Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01502

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01502

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01322 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Тунгалагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох,

75 054 862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус компанид гагнуурчны 5 дугаар зэрэгтэй ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан Г.Энхбатын ар гэр Р.Тунгалагт олгох буцалтгүй тусламж, нөхөн олговрыг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтны ар гэрт 36 бу түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг хамтын гэрээний 4.28-д зааснаар 2013 онд олгосон олговрыг оруулахгүйгээр мэргэжлийн хяналтын байгууллагын тогтооцон сарын цалин хөлс 640 184 төгрөгийг 36 сараас үржүүлж 23 046 627 төгрөгийг 3 удаагийн давтамжтай олгоно гэсний дагуу 69 139 862 төгрөгийг шаардаж байна. Осол гарсны дараа талийгаач Г.Энхбатын ар гэрт 18 000 000 төгрөг олгож, 4 854 500 төгрөг дутуу өгсөн. Хамтын гэрээний 4.2.8-д зааснаар өрх толгойлсон эх Р.Тунгалагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 190 000 төгрөгийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох нь зүйтэй. Талийгаач Г.Энхбатын шагнал, урамшуулал авах ёстой бөгөөд урамшууллыг дунджаар 30 000 төгрөгийг 36 сараар тооцож 1 080 000 төгрөгийн шагнал урамшуулал гаргуулна. Иймд нийт 72 119 881 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч УБДС ТӨХК-ийн тайлбарт: Талийгаачийн авч байсан дундаж цалингийн хэмжээ 503 000 төгрөг байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу 36 сараар бодож 18 000 000 төгрөгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, албан бичгийг үндэслэн олгосон. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Г.Энхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зэргийн цалинтай буюу цагийн 3 810.62 байхаар тохиролцсон гэж буруу бичсэн байгаа юм. Хавтаст хэрэгт 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гагнуурчны цагийн хөлсийг 3 313 төгрөгөөр тохирсон. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн жишгийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг нэмэх тухай тогтоол гарсан бөгөөд хэвийн бус нөхцлийн 5 дугаар зэрэгт ажиллаж байгаа ажилтны цалинг 3 313 төгрөг байна гэж заасан. Уг тогтоолын дагуу компаний захирал 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А/133 тоот тушаал гаргаж Гомбожав овогтой Энхбатыг 5 дугаар зэргийн цалинг 3 313 төгрөгөөр тогтоосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар 640 000 төгрөг байна, цагийн тариф 3 810 төгрөг байна гэж байгаа нь огт үндэслэлгүй. Талийгаачийг нас барснаас хойш 2013 оны 08 дугаар сард компани цалингаа дахин нэмэгдүүлж 5 дугаар зэргийн цалинг 3 810 төгрөг болгосон ба талийгаачийг нас барахад 3 313 төгрөг байсан. Хөдөлмөрийн тухай хууль болон эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт, албан бичгээр 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 18 243 468 төгрөгийг талийгаачийн ар гэрийнхэнд олгохдоо 2 хувааж, түүний эхнэр Р.Тунгалагийн хүсэлтийн дагуу 7 441 919 төгрөгийг Голомт банк ХХК-ийн дансанд, үлдсэн 10 801 540 төгрөгийг талийгаачийн хүүгийн Голомт банк ХХК дахь дансанд шилжүүлсэн. Мөн оршуулгын зардалд байгууллагаас 5 370 000 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/97 дугаар тушаалаар олгосон. Энэ төлбөрийг Улаанбаатар буян ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Талийгаачийн нас барах өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 сараар үржээд 1 404 000 төгрөг өгөх боломжтой. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Байгууллага талийгаачийг нас барсны дараа түүний эхнэр Р.Тунгалагийг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр захиргаа удирдлагын албаны бичээч, бичиг хэргийн ажилтнаар авч 600 769 төгрөгийн үндсэн цалинтайгаар гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Талийгаачийг амьд байхад байгууллага 2012 онд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт 1 өрөө байр өгч байсан. Иймд 1 404 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад төлбөрийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 1 404 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 715 881 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Тунгалаг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 066 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэнгийн давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрт тусгасан 3 313.58 төгрөгийн тарифт цалинг үндэслэн бодвол 11 936 888 төгрөг болж байна үүнийг 18 243 468 төгрөгөөс хасваол 6 286 580 төгрөгийг байгууллага илүү төлсөн байна. Харин нэхэмжилж байгаа 23 046 627 төгрөгөөр хасвал 11 109 539 төгрөгийг дутуу өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Улсын Дээд шүүхийн 2008 оны 33 дугаар тогтоолын 25.1, 25.2-т заасныг шүүх анхаараагүй. Хамтын гэрээнд ослын акт тогтоогдсон үед мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарснаар ... төгрөг олгоно гэж заагаагүй шууд олгоно гэж заасан тул зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр 18 243 468 төгрөг олгосон байдаг. Иймд хамтын гэрээний 23 046 627 төгрөгийг анх удаа авах улмаар 2, 3 дахь удаагийн нөхөн төлбөрөө авахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Р.Тунгалаг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулалд нийт 75 054 862 төгрөг хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсан Г.Энхбат хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ашиглалтын албанд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан, ажил олгогчоос ар гэрт нь нөхөн төлбөрт 18 243 468 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон байна.

Талууд тухайн тохиолдолд олгогдох нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нэг ба түүнээс дээш удаа авч болох эсэх талаар маргадаг бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 76-85 дугаар тал дахь ажил олгогчоос Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж ирүүлсэн байна.

Мөн цалингийн зөрүү, урамшуулал, тусламж гаргуулах шаардлагатай хамааралтай хэргийн 37-44 дүгээр тал дахь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоол, түүний хавсралт, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтууд хуулбар хувиар хэрэгт авагджээ. Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдана. Хариуцагчийн төлөөлөгчийн төрийн өмчит компани хуулбар үнэн тэмдэг дарж болно гэх тайлбар нь хуульд хийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хамаарахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ