Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00885

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00885

 

 

 

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр зам нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдох

 

Орон сууцнаас чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,  

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр Замын даргаар томилогдсон. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Өнөр девелопмент ХХК-тай байгуулсан орон сууц бариулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 15 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр 1 484 253 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Байрны төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийгэмлэгийн Голомт банкны 1102047680 тоот данснаас 639 253 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 499201374 тоот данснаас 845 000 000 төгрөгөөр тус тус Өнөр девелопмент ХХК-ийн 2715008744 дансанд шилжүүлсэн байна. Уг хөрөнгийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, Өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пүрэвбаатарыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын дарга Л.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1- 222 тушаалаар түүнтэй байгуулсан контрактыг цуцалсан. Иймд Л.Пүрэвбаатарын эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцнаас чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Пүрэвбаатарын тайлбарт: Л.Пүрэвбаатар миний бие дээр дурдсан орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд УБТЗ ХНН нь контрактаар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн орон сууцыг миний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх үүрэгтэй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл №5 үндсэн дээр Улаанбаатар төмөр замын даргын албан тушаалд томилогдсон. УБТЗ ХННийгэмлэгийн Ерөнхий хороо гэдэг нь Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөл юм. Тухайн үед Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдийн №357 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр томилогдсон Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын баталсан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах Удирдамжийн дагуу ажилласан. Уг удирдамжийн 3, 4-т заасан эрхийг Монголын талын хувь нийлүүлэгчид олгосон байдаг.

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар болон УБТЗ ХНН-ийн Замын даргын хооронд Контракт байгуулагдаж талууд замын даргын эрх хэмжээ, талуудын эрх үүрэг, хөдөлмөрийн хөлс, нөхөн төлбөр, хөнгөлөлтийн нөхцөл, ажил амралтын дэглэм, хөдөлмөрийн нөхцөл, контрактын үйлчлэх хугацаа, цуцлах нөхцөл зэргийг тохиролцсон. Энэхүү Контрактын 5.9-д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өнөр девеломент ХХК-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан ба 2015 оны 08 дугаар сард орон сууц ашиглалтанд орсон. Орон сууцыг ашиглалтад орсоны дараа Гүйцэтгэгчээс хүлээн авч амьдарч эхэлсэн ба ашиглалтын зардлыг бүрэн хувь хүн хариуцан төлж ирсэн. Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд заасны үндсэн дээр Монгол улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг удирдлага болгон дээр дурдсан контрактын нөхцлийг тус нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан. Энэ талаар Ерөнхий хорооны шат дараалсан шийдвэрүүд гарч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протокол №3-аар Замын дарга болон УБТЗ-ын Ерөнхий хорооны даргын хооронд байгуулах Контрактын нөхцлийг Ерөнхий хороонд танилцуулж хэлэлцүүлэхийг даалгасан ба мөн Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протокол №4-өөр Замын даргатай байгуулах контрактын нөхцлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан. Үүний дагуу УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга Морозов В.Н нь эрх хэмжээний хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын даргатай мөн өдөр Контракт байгуулсан. Энэхүү контрактын 5.9, 6.6-д Замын даргад олгох нөхөн төлбөрийн нөхцлийг сайжруулсан заалтууд нэмэгдсэн.

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын протокол №3-аар Л.Пүрэвбаатар миний биеийг Улаанбаатар төмөр замын даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн. Замын даргаас чөлөөлсөн хурлын шийдвэрт Л.Пүрэвбаатарын буруутай үйлдлийн улмаас контрактыг цуцалсан тухай байхгүй, хурлын тэмдэглэл болон амаар талархал илэрхийлсэн тул контрактын 5.9 заалт биелэх нөхцөл бүрдсэн. Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа нь ажил хүлээн авснаасаа хойш контрактын үүргийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дэмжлэг хүсэх тухай № 10/1478 албан тоотыг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн байдаг. Энэхүү албан тоотоор ХНН УБТЗ нь контрактаар хүлээсэн бүхий л нөхцлийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүрэгтэй бөгөөд Контрактын 6.6-д заасны дагуу мөнгөн төлбөрийг олгосон.

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дүрмийн 29 дүгээр зүйлийн Шалган байцаах Тэгш эрхт комисс нь тус нийгэмлэгийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын тайлангийн 2.3.1 дэх пунктад заасан чиглэл өгсөн. Хэдийгээр контрактын гэрээний нөхцлийг талууд сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ч УБТЗ-ын одоогийн удирдлага нь контрактын нөхцлийг биелүүлэхгүй гэж Тээврийн прокурорын газар болон Хан-Уул дүүргийн Прокурорын газар ба Цагдаагийн байгууллагуудад давхардуулан гомдол гаргах зэргээр арга саад хийсээр өнөөг хүрлээ. Тухайлбал УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь Л.Пүрэвбаатарыг хуурамч контракт үйлдэж нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгууллагын өмч хөрөнгөд хохирол учруулж, ашиглан шамшигдуулж байна гэсэн гомдлыг Төмөр зам дахь Цагдаагийн газарт гаргасан. Цагдаагийн байгууллага тухайн асуудлыг мөрдөн шалгаад Тээврийн Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 930 дугаар тогтоолоор /контракт/ гэрээнээс үүссэн маргаан байх тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурдсан. Гэтэл УБТЗ-ын 1-р орлогч дарга Милостных И.В нь Замын дарга Д.Жигжиднямаагийн даалгавраар дахин Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргасан. Тухайн гомдлыг шалгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 535 дугаар тогтоолоор хэрэг бүртгэх үндэслэлгүй гэж үзэж татгалзсан байна.

Хууль болон гэрээг зөрчсөн болохыг тодорхойлох нь иргэний маргаанд хариуцагч болох эсэхийг шийдвэрлэдэг. Замын дарга Л.Пүрэвбаатарын тус байгууллагад ажиллах хангамж урамшуулал, нөхөн төлбөр, эрх үүрэг мөн хариуцлага нь энэхүү контрактын гэрээгээр зохицуулагддаг байсан. Иймд УБТЗ ХХН нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Пүрэвбаатар миний бие 2015 оны 07 сарын 31-ний өдрөөс эхлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хороо /хуучин нэр/ Л.Пүрэвбаатар надад байгуулсан контрактийн гэрээний нөхцлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцыг Өнөр девелопмент ХХК-аас худалдан авч, эзэмшүүлсэн. Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд нийгэмлэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасныг үндэслэн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон дээр дурдсан контрактийн нөхцлийг тус Нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан. Ерөнхий хорооны 2015 оны 07 сарын 31-ний өдрийн хурлын протокол №4 Замын даргатай байгуулах контрактийн нөхцлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан. Тус нийгэмлэгээс иргэн Л.Пүрэвбаатар надтай байгуулсан контрактийн гэрээний 5.9 дэх заалтад заасан тохиролцооны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70 м.кв талбай бүхий орон сууцыг Л.Пүрэвбаатар надад Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам Нийгэмлэгийн зүгээс эзэмшүүлсэн. Гэвч миний бие үүрэгт ажлаа хугацаанаас өмнө 2016 оны 09 сарын 27-ны өдөр үндэслэлгүй чөлөөлөгдсөн бөгөөд контрактын гэрээний 6.6 дах заалтыг биелүүлэх нөхцөл бүрдсэн. Миний биеийг ажлаас чөлөөлөх үед ажлыг амжилттай хийсэн тухай Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаас талархал илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний бие контрактийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажилласан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам Нийгэмлэгийн зүгээс өнөөдрийг хүртэл иргэн Л.Пүрэвбаатар надад байгуулсан контрактийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Л.Пүрэвбаатар миний бие уг орон сууцанд орсон үеэс эхлэн ашиглалтын зардлаа төлж, ямар нэг иргэний үүргийн зөрчилгүй оршин сууж байна. Нөгөө талаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нь миний контрактийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 07-ны өдрийн Дэмжлэг хүсэх тухай №10/1478 тоот албан тоотыг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн, иргэн Л.Пүрэвбаатартай байгуулсан 2015 оны 07 сарын 31-ний өдрийн контрактийн гэрээний 5.9, 6.6-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын тайлбарт: Л.Пүрэвбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар томилогдон ажилласан. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Өнөр девелопмент ХХК-тай байгуулсан Орон сууц бариулах тухай гэрээ-ний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 1 484 253 000 /нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг хөрөнгийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пүрэвбаатарыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан контрактын 5.9 дэх заалтад заасны дагуу түр эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын дарга Л.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1-222 тушаал гарч түүнтэй байгуулсан контрактийг цуцалсан. Контрактыг цуцалсантай холбогдуулан орон сууцыг шилжүүлэх эсэх асуудлаар Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гарч улмаар шийдвэрийн 9.1 дэх заалтаар УБТЗ ХНН-ийн балансад байгаа Улаанбаатар хот Хан- Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг Замын даргад даалгасан шийдвэр гаргасан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2016 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах, худалдах, тухайлбал УБТЗ ХНН-ийн өмчлөлд байгаа УБ, ХУД-1 хаягаар байрладаг 3 давхар 370 мкв орон сууцыг худалдаж авсан өртгөөр нь өмнөх Замын дарга Л.Пүрэвбаатарт 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09/423 тоот албан бичгээр тухайн байрыг  худалдаж авсан өртгөөр нь төлж авах санал явуулсан. Хариуг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн ба Хувь нийлүүлэгчдийн хурал эсвэл Оросын төмөр замууд нийгэмлэгийн хууль эрх зүйн газрын саналыг Хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах, Ерөнхий хорооны хурлаас эрхээ авч гэрээ зурсан даргатайгаа шууд хэлцэл хийх саналтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар Ерөнхий хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлын 7.3 дах заалтаар дээрх байрыг зах зээлийн үнэлгээгээр зарах шийдвэрийг тус тус гаргаад байна. УБТЗ ХНН-ийн хувьд үндсэн хөрөнгийн данснаас хасахдаа УБТЗ-ын үндсэн хөрөнгийг данснаас хасах тухай журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхий хороо гаргадаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан гаргасан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай, Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвсийн орлогод, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 7 509 015 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3 754 507 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагатай нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч гэдгийг шүүх тогтоосон мөртлөө өмчлөгчийн туйлын эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байна. Нөгөөтэйгүүр "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг нь контрактын гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч Ерөнхий хорооны шийдвэргүйгээр үндсэн хөрөнгийг данснаас хасдаггүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг нь Олон Улсын гэрээний үндсэн дээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Олон Улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Олон улсын гэрээ болох Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн хавсралтаар батлагдсан Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн "д"-д зааснаар: Ерөнхий хороо нь хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах... шийдвэрүүдийг гаргах давуу эрхтэй бөгөөд Ерөнхий хорооны шийдвэрээр "Улаанбаатар төмөр зам"-ын хөрөнгийг данснаас хасдаг. Гэтэл Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гарч, хурлын тэмдэглэлийн 9.1 дэх заалтаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн балансад байгаа Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж, "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг Замын даргад даалгасан шийдвэр гарсан. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 2016 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах, худалдах, тухайлбал "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн өмчлөлд байгаа УБ, ХУД-1 хаягаар байрладаг 3 давхар 370 м.кв орон сууц, 1 484 300 000 төгрөгийн өртөгтэй байрыг өмнөх Замын дарга Л.Пүрэвбаатарт 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09/423 тоот албан бичгээр худалдаж авсан өртгөөр нь төлж авах санал явуулсан зэрэг нотлох баримтуудыг үнэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай сууцыг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд маргааны зүйл болох орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн, талууд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв эсэх талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Л.Пүрэвбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлж Монголын талын хувь нийлүүлэгч Монгол Улсын Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цогтбаатартай байгуулсан гэрээгээр тус байгууллагын Замын даргаар ажиллаж байх үедээ нэхэмжлэгчийг төлөөлөн 1 484 253 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалан бариулж, 2015 оны 08 дугаар сараас хойш амьдарч байсан байна. /1хх 131-143/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул түүний контрактын үндсэн дээр эзэмшиж байсан албаны орон сууцыг чөлөөлүүлнэ гэж тайлбарласан бөгөөд хариуцагчтай байгуулсан контрактыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-222 тоот тушаалаар контрактын 6.5, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 17 и, 22 а заалтыг үндэслэн цуцалжээ. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулан ажилтанд шилжүүлсэн албаны орон сууцыг ажилтны албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол буцаан авахаар шаардах эрхтэй юм.

 

Аливаа иргэн, хуулийн этгээд бусдын өмчлөлийн зүйлийг гагцхүү хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж болох бөгөөд контрактын 5.9-д заасны дагуу маргааны зүйл болох орон сууцыг эзэмшиж байсан хариуцагч Л.Пүрэвбаатар нь контракт цуцлагдсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тухайн орон сууцыг эзэмших эрхгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан контракт цуцлагдсанаар хариуцагчийн орон сууц эзэмших эрх дуусгавар болно.

 

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлж Монголын талын хувь нийлүүлэгч Монгол Улсын Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цогтбаатарын хариуцагчтай байгуулсан контракт, мөн хариуцагч Л.Пүрэвбаатарын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өнөр девелопмент ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэгч тал маргадаг боловч дээрх хэлцлүүд хүчин төгөлдөр эсэх нь тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэгч нь өөрийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ бүртгүүлсэн тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нөхцөлд өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт контракт байгуулах үедээ талууд ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон бусад нөхцлийг тодорхой тусгасан байхаар зохицуулсан.

 

Талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд контрактын 5.9-д зааснаас үзэхэд маргааны зүйл болох тухайн орон сууцыг хариуцагчийн эзэмшилд нь өгөхөөр гэрээнд тусгаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь өөрөө өндөр өртөг бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг ажил олгогчийг төлөөлөн байгуулж, уг орон сууцанд амьдарч байгаад өмчлөлдөө шилжүүлэхийг шаардаж байгаа нь шударга ёсны зарчим болоод Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.4, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг шаардах эрх хариуцагчид үүсэхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоход дээр дурдсан нөхцөл хамаарна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхийн хүрээнд талууд контрактын 5.9-д заасан орон сууцаар хангах бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нь гэрээний агуулга болон талуудын хэн алины хүсэл зоригт нийцүүлэн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д шилжүүлэхийг даалгаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 7 247 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай" гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 579 215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ