зөвшөөрөхгүй... гэх тайлбар ирүүлж, маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч *******аас орон сууцны үнэ-14.005.000 төгрөг, алданги-6.876.250 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 20.376.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Талуудын хооронд Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан ч шүүх Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч байрны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байх боловч хариуцагч *******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдэж олгогдоогүй, хариуцагч байрны төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул гэрээнд заасан алданги -13.752.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагч *******ыг байрны үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдэж байсан боловч тэрээр гэрээний дагуу алданги төлөх талаар мэдэгдэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан ...Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд гүйцэтгэгч тал болох талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд л алданги төлөх тухай тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ цуцлах биш үлдэгдэл төлбөрийг төлүүлэх шаардлага байсан. Шүүх алдангийн тухай Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт төлөгдөөгүй орон сууцны үнэ 14.005.000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулна уу гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/01196 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд 20.881.250 төгрөг гэснийг 14.005.000 төгрөг гэж өөрчилж, 20.376.250 төгрөг гэснийг 27.252.500 төгрөг... гэж

Шийдвэрийн 2 дахь заалтанд 262.356 төгрөг гэснийг 227.975 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ