| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2015/01928/И |
| Дугаар | 210/МА2018/00281 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2018/00281
| 2018 01 24 | 210/МА2018/00281 |
Лха ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03221 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Лха ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-д холбогдох
50 000 000 төгрөг гаргуулах үндсэн, 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Лха ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Лха ХХК нь кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-ын Гүгжэ Гигун тунсан ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт хийж, кабелийн шугам татах бүхий л ажлыг хийж хамтран ажилласан. Хамтран ажиллах гэрээний дагуу ногдол ашгаа 60%, 40%-иар авахаар тооцож 60%-ийн ашгийг Лха ХХК авахаар болсон. Гэтэл ашгаа өгөөгүй тул 100 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 тоот шийдвэрээр 100 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Шийдвэр гарснаас хойш Лха ХХК нь тухайн гэрээний дагуу ашиг авах, үйл ажиллагаанд оролцох боломжийг Ханском ХХК, Мегажит ХХК нь олгоогүй тул 2015 оны 02 сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЦЭСБ Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Ханском ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 563 636 364 төгрөгийн борлуулалтын орлого, 89 573 720 төгрөгийн зардлыг ил болгож тайлагнаснаар нийт цэвэр ашиг нь 474 063 644 төгрөг гарсан. Ханском ХХК, Мегажит ХХК нь Лха ХХК-ийн анхны хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр бий болсон интернэт, кабел дамжуулалт, хэрэглэгчдээс үйлчилгээ үзүүлсний дүнд төлбөр авч ашиг олдог компани. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон орлого ашгаас Лха ХХК гэрээний дагуу ашгаа шаардах эрхтэй. Хамтран ажиллах гэрээний хугацаа хүчинтэй байгаа бөгөөд хариуцагч талаас ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй учир 50 000 000 төгрөгийн ашгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Иймд 2013, 2014 оны ашгаас хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК тус бүрээс 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээг БНСУ-ын Гүгжэ гигун тунсан компани нь Лха ХХК-тай хамтарч байгуулсан. Гэрээ байгуулахын өмнө 2003 онд хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичиг үйлдсэн. Аж ахуй эрхлэх гэрээгээр 4 төрлийн ажил буюу кабелын телевизийн сүлжээ тавих, нэвтрүүлгийн төвтэй холбоотой түрээс эрхлэх, нэвтрүүлгийн нээлттэй их сургууль байгуулах, интернэт ба валлпиг тусгай гэрээ байгуулахаар гэрээний хамрах хүрээг тооцож байгуулсан. 2004 онд талууд кабелын телевизийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ гэрээний 3 дугаар зүйлд үүрэг хуваарилах, зардал хуваарилах, угсралтын ажил хуваарилах, бусад хэсэг гэсэн үндсэн тохироо хийсэн. Нэхэмжлэлийн гол үндэслэл болсон зүйл нь Б талын буюу нэхэмжлэгч байгууллагын кабелын сувагчлалыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр тайлбарласан. Ийм үйл явдал болоогүй гэдгийг ашиглалтын гэрээний бусад хэсэгт тодорхой заасан. Ингээд 2013, 2014 оны ашиг өгөх ёстой юу, ёсгүй юу гэдгийг ярихын тулд Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг ярих ёстой. Анх үйл ажиллагаа явуулснаас хойш бүх түрээсийн төлбөрийг Ханском ХХК дангаараа төлж ирсэн. Компанийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад шинжээч томилж дүгнэлтээр Ханском ХХК нь 2013 онд нийт 188 877 971 төгрөгийн орлого олж, 234 253 842 төгрөгийн зардал гаргаж, 45 374 871 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 212 164 246 төгрөгийн орлого олж 217 588 245 төгрөгийн зардал гаргаж, 5 423 999 төгрөгийн алдагдалтай ажилласан. Мегажит ХХК нь 2013 онд 215 310 562 төгрөгийн орлого олж, 218 315 654 төгрөгийн зардал гаргаж, 3 005 091 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 115 679 900 төгрөгийн орлого олж, 113 313 763 төгрөгийн зардал гаргаж, 2 366 137 төгрөгийн ашигтай ажилласан. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаарх тайланг ярьж байгаа боловч энэ нь 2013, 2014 онд нуусан, тайлагнаагүй байсан орлогоо тайлагнасан гэсэн үг биш. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө улсад тайлагнаагүй, тайлан, мэдээ, мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор тайлагнах эрхийг олгосон юм. Тэгэхээр энэ хуульд өмнөх үргэлжлэх хугацааг заагаагүй учраас зөвхөн 2013, 2014 оны орлогыг нуусан, хөрөнгөө тайлагнаагүй зүйл байхгүй. Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2013, 2014 оны тайланг бүрэн нуусан гэдэг нь нотлогдохгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу Лха ХХК нь Ханском ХХК-ийн кабелийн шугамыг айл өрх рүү оруулах ёстой, зардлыг өөрөө гаргаж тухайн айл нь кабел үзсэний төлбөрийг төлсөн тохиолдолд тус төлбөрийн 60%-ийг авах ёстой байсан. 2013, 2014 онд гэрээний дагуу хоёр тал хамтарч ажиллаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хамтран ажиллаж байсан хугацаа буюу 2005-2010 оны ашгийг Лха ХХК авч үүнээс хойш хамтын гэрээ үргэлжлээгүй. Ханском ХХК, Мегажит ХХК нь кабелийн сүлжээ, интернет сүлжээ, мэдээллийн сүлжээ, засвар үйлчилгээ хийх гэсэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Лха ХХК нь зөвхөн кабелийн үйл ажиллагаа явуулсан орлогоос 60%-ийн ашгаа авах байсан гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дан ганц кабелийн үйл ажиллагаанаас орлого орсон гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оноос хойш хамтарч үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: БНСУ-ын Гүгжэ гигун тунсан ХХК, Лха ХХК-ийн хооронд 2004 онд Аж ахуй эрхлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд хамтран ажиллаж байсан боловч Лха ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгохдоо 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани юм. А ба Б талын өмчлөлд 80%, 20%-ийг даган бүх хөрөнгө оруулалтын хэмжээг А тал 80, Б тал 20%-аар хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Хуучин гэрээ хэрэгжих боломжгүй болсон учир тус тохиролцооны бичиг байгуулахын өмнө Б талын бүх өр зээлийг эс тооцох буюу нэхэмжлэгчийн дурдаж байгаа өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт маш олон санхүүгийн баримт авагдсан байсан. Энэ баримтаар Лха ХХК нь өөр компаниас маш их хэмжээний зээл авч тэр зээлийг нь тухайн үед Ханском ХХК төлөөд өмнөх гэрээ нь хэрэгжих боломжгүй болж тохиролцооны бичиг байгуулсан. Талууд үүргийн гүйцэтгэлийг солихоор тохиролцсон. Иймд 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэ хамтран ажиллах гэрээний бүх үйл ажиллагаа нь Лха стар ХХК руу шилжсэн ба БНСУ-ын иргэн Ли Сон Үг 80%, Лха ХХК 20%-ийн хувьцаа эзэмшихээр болсон. Иймд 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Лха ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Тохиролцооны бичиг нь 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг илэрхийлж байгаа гэх боловч 2010 онд Лха ХХК шүүхэд хандаад явж байхад энэ үйл баримт бүгд яригдаж Ханском ХХК, Мегажит ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйлгүй. 3 шатны шүүхийн шийдвэрт Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг зүйл ч дурдаагүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК тус бүрээс 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Лха ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж,
Лха ХХК-д холбогдох 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот дансаас гаргуулж Ханском ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-аас 7 500 000 төгрөг гаргуулж Монста Аудит ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Лхагвадорж давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөрөнгө оруулалтын дараахь үр ашгийг нэхэмжилснийг шүүх үндэслэл бүхий шийдэж чадаагүй. Учир нь Монгол-Солонгос 2 компани хоёр талаас хөрөнгө оруулж кабелийн сүлжээ байгуулсан. Хөрөнгө оруулсан кабелийн сүлжээ нь ажиллахаа бүрэн зогсох хүртэл орлогогүй болж дампуурах хүртэл хугацааны ямар ч хязгаарлалтгүйгээр хөрөнгө оруулагч нар ашиг хүртэх эрхтэй. Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуулиудад энэ эрхийг баталгаажуулсан. Нэгэнт анхны хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа эхэлж ашиг өгч байгаа үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч нар дахин хөрөнгө оруулахгүй бол ашгаас хүртэж болохгүй гэсэн хууль Монгол улсад байхгүй. Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заагдсан нөхцлөөр гэрээнээс татгалздаг. Шүүх үндэслэх хэсэгтээ "цаашид хамтран ажиллах боломжгүй болсон гэж тайлбарлан гэрээнээс татгалзаж ... хамтын ажиллагааг үргэлжлүүлсэн гэх баримтгүй" гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Гэрээнээс татгалзсан гэх ямар ч баримт байхгүй, хэн ч гэрээнээс татгалзаагүй. Гэрээ хэрэгжээд кабелийн шугам ажиллаад үр ашгаа өгсөн үйлдэлд цаашид хөрөнгө оруулаагүй нь хамтын ажиллагаа үргэлжлүүлээгүй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Аж ахуй эрхлэх гэрээ нь хавтаст хэрэгт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлтүүд хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шинжээчийн зардлыг нэхэмжлэгч буюу "Лха" ХХК-аар төлүүлэх ёстой атал хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагч уг зардлыг төлөх үндэслэлгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Лха ХХК нь хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-д холбогдуулан 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Талуудын хооронд өмнө нь хамтран ажиллах гэрээний харилцаа үүсч байсан бөгөөд нэхэмжлэгч Лха ХХК нь хариуцагч Ханском ХХК, Мегажит ХХК-д холбогдуулан уг гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар тогтоолоор хангаж, хариуцагч тус бүрээс 50 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд уг гэрээний дагуу аваагүй үлдэгдэл ашиг орлогыг шаардаж байна уу эсхүл гэрээ дуусгавар болж, компанид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тооцоолон олсон орлого, ашгийг шаардаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талуудын хооронд мэтгэлцээн өрнөх ёстой.
Маргааны зүйл болж байгаа ашиг орлоготой холбоотой, хамтын үйл ажиллагааны талаарх гэрээ болох аж ахуй эрхлэх гэрээ хэрэгт авагдаагүй байх бөгөөд талууд шүүх хуралдааны явцад тухайн гэрээг нотлох баримтаар хэрэгт авах эсэх талаар тайлбар гаргаж маргасан байна. Зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон эсэх, гэрээний дагуу хариуцагчид ямар үүрэг үүссэн талаар маргаж байгаа тохиолдолд уг гэрээ хэрэгт байх нь чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хариуцагч Мегажит ХХК, Ханском ХХК-ийг 2013-2014 онуудад тус компаниудын тайлагнасан орлого, зардал, цэвэр ашиг үндэслэлтэй эсэхэд шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж, Монста аудит ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Уг шинжээчийн дүгнэлтэд шинжээчийн гарын үсэг байхгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Лха ХХК-ийн төлсөн 408 000 төгрөг, хариуцагч Ханском ХХК-ийн төлсөн 134 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ