Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00160

 

2019 оны 01 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00160                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух Д /РД:..../-гийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... ХК-ийн байранд байрлах “Б” ХХК /РД:..../-д холбогдох

 

            орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүүний үнэ 5,100,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, хариуцагчийн төлөөлөгч Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 

 

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д миний бие “Б ”ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тус компани Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны ...  тоот, 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулж, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөхэд хөрөнгийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Хангай хотхоны  уг барилга баригдаж, 2016 оны 12 дугаар сард түлхүүрээ авч, байрандаа нүүн орсон ба гэрээний дагуу бүх төлбөрөө төлж барагдуулсан. Гэвч “Б ”ХХК одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өмчлөх эрх баталгаажуулж өгөөгүй байна. Энэ талаар тус компанид  гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр Хангай хотхоны ...  тоот 18.58 м.кв 1 өрөө орон сууцыг бариулж холбогдох төлбөрийг гэрээний дагуу төлсөн боловч метр квадратын хэмжээ дутуу байна. Миний бие 2016 оны 1 сард хэмжилтийн М ХХК-иар байрны талбайг хэмжүүлэхэд 16.5 м.кв байна. Анх гэрээнд 18.58 м.кв 1 өрөө байрыг нийт 32.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд дутуу талбайн үнэ болох 5.100.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг “Б ”ХХК-иар биелүүлж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай дүү бэлэн 36,000,000 төгрөгөөр байр авахад 20 м/кв гэж хэлсэн мөртлөө 15 м/кв байраа залилан зарсан. Байрны найранд ирсэн хүмүүс мкв-аа хэмжүүл гэж хэлэхээр нь хуулийн хугацаандаа багтаад хэмждэг байгууллагаар хэмжүүлсэн чинь зөрүү гарч байна гэсэн. Би хариуцагч компанийн борлуулалтын хүн рүү нь очиж уулзахад шүүхээр явах хэрэг байхгүй, 20 м/кв гэж зарсан байраа хүлээн зөвшөөрөөд 15 м/кв-аар дулаан, конторын мөнгөнөөсөө хасалтаа хийгээд салъя гэж хэлж байсан. Хариуцагч талыг манай байрны талбайг дахин хэмжихийг бүтэн 6, 7 сар хүлээсэн боловч ирээгүй тул талбайн зөрүү 5,100,000 төгрөгийг гаргуулна. Харин өмнөх шүүхийн шийдвэр гарсаны дараа тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тул эхний шаардлага хангагдсан” гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б  ХХК нь орон сууц захиалгын гэрээг 2015 онд байгуулсан. Энэхүү гэрээгээр ...  тоот орон сууцыг 32,000,000 төгрөгөөр, мкв-ын хэмжээ нь 18.58 мкв гэж худалдсан байдаг. Байрны талбай 20 мкв биш юм. Нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбарыг гаргаж байна. Хууль ёсны хэмждэг байгууллагаар нь хэмжүүлсэн гэж ярьж байгаа боловч тэр байгууллага нь 5 мкв гэж хэмжээгүй. Орон сууц нь 16.05 мкв байна гээд 2.08 мкв дутуу байна гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд хэмжилт хийлгэсэн компанийнхаа хууль ёсны гэрчилгээ болон хуульд заасан нотлох баримтын шаардлага гаргаж хангуулаагүй байсан учраас хэрэг нь дахин шийдэгдэх болсон. Одоо бодитой шаардаж байгаа үнийн дүн нь 2.08 мкв-ын үнэлгээ буюу 3,536,000 төгрөг байгаа. Б  ХХК болон Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдсан даруй 2015 оны 11 сард байрандаа орсон. Байрандаа орсноос хойш Иргэний хуулийн 248 болон 254 дүгээр зүйлд зааснаар тухайн доголдолтой холбоотойгоор ямар нэгэн шаардлагыг гаргаагүй байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тухайн худалдсан эд хөрөнгө нь доголдолтой байвал худалдан авагч нь уг эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ижил төрлийн эд хөрөнгөөр солиулах доголдлыг арилгуулахаар шаардах эрх гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ үүргээ хуульд заасан хугацаандаа хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг хүлээн авахдаа яагаад энэ талаар мэдээгүй  гэдэг асуудал гарч ирнэ. Хэмжилт хийлгэх эрх нь байгаад байна, доголдлыг мэдэх боломж нь байна. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй харагдаж байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байгаа. Манай байгууллагаас хэмжүүлэх эрхийг нь хязгаарлаагүй. Хүлээн авахдаа хэмжилтээ хийлгээд танайх 2.08 мкв дутаж байгаа учраас үүнд чинь таарсан мөнгийг төлнө гэж хэлэх эрх нь байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                           

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          

 

            Хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулах болон орон сууцны метр квадратын зөрүү 5,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Д анх шүүхэд гаргасан байна.

 

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улын бүртгэлийн гэрчилгээг авсан, харин орон сууцны талбайн зөрүү үнэ 5,100,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн, хариуцагч тал гомдолын шаардлага гаргах гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй болно.

 

            Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014.09.08-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Д нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны ...  тоотын 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 32.000.000 төгрөгөөр захиалсан байх ба хариуцагч  дээрх орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг, 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэг эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлсон байна. 

 

            Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг барьж ашиглалтанд оруулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Д нь гэрээнд заасны дагуу захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар талууд маргаагүй болно.

 

            Харин захиалсан орон сууцны талбай дутуу, гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй талаар талууд маргасан байх бөгөөд нэхэмжлэгч Дгийн захиалсан орон сууцны талбай гэрээнд заасан 18.58 м.кв-аас бага буюу 16.5 м.кв талбайтай болох нь “М” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  дүгнэлтээр нотлогдсон байна.

 

            Дээрх дүгнэлтийг үйлдсэн “М ” ХХК нь Зураг төслийн тусгай зөвшөрөөлтэй аж ахуйн нэгж болох нь Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн 2018.12.12-ны өдрийн 03/4765 дугаар албан тоот болон хавсаргасан баримтаар тогтоогдсон болно.

 

            Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3 дахь хэсэгт зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч шаардлага гаргах эрхтэй тул  нэхэмжлэгч Дгийн шаардсан орон сууцны талбайн зөрүү 2.08 м/кв-ыг 1,700,000 төгрөгөөр тооцож  3,536,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлага 5,100,000 төгрөгнөөс  үлдэх 1,564,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Үндэслэл нь талуудын хооронд байгуулсан 2014.09.08-ны өдрийн  захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1.1, 1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны талбайн хэмжээ 18.58 м.кв талбайтай байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар 20 м.кв биш гэрээнд орон сууцны талбайн хэмжээг өөрчлөхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

 

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан байх бөгөөд захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т заасан 18.58 м.кв  талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа нь эд хөрөнгийн биет байдлын доголдолд хамаарна.

 

            Иймд Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг баримталж гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нэхэмжлэгч Дд 16.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул талбайн зөрүүг гэрээгээр тохирсон үнээр тооцож нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй, мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.

 

            Тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улын бүртгэлийн хүлээн авсан гэх үндэслэлээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Талбайн зөрүү мөнгө шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 60,800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон         

 

ТОГТООХ нь:

 

 

 

     1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3 дахь хэсэгт зааснаар “Б” ХХК-иас 3,536,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,564,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэгч Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 60.800 төгрөгийг нөхөн  гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ