Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01576

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01576

 

 

 

 

 

 

 

 

Н.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00901 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бэрэн мортгейж групп ХХК-д холбогдох

 

Орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5 100 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Бэрэн мортгейж групп ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тус компани Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот, 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулж, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөхэд хөрөнгийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Хангай хотхоны уг барилга баригдаж, 2016 оны 12 дугаар сард түлхүүрээ авч, байрандаа нүүн орсон ба гэрээний дагуу бүх төлбөрөө төлж барагдуулсан. Гэвч Бэрэн мортгейж групп ХХК одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өмчлөх эрх баталгаажуулж өгөөгүй байна. Энэ талаар тус компанид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот 18.58 м.кв 1 өрөө орон сууцыг бариулж холбогдох төлбөрийг гэрээний дагуу төлсөн боловч м.кв-ын хэмжээ дутуу байна. Миний бие 2016 оны 1 сард хэмжилтийг Монголиан энделис энержи ХХК-аар байрны талбайг хэмжүүлэхэд 16.5 м.кв байна. Анх гэрээнд 18.58 м.кв 1 өрөө байрыг нийт 32 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд дутуу талбайн үнэ болох 5 100 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг Бэрэн мортгейж группХХК-иар биелүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Бэрэн мортгейж групп ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Хаан банкнаас зээл авч барилгаа барьсан учир барилга бүхэлдээ барьцаанд байдаг. Хаан банкнаас 40 айлын төлбөр төлөгдөхөөр нэгдсэн журмаар 40 айлууддаа гэрчилгээг гаргаж өгдөг. Бид Хаан банк руу нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцны гэрчилгээг гаргуулахаар хүсэлтээ илгээсэн байгаа. 2-3 сарын дараа гэхэд гаргаад өгөх боломжтой. Мөн уг байрны захиалгын гэрээнд байрны талбайн хэмжээг 18.58 гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн шиг 20 м.кв гэж тохиролцоогүй. Ямар учраас 37 000 000 төгрөг төлснөө өөрөө нотлох ёстой. Бид гэрээний дагуу орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу орон сууц 18.58 м.кв талбайтай боловч нэхэмжлэгч нь 16.5 м.кв гэж нэхэмжлээд байна. Тэгэхээр 2.8 м.кв-ын зөрүү гарч байна. Манай компаниас хэмжилт хийсэн компанийг шаардлага хангасан дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг тогтоож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Бэрэн мортгейж групп ХХК-аас 3 536 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дуламсүрэнд олгож, үлдэх 1 564 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бэрэн мортгейж групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 141 726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дуламсүрэнд олгож, нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 60 800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах гомдолд: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот байранд мкв-ыг хэмжилт хийсэн Монголиан Энделис Энержи ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох нь эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулах хуулбар байх ёстой нотлох баримтын шаардлага хангаагүй. Тиймээс 2.08 м.кв-ийн зөрүүтэй гэж хэмжсэн Монголиан Энделис Энержи ХХК-ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, тус хэмжилтийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд гэдэг нь тогтоогдохгүй байна. Тиймээс анхан шатны шүүхээс Монголиан Энделис Энержи ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн 2.08 м.кв-ийн зөрүү болох 3 536 000 төгрөг Бэрэн мортгэйж групп ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй шийдвэр тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Дуламсүрэн нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүү үнэ 5 100 000 төгрөгийг хариуцагч Бэрэн мортгейж групп ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Орон сууцны талбайн зөрүү үнэ гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлохоор Монголиан Энделис Энержи ХХК-ийн талбайн хэмжилт хийсэн дүгнэлтийг нэхэмжлэгч гаргасныг хариуцагч няцаан хэмжилт хийсэн компанийн тусгай зөвшөөрөл болон хуулийн этгээдийн гэрчилгээ нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй гэж маргажээ.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх баримтууд хуулбар хэлбэрээр хэргийн 10-11 дүгээр талд авагдсан, шүүх уг баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл болох тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Монголиан Энделис энержи ХХК-ийг нийтэд илэрхий mcud.gov.mn гэсэн веб сайтад тавигдсан Зураг төслийн тусгай зөвшөрөөлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын 508 дугаарт бүртгэгдсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа боловч уг жагсаалт буюу цахим мэдээлэлд хэргийн оролцогч эргэлзэж байгаа тохиолдолд хуулиар тавигдах шаардлагыг хангасан баримтад үндэслэн шийдвэрээ гаргах нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00901 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ