Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 215/МА2018/00017

 

Я.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 277 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг, Толгойтын 3- ... - ... тоотод оршин суух, У овогт Я.Н-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Н миний бие 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн захиралын тушаалаар Говь-Алтай аймаг дахь МСҮТ математикийн багшаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Говь-Алтай аймаг дахь МСҮТ математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Я.Н би 2008 оны 8 дугаар сарын 30-нд МСҮТ анх математикийн багшаар ажилд орсон. Арав дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа математик, мэдээлэл зүйн багшийг давхар эрхэлж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 3 математикийн багш ачаалал нь бага байна гэж үзээд 3 багшийн хооронд тохиролцоонд хүрэх эхний шатны уулзалт захирал Г.Г зохиосон. Энэ хугацаанд Ү.С багш жирэмсний амралттай байсан. Жирэмсний амралтаа дуусгаад ороод иртэл нь Я.Н багш та ажлаа хийж байгаад Ү.С багшийг орж ирэхээр нь өөрийн хүсэлтээ бичиж нотариатаар батлуулаад ажлаасаа гарна уу? гэж хэлж байсан. Ингээд би энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг зүйлийг хэлснээс хойш 3 багшийн дунд ажлыг нь тэнцүү хувааж өгье гээд сургалтын албаны Б.Б арга зүйч нийт заах ёстой хичээлийг тэнцүү хувааж байгаад 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 9 дүгээр сарын 15-нд мэдэгдэх хуудас өгсөн гэж байна. Үүнийг хүлээж аваагүй. Мэдэгдэх хуудастай танилцаагүй. Нотлох баримтад Я.Н зургийг нь дарсан гэж бичсэн байсан. Энэ нь үндэслэлгүй. Утсан дээрээ ямар нэгэн байдлаар зураг дарж аваагүй. Сонгон шалгаруулалт баруун бүсийн арга зүйн төвөөс хүмүүс нэг өдөр хүрээд ирсэн. Хичээл дээр 40 минут суугаад, хүүхдүүдээс судалгаа аваад, цаг дууссаны дараа намайг дуудсан хаанаас юм бэ? гэхэд захирал чинь гэсэн. Бид дөрөвдүгээр цаг тарж байхад намайг дуудаж шалгалтад оруулсан. Тухайн үед энэ шалгалт хаанаас ирж байгаа юм. Ямар сонгон шалгаруулалтын журам байна. Ажлын хэсэг нь хаанаас юм гээд математикийн багш А.О бид хоёр хамт лавлаж асуухад захирал чинь бид нарыг урьж авч ирээд та нараас шалгалт аваад өгөөч гэсэн. Бид нар тодорхой байдлыг мэдэхгүй байна гэж баруун бүсийн арга зүйн төвийн дарга Б.Г хэлсэн. Ингээд сонгон шалгаруулалтыг манай хамт олны хурлаар хэлэлцэж баталж байж журмаа батлах ёстой. Ийм журам тухайн үед байгаагүй. Одоо тийм журам гараад ирсэн байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Нийгмийн ажилтан 10 сард жирэмсний амралтаа авч явснаас хойш нийгмийн ажилтан байгаагүй. Одоо ч манай дээр сул орон тоо байгаа. Үүн дээр ажиллах боломж байна. Ажиллая гэхээр ажиллуулаагүй. Мэдээлэл зүйн хичээл мэдээлэл зүйн биш мэргэжилтэй компьютерын багш зааж байгаа. 4.8 кредит тухайн үед 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл заасан гэж байгаа. Манайх нэг кредит 45 цаг байдаг. Би 234 цаг буюу 5.2 кредит цагийг тухайн үед хичээлээрээ заасан байсан. Надад хуваарилсан цаг нь 9.6 кредит байсан. 540 цаг буюу 12 кредиттэй багшийг үндсэн багшаар тухайн үед ажиллуулна гэж ярилцаад дутуу цагийг тухайн багш кредитээр төлж, өөрөөр хэлбэл мөнгөө буцааж сургуульд нь оруулж болно гэж ярилцаж байсан учраас 2.4 кредитийг буцааж төлөөд үндсэн багшаар байя гэдэг асуудлыг захиралд санал болгож байсан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багш Я.Н-ыг ажлын ачаалалгүй болсон тул математикийн 3 багшийн ур чадвар мэдлэгийн түвшин үнэлсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй математикийн багш Я.Н, монгол хэлний багш Д.Ц нарын хүсэлт, хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр өөрийн хүсэлт хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үнэлэн томилохоор шийдвэрлэсэн боловч математикийн багш Я.Н монгол хэлний багш Д.Ц нарт 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хамт олны хуралд зарласнаас хойш 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийгмийн ажилтныг ажиллах хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг ирүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам-ын 1,2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны математикийн багш үндсэн 1, цагийн 1 байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Я.Н нь 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад 5 жил ажилласаны тэтгэмж авах тул 2017 оныг дуустал ажиллуулж өгнө үүү гэсэн хүсэлт тавьсан ба хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 улиралд математикийн багш тус бүр 4,8 кредит хичээлийг зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш Я.Нт хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 03 дугаар сарын 6-ны өдөр хүртэл нэг ч цагийн хичээл заагаагүй байж бүрэн цалин авч байсан. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж 2 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт 19 мэргэжлийн ангид 201 суралцагч суралцаж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.5.3 дахь хэсэгт батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсадын цалин хөлсийг тогтоох, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжилийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам-ын 1,3-т Мэргэжлийн боловсрол сургалтын төлөвлөгөө норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирал тогтооно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Дээрх үндэслэлүүдээр математикийн багш нь ажлын ачаалалгүй болсон тул математикийн багш нарын ур чадвар, мэдлэгийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн математикийн багш Я.Ныг ажлаас чөлөөлсөн юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцаж байгаа суралцагчдын тоо, ангиудын тоог үндэслээд багш нарынхаа цагийн ачааллыг тооцдог байгаа. Ирэх жилээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан сургалтын тусгай зөвшөөрлийн дагуу анги дүүргэлтийн асуудлыг авч үзье гэсэн. Анги дүүргэлтийн асуудал нийтдээ 30 байдаг. Одоогийн төвшинөөр аваад үзэхэд нэг ангид 14 суралцагч байгаа юм. Тэгэхээр илүү нягтрал гарч ирнэ гэсэн тооцооллыг хийгээд математикийн нэг багш үндсэн багшаар байх юм байна. Нэг багш цагийн багш байна гээд үндсэндээ үндсэн нэг орон тоотой нэг цагийн багштай гээд орон тооны хувьд ажилтнуудын орон тоог цөөлсөн нь зүйтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу аж ахуй нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр орон тоог цөөрүүлэн тогтоосон юм. Миний хувьд тодорхой Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бүтэц орон тоог цөөрүүлсэн. Цөөрүүлсний үндсэн дээр гурван багш дээр сонгон шалгаруулалт хийсэн. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гараагүй. Тэгэхээр үүнийг бодитой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 03 дугаар сарын 6-нд тушаал гарсан. Үүнээс хойш хугацаанд Я.Н гэдэг багш ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлгэн өгсөн хамгийн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцдог. Үүний дагуу энэ хүн ажлаас халагдсан гэдэг хэцүү байна. Ямар журам заавар бариад маргалдаад яваад байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан У овогт Я.Н-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.620.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Я.Н нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.620.800 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.883 төгрөг нийт 127.083 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багш Я.Н-ыг ажлын ачаалалгүй болсон тул математикийн 3 багшийн ур чадвар, мэдлэгийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Я.Н нь уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган уг шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэрээр Я.Н-ыг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны математикийн багш үндсэн 1, цагийн 1 байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд орох ёстой математикийн хичээл нь нийт 1296 цаг буюу 28.8 кредит цаг байна. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ыг үндэслэн математикийн багш нарын багшийн ур, чадварын түвшин багш зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.8-д заасны дагуу жилийн багц цагийн ачаалал нь 20 цаг буюу 17 багц цагийг танхимын сургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. /Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 3.1. Онол, лаборатори, сургууль дээрх дадлагын 45 цагийн бодит гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн ба төгсөлтийн өмнөх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, танхимын бус сургалтын 72 цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно./

 

Дээрх ачааллын дагуу үндсэн 1 багш нь 17 кредит, цагийн багш нь 11.8 кредит цагийг заахаар тооцоолсон. Математикийн багш А.О, Ү.С, Я.Н нарт 2017 оны 10 дугаар сард ур чадвар, мэдлэгийн түвшингийн үнэлгээг үндэслэн /тусгай томилогдсон ажлын хэсгийн/ ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн. Гэвч Я.Н нь 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад 5 жил ажилласны тэтгэмж авах тул 2017 оныг дуустал ажиллуулж өгнө үү? гэсэн хүсэлт тавьсан ба хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 дугаар улиралд /9-12-р саруудад/ математикийн 3 багш тус бүр 4.8 кредитийн хичээл зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш Я.Н-т хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 03 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нэг ч хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага буюу тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 591600 төгрөг байна. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар/ нийт 19 мэргэжлийн ангид 201 суралцагч суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.5.3 дахь хэсэгт батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.3-т Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ, Политехник коллежийн захирал тогтооно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу математикийн багш нь ажлын ачаалалгүй болсон тул математикийн багш Я.Н-ыг ажлаас нь чөлөөлсөн юм. Багш Я.Н нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй ба энэ талаар шүүх хурлын явцад мэтгэлцээгүй болно. Мөн багш Я.Н-ыг 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалинжуулсан болно. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэгч Я.Н-ыг тус төвийн Математикийн багшийн ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/07 дугаартай тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүлйийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1-д заасан үндэслэлүүдийг заажээ.

 

Ажил олгогч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа математикийн багш Я.Н нь ажлын ачаалалгүй болсон тул математикийн 3 багшийн ур чадвар, мэдлэгийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ингээд захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр өөрийн хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үнэлэн томилохоор шийдвэрлэсэн боловч Я.Н материал ирүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн.

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон.

 

2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны математикийн багш үндсэн 1, цагийн 1 байна.

 

Нэг багш цагийн багш байна гээд үндсэндээ үндсэн нэг орон тоотой нэг цагийн багштай гээд орон тооны хувьд ажилтнуудын орон тоог цөөрүүлэх нь зүйтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр орон тоог цөөрүүлэн тогтоосон юм гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллагынхаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажлын байр нь 2017-2018 оны хичээлийн жилийн эхнээс орон тоо, төсөв нь батлагдан тухайн жилийнхээ төсөвт суугдаж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу явагдаж, сургалтын багц цагийн тооцоо нь сар бүр хийгдэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар батлагдсан Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 43 багшийн орон тоотойгоор ажиллахаар тогтоосон орон тоонд орсон байхад орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Ажил олгогчийн санаачилга /орон тоо цөөрүүлсэн/-р хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагчаас ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлээд 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа бөгөөд мэдэгдснээс хойш 5 сарын дараа ажлаас чөлөөлсөн нь ажилтанд эргэлзээ төрүүлэхүйц байдалд хүргэж, хуулийн уг заалтыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2018/0277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэлзохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.Б

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Т.Ж