Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

       2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/00901

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон, 510 дугаар байрны 102 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Д /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Нэхээсгүй эдлэл ХК-ийн байранд байрлах “Б” ХХК-д холбогдох

            орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д миний бие “Б”ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тус компани Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот, 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулж, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөхэд хөрөнгийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Хангай хотхоны  уг барилга баригдаж, 2016 оны 12 дугаар сард түлхүүрээ авч, байрандаа нүүн орсон ба гэрээний дагуу бүх төлбөрөө төлж барагдуулсан. Гэвч “Б”ХХК одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өмчлөх эрх баталгаажуулж өгөөгүй байна. Энэ талаар тус компанид  гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот 18.58 м.кв 1 өрөө орон сууцыг бариулж холбогдох төлбөрийг гэрээний дагуу төлсөн боловч метр квадратын хэмжээ дутуу байна. Миний бие 2016 оны 1 сард хэмжилтйн Монголиан энделис энержи ХХК-иар байрны талбайг хэмжүүлэхэд 16.5 м.кв байна. Анх гэрээнд 18.58 м.кв 1 өрөө байрыг нийт 32.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд дутуу талбайн үнэ болох 5.100.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг “Б”ХХК-иар биелүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Шинэбаяр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч “Б”ХХК нь манай дүү Н.Дгийн захиалгаар Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот, 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн боловч өдийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өмчлөх эрхийг нь баталгаажуулж өгөөгүй болно. Иймд орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах, өмчлөх эрхээ баталгаажуулахаар шаардсан бөгөөд өмчлөх эрхээ баталгаажуулах гэдгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох гэж ойлгож болно. Мөн уг орон сууцыг орон сууцны талбай хэмждэг байгууллагаар хэмжүүлэхэд 16.5 м.кв талбайтай гэж дүн гарсан. Энэ талаар хариуцагч “Б”ХХК-иай очиж уулзахад бид өөрсдөө мэргэжлийн аудиттай учир удахгүй очиж хэмжилт хийнэ гэчихээд одоог хүртэл ирээгүй. Сүүлдээ аргаа бараад 16.5 м.кв гэдгээ нотлоод бичиг хийгээд өг, бид байр, усны мөнгөө 16.5 м.кв-аар тооцуулж төлмөөр байна гэхэд бас бичиг хийж өгөөгүй. Анх манай дүүгээс 20 м.кв-аар тооцон 37.000.000 төгрөгийг аваад дараа нь зөрүүг дараа нь тохиолцоё гэсэн боловч тохиролцоогүй байсан. Бид төлсөн төлбөрөө м.кв-д хуваагаад бодохоор 1 м.кв нь 1.700.000 төгрөг болж байгаа учир зөрүү 3.5 м.кв-ыг 3 м.кв-аар тооцож 5.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэгч Н.Дг  Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоот, 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөгийг хариуцагч “Б”ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Хаан банкнаас зээл авч барилгаа барьсан учир барилга бүхэлдээ барьцаанд байдаг. Хаан банкнаас 40 айлын төлбөр төлөгдөхөөр нэгдсэн журмаар 40 айлууддаа гэрчилгээг гаргаж өгдөг. Бид Хаан банк руу нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцны гэрчилгээг гаргуулахаар хүсэлтээ илгээсэн байгаа. 2-3 сарын дараа гэхэд гаргаад өгөх боломжтой. Мөн уг байрны захиалгын гэрээнд байрны талбайн хэмжээг 18.58 гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн шиг 20 м.кв гэж тохиролцоогүй. Ямар учраас 37.000.000 төгрөг төлсөнөө өөрөө нотлох ёстой. Бид гэрээний дагуу орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу орон сууц 18.58 м.кв талбайтай боловч нэхэмжлэгч нь 16.5 м.кв гэж нэхэмжлээд байна. Тэгэхээр 2.8 м.кв-ын зөрүү гарч байна. Манай компаниас хэмжилт хийсэн компанийг шаардлага хангасан дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Б”ХХК-нд холбогдуулан орон сууц өмчлөх эрхээ баталгаажуулж, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөг тус тус гаргуулахыг хүсчээ.

            Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон сууц өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нь хуульд харшлахгүй байх ба уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

            Орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд

            Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Н.Д нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 32.000.000 төгрөгөөр захиалсан байх ба хариуцагч байгууллага дээрх орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.

            Дээрх гэрээний гол болон ердийн нөхцлүүд, хөлс төлөх хугацаа зэрэгт дүгнэлт хийвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэг эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

            Үүний дагуу хариуцагч “Б”ХХК-иас нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг барьж ашиглалтанд оруулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгчээ.

            Нэхэмжлэгч Н.Д нь гэрээнд заасны дагуу захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, энэ талаар талууд маргахгүй байна.

            Харин хариуцагч байгууллага нь орон сууцыг барьж ашиглалтанд оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн атлаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгч талаас орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч талаас тухайн орон сууц нь бүхэлдээ Хаан банкны барьцаанд байгаа бөгөөд нэхэмжлэгчийн орон сууцны гэрчилгээг гаргуулахаар хүсэлт илгээсэн учир 2-3 сарын дараа гаргаж өгөх боломжтой, харин тухайн орон сууцыг хэмжсэн компани шаардлага хангахгүй дүгнэлт гаргасан учир орон сууцны талбайн зөрүү 5.100.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Харицагчийн татгалзал үндэслгүй гэж шүүх дүгнэв.

            Зохигчдын хооронд байгуулсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-д орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсөний дараа орон сууц хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууцыг  хөрөнгө оруулагч үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гарснаар хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжихээр заажээ.

            Гэвч хариуцагч “Б”ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрыг бүхэлд нь Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсаны улмаас нэхэмжлэгч нь хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болжээ.

            Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банкны барьцаанд байгаа боловч  энэ нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Дг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй байна.

            Харин хариуцагч “Б”ХХК нь захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 3.1.10-т зааснаар орон сууцыг улсын бүртгэлд  бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээснээс бус захиалсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр зохицуулжээ.

            Иймд нэхэхэжлэгчийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч Н.Д нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалсан боловч хариуцагч “Б”ХХК-иас захиалсан орон сууцыг дутуу талбайтай барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Дгээс орон сууцны талбайн зөрүүний үнэ 5.100.000 төгрөгийг шаардсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 3.536.000 төгрөгийг хангаж, үлдэх 1.564.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Учир нь нэхэмжлэгч Н.Дгийн захиалсан орон сууцны талбай гэрээнд заасан 18.58 м.кв гэсэн хэмжээнээс бага буюу 16.5 м.кв талбайтай болох нь “Монголиан Энделис энержи”ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  дүгнэлтээр нотлогдож байна.

            Дээрх дүгнэлтийг үйлдсэн “Монголиан Энделис энержи”ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас зураг төсөл 1.2.1 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаагаар авч 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн  барилга архитектур,  орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төслийг гүйцэтгэх эрхтэй болох нь нийтэд илэрхий mcud.gov.mn гэсэн веб сайтад тавигдсан Зураг төслийн тусгай зөвшөрөөлтэй аж ахуйн нэгжүүд гэсэн жагсаалтын 508 дугаарт бүртгэгдсэн эрх бүхий байгууллага байна.

            Уг байгууллага нэхэмжлэгчийн орон сууцны нийт талбайг 16.5 м.кв гэж хэмжсэн дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч байгууллагаас уг дүгнэлтийг няцаагаагүй байх тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч Н.Дгээс дээрх дүгнэлтийн үндсэн дээр орон сууцны талбайн зөрүүд 5.100.000 төгрөг шаардсаныг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анх хариуцагч байгууллагатай 20 м.кв 1 өрөө орон сууц захиалгаар бариулахаар тохиролцсоноос шинжээчийн дүгнэлтээр 16.5 м.кв талбай байх тул зөрүү 3.5 м.кв талбайг 3 м.кв гэж үзэн 1 м.кв-ыг нь 1.700.000 төгрөгөөр тооцон 5.100.000 төгрөг шаардсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Учир нь талууд нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг 18.58 м.кв талбайтай байхаар гэрээндээ зааснаас бус 20 м.кв байхаар тохиролцоогүй, уг гэрээнд орон сууцны талбайн хэмжээг өөрчлөхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

            Иймд хариуцагч “Б”ХХК нь нэхэмжлэгч Н.Дд 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууц хүлээлгэх өгөх үүрэгтэй байснаас Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг баримталж гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Дд 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн тул дээрх талбайнуудын зөрүүг нэхэмжлэгч гэрээгээр тохирсон үнээр тооцож шаардах эрхтэй.

            Учир нь ажил гүйцэтгэгч гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан  тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн барьж, гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч  захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т заасан 18.58 м.кв  талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа нь эд хөрөнгийн биет байдлын доголдолд хамаарна.

            Захиалагч нь мэргэжлийн хүн биш учир орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгө хүлээн авах үедээ хэмжиж мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд орон сууцыг хүлээн авсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш барилга, байшингийн ийм дутагдлын талаар гомдлын шаардлага гаргах Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гурван жилийн хугацаа дуусаагүй байх тул гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Гэвч гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ дутуу баригдсан доголдлыг арилгах, эсхүл орон сууцыг шинээр барих боломжгүй, захиалагч нь гүйцэтгэгчид хөлсийг бүрэн төлсөн учир доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулан төлөх боломжгүй учир гүйцэтгэгч “Б”ХХК-ийг орон сууцны талбайн зөрүү 2.08 м.кв талбайн хэмжээнд төлсөн 3.536.000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.      

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч “Б”ХХК-иас 3.536.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгох үндэстэй.        

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141.726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 60.800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг тогтоож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б”ХХК-иас 3.536.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгож, үлдэх 1.564.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141.726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэгч Н.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 60.800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

       3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 102 тоотын 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Д бүртгүүлэх эрхтэй болохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР