Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00256

 

Я.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Я.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХНХЯ-ны ГАМСҮТөвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Я.Н- миний бие 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын тушаалаар Говь-Алтай аймаг дахь МСҮТөв- математикийн багшаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Говь-Алтай аймаг дахь МСҮТөв- математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

ТусМСҮТөв-ийн математикийн багш Я.Н-ыг ажлын ачаалалгүй болсон тул математикийн 3 багшийн ур чадвар мэдлэгийн түвшин үнэлсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй математикийн багш Я.Н-, монгол хэлний багш Д.Цэрэнпунцаг нарын хүсэлт, хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр өөрийн хүсэлт хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үнэлэн томилохоор шийдвэрлэсэн боловч математикийн багш Я.Н- монгол хэлний багш Д.Цэрэнпунцаг нарт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамт олны хуралд зарласнаас хойш 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийгмийн ажилтныг ажиллах хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг ирүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журмын 1,2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоогМСҮТөв-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаарМСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны математикийн багш үндсэн 1, цагийн 1 байна.МСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Я.Н- нь 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад 5 жил ажилласны тэтгэмж авах тул 2017 оныг дуустал ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан ба хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 улиралд математикийн багш тус бүр 4,8 кредит хичээлийг зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш Я.Н-т хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэг ч цагийн хичээл заагаагүй байж бүрэн цалин авч байсан. ТусМСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж 2 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно.МСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт 19 мэргэжлийн ангид 201 суралцагч суралцаж байна.МСҮТөв-ийн 2018 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.5.3 дахь хэсэгт батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам-ын 1,3-т Мэргэжлийн боловсрол сургалтын төлөвлөгөө норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоогМСҮТөв-, Политехник коллежийн захирал тогтооно гэсэн заалтуудыг тус тус үндэслэнМСҮТөв-ийн захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаарМСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Дээрх үндэслэлүүдээр математикийн багш нь ажлын ачаалалгүй болсон тул математикийн багш нарын ур чадвар, мэдлэгийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн математикийн багш Я.Н-ыг ажлаас чөлөөлсөн юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Урианхай овогт Ягааны Нэмэхбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-ийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харьяа Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.620.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Я.Н-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахьМСҮТөв- даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.620.800 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.883 төгрөг нийт 127.083 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 133/ШШ2018/0277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаал 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-ийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1-г үндэслэн Говь-Алтай аймаг дахьМСҮТөв-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Я.Н-ыг тус төвийн Математикийн багшийн ажлаас чөлөөлсөн.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/27 дугаар тушаалаар батлагдсан багшийн орон тооны хязгаарт багтаан Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТөв-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар МСҮТөв-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоосон. Ингэхдээ математикийн багшийн орон тоо 3 байсныг үндсэн орон тоогоор 1, цагийн 1 болгон цөөрүүлсэн юм.

Тус МСҮТөв-ийн үйл ажиллагаа нь хичээлийн жилээр төлөвлөгддөг боловч, санхүүгийн жилээр санхүүжилт нь шийдвэрлэгддэг. Манай байгууллагын цалингийн сан нь 2016 онд 37 багштай ажиллаж байсан үеэс нэмэгдээгүй ба Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар цалингийн санг нэмэгдүүлэхгүй байх, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 3 хүний оронд 2 хүн, 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарах 5 хүний оронд 3 хүн томилохгүй байхаар цалингийн санг /нийт 75 орон тооноос 70 орон тоотой байхаар байна/ царцаасан тул 43 багшийн орон тоогоор санхүүжигддэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх”-ээр заасан бөгөөд 45 хоногийн өмнө мэдэгдэх талаар заагаагүй байна. Мөн нэг сарын өмнө гэж наад талын хугацааг нь заасан нь нэгээс дээш хэдэн ч сарын өмнө мэдэгдсэн байж болохоор байна гэж үзэж байна.

Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар Я.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллах өөрийн хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үндэслэн томилохоор шийдвэрлэсэн боловч Я.Н- 2 сарын хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл/  материалаа ирүүлээгүй.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Нэмэхбаяр нь Хөдөлмөр. Нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахьМСҮТөв- холбогдуулан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Нэмэхбаяр ажлын ачаалалгүй болсон, математикийн 3 багшийн орон тоог багш нарын ур чадвар, мэдлэгийн түвшингээр үнэлж, үндсэн 1, цагийн 1 гэж цөөрүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Я.Н- нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар математикийн багшийн ажлаас чөлөөлөгджээ. Ажил олгогчийн уг тушаал Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8., 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1.-д заасан зохицуулалтад үндэслэгдсэн байна. Мөн тушаалд Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2., Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1., Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1., 12.1.1., 12.2., 12.2.1. дэх заалтыг үндэслэл болгосон байна.

Ажил олгогч ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “ажлын ачаалалгүй болсон тул математикийн багш нарын дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг” үндэслэсэн гэж тушаалд заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийжээ.

Тухайлбал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажлын байр нь 2017-2018 оны хичээлийн жилийн эхнээс батлагдсан орон тоо, төсвийн хэмжээнд байгаа тул шүүх тухайн байгууллагын багш нарын орон тоог цөөрсөн гэж үзээгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзсэн байна. Ажил олгогчоос ажилтанд  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 5 сарын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалтай холбох, ажлаас халагдах талаар ажил олгогч ажилтанд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх учир дутагдалтай байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн  176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2018/00277 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                Ц.АМАРСАЙХАН