Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00315

 

 

 

 

 

 

2018 01 26

210/МА2018/00315

 

 

Ивэн-Оюун ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 184/ШШ2017/02720 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ивэн-Оюун ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Чулуунчимэгт холбогдох

 

Өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, хариуцагч О.Чулуунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ивэн-Оюун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Оюун миний бие өмгөөлөгч О.Чулуунчимэгтэй харилцан тохиролцож 2014 оны 09 сарын 08-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч О.Чулуунчимэг нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 сарын 24-ний өдрийн 116 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар, энэ ажлын хөлсөнд өмгөөлөгч 40 000 000 төгрөг авахаар харилцан тохиролцсон. Өмгөөлөгч О.Чулуунчимэг нь  ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатарыг сайн танина, таны энэ асуудлыг танилцуулж, Геронтологийн төвийг нүүлгэн, Геронтологийн төвийн байрны хувьчлагдаагүй үлдсэн талбайг  хувьчлуулах тогтоол гаргуулж  чадна  хэмээн надад их  итгэл үнэмшлийг төрүүлсэн учир  би өндөр үнэтэй өмгөөлөгч авсан. Гэрээний дагуу 40 000 00 төгрөгийн тал болох 20 000 000 төгрөгийг өгсөн. Өмгөөлөгч О.Чулуунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс  хийх  ёстой ажлаа  хийхгүй байсан мөн түүнийг миний өмгөөлөгчөөр ажиллаж байх  хугацаанд гэрээний  үр дүн огт гарахгүй байсан тул шүүхэд хандсан.

Бэлнээр 1 000 000 төгрөг өгч, үлдсэнийг нь дансаар өгөхөөр тохиролцоод, О.Чулуунчимэг дансаа бичээд надад өгсөн. Гэрээний үр дүн нь Геронтологийн төвийг нүүлгэх байсан. Надаас 20 000 000 төгрөг авахдаа ажил бүтсэн, нүүлгэхээр болсон, 7 хоногийн дараа улаан тамгатай цаас очино гэсэн. Би итгээд хүлээсэн. Ингээд тус төвийн даргатай өөрийн биеэр очиж уулзахад тийм зүйл байхгүй гэсэн. Ингээд гэрээнээс татгалзахаар шийдсэн. Хариуцагчийн  гэрээгээр хүлээсэн үүрэг 1 хувь ч биелэгдээгүй, үр дүн гараагүй тул өмгөөллийн хөлсөнд өгсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч О.Чулуунчимэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Бид 2014 оны 09 сарын 08-ны өдөр эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх 14/04 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 сарын 24-ний өдрийн 116 дугаартай тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгуллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх, энэ талаарх  бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Харин үйлчлүүлэгчийн тухайд өмгөөллийн хөлсөнд 40 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ийнхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-д зааснаар өмгөөллийн хөлсний хэмжээг болон урьдчилгааны хэмжээг харилцан ярилцаж тохиролцсон ба энэхүү хэмжээг гаргахдаа үйлчилгээний хүрээ болон үр дүн, асуудлын онцлог хүндрэл, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан тогтоосон. Урьдчилгаа төлбөр болох 18 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээг байгуулснаас хойш өмгөөлөгч миний бие үүрэгт ажилдаа орсон ба нэхэмжлэлд дурдсан шиг хэн нэгэн албан тушаалтныг танина гэх байдал огт гаргаж байсан удаагүй ба мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд хуулийн дагуу асуудалд хандах талаар ярилцаж гэрээ байгуулсан. Nyam-Erdene, Nyam-Ochir гэх цахим хаягнаас 2014 оны 12 сарын 15-ны өдөр өөрийн байгууллагын тамга, албан бланкан дээр 30 дугаар бүхий гэрээг цуцалж, төлбөрөө буцаан авах тухай албан бичиг хүргүүлсэн ба мөн түүний дараа 2014 оны 02 сарын 14-ний өдөр гэрээ цуцлах санал гаргаагүй мэтээр хийсэн ажлын тайлан шаардсан байсан. 2014 оны 09 сарын 12-ны өдөр тус байгууллагын нэрийн өмнөөс эрх зүйн үндэслэл бүхий албан тоот төлөвлөж энэхүү албан бичгийг Төрийн өмчийн хороонд өөрийн биеэр аваачиж өгсөн. Ингээд албан бичгийн дагуу Төрийн өмчийн хороо хуралдаж хариуг Ивэн Оюун ХХК-д хүргүүлсэн. Энэхүү асуудлаар Д.Оюун гуай тухайн 9 жил гаруй хугацаанд олон арван бичиг илгээж байсан ч нэг ч удаа хуралдаж байгаагүйг дурдах хэрэгтэй гэж бодож байна. Улмаар хурлаас Геронтологийн төвийн хувьчлал буюу Засгийн газрын 116 дугаар тогтоолын биелэлтийн асуудлыг хэлэлцэж, энэ талаар ажлын хэсэг гарган 2014 оны 11 сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралд тайлагнахыг үүрэг болгосон. Дээрх чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны даргын  үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатар 2014 оны 10 сарын 28-ны өдөр А/223 дугаар бүхий тушаал гаргаж Засгийн газрын 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх боломжийг судлах зорилго бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт яамдын төрийн нарийн бичгийн дарга нар багтсан бөгөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд 2014.12 сард нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ байдалтай холбогдуулан ажлын хэсгийн ирц бүрдэхгүй асуудал тулгарсан ба мөн түүний хажуугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хамгийн том асуудал үүссэн нь Геронтолийн төвийг хаашаа нүүлгэх вэ гэдэг асуудал юм.Энэ талаар миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Батчулуунтай биечлэн уулзаж байсан...хамгийн сүүлд Төрийн өмчийн хорооноос 2015 оны 03 сарын 09-ний өдөр 4/573 дугаар бүхий албан тоот ирсэн ба тэрхүү бичгээс бидний гэрээгээр тохирсон ажил ямар шатандаа явж байгаа болон миний ёс зүй болон ур чадвараас алинаас ч хамааралгүйгээр удааширч байсныг харж болно. Тогтоолын хавсралтад заасан бүхий л аж ахуйн нэгжид хамааралтай байхад үйлчлүүлэгчийн зүгээс зөвхөн өөрт нь худалдах асуудал яригдах ёстой мэтээр надад шаардлага тавьж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийх үүднээс асуудалд хандах болсон. Хэрвээ Эрүүл мэндийн яамнаас Төрийн өмчийн хорооны албан тоотын дагуу хамтран ажиллаж төрийн байгууллагын байрлах байрыг шийдсэн тохиолдолд ажлын хэсгээс хувьчлах үнийн санал гаргагдаж хавсралтад заагдсан аж ахуйн нэгжүүдэд үнийн саналаа  танилцуулж худалдсанаар тогтоол бүрэн хэрэгжих юм. Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд намайг шалгуулахаар өгч, улмаар 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 2/47 тоот Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамжаар өмгөөллийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтэд гомдол гаргаагүй учраас мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байна. Намайг мэргэжлийн байгууллага нь шалгаад гэрээний үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон. Иймээс урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй бөгөөд харин ч олох ёстой байсан орлого болох үлдэгдэл 22 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дах хэсэгт заасныг баримтлан Ивэн Оюун ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Чулуунчимэгт холбогдох өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюун давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар өмгөөлөгч О.Чулуунчимэг нь 2014 оны 9 сарын 8-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх 14\04 дугаартай гэрээний 1.1-д заасан үүргээ биелүүлэх ёстой байсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамааралгүй гэж үүргээ биелүүлээгүй, этгээдийг буруугүй гэж ямар ч үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1, 2.1.4, 2.2.1, 2.2.4-т зааснаар Төрийн өмчийн хороонд гаргасан хүсэлт ажиллагаа биш гэдэг нь харагдана. Төрийн өмчийн хороо тогтоолыг эс биелүүлж байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор бүхий л газарт болон захиргааны шүүхэд хандаагүй байдаг ба түүнийг өөр өмгөөлөгч н.Ганбилэг хийж гүйцэтгэсэн байдаг, үүнийг нотлох баримтаар өгсөн. Түүнчлэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг шаардсан байдаг. Гэтэл өмгөөлөгч О.Чулуунчимэгийн үйлчлүүлэгч надгай хийсэн гэрээ нь анхнаасаа намайг хуурч мэхэлсэн, н.Цогтбаатар даргыг танина, хурдан xyгацаанд шийдвэрлүүлнэ, ийм улаан тамгатай бичгийг 7 хоногийн дараа гаргуулна гээд ярьчихсан, үлдэгдэл мөнгөө авъя гэх мэтээр байнга худлаа хэлж байсан. Одоо бодож байхад энэ нь өмгөөлөгч О.Чулуунчимэгийн хийх ажил биш төрийн хэрэгжүүлэгч агентлагуудын хийх ёстой ажил, харин хийхгүй байгаа талаар нь Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан байхад 20 000 000 төгрөг аваад нэг л удаа бичиг явуулсан өөр юу ч хийгээгүй байхад үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж шүүгч дүгнэж байгаад гайхаж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ивэн-Оюун ХХК нь хариуцагч О.Чулуунчимэгт холбогдуулан өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөн, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх, энэ талаарх бичиг баримтыг боловсруулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч нь уг ажлын хөлсөнд 40 000 000 төгрөг, үүнээс урьдчилгаанд 19 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд, нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч буруугүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэргийн баримт болон талуудын тайлбараас үзвэл Засгийн газрын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолд Геронтологийн төвийн байрыг хувьчлах талаар тусгасан, төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хувийн өмчид шилжүүлэх харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахаас өмнө уг асуудлаар Төрийн өмчийн хороонд хандаж байсан нь хэргийн 91, 126, 127 дугаар талд авагдсан Төрийн өмчийн хорооны 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Зохигч үүргийн гүйцэтгэлийг хангах арга, зарчмын талаар гэрээний 1.2-т ...гэрээгээр хүлээсэн үүргээ бодитойгоор болон зохих ёсоор биелүүлэх, тууштай үнэнч ажиллах, 2.2.3-т ... түргэн шуурхай байх зарчмыг баримтлан, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг тууштай хамгаална, 2.2.4-т ... хэргийн талаар үйлчлүүлэгчдээ танилцуулж, мэдээллээр хангах гэж тусгасан байна.

 

Хариуцагч тал гэрээ байгуулагдсанаас хойш Төрийн өмчийн хороонд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр албан бичиг боловсруулж, хүргүүлснийг Төрийн өмчийн хороо хүлээн авч нэхэмжлэгч байгууллагад 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын 2006 оны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд 42 дугаар тэмдэглэл гарсныг хүргүүлж байна гэх агуулга бүхий албан бичиг явуулсан байна. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар Засгийн газрын 2006 оны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Төрийн өмчийн хороонд хандаж 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр албан бичиг боловсруулснаас өөр ажил хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлаа бодитой гаргаж өгөөгүй, ажлын үр дүн харагдахгүй байна гэх үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болон 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан авах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч үүргийг гэрээнд заасан журмын дагуу гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, төлбөрөө буцаан шаардсаныг буруутгах үндэслэл тогтоодсонгүй.

 

Хариуцагч гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хороонд, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэнд, спортын яаманд хандаж албан бичиг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх боловч тэрээр дээрх асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа амаар болон бичгээр хандаж, хариуг шаардан ажилласан, Төрийн өмчийн хороонд 50-60 удаа очсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Тэрээр тодорхой хийж гүйцэтгэсэн ажлаа баримтаар нотолсон нөхцөлд хөлс авах эрхтэй боловч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал гэрээг цуцалснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэх хэдий ч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2 000 000 төгрөгөөр үнэлнэ гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 19 000 000 төгрөгөөс уг мөнгөн дүнг хасч 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 184/ШШ2017/02720 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Чулуунчимэгээс 17 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ивэн-Оюун ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 242 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай" гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ