Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг, Толгойтын 3-2-2 тоотод оршин суух, Урианхай овогт Ягааны Нэмэхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Нэмэхбаяр миний бие 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захиралын тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургулт үйлдвэрлэлийн төвд математикийн багшаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал агрсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Я.Нэмэхбаяр би 2008 оны 08 дугаар сарын 30-нд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд анх математикийн багшаар ажилд  орсон. Арав дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа математик, мэдээлэл зүйн багшийг давхар эрхэлж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 04-өөс 3 математикийн багш ачаалал нь бага байна гэж үзээд 3 багшийн хооронд тохиролцоонд хүрэх эхний шатны уулзалт захирал Гансүх зохиосон. Энэ хугацаанд Сэргэлэн багш жирэмсний амралттай байсан. Жирэмсний амралтаа дуусгаад ороод иртэл нь Нэмэхбаяр багш та ажлаа хийж байгаад Сэргэлэн багшийг орж ирэхээр нь өөрийн хүсэлтээ бичиж нотариатаар батлуулаад ажлаасаа гарна уу? гэж хэлж байсан. Ингээд би энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг зүйлийг хэлснээс хойш 3 багшийн дунд ажлыг нь тэнцүү хувааж өгье гээд сургалтын албаны Болормаа арга зүйч нийт заах ёстой хичээлийг тэнцүү хувааж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа  Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцаж байгаа суралцагчдын тоо, ангиудын тоог үндэслээд багш нарынхаа цагийн ачааллыг тооцдог байгаа. Үүний дагуу тооцож үзээд математикийн 3 багш байгаа. Энэ 3 багшид нийтдээ Мэргэжлийн боловсрол сургалтын төрийн захиргааны төв байгууллагын буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу аваад үзэхээр ангиудад нийт 27.2 кредит буюу 1224 цагийн математикийн хичээл орохоор тооцоо гарсан байгаа. Энэ тооцоог шахаж үзээд энэ жилдээ энэ тооцоог барья. Ирэх жилээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан сургалтын тусгай зөвшөөрлийн дагуу анги дүүргэлтийн асуудлыг авч үзье гэсэн. Анги дүүргэлтийн асуудал нийтдээ 30 байдаг. Одоогийн төвшинөөр аваад үзэхэд нэг ангид 14 суралцагч байгаа юм. Тэгэхээр илүү нягтрал гарч ирнэ гэсэн тооцооллыг хийгээд математикийн нэг багш үндсэн багшаар байх юм байна. Нэг багш цагийн багш байна гээд үндсэндээ үндсэн нэг орон тоотой нэг цагийн багштай гээд орон тооны хувьд ажилтнуудын орон тоог цөөлсөн нь зүйтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Үүний дагуу захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А72 дугаар тушаалаар багш нарын орон тоог баталсан. Орон тоог батлахдаа хөдөлмөрийн сайд, сангийн сайд нарын хамтарсан 2013 оны А198215 тоот тушаалын 1.3-д заасны дагуу мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн ачааллыг багц цагаар тооцох журмын дагуу захирал өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд мөн төсвийн тухай хуулийн 16.4-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд 16.5.3-д заасны дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу аж ахуй нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр орон тоог цөөрүүлэн тогтоосон юм. Энэ тогтоосны дагуу тухайн багш нартай эхний хэлцэл хийсэн. Нэмэхбаяр багш өөрөө 2018 онд мэргэжлийн сургалтын байгууллагад тасралтгүй таван жил ажилласан учраас 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авах юм. Энэ тэтгэмжээ аваад гарах саналтай тул зохицуулж өгнө үү? гэсэн асуудал ярьж байсан. Үндсэн багш нартайгаа уулзаад Нэмэхбаяр багш саналаа хэлээд жирэмсний амралт аваад хүүхэд асрах 6 сарын чөлөө аваад ажилдаа орж байгаа Сэргэлэн багш хоёр багшдаа боломж олгоод чөлөө үргэлжлүүлж аваад эргээд ажилдаа томилогдооч ээ гэдэг саналыг тавиад эхний өдөр зөвшөөрөөд гарсан. Хоёр хоногийн дараа орж ирэхдээ Сэргэлэн багш би боломжгүй байна. хуулийн дагуу ажилдаа үргэлжлүүлж ажиллая гэсэн. Үүний дагуу Сэргэлэн багшийг үргэлжлүүлэн ажилд нь томилоод гурван багшид гурвууланд нь мэдэгдэх хуудас өгсөн. Та гурвын хувьд мэдлэг ур чадварын төвшинг харгалзаж хэн нь үндсэн багш байх юм. Хэн нь цагийн багш байх юм. Хэн нь ажлаасаа чөлөөлөгдөх гэж тооцно гэдэг байдлаар 09 дүгээр сарын 15-нд мэдэгдэх хуудас өгсөн. мэдэгдэх хуудас өгсний дараа шалгаруулалтандаа бэлдэх ёстой. Энэ шалгаруулалтыг хойшлуулаад Нэмэхбаяр багш өөрөө 2018 он хүртэл ажилламаар байна гэдэг хүсэлтийг үндэслээд 2018 он хүртэл ажиллуулъя гээд 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хичээлийн цагийн хуваарилалтыг хийж өгсөн. Үүний дагуу 4.8 кредит цаг буюу 200 гаруй цагийн хичээл Нэмэхбаяр багш заасан. Нэгэнт ярьж тохиролцсоны дагуу дээрээс нь бүтэц орон тоо шинэчлэгдсэн цалингийн төсөв хүрэлцэхгүй байгаа энэ байдлыг харгалзаад оны сүүлээр холбогдох байгууллагуудад хүсэлт уламжилаад хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, мэргэжлийн боловсрол сургалтын баруун бүсийн арга зүйн төв, аймгийн боловсрол соёл урлагийн газарт хүсэлтүүд явуулаад зөвлөлдөөд ажлын хэсэг томилсон. Математикийн багш нарын мэдлэг ур чадварын төвшинг үнэлж өгнө үү? гэдэг хүсэлт гаргаад 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлтийн дагуу тушаал гаргаж ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэгт Мэргэжлийн боловсрол сургалтын төвийн баруун бүсийн 2 менежер ирж ажилласан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тухайн цаг үеийн ажилтай хүн явуулах боломжгүй байна гэдэг үндэслэлээр ирүүлээгүй. Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас манай яамны харъя биш учраас боломжгүй гэсэн. 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдлэг ур чавдарыг үнэлж дүгнэсэн. Энэ гурван багш ийм байна гээд нотлох баримтад байгаа. Үүний дагуу гурван багшаас мэдлэг ур чадварыг үнэлээд чөлөөлсөн. Дүгнэлтийг Нэмэхбаяр багшид 01 сарын 05-ны өдөр танилцуулсан. Хамгийн бага оноо авсан учраас ажлаас чөлөөлөхөөр байна гэсэн. Өөрөө санал тавьсан. Нийгмийн ажилтан гэдэг орон тоо гарч байгаа. Үүн дээр түр ч гэсэн ажиллах саналтай байна. Ажиллах боломжоор хангаж өгнө үү? гэсэн. 01 дүгээр сарын 08-ны өдрөөс нийгмийн ажилтнаар ажиллах гэж байгаа бол үүнд тодорхой хэмжээний тухайн ажлын байранд заасан шаардлага хангасан байх ёстой. Гэхдээ өөрсдийн чинь саналыг авч үзье. Монгол хэлний багш Цэрэнпунцаг та хоёрын хувьд яаж ажиллах тухай хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулаад ир. Түүн дээр чинь сонгон шалгаруулалт хийх замаар үргэлжлүүлж ажиллуулъя гэдэг байдлаар тооцож үзээд 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 3 сарын турш энэ хүн цаг бүртгүүлж, цалин авсан. Нэг ч цагийн хичээл заагаагүй. Нэг ч төсөл хөтөлбөр, сургалттай холбоотой зүйл хэрэгжүүлээгүй. Миний хувьд тодорхой Хөдөлмөрийн сайд сангийн яамны хамтарсан тушаал, Төсвийн тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бүтэц орон тоог цөөрүүлсэн. Цөөрүүлсний үндсэн дээр гурван багш дээр сонгон шалгаруулалт хийсэн. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гараагүй. Тэгэхээр үүнийг бодитой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 03 дугаар сарын 07-нд тушаал гарсан. Үүнээс хойш хугацаанд Нэмэхбаяр гэдэг багш ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлгэн өгсөн хамгийн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцдог. Үүний дагуу энэ хүн ажлаас халагдсан гэдэг хэцүү байна. Ямар журам заавар бариад маргалдаад яваад байгаа нь тодорхойгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Я.Нэмэхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Я.Нэмэхбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд математикийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Я.Нэмэхбаяртай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, ТҮМБ-3-2 шатлалаар цалинжуулан математик, мэдээлэл зүйн багшаар ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч тал нь Я.Нэмэхбаярыг ажлаас халсан үндэслэлээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын”-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч маргажээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ажлын ачаалалгүй болсон тул математикийн 3 багшийн ур чадвар мэргэжилийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл зохигчдын тайлбараар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 43 багшийн орон тоотой ажиллахаар тогтоосон байна.

Хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлажээ. Уг заалтын агуулга нь эрх бүхий этгээдээс баталсан орон тоо нь байгаа ч тухайн байгууллагын хувьд ажилтан авч ажиллуулах шаардлагагүй байгаа бол ажилтан авахгүй байх, мөн уг орон тоонд өөр ажлын байрыг шилжүүлэх зэрэг агуулга хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа орон тоо нь батлагдсан ажилтанг чөлөөлөх эрх хэмжээ гэж хэрэглэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Сургалт боловсролын байгууллагын үндсэн багшийн кредит хангагдсан байх ёстой онцлогийг харгалзан хичээлийн жилийн эхэнд судалгаа тооцоогоо гаргаж орон тоогоо батлуулдаг байна. Нэхэмжлэгч Я.Нэмэхбаярын тухайд 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлээд хичээллээд явж байсан, багшийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь батлагдсан, багшийн цалин төсөв нь төсөвт суугдсан үед уг орон тоог цөөрүүлсэн нь буруу байна.

Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хуульд заасан агуулгаар буюу заасан хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай бөгөө хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх хуулийн заалтыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч тайлбарлахдаа мэдэгдэх хуудас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өөр мэдэгдэх хуудас мэдэгдсэн боловч ажилтан гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч нь мэдэгдлийн зургийг гар утсаараа авч гарын үсэг зурахгүй гэсэн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Гарын үсэг зурахгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчээр нотолгоожуулан энэ тухай тэмдэглэл үйлдээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Я.Нэмэхбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.Нэмэхбаярын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 1.212.732+704.253+724.293= 2.641.278 төгрөг байна. 2.641.278:3=880.426 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 880.426 : 21.5 = 40.950 төгрөг байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт ажлын 64 хоногийн цалинг тооцож 2.620.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Нэмэхбаярын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.620.800 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.883 төгрөг нийт 127.083 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Урианхай овогт Ягааны Нэмэхбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.620.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нэмэхбаярт олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Я.Нэмэхбаярын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.620.800 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.883 төгрөг нийт 127.083 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН