Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00875

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/02720 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00315 дугаар магадлалтай

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

О.Чт холбогдох

Өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюун, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, хариуцагч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюун миний бие өмгөөлөгч О.Чтэй харилцан тохиролцож 2014 оны 09 сарын 08-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч О.Ч нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 сарын 24-ний өдрийн 116 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар, энэ ажлын хөлсөнд өмгөөлөгч 40 000 000 төгрөг авахаар харилцан тохиролцсон. Өмгөөлөгч О.Ч нь ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатарыг сайн танина, таны энэ асуудлыг танилцуулж, Геронтологийн төвийг нүүлгэн, Геронтологийн төвийн байрны хувьчлагдаагүй үлдсэн талбайг хувьчлуулах тогтоол гаргуулж чадна хэмээн надад их итгэл үнэмшлийг төрүүлсэн учир би өндөр үнэтэй өмгөөлөгч авсан. Гэрээний дагуу 40 000 00 төгрөгийн тал болох 20 000 000 төгрөгийг өгсөн. Өмгөөлөгч О.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс хийх ёстой ажлаа хийхгүй байсан мөн түүнийг миний өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд гэрээний үр дүн огт гарахгүй байсан тул шүүхэд хандсан.

Бэлнээр 1 000 000 төгрөг өгч, үлдсэнийг нь дансаар өгөхөөр тохиролцоод, О.Ч дансаа бичээд надад өгсөн. Гэрээний үр дүн нь Геронтологийн төвийг нүүлгэх байсан. Надаас 20 000 000 төгрөг авахдаа ажил бүтсэн, нүүлгэхээр болсон, 7 хоногийн дараа улаан тамгатай цаас очно гэсэн. Би итгээд хүлээсэн. Ингээд тус төвийн даргатай өөрийн биеэр очиж уулзахад тийм зүйл байхгүй гэсэн. Ингээд гэрээнээс татгалзахаар шийдсэн. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг 1 хувь ч биелэгдээгүй, үр дүн гараагүй тул өмгөөллийн хөлсөнд өгсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014 оны 09 сарын 08-ны өдөр эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх 14/04 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 сарын 24-ний өдрийн 116 дугаартай тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх, энэ талаарх бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Харин үйлчлүүлэгчийн тухайд өмгөөллийн хөлсөнд 40 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ийнхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-д зааснаар өмгөөллийн хөлсний хэмжээг болон урьдчилгааны хэмжээг харилцан ярилцаж тохиролцсон ба энэхүү хэмжээг гаргахдаа үйлчилгээний хүрээ болон үр дүн, асуудлын онцлог хүндрэл, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан тогтоосон. Урьдчилгаа төлбөр болох 18 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээг байгуулснаас хойш өмгөөлөгч миний бие үүрэгт ажилдаа орсон ба нэхэмжлэлд дурдсан шиг хэн нэгэн албан тушаалтныг танина гэх байдал огт гаргаж байсан удаагүй ба мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд хуулийн дагуу асуудалд хандах талаар ярилцаж гэрээ байгуулсан. Nyam-Erdene, Nyam-Ochir гэх цахим хаягаас 2014 оны 12 сарын 15-ны өдөр өөрийн байгууллагын тамга, албан бланкан дээр 30 дугаар бүхий гэрээг цуцалж, төлбөрөө буцаан авах тухай албан бичиг хүргүүлсэн ба мөн түүний дараа 2014 оны 02 сарын 14-ний өдөр гэрээ цуцлах санал гаргаагүй мэтээр хийсэн ажлын тайлан шаардсан байсан. 2014 оны 09 сарын 12-ны өдөр тус байгууллагын нэрийн өмнөөс эрх зүйн үндэслэл бүхий албан тоот төлөвлөж энэхүү албан бичгийг Төрийн өмчийн хороонд өөрийн биеэр аваачиж өгсөн. Ингээд албан бичгийн дагуу Төрийн өмчийн хороо хуралдаж хариуг Ивэн Оюун ХХК-д хүргүүлсэн. Энэхүү асуудлаар Д.Оюун гуай тухайн 9 жил гаруй хугацаанд олон арван бичиг илгээж байсан ч нэг ч удаа хуралдаж байгаагүйг дурдах хэрэгтэй гэж бодож байна. Улмаар хурлаас Геронтологийн төвийн хувьчлал буюу Засгийн газрын 116 дугаар тогтоолын биелэлтийн асуудлыг хэлэлцэж, энэ талаар ажлын хэсэг гарган 2014 оны 11 сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралд тайлагнахыг үүрэг болгосон. Дээрх чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатар 2014 оны 10 сарын 28-ны өдөр А/223 дугаар бүхий тушаал гаргаж Засгийн газрын 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх боломжийг судлах зорилго бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт яамдын төрийн нарийн бичгийн дарга нар багтсан бөгөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд 2014.12 сард нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ байдалтай холбогдуулан ажлын хэсгийн ирц бүрдэхгүй асуудал тулгарсан ба мөн түүний хажуугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хамгийн том асуудал үүссэн нь Геронтологийн төвийг хаашаа нүүлгэх вэ гэдэг асуудал юм.Энэ талаар миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Батчулуунтай биечлэн уулзаж байсан...хамгийн сүүлд Төрийн өмчийн хорооноос 2015 оны 03 сарын 09-ний өдөр 4/573 дугаар бүхий албан тоот ирсэн ба тэрхүү бичгээс бидний гэрээгээр тохирсон ажил ямар шатандаа явж байгаа болон миний ёс зүй болон ур чадвараас алинаас ч хамааралгүйгээр удааширч байсныг харж болно. Тогтоолын хавсралтад заасан бүхий л аж ахуйн нэгжид хамааралтай байхад үйлчлүүлэгчийн зүгээс зөвхөн өөрт нь худалдах асуудал яригдах ёстой мэтээр надад шаардлага тавьж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийх үүднээс асуудалд хандах болсон. Хэрвээ Эрүүл мэндийн яамнаас Төрийн өмчийн хорооны албан тоотын дагуу хамтран ажиллаж төрийн байгууллагын байрлах байрыг шийдсэн тохиолдолд ажлын хэсгээс хувьчлах үнийн санал гаргагдаж хавсралтад заагдсан аж ахуйн нэгжүүдэд үнийн саналаа танилцуулж худалдсанаар тогтоол бүрэн хэрэгжих юм. Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд намайг шалгуулахаар өгч, улмаар 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 2/47 тоот Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамжаар өмгөөллийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтэд гомдол гаргаагүй учраас мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байна.Намайг мэргэжлийн байгууллага нь шалгаад гэрээний үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон. Иймээс урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй бөгөөд харин ч олох ёстой байсан орлого болох үлдэгдэл 22 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/02720 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Чт холбогдох өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00315 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/02720 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Чээс 17 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 242 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 210/МА2018/00315 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.

Нэг. Шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч нь хариуцагчийг ТӨХ-нд хандаж 2014 оны 9 дугаар сарын 12-ны өдөр албан бичиг боловсруулснаас өөр ажил хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлаа бодитой гаргаж өгөөгүй, ажлын үр дүн харагдахгүй байна гэж үзэж гэрээг цуцалж төлбөрөө буцаан шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний агуулга, гүйцэтгэх ажил үүргийн онцлог, талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөл, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах үүрэгтэй байтал өөрийн татгалзлын үндэслэлийг хангалттай нотлоогүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Тухайлбал талуудын хооронд 2014 оны 9 дугаар сард байгуулсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-д өмгөөлөгчийн хийж гүйцэтгэх ажлыг зааж өгсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өмгөөлөгч нь гэрээ цуцлагдахаас өмнө төрийн эрх бүхий байгууллагад гэрээнд заасан үүргээ биелүүлж хүсэлт гаргаж, бичиг баримт боловсруулж, хариуцагчтай уулзаж зөвлөгөө өгч байсан нь хангалттай нотлогддог. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх нь нэхэмжлэгчид байгаа бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж гэрээг цуцалж, өмгөөлөгчийг гэрээнд заасан үүргээ үргэлжлүүлэх боломжгүй болсны дараа өмгөөлөгчийг үр дүн гаргаагүй гэж буруутгах нь зохимжгүй юм. Өмгөөлөгчийн бусдад хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээний онцлог нь ямар нэгэн үр дүнг гаргана гэж амлах боломжгүй байдаг бөгөөд хууль, мэргэжлийн ёс зүйн дүрмээр хориглосон байдаг. Харин өмгөөлөгчийн ажлын үр дүнг эцэслэн дүгнэх боломжгүй болсон нь хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой юм.

Хоёр. Шүүх магадлалдаа “...хариуцагч гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ТӨХ-нд, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл, Мэнд, Спортын Яаманд хандаж бичиг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх боловч дээрх асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа амаар болон бичгээр хандаж, хариуг шаардан ажилласан, ТӨХ-нд 50-60 удаа очсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 25.2.2-т заасны дагуу баримтаар нотолсон нөхцөлд хөлс авах эрхтэй” гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон дээрх дүгнэлт нь 2014 оны 9 дугаар сард байгуулсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр талууд сайн дураар, харилцан тохиролцсон нөхцөлийг үгүйсгэсэн, Иргэний Хуулийн 1.2-т заасан гэрээний эрх чөлөөний зарчим, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2-т заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар гэрээний талууд болох нэхэмжлэгч хариуцагч нар Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.1, 4.2-т өмгөөллийн хөлс, урьдчилгаа төлбөрийг тохиролцон байна. Мөн гэрээний 5.2-т үйлчлүүлэгчийн буюу нэхэмжлэгчийн санаачилгаар болон үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлсөн хөлсийг буцаан олгохгүй байх нөхцөлийг хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Талууд гэрээний 1.1 -д өмгөөлөгчийн хийж гүйцэтгэх ажил, 4.1-д өмгөөллийн нийт хөлсөнд 40 сая төгрөг, 4.2-т урьдчилгаа төлбөрт 19 сая төгрөг, 5.2-т гэрээг сайн дураар болон үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлсөн төлбөрийг буцаан олгохгүй байхаар гэрээний агуулгаа тохиролцсон байхад Давж Заалдах шатны шүүх “...дээрх асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа амаар болон бичгээр хандаж, хариуг шаардан ажилласан, ТӨХ-нд 50-60 удаа очсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 25.2.2-т заасны дагуу баримтаар нотолсон нөхцөлд хөлс авах эрхтэй” гэж дүгнээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг зөрчиж байна. Талууд гэрээнд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсноор өмгөөлөгч урьдчилгаа хөлсөө шаардах үүсч, өмгөөллийн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа үлдсэн хөлсөө шаардах эрх үүсэх болохоос Давж Заалдах Шатны Шүүхийн дүгнээд байгаа шиг төрийн байгууллагад очсоноо, албан бичгийн хариуг амаар шаардсанаа нотолсны дараа хөлс авах эрхтэй гэсэн нь гэрээнд заагаагүй, талууд харилцан тохиролцоогүй, үндэслэл муутай боломжгүй, учир дутагдалтай дүгнэлт юм.

Гурав. Шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч тал гэрээг цуцалснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагавар үүсэх хэдий ч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2 сая төгрөгөөр үнэлнэ гэж тайлбарласан тул 19 сая төгрөгөөс уг мөнгөн дүнг хасч 17 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэжээ.

Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т заасан байдаг “...Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан байдаг.

Давж Заалдах Шатны Шүүх магадлалдаа өмгөөлөгчид гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн хөлсийг шударга ёсны зарчимд нийцэхгүй, өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь 2 сая төгрөгийн үнэтэй, 2 сая төгрөгийг өмгөөлөгчид төлөх нь, 17 сая төгрөгийг буцаан авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна. Учир нь хуульч, өмгөөлөгчийн ажлын ажлын үр дүн нь гэрээ дуусгавар болсон үед, өөрөөр хэлбэл УДШ-ийн эцсийн шийдвэр гарсан, эсхүл тухайн үйлчлүүлэгчид ашигтай нөхцөл байдал үүссэн үйл явдал болсон байхыг ойлгоно. Харин өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөөр ажиллах гэрээнээс ялгагдах нэг онцлог шинж нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, үр дүн гаргах хугацаа гэж байхгүй, байх боломжгүй, уг хугацаа нь өмгөөлөгчөөс огт хамааралгүй зүйл юм. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг албан бичиг боловсруулсан төдийгөөр ойлгож, уг үйл ажиллагаа нь 2 сая төгрөгийн үнэтэй, хэрэв нэхэмжлэгч мөнгө өгөхгүй гэсэн тайлбар давж заалдах шатны шүүхэд гаргасан бол гэрээгээр төлсөн урьдчилгаа төлбөрийг бүгдийг нь гаргуулах байсан гэх утга бүхий зүйл магадлалдаа бичээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг ноцтой зөрчихөөс гадна иргэний эрх зүйн харилцааны суурь зарчмуудыг, тухайлбал гэрээний эрх чөлөөний зарчмыг үгүйсгэж байна. Шүүх магадлалдаа өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлэмжийг тодорхойлох гэж оролдсоноос бус талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2, 5.2-т заасан урьдчилгаа төлбөр болон гэрээг сайн дураар болон үндэслэлгүйгээр татгалзсанаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх тухай талуудын тохиролцсон нөхцөлүүдэд, өөрөөр хэлбэл маргааны хамгийн гол үндэслэлд ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй, өмгөөлөгчийг гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байх явцад гэрээнээс татгалзсанаар өмгөөлөгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг өмгөөлөгч үр дүн гаргаж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэж буруутгах нь зохимжгүй, байж боломгүй зүйл юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайлбал ТӨХ-ны өмгөөлөгч О.Чт өгсөн албан бичгийн хариунд “...таны 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-ын 2006 оны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх тухай албан бичигтэй танилцлаа, ...уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий яам болон ТӨХ-ны хамтарсан , ажлын хэсэг байгуулагдсан, ...ажлын хэсэг 2 удаа хуралдсан, ...холбогдох газарт уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжоор хангахыг хүссэн 1 а/3283 тоот албан бичгийг хүргүүлсэн” гэсэн байдаг. Хэрэгт байгаа уг нотлох баримт нь өмгөөлөгч тодорхой үр дүнг гарган ажиллаж байсныг нотлох юм.

Нэхэмжлэгчид нааштай үр дүн гарах нөхцөл бүрдсэний дараа өмгөөллийн үлдсэн төлбөрөө төлөхөөс зайлсхийх, мөн урьдчилан төлсөн төлбөрөөсөө тодорхой хэсгийг буцаан авах санаа зорилго агуулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 205.1-д “...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг Давж Заалдах Шатны Шүүх буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээнээс татгалзсанаас бус гэрээ цуцалснаас үүссэн, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаагаа эхэлсний дараа нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр цуцалснаас үүссэн маргаан юм.

Иймд 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00315 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/02720 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч О.Чт холбогдуулан өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Сүхбаатар эрүүл мэндийн 2 дугаар төв буюу одоогийн Геронтологийн төвийн байрыг түрээсээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад худалдан авахыг санал болгох, татгалзсан нөхцөлд нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон байна. Нэхэмжлэгч “И” ХХК 2001 оноос тус байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Төрийн өмчийн хороо одоог хүртэл дээрх үүргийг биелүүлээгүй тул Засгийн газрын тогтоолыг биелүүлэхийг Төрийн өмчийн хорооноос удаа дараа шаардаж, хүсэлт гаргаж байжээ.

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч буюу өмгөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөн, түүний өмнөөс төрийн болон бусад байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх, энэ талаарх бичиг баримтыг боловсруулах, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр, үйлчлүүлэгч буюу нэхэмжлэгч нь өмгөөлөгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг болон даалгасан ажлыг цаг алдалгүй гүйцэтгэхийг даалгах, өмгөөлөгчийн ажлын хөлсийг 40 000 000 төгрөг байхаар, урьдчилгаа байдлаар 19 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг Засгийн газрын 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх  тогтоол эрх бүхий байгууллагаас гармагц нэн даруй төлөхөөр харилцан тохирчээ.

Хариуцагч гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр албан бичиг боловсруулж Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн, Төрийн өмчийн хороо албан бичгийг хүлээн авч нэхэмжлэгч байгууллагад 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Засгийн газрын 2006 оны 116 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд 42 дугаар тэмдэглэл гарсныг хүргүүлж байна” гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн, улмаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар Засгийн газрын 2006 оны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хөлсний урьдчилгаанд 19 000 000 төгрөгийг авсан, нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 15, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд гэрээг цуцалж, төлбөрөө  буцаан шаардсан мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч гэрээг цуцлах санал гаргаж, мэдэгдлийг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 204 дүгээр зүйлийн 204.1. дэх заалтыг зөрчөөгүй бөгөөд хариуцагч мэдэгдэлд хариу өгөөгүй тул гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, өмгөөлөгч хийх ёстой ажлаа хийж байсан, гэрээний үр дүн гарахаас өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд хариуцагч буруугүй тул урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч нь урьдчилгаанд өгсөн төлбөрийг гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс гэж тайлбарлах боловч хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй,  зохигчид “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд өмгөөлөгчийн гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн зааж, үнэлээгүй тул хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 2 000 000 төгрөгөөр тогтоож, гэрээний үүрэгт урьдчилан авсан, баримтаар тогтоогдсон 19 000 000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч, үлдэх 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж, маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Члуунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД