Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 02720

 


2017 оны 11 сарын 29 өдөр             Дугаар 184/ШШ2017/02720                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал  даргалж,

Нэхэмжлэгч: “ИО” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.чхолбогдох   “Өмгөөллийн хөлс 20.000.000 төгрөг”  гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, эрцэцэг, хариуцагч О.ч, хариуцагчийн өмгөөлөгч,  нарийн бичгийн даргад Д.Энхчимэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие  өмгөөлөгч О.чтэй харилцан  тохиролцож 2014 оны 09-р сарын 08-ны өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч О.ч нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар, энэ  ажлын хөлсөнд өмгөөлөгч О.ч нь 40.000.000 төгрөгийг Д.О надаас авахаар харилцан тохиролцсон. Өмгөөлөгч О.ч нь  хэлэхдээ би ТӨХ-н даргын үүрэг гүйцэтгэгч Д.ц сайн танина, таны энэ асуудлыг танилцуулж, Геронтолийн төвийг нүүлгэн, Геронтолийн төвийн байрны хувьчлагдаагүй үлдсэн талбайг  хувьчлуулах тогтоол гаргуулж  чадна  хэмээн надад их  итгэл үнэмшлийг төрүүлсэн учир  би өндөр үнэтэй өмгөөлөгчийг авсан. Ингээд би өмгөөлөгчид гэрээний дагуу 40 сая төгрөгийн тал болох 20 сая төгрөгийг өгсөн. Өмгөөлөгч О.ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,өмгөөлөгчийн зүгээс  хийх  ёстой ажлаа  хийхгүй байсан мөн түүнийг миний өмгөөлөгчөөр ажиллаж байх  хугацаанд гэрээний  үр дүн огт гарахгүй байсан тул шүүхэд хандсан.Өмгөөлөгч О.чээс  өмгөөллийн хөлс гэж өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүний эрүүл мэндийн төлөө явдаг хүн. Ийм учраас эмнэлэг барих зорилгоор байр худалдаж авахыг хүссэн. Энэ маргаан Төрийн өмчийн хорооноос үүссэн байгаа. Миний ажлын ачаалал их учир өмгөөлөгч хэрэгтэй байсан. Анх 2014 онд манай хамаатны дүү эмэгтэй миний хэргийг шийдэлцэж байсан, сайн өмгөөлөгч гэж О.чийг надад танилцуулсан. Би боломжтой юм байна гээд уулзсан. О.ч  Даваажаргал гэж хүнийг дагуулж ирээд надтай ярилцсан. Тэр хүн урьд нь Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, үүнийг чинь бүтээгээд өгнө гэсэн. Өөрөө даргыг нь танина гэсэн. Уулзах бүртээ төлбөрөө өгөх юм уу гэдэг байсан. Энхээ эмч ч сонсож байсан. Би бүтээгээд өгөх юм бол төлбөрийг өгнө гэсэн. Нэг өдөр дахин хоёулаа ирээд өмгөөллийн хөлсөө нэхсэн. Бэлнээр надад 1,000,000 төгрөг байсан. Үлдсэнийг нь дансаар өгөхөөр тохиролцоод, О.ч дансаа бичээд надад өгсөн. Ингээд бүтэх байх гээд нэг хэсэг болсон. О.ч нэг өдөр нөгөө ажил бүтчихлээ, одоо 40,000,000 төгрөгөө өг гэсэн. Тэгээд банкинд хүрээд ир гэсэн. Банкинд энэ гэрээг авч ирсэн. Тэгээд амлалтаа бичиж гарын үсгээ зурсан. 7 хоногийн дараа улаан тамгатай Төрийн өмчийн хорооны бичгийг аваад ирнэ гэсэн. Би итгээд 20,000,000 төгрөгийг өгсөн. Бичгийг нь хүлээгээд байсан байдаггүй. Ингээд Төрийн өмчийн хороонд би очиж даргатай нь уулзсан. Дарга нь би О.ч гэж хүн танихгүй, уулзаагүй гэсэн.Ингээд гэрээнээс татгалзахаар шийдсэн.Гэрээгээ би цуцаллаа шүү гэж мессэж бичсэн. Хариу ирээгүй. Ингээд өмгөөлөгчдийн холбоонд 2015 оныг дуустал хүлээж байгаад хандсан. Ажлын талаар дүгнэлт өгнө үү, тайлан өгнө үү гэснээс мөнгөний асуудал яригдаагүй, шийдэгдээгүй. Ажлынхаа нэг ч хувийг биелүүлээгүй байхад би өгсөн мөнгөө буцааж авна гэж бодож байна. Энэ гэрээний нэг хувийг ч биелүүлээгүй. Албан бичиг ирсэн, явсан дэвтэр дээр эхийг тэр бэлдэв гэсэн зүйл байхгүй.Оюун эмчид танилцуулсан гэсэн тэмдэглэл бүхий дэвтэр манай ажлын байранд байдаг.Тийм зүйл огт байгаагүй. Миний төлөө гүйсэн, юм хийсэн бол би эх хүн, эмч хүний хувьд үүнийг ойлгож болох байсан. Би өөрөө шаардаж байж банкин дээр энэ гэрээг хүлээж авсан. Амлалт өгсөн болохоор би итгэсэн. Даваажаргал урьд нь Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүн гэж байсан. Миний төлсөн төлбөрийг үнэн зөвөөр хянаж үзэж гаргуулахыг шүүхээс хүсч байна. Геронтологийн төвийг нүүлгээд гаргана. Энэ асуудлыг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн үр дүн байсан. Надаас 20,000,000 төгрөгийг авахдаа ажил бүтсэн. Нүүлгэхээр болсон.7 хоногийн дараа улаан тамгатай цаас танд очино гэсэн. Би итгээд хүлээсэн. Ингээд тус төвийн даргатай өөрийн биеэр очиж уулзахад тийм зүйл байхгүй гэсэн. Ингээд гэрээнээс татгалзахаар шийдсэн Би ирсэн явсан албан бичигт цохолт хийж, өгсөн авсан тэмдэглэлд тусгадаг. Тийм зүйл огт байгаагүй. Үр дүн гараагүй, 1 хувь ч биелэгдээгүй. Амласан хугацаанд нь нүүлгэнэ гэсэн бичиг нь ирээгүй. Хариуцагчийн  гэрээгээр хүлээсэн үүрэг 1 хувь ч биелэгдээгүй,үр дүн гараагүй тул өмгөөлөлийн хөлсөнд өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.ч шүүхэд гаргасан тайлбартаа...бид 2014.09.08-ны өдөр “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх 14/04 дугаар бүхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаар бүхий тогтоолыг  бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгуллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх,энэ талаархи  бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн.Харин үйлчлүүлэгчийн тухайд тус гэрээний 4-р зүйлийн 4.1-т зааснаар нийт өмгөөллийн хөлсөнд 40.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.Ийнхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-т зааснаар өмгөөллийн хөлсний хэмжээг болон урьдчилгааны хэмжээг харилцан ярилцаж тохиролцсон ба энэхүү хэмжээг гаргахдаа үйлчилгээний хүрээ болон үр дүн,асуудлын онцлог хүндрэл, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан тогтоосон.Тухайн гэрээний 4-р зүйлийн 4.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 18 сая төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээг байгуулсанаас хойш өмгөөлөгч миний бие үүрэгт ажилдаа орсон ба нэхэмжлэлд дурьдсан шиг миний  хувьд хэн нэгэн албан тушаалтныг танина гэх байдал огт гаргаж байсан удаагүй ба мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд хуулийн дагуу л асуудалд хандах талаар ярилцаж гэрээ байгуулсан...Nyam-Erdene, Nyam-Ochir гэх цахим хаягнаас 2014.12.15-ны өдөр өөрийн байгууллагын тамга,албан бланкан дээр 30 дугаар бүхий гэрээг цуцалж,төлбөрөө буцаан авах тухай албан бичиг хүргүүлсэн ба мөн түүний дараа 2014.02.14-ны өдөр гэрээг цуцлах санал гаргаагүй мэтээр хийсэн ажлын тайлан шаардсан байсан. Харин миний хувьд гэрээ байгуулсан цаг үеэс хойш утсаар болон биеэр мөн бичгээр албан бичгийн хариунуудыг дор бүр танилцуулсаар ирсэн...”ИО” ХХК-ны захирал өөрийн биеэр ирж гэрээ байгуулагмагц 2014.09.12-ны өдөр тус байгууллагын нэрийн өмнөөс эрх зүйн үндэслэл бүхий албан тоот төлөвлөж энэхүү албан бичгийг Төрийн өмчийн хороонд өөрийн биеэр аваачиж өгсөн.Ингээд албан бичгийн дагуу миний бие холбогдох байгууллагуудаар удаа дараа амаар болон бичгээр хариуг шаардан тууштай ажилласан бөгөөд миний энэхүү хичээл зүтгэлийн дүнд Төрийн өмчийн хороо хуралдсан ба хариуг “ИО” ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэхүү асуудлаар Д.О гуай  тухайн 9 жил гаруй жилийн хугацаанд олон арван бичиг илгээж байсан ч нэг ч удаа хуралдаж байгаагүйг дурьдах хэрэгтэй гэж бодож байна. Улмаар хурлаас Геронтолийн төвийн хувьчлал буюу Засгийн газрын 116 дугаар тогтоолын биелэлтийн асуудлыг хэлэлцэж, энэ талаар ажлын хэсэг гарган 2014.11.30-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралд тайлагнахыг үүрэг болгосон. Дээрхи чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны даргын  үүрэг гүйцэтгэгч Д.ц 2014.10.28-ны өдөр А/223 дугаар бүхий тушаал гаргаж Засгийн газрын 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх боломжийг судлах зорилго бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.Тус ажлын хэсэгт яамдын төрийн нарийн бичгийн дарга нар багтсан бөгөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд 2014.12 сард нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.Энэ байдалтай холбогдуулан ажлын хэсгийн ирц бүрдэхгүй асуудал тулгарсан ба мөн түүний хажуугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хамгийн том асуудал үүссэн нь Геронтолийн төвийг хаашаа нүүлгэх вэ гэдэг асуудал юм.Энэ талаар миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Батчулуунтай биечлэн уулзаж байсан...хамгийн сүүлд өмгөөлөгч миний нэр дээр хаяглагдан Төрийн өмчийн хорооноос 2015.03.09-ны өдөр 4/573 дугаар бүхий албан тоот ирсэн ба тэрхүү бичгээс бидний гэрээгээр тохирсон ажил ямар шатандаа явж байгаа болон миний ёс зүй болон ур чадвараас алинаас ч хамааралгүйгээр удааширч байсныг харж болно.Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээгээр энэ асуудлаар бүхий л төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх талаар тусгасан бөгөөд тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудал юм. Өөрөөр хэлбэл тогтоолын хавсралтанд заасан бүхий л аж ахуйн нэгжид хамааралтай байхад үйлчлүүлэгчийн зүгээс зөвхөн өөрт нь  худалдах асуудал яригдах ёстой мэтээр надад шаардлага тавьж,үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийх үүднээс асуудалд хандах болсон...Хэрвээ Эрүүл мэндийн яамнаас Төрийн өмчийн хорооноос өгсөн албан тоотын дагуу хамтран ажиллаж төрийн байгууллагын байрлах байрыг шийдсэн тохиолдолд ажлын хэсгээс хувьчлах үнийн санал гаргагдаж хавсралтанд заагдсан аж ахуйн нэгжүүдэд үнийн саналаа  танилцуулж худалдсанаар тогтоол бүрэн хэрэгжих юм.Ер нь бол гэрээгээр Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх асуудал аль хэдийн эхэлсэн бөгөөд асуудлыг шийдвэрлэх гээд төрийн өмчийн хороо ажилласаар байсан ба миний бие ч хэвийн байдлаар хууль зүйн туслалцаагаа үзүүлээд явж байсан гэдгийг дурьдах нь зөв...гэрээгээ цуцалж, Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд намайг шалгуулахаар өгсөн.Улмаар тус байгууллага шалгаад 2015 оны 04-р сарын 21-ны өдрийн 2/47 тоот “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар өмгөөллийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Ингээд энэхүү дүгнэлтэнд давж заалдах журмаар гомдол гаргах боломжтой байсан.Гэтэл энэ хүн гомдол гаргаагүй учраас мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа.Намайг мэргэжлийн байгууллага нь шалгаад гэрээний үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон.Иймээс урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй бөгөөд харин ч олох ёстой байсан орлого болох үлдэгдэл 22 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч О.ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.О гуайн яриад байгаа эмэгтэй нь Номундарь эгч. Надаар олон хэргээ өмгөөлүүлээд явж байсан. Д.О гуай 2014 оны зун надад хандаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би Америкаас ирээд гэрээ байгуулсан. Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо н.Даваажаргалтай холбоотой гомдлыг шийдсэн байгаа. Миний хувьд би ямар ч амлалт өгөөгүй. Би тэр даргыг нь таньдаг гээгүй. Энэ хэрэг удах юм байна гэж дүгнээд хөлсөө тохирсон. Дансаар 1,000,000 төгрөг авсан. Үүнийг бичгээр гэрээ байгуулсны дараа  авсан. 116 дугаартай Засгийн газрын тогтоол байдаг. Уг тогтоолын хавсралтад “Геронтологийн төв”-ийн байрны зарим хэсгийг түрээсээр эзэмшиж байгаа байгууллагад эхлээд хувьчилж, дараагаар нь дуудлага худалдаанд оролцуулахаар тусгасан байдаг. Төрийн өмчийн хороо эс үйлдэхүйгээр ажлаа хийгээгүй. Тогтоолын биелэлтийг хангуулах ажлыг яаравчлуулах, улмаар асуудал шийдэгдэхгүй бол маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх боломжтой харагдаж байсан. 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 1.1-т энэ талаар заасан байгаа. Би юу хийсэн бэ гэвэл 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.О гуайн эмнэлэгийн өрөөнд сууж баримт бичгийн эх хувийг боловсруулж өгсөн. Тамгатай, бланкгүй эх бичиг боловсруулсан нь хийсэн ажилд тооцогдохгүй гэсэн үг биш. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1.2, 24.1.3-т заасан байгаа. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайд албан бичиг ирснийг Д.О гуайд танилцуулсан. Миний бичиж өгсөн эхийн дагуу “ИО” ХХК-ийн явуулсан албан бичгийг үндэслээд 2 удаа хурал хийгээд тэмдэглэлийг тусгасан албан тоот хариу Төрийн өмчийн хорооноос ирсэн байсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн өмчийн хорооны үүргийг түр орлон гүйцэтгэгч Цогтсайхан ч билүү Цогтбаатар гэж хүн энэ асуудлаар арга хэмжээ авах тухай албан тоот ирсэн байгаа. Үүний дараагаар ажлын хэсгийн комисс гаргасан тушаал гаргасан. Миний хувьд 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ажлын хэсэг байгуулагдсан учраас би энэ мөнгийг авсан. 2012 оноос хойш Ганбилэг гэж хүн энэ асуудлаар явсан гэж байна. Энэ хүн угаасаа эдний компанид хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байсан хүн. Төрийн өмчийн хорооны даргын ажлын хэсэг байгуулсан тушаал гарсны дараа Д.О гуай мөнгөө өгсөн. Ажлын хэсэг байгуулагдаад зарах нэгж талбайг тодорхойлоод, Геронтологийн төвийг нүүлгэх ёстой байсан. Энэ нь Эрүүл мэндийн яаманд хамаарах асуудал байсан. 2015 оны 03 дугаар сард нүүлгэх ажил хүлээгдэж байгааг хэлсэн. Д.О гуай 2015 оны 02 дугаар сараас надаас тайлан нэхсэн. Би тухайн үед явуулсан албан бичгээ үзүүлсэн. Үр дүн гархаас өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж энэ хүн Хуульчдын ёс зүйн хороонд хандсан байсан. Энэ хүний ажил бүтсэн. Энэ хүн 9 жил хөөцөлдөж байхад ямар нэгэн дорвитой хариу, арга хэмжээ ирээгүй байсан. Миний хийсэн ажлыг үнэгүйдүүлж байгаа. Миний хийсэн ажлын үр дүнгээс гарцыг олж харсан. Намайг одоо шаардлагагүй гэж үзсэн. Тогтоолд гомдол гаргаагүй учир би өдийг хүртэл дуугүй байсан. Төлбөр хэсэгт байгаа зүйл бол амлалт биш. Үлдэгдэл 20 саяаа яаж авах вэ гэдгээ бичсэн зүйл юм. Мэргэжлийн хариуцлагын хороо миний ажил хийснийг дүгнэсэн байгаа Ажлын хэсгийг миний шаардсаны үндсэн дээр байгуулсан хариу албан тоот ирсэн. Анх гэрээ байгуулснаас хойш эрх зүйн хангалттай туслалцаа үзүүлсэн. н.Ганбилэг гэдэг хүн бүтээсэн гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Надад ямар ч цагдаагаас хандсан зүйл байхгүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлаад мессэж бичсэн гэж байна. 2015 оны 02 дугаар сард цаасаар л ирсэн. Гэрээнээс татгалзана гэдэг нь гэрээг цуцлаж байгаа үндэслэл юм бол тооцоо нийлсэн байх ёстой. Тийм зүйл байхгүй. Би 2015 оны 03 дугаар сард Төрийн өмчийн хороонд хандсан. Оюун гуай тэгвэл би Ганбилэг гэдэг хүн ажлаа хийж байгаа, Төрийн өмчийн хороотой битгий харьцаарай гэхгүй яасан юм бэ. Би 10 гаруй удаа Төрийн өмчийн хороонд очсон. Дарга гээд байгаа н.Цогтбаатарыг нь танихгүй. Би гэрээний 1.1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаар бүхий тогтоолыг  бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгуллагад өргөдөл, гомдол,хүсэлт гарган шийдвэрлүүлэх, энэ талаархи  бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Миний бие холбогдох байгууллагуудаар удаа дараа амаар болон бичгээр хариуг шаардан  ажиллаж байсан. Үүний  дүнд Төрийн өмчийн хороо хуралдаж,энэ талаар “ИО” ХХК-д хүргүүлсэн байгаа. Энэ асуудлаар Д.О гуай 9 жил гаруй жилийн хугацаанд  хөөцөлдөж олон арван бичиг явуулж  байсан  боловч Төрийн өмчийн хороо нэг ч удаа хуралдаж байгаагүй. Би гэрээнд заасны дагуу хэвийн байдлаар хууль зүйн туслалцаагаа үзүүлээд явж байсан. Намайг Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын хороо шалгаад 2015 оны 04-р сарын 21-ны өдрийн 2/47 тоот “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар өмгөөллийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтэд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байгаа. Намайг мэргэжлийн байгууллага нь шалгаад гэрээний үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч О.чт холбогдуулан “Өмгөөллийн хөлс 20.000.000 төгрөг ”  гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Д.Оыг “ИО” ХХКомпаниар солих хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2017 оны 11-р сарын 15-ны 184/ШЗ2017/11914 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ИО” ХХКомпанийг оролцуулжээ.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд  нь   хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

   Нэхэмжлэгч талаас: өмгөөлөгч О.чтэй харилцан  тохиролцож 2014 оны 09-р сарын 08-ны өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ” байгуулсан. Гэрээгээр өмгөөлөгч О.ч нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар, энэ  ажлын хөлсөнд өмгөөлөгч О.ч нь 40.000.000 төгрөгийг Д.О надаас авахаар харилцан тохиролцсон.Өмгөөлөгчид гэрээний дагуу 40 сая төгрөгийн тал болох 20 сая төгрөгийг өгсөн. Өмгөөлөгч О.ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс хийх ёстой ажлаа хийгээгүй, түүнийг миний өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд гэрээний үр дүн огт гараагүй, гэрээний нэг хувийг ч биелүүлээгүй. Албан бичиг ирсэн, явсан дэвтэр дээр эхийг тэр бэлдэв гэсэн зүйл байхгүй. Оюун эмчид танилцуулсан гэсэн тэмдэглэл бүхий дэвтэр манай ажлын байранд байдаг. Тийм зүйл огт байгаагүй. Геронтологийн төвийг нүүлгээд гаргана. Энэ асуудлыг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн үр дүн байсан. Төрийн өмчийн хороонд очиж даргатай нь уулзахад би О.ч гэж хүн танихгүй, уулзаагүй гэсэн. Ингээд гэрээнээс татгалзахаар шийдсэн.Гэрээгээ би цуцаллаа шүү гэж мессэж бичсэн. Хариу ирээгүй. Ингээд өмгөөлөгчдийн холбоонд 2015 оныг дуустал хүлээж байгаад хандсан. Би ирсэн явсан албан бичигт цохолт хийж, өгсөн авсан тэмдэглэлд тусгадаг. Тийм зүйл огт байгаагүй. Амласан хугацаанд нь нүүлгэнэ гэсэн бичиг нь ирээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж өмгөөллийн хөлс 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж,

  нотлох баримтаар Монголын хуульчдын холбооны ёс зүйн хороонд гаргасан тайлбар, 2014.09.08-ны “Эрх зүйн туслалцаа,үйлчилгээ үзүүлэх гэрээ”, О.чийн Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан тайлбар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргах тухай, Монголын хуульчдын холбоонд гаргасан гомдол, гэрээ цуцалж ,төлбөрөө буцаан авах тухай албан бичиг, өмгөөлөгч О.чт хариу хүсэх тухай албан бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Төрийн өмчийн хорооны 1б/121 тоот албан бичиг,1 000.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг, Төрийн банкны Б.Оюун гэсэн 2014.11.05-ны баримт, 18.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.Дэмчигийн  2011.11.20-2017.11.20 хоорондох Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга зэргийг  нэхэмжлэлд хавсаргаж, шүүх хуралдаанд: Төрийн өмчийн хорооны “ИО” ХХК-д ирүүлсэн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/29 дугаартай албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны Ивэн эмнэлэгийн захирал Д.О танаа гэсэн албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/2573 дугаартай албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 01 дүгээр 29-ны өдрийн 4/216 дугаартай албан бичиг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн өмчийн хороонд “ИО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийг хүргүүлсэн  албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай Нийслэл дэх  Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3477 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаартай Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, бичгийн цаасны тал дээр 1000.000 төгрөг бэлнээр авсан тухай, О.чийн данс бичигдсэн баримт , 2014 оны 09-р сарын 08-ны эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4-т заасан төлбөр тооцооны заалттай холбоотой хэсгийн эх хувь 1 хуудас зэргийг гаргаж, 

 

Хариуцагч талаас: бид 2014.09.08-ны өдөр “Эрх зүйн туслалцаа,үйлчилгээ үзүүлэх 14/04 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр өмгөөлөгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаартай тогтоолыг  бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний нэрийн өмнөөс төрийн болон бусад бүх байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх ,энэ талаархи  бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Харин үйлчлүүлэгчийн тухайд тус гэрээний 4-р зүйлийн 4.1-т зааснаар нийт өмгөөллийн хөлсөнд 40.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.Урьдчилгаа төлбөр болох 18 сая төгрөгийг хүлээн авсан.Гэрээ байгуулсанаас хойш өмгөөлөгч миний бие үүрэгт ажилдаа орсон. Би 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.О гуайн эмнэлэгийн өрөөнд сууж баримт бичгийн эх хувийг боловсруулан өгч түүнийг  Оюун гуай Төрийн өмчийн хороо руу  явуулсан. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайд албан бичиг ирснийг Д.О гуайд танилцуулсан. Миний бичиж өгсөн эхийн дагуу “ИО” ХХК-ийн явуулсан албан бичгийг үндэслээд 2 удаа хурал хийгээд тэмдэглэлийг тусгасан албан тоот Төрийн өмчийн хорооноос ирсэн байсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн өмчийн хорооноос албан тоот ирсэн.Үүний дараагаар ажлын хэсгийн комисс гаргасан тушаал гаргасан. Төрийн өмчийн хорооны даргын ажлын хэсэг байгуулсан тушаал гарсны дараа Д.О гуай мөнгөө өгсөн. Ажлын хэсэг байгуулагдаад зарах нэгж талбайг тодорхойлоод, Геронтологийн төвийг нүүлгэх ёстой байсан. Энэ нь Эрүүл мэндийн яаманд хамаарах асуудал байсан. Д.О гуай 2015 оны 02-р сараас надаас тайлан нэхсэн. Би тухайн үед явуулсан албан бичгээ үзүүлсэн.Энэ хүний ажил бүтсэн. Миний хийсэн ажлыг үнэгүйдүүлж байгаа. Миний хийсэн ажлын үр дүнгээс гарцыг олж харсан. Намайг одоо шаардлагагүй гэж үзсэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцаллаа гэсэн мессэж бичсэн гэж байна. 2015 оны 02 дугаар сард цаасаар л ирсэн. Гэрээнээс татгалзана гэдэг нь гэрээг цуцлаж байгаа үндэслэл юм бол тооцоо нийлсэн байх ёстой. Тийм зүйл байхгүй. Би 2015 оны 03 дугаар сард Төрийн өмчийн хороонд хандсан. Миний бие холбогдох байгууллагуудаар удаа дараа амаар болон бичгээр хариуг шаардан  ажиллаж байсан. Үүний  дүнд Төрийн өмчийн хороо хуралдаж, энэ талаар “ИО” ХХК-д тоот хүргүүлсэн байгаа. Энэ асуудлаар Д.О гуай 9 жил гаруй хугацаанд  хөөцөлдөж олон арван бичиг явуулж  байсан  боловч Төрийн өмчийн хороо нэг ч удаа хуралдаж байгаагүй. Үр дүн гарахаас өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж  энэ хүн Хуульчдын ёс зүйн хороонд хандсан байсан. Намайг Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын хороо шалгаад 2015 оны 04-р сарын 21-ны өдрийн 2/47 тоот “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар өмгөөллийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтэд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байгаа. Намайг мэргэжлийн байгууллага нь  шалгаад гэрээний үүргээ гүйцэтгэж байсныг тогтоосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж,

шүүхэд хүсэлт гаргаж Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2014.09.12-ны өдрийн Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн албан бичиг, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2014.10.28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Төрийн өмчийн хорооны 2015.03.09-ны өдрийн хариу, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан нэмэлт тайлбар, ЗГ-н Хэрэг эрхлэх газраас Төрийн өмчийн хорооны дарга Д.цт тогтоолын хэрэгжилтийн тухай албан бичиг, “ИО” ХХК116 дугаар тогтоолтой холбогдуулж явуулсан албан бичиг, Төрийн өмчийн хорооноос 2014.10.03-ны 4/2573 тоот албан бичгээр Ивэн эмнэлэгийн захирал Д.Од албан тоотын хариу хүргүүлсэн,Төрийн өмчийн хорооны 2012.01.05-ны “И.О” эмнэлэгт хүргүүлсэн албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015.01.25-ны 4/216 тоот  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгт хүргүүлсэн албан бичиг, Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын  хорооны гишүүний 2015 оны 04-р сарын 21-ны өдрийн 2/47 тоот “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” захирамж, зэргийг нотлох баримтаар гаргуулж , шүүхэд болон шүүх хуралдаанд Эрүүл мэндийн яамны 2017.11.22-ны 3/4288 тоот албан бичиг ,ирсэн бичгийн хяналтын карт, Эрүүл мэнд, спортын яаманд 2015.03.26-нд 15/28 тоот хариу хүсэх тухай албан бичиг, Төрийн өмчийн хорооны даргын 2014.10.28-ны А/223 тоот “ Ажлын хэсэг байгуулах тухай- тушаалыг /хэрэгт авагдсан хуулбар нь харлаж нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж/,Төрийн өмчийн хорооны 2015.03.09-ны 4/573 тоот “Хүсэлтэд хариу хүргүүлэх” тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар  ирүүлж  мэтгэлцсэн байна.

Талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ИО” ХХКомпанийн захирал Д.О нь хариуцагч  О.чтэй 2014 оны 09-р сарын 08-нд “Эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ” байгуулсан ба энэ гэрээгээр талууд  Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 05-р сарын 24-ны өдрийн 116 дугаартай тогтоолыг  бүрэн хэрэгжүүлэх асуудлаар үйлчлүүлэгч байгууллагыг бүрэн төлөөлөх, түүний өмнөөс төрийн болон бусад бүх байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх энэ талаархи  бичиг баримт боловсруулах эрх зүйн туслалцаа үзүүлэхээр  харилцан тохиролцож, эрх ,үүргийг гэрээний 2,3-р зүйлүүдэд тусгаж, төлбөр тооцоог 4-р зүйлд 40.000.000 /дөчин сая/ төгрөг байхаар, урьдчилгаа байдлаар 19.000.000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг Засгийн Газрын 2006 оны 05-р сарын 24-ны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, тогтоол эрх бүхий байгууллагаас гармагц нэн даруй төлөх, 5-р зүйлд бусад зүйлийн талаар тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид 1000.000 төгрөг, 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

           Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт ”Гэрээг бичгээр байгуулахаад хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж,гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал,албан бичиг,телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч Д.О, хариуцагч О.ч нар 2014 оны 09-р сарын 08-нд “Эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ” байгуулахдаа гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг  зуржээ.

           Иймд талуудын хооронд Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт  зааснаар гэрээ байгуулагдаж, энэ хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлсон бөгөөд гүйцэтгэх ажлын талаар хугацаа тогтоогүй байна.

 

            Нэхэмжлэгч талаас хариуцагч О.чийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс хийх ёстой ажлаа хийгээгүй, түүнийг миний өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд гэрээний үр дүн огт гараагүй, гэрээний нэг хувийг ч биелүүлээгүй. Геронтологийн төвийг нүүлгээд гаргана. Энэ асуудлыг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн үр дүн байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч    хариуцагч нь “Эрх зүйн туслалцаа үзүүлэх 14/04 дугаартай гэрээ”-ний 1, 2-р зүйлийн 2.2-д заасан үүргийнхээ дагуу  Засгийн Газрын 2006 оны 05-р сарын 24-ны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, шийдвэрлүүлэх талаар  бичиг баримт боловсруулах, холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох “Ивэн-Оюун” ХХКомпаниас 2014 оны 09-р сарын 12-нд Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн албан бичиг,Төрийн өмчийн хорооны  2014 оны 10-р сарын 03-ны  өдрийн 4/2573 тоот Ивэн эмнэлэгийн захирал Д.О танаа гэсэн “Албан тоотын хариу”  хүргүүлсэн албан бичиг,Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр гүйцэтгэгчийн  даргын 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн А/223 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Төрийн өмчийн хорооны 2015 оны 01-р сарын 29-ны өдрийн 4/216 тоот “ИО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгт “Хүсэлтэд хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 03-р сарын 09-ны өдрийн  4/573 тоот О.чт “ Хүсэлтэд  хариу хүргүүлэх тухай” албан бичиг, О.чээс 2015 оны 03-р сарын 26-нд Эрүүл мэнд, Спортын яаманд “Хариу хүсэх тухай” 15/28 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч О.чийг гэрээний 1,2-т зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байхад  үр дүн гарахаас нь өмнө  нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, Хуульчдын ёс зүйн хороонд хандсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

           Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д ”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т ”Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж тус тус заажээ.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.ч гэрээнд заасны дагуу Засгийн Газрын 2006 оны 05-р сарын 24-ны 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, шийдвэрлүүлэх талаар ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж  байсны  хувьд Төрийн өмчийн хороо хуралдаж 2014 оны 10-р сарын 28-ны өдөр А/223 тоот ”Ажлын хэсэг байгуулах” тушаал гарч үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Геронтологийн төвийг нүүлгэх, 116 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлнэ гэдэг үр дүн  хариуцагчийн ажиллаж байх хэдэн сарын хугацаанд биелэгдэх боломж нь тодорхой хэмжээгээр бүрдэж байхад түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй олголгүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д” Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд хариуцагч 2014 оны 09-р сарын 08-нд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсанаас хойш 116 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсны дүнд Төрийн өмчийн хороо хуралдаж, ажлын хэсэг байгуулах тушаал гарч, үүний дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа нь түүний ажиллаж байх хугацаанд гарсан үр дүн байна.

Иймээс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч О.ч буруугүй байх тул нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 20.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Д.О нь өмгөөлөгч О.чийг ТӨХ-н даргын үүрэг гүйцэтгэгч Д.ц сайн танина,таны энэ асуудлыг танилцуулж, Геронтолийн төвийг нүүлгэн, Геронтолийн төвийн байрны хувьчлагдаагүй үлдсэн талбайг хувьчлуулах тогтоол гаргуулж чадна хэмээн надад их  итгэл үнэмшлийг  төрүүлсэн учир би өндөр үнэтэй өмгөөлөгчийг авсан гэж мөн албан бичиг ирсэн, явсан дэвтэр дээр эхийг тэр бэлдэв  гэсэн зүйл байхгүй. Оюун эмчид танилцуулсан гэсэн тэмдэглэл бүхий дэвтэр манай ажлын байранд байдаг.Тийм зүйл огт байгаагүй тухай тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлж, хуульд зааснаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 03-р сарын 27-нд Монголын Хуульчдын холбоонд хариуцагч О.чийн хуульчийн ёс зүйн байдлыг шалгуулах гомдол гаргасны дагуу шалгаж, Монголын хуульчдын  холбооны мэргэжлийн хариуцлагын  хорооны гишүүний 2015 оны 04-р сарын 21-ны өдрийн 2/47 дугаартай захирамжаар “Маргаан үүсгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн болохыг дурьдав.

           Хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтуудыг  хуульд зааснаар хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэлж хэргийг  хянан шийдвэрлэв.                

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан 257.950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дах хэсэгт заасныг баримтлан “ИО” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч О.чт холбогдох “Өмгөөллийн хөлс 20.000.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Х.ОЮУНЖАРГАЛ

.