Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01158

 

 

                                      “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/001196 дугаар шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41,257,500 төгрөг гаргуулах тухай

нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын

хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** ****” ХХК нь ****т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алданги нийт 41,257,500 төгрөг гаргуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/01196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ****аас 20,881,250 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,376,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ****аас 262,356 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/01196 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 20,881,250 төгрөг гэснийг 14,005,000 төгрөг гэж, 20,376,250 төгрөг гэснийг 27,252,500 төгрөг... гэж шийдвэрийн 2 дахь заалтад 262,356 төгрөг гэснийг 227,975 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах щатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Компанитай ****ын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2.6-д “Захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг /Хавсралт 1/-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан. Энэ нь талууд гэрээндээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх хангалттай үндэслэл мөн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, алданги 6,876,250 төгрөгийг ****аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “ ****ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдэж олгогдоогүй, хариуцагч байрны төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул гэрээнд заасан алданги 13,752,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой”, ...Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагч ****ыг байрны үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдэж байсан боловч тэрээр гэрээний дагуу алданги төлөх талаар мэдэгдэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэх үндэслэлийг зааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д заасан алдангийн талаарх хууль зүйн зохицуулалтад давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон зохицуулалтын талаар огт тусгаагүй. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээр тохиролцсон алдангийг шууд шаардах талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д тус тус тусгасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд тусгагдаагүй шалгуур бий болгох байдлаар алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь “анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх алдангийн талаарх хуулийг хэрхэн буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх хууль зүйн үндэслэл бүхий тайлбар огт хийгээгүй. Нэхэмжлэгч алданги 13,752,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас анхан шатны шүүх алдангийг тал хувиар бууруулж 6,876,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчид ашигтай байдал бий болгосон байтал давж заалдах шатны шүүх энэ талаар огт анхааралгүйгээр хариуцагчийг алданги төлөх үүргээс бүхэлд нь чөлөөлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн худалдах-худалдан авах гэрээний 1.6-д “Захиалагч төлбөрийг бүрэн төлсний дараа гүйцэтгэгч тал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэн болгож хүлээлгэн өгнө”, 2.8-д “орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “ **** ****” ХХК байна” гэж тус тус талууд тохиролцсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгч компанийг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ****ын нэр дээр шилжүүлж өгөөгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****аас 20,881,250 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,376,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн 1 дэх заалтад “20,881,250 төгрөг” гэснийг “14,005,000 төгрөг”, “20,376,250 төгрөг” гэснийг “27,252,500 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж тогтоохдоо зохигчийн хооронд байгуулсан гэрээнд заасан алдангийн зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул зөвтгөнө. 

Учир нь давж заалдах шатны шүүх **** байрны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх боловч хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдэж олгогдоогүй, орон сууцны төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн тул гэрээнд заасан алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.  

8. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь орон сууцны үлдэгдэл үнэ, гэрээний 2.6, Иргэний хуулийн 232 дугаар 232.6-д зааснаар алдангийн хамт гаргуулахаар шаардсаныг **** үлдэгдэл үнийг төлж, алданги төлөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна. 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **** 2020.09.10-ны өдөр орон сууцны үнээс 13,500,000 төгрөгийг “ **** ****” ХХК-д төлсөн бөгөөд үлдэгдэл 14,005,000 төгрөгийг хариуцагч  төлнө гэсэн агуулгатай тайлбар гаргажээ. 

9. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

10. “ **** ****” ХХК, **** нар 2016.08.17-ны өдөр 47 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр **** Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 хороолол, 8 байрны 1-р орцны 3 давхрын 09 тоот хаягт байрлах, 40 метр квадрат бүхий 3 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдан авах, нэхэмжлэгч уг орон сууцны үнийг бүрэн төлсний дараа нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

12.  **** ****” ХХК гэрээний зүйл болсон орон сууцны үнийг **** бүрэн төлөөгүй хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т тусгагдсан үнээс хариуцагч 14,005,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

13. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дээрх гэрээнд заасан талуудын харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байдлыг үндэслэн хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж, ****аас орон сууцны үлдэгдэл үнэ 14,005,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ. 

14. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байна.

 **** ****” ХХК, **** нар 2016.08.17-ны өдөр 47 дугаартай гэрээний 2.6-д “Захиалагч тал орон сууцны төлбөр болон үлдэгдэл төлбөрийг /Хавсралт 1/-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөгдөөгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт хугацаанд төлбөр зохих дүнгээс хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож гүйцэтгэгч талд төлнө” гэж тохиролцжээ. 

Гэрээний гол урьдчилсан нөхцөл болох гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт хугацаанд төлбөр зохих дүнгээс хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөл байдал энэ маргаанд үүсээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй юм. 

Тодруулбал “ **** ****” ХХК, **** нар гэрээний 2.2, 2.4-т болон хавсралт 1-д заасан орон сууцны үнийг төлөх хугацааг хариуцагч зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаар талууд гэрээндээ тусгайлан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэхгүй. 

15. Энэ тогтоолын 16 дугаарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар хамтран гаргасан хариуцагчаас алданги гаруулах агуулгатай гомдлыг хангах боломжгүй байна. 

 16. Иймд давж заалдах шатны шүүх  **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ****ын үүргийг тодорхойлж, алданги болон нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,970 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                          Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД