| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 164/2020/0018/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 365
Б.Т, Б.Ё, Г.Н
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Б.Т, Б.Ё, Г.Н нарт холбогдох 2016000000003 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ын Ё,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, В овогт Б-ны Т,
3. Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г-гийн Н нар нь
Бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэх газраас улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл, 96-93 *** улсын дугаартай, ногоон өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Ш.Д-ийн хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихний урд талаас ухам имтэй, зөв талын ташаан дээр улаан шар будагтай 1 тооны эр үхрийг хулгайлан Ш.Д-д 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарыг “Бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Н ийн эзэмшлийн “даюун” маркийн улсын дугааргүй, 740.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл, шүүгдэгч Б.Т гийн эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 96-93 *** улсын дугаартай ногоон өнгийн “Истана” маркийн автомашиныг хурааж улсын төсөвт олгохоор” шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр В овгийн Б-ы Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Т овгийн Б-ын Ё-ыг 1 жил 8 сарын /нэг жил найман сар/ хугацаагаар, Т овгийн Г-ийн Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай” гэж,
3 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт авсан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Говь- Аптай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “... Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарыг тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт тус бүрд нь оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун маркийн 740,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл, шүүгдэгч Б.Тгийн эзэмшлийн 96-93 *** улсын дугаартай, ногоон өнгийн “Истана” маркийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт олгох, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай хутгыг устгахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Г.Н, Б.Ё нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын гомдлоор давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан байна.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарыг тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр В овгийн Б-ы Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Т овгийн Б-ын Ё-ыг 1 жил 8 сарын /нэг жил 8 сарын/ хугацаагаар, Т овгийн Г-ийн Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай” гэж,
Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт тус бүрд нь оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт авсан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан байгаа тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлахаар зохицуулагдсан байна.
Нийгэмд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр ялын бодлогыг чангаруулсан, шүүгдэгч нар гурвуулаа, хоёр тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын 1 бод малыг хулгайлсан байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь шүүгдэгч нарын гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, үйлдэл оролцоонд тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцээгүй, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн атлаа цагдан хоригдсон 44 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд Б.Т, Б.Ё, Г.Н нарт холбогдох Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай магадлалд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүх Б.Т, Б.Ё, Г.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг давхар хэрэглэсэн нь буруу байна. Мөн шүүгдэгч нар хоёр тээврийн хэрэгсэл ашиглан мал хулгайлсан байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцээгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Б.Т, Б.Ё, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэх газраас улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл, 96-93 *** улсын дугаартай, ногоон өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Ш.Д-ийн хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихний урд талаас ухам имтэй, зөв талын ташаан дээр улаан шар будагтай 1 тооны эр үхрийг хулгайлан Ш.Д-д 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Мөн шүүх өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, зөөж /үхрийн махыг/ тээвэрлэх, худалдаалах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан байгааг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдгээрийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр ялгамжтай хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг давхар баримтлаж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээ бол 7.1 дүгээр зүйл нь оногдуулсан хорих ялыг тэнсэх агуулга бүхий харилцан өөр төрлийн харилцааг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн харгалзан үзэж, шүүх эрх хэмжээний хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Уг хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид үхрийн үнэ 1.100.000 төгрөг, үхрээ эрж хайхад зарцуулсан бензин шатахууны зардал болох 160.000 төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт “... цагдан хоригдсон 44 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад хууль хэрэглээ /журамласан хуулийн заалт/ болон агуулгын өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарын урьд өмнө ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар бичигдээгүй орхигдсон болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг, түүний үндсэн шинж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам зэрэг нийтлэг үндэслэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан учир анхан болон давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж бичих нь зохистой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр В овгийн Б-ы Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Т овгийн Б-ын Ё-ыг 1 жил 8 сарын /нэг жил найман сар/ хугацаагаар, Т овгийн Г-гийн Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай” гэж өөрчилсүгэй.
Магадлалын 3 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Говь-Алтай аймгийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН