Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00209

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00209

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э -д холбогдох

 

Гэм хорын хохирол 775 783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М , Р.Ж ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С ,

прокурор П.Мөнхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э - нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 тушаалаар Б.Мэндсайханыг гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 тушаалыг хүчингүй болгож, Б.Мэндсайханыг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 705 583 төгрөгийг олгосон байна. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б.Мэндсайханд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 775 783 төгрөгийг олгосон. Б.Э -ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 775 783 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Э -оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э - шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Б.Мэндсайханыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 705 583 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт болсныг хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Төрийн албаны хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба уг хуульд шинээр батлагдсан энэ хуулийг өмнөх Төрийн албаны харилцаанд буцаан хэрэглэх тухай зохицуулалт байхгүй байна.

Ийм учраас нэхэмжлэгчийн энэхүү хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн албанаас ажилтныг халсан, энэ нь буруу болох нь шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хэрэгжих боломжтой болох ба хуучин Төрийн албаны хууль хэрэгжиж байхад ажилтныг ажлаас халсан буруутай албан тушаалтанд энэ хууль үйлчлэхгүй гэсэн үг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэл гаргах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Э -оос 775 783 хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э -од холбогдох 775 783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Р.Ж нар нь давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал хашиж байсан Б.Э - нь Б.Мэндсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож хариуцагч Б.Э - нь Б.Мэндсайханы ажилгүй байсан хугацааны олговрыг түүний ХААН банкны 5026822845 тоот данс руу төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог, мөн уг асуудлыг хүлээн зөвшөөрдөг болно.

Гэтэл анхан шатны шүүх ... Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ ... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн төрд учирсан хохирол 775 583 төгрөгийг Б.Э -оос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аль ч хуулиар олгогдсон. Нөгөөтэйгүүр Төрийн албаны зөвлөл анхан шатны шүүхийн дүгнэж байгаачлан 2019 онд хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль /2002 он/- ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Түүнчлэн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан тодорхой зохицуулалт хуульчлагдаагүй болно.

Мөн анхан шатны шүүх "... Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан төрийн албаны зарчмаас үзэхэд Б.Э -ын үйл ажиллагаатай холбоотой хохирлыг төр хариуцахаар байна ... гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн дээрх заалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана гэж ойлгоно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Прокурор П.Болормаа давж заалдах гомдолдоо: Төрийн албаны тухай дээрх хуульд буцаан хэрэглэхийг хориглоно гэсэн хязгаарлалт тогтоосон хэм хэмжээг хуульчлаагүй. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгасан хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломжгүй гэж үзэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дэх заалтыг баримтлан гаргасан татгалзлын хуулийн үндэслэл нь зөвхөн иргэний хууль тогтоомжийг л буцаан хэрэглэхгүй гэснээс биш, Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуульд ч дээр дурдснаар буцаан хэрэглэхгүй гэсэн хязгаарлалт байхгүй байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлд дурдаж буй Б.Э -оос 775 738 төгрөгийг гаргуулж төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.Э -ыг Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байхдаа Б.Мэндсайханыг ажлаас үндэслэлгүй халсны улмаас төрд 775 783 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр түүнээс уг хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч эс зөвшөөрч, хуулийг буцаан хэрэглэхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчдын маргааныг шийдвэрлэхдээ 2002, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0547 дугаар шийдвэрийн дагуу ажилтан Б.Мэндсайханыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, цалин, хөлстэй тэнцэх олговорт 775 783 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ үйл баримтад маргаангүй.

Нэхэмжлэгч тал 2017 оны Төрийн албаны хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ.

Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчлэнэ. Иймд хуулийн дээрх заалтаар хариуцагч Б.Э -ын 2017 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсээгүй гэж үзнэ.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Энэ зүйл нь Төрийн албаны зөвлөлийн эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир хариуцагч Б.Э -ын албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл болохгүй.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Б.Э -ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Б.Мэндсайханд учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төрийг төлөөлсөн прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрйг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлсөн прокурор нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, мөн төрийг төлөөлсөн прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД