Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00072

Улаанбаатар хот

 

                         

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “У” нэхэмжлэлтэй,

Хариуцагч: холбогдох

Орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:,

Нэхэмжлэгч: холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек /ШТЭҮ-2631/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын дарга Д.Жигжиднямаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.П нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр Замын даргаар томилогдсон. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд “У” нийгэмлэг нь “Өнөр девелопмент” ХХК-тай байгуулсан “Орон сууц бариулах тухай гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 15 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр 1 484 253 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Байрны төлбөрийг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нийгэмлэгийн Голомт банкны 1102047680 тоот данснаас 639 253 000 төгрөг, Худалдаа хөгжпийн банкны 499201374 тоот данснаас 845 000 000 төгрөгөөр тус тус “Өнөр девелопмент” ХХК-ийн 2715008744 дансанд шилжүүлсэн байна. Уг хөрөнгийг “У” нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, Өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь “У” нийгэмлэг нь эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын дарга Л.Пыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1- 222 тушаалаар түүнтэй байгуулсан контрактыг цуцалсан. Иймд Л.Пыг одоо эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах “У” нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцнаас чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Л.П нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У" нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл №5 үндсэн дээр Уын даргын албан тушаалд томилогдон контрактын гэрээ байгуулан ажиллаж байгаад мөн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр контрактын гэрээг дахин байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 хороо, Цэцээ гүнд байрлах 370 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан байдаг. Уг орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн, уг орон сууц нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын өмчлөлд бүртгэлтэй, үндсэн хөрөнгөд авагдсан байгаа. Орон сууцыг зөвхөн ажиллаж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан бөгөөд контркатын гэрээ дуусгавар болж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул буцаан өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байж, уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь манайд дагаж мөрдөгддөг гэрээ байгуулах журам, орон сууц хөлслөх журмыг зөрчсөн, дур мэдэн байгуулсан байдаг. Тиймээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байна гэв. 

 

            Хариуцагч Л.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“У” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.П миний бие нь дээр дурьдсан орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд “УБТЗ” ХНН нь контрактаар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн орон сууцыг миний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ нь дор дурьдсан үндэслэл, тайлбараар нотлогдоно.

Нэг.Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У" нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл №5 үндсэн дээр Уын даргын албан тушаалд томилогдсон. “УБТЗ” ХННийгэмлэгийн Ерөнхий хороо гэдэг нь Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөл юм.

Тухайн үед Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдийн №357 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр томилогдсон Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын баталсан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах Удирдамжийн дагуу ажилласан. Уг удирдамжийн 3-т “нийгэмлэгийн Ерөнхий хорооны шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөр ажиллах”, 4-т “У” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга болон Замын даргын албан тушаалд хоёр талаас нэр дэвшүүлж, тус нийгэмлэгийн дүрмийн дагуу Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тохирох” гэсэн эрхийг Монголын талын хувь нийлүүлэгчид олгосон байдаг.

Хоёр.2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар болон “УБТЗ” ХНН-ийн Замын даргын хооронд Контракт байгуулагдаж талууд замын даргын эрх хэмжээ, талуудын эрх үүрэг, хөдөлмөрийн хөлс, нөхөн төлбөр, хөнгөлөлтийн нөхцөл, ажил амралтын дэглэм, хөдөлмөрийн нөхцөл, контрактын үйлчлэх хугацаа, цуцлах нөхцөл зэргийг тохиролцсон.

Энэхүү Контрактын 5.9-д “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн албаны орон сууц эсхүл бие даасан, тохилог 'албаны сууцаар хангана” гэж заасан ба үүгээр олгогдсон эрхийн хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Өнөр девеломент” ХХК-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан ба 2015 оны 08 дугаар сард орон сууц ашиглалтанд орсон. Орон сууцыг ашиглалтад орсоны дараа Гүйцэтгэгчээс хүлээн авч амьдарч эхэлсэн ба ашиглалтын зардлыг бүрэн хувь хүн хариуцан төлж ирсэн.

Гурав.Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд тус нийгэмлэг нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасны үндсэн дээр Монгол улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг удирдлага болгон дээр дурьдсан контрактын нөхцөлийг тус нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан.

Энэ талаар Ерөнхий хорооны шат дараалсан шийдвэрүүд гарч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протокол №3 -аар Замын дарга болон “УБТЗ”-ын Ерөнхий хорооны даргын хооронд байгуулах Контрактын нөхцөлийг Ерөнхий хороонд танилцуулж хэлэлцүүлэхийг даалгасан ба мөн Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протокол №4 -өөр Замын даргатай байгуулах контрактын нөхцлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан.

Үүний дагуу УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга Морозов В.Н нь эрх хэмжээний хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Замын даргатай мөн өдөр Контракт байгуулсан.

Энэхүү контрактын 5.9-д “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн албаны орон сууц эсхүл бие даасан, тохилог албаны сууцаар хангах ба контрактын хугацаа дуусгавар болоход тухайн сууцыг Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэж заасан.

Мөн 6.6-д “Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5. 1 дэх пунктаар тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктад заасны дагуу албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ” гэсэн Замын даргад олгох нөхөн төлбөрийн нөхцөлийг сайжруулсан заалтууд нэмэгдсэн.

Дөрөв.2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын протокол №3-аар Л.П миний биеийг Уын даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн. Замын даргаас чөлөөлсөн хурлын шийдвэрт Л.Пын 'буруутай үйлдлийн улмаас контрактыг цуцалсан тухай байхгүй, хурлын тэмдэглэл болон амаар талархал илэрхийлсэн тул контрактын 5.9 заалт биелэх нөхцөл бүрдсэн.

Миний бие нь шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаад ажил хүлээлгэж өгөх үед бүх ажилчдын цалин урамшууллыг 2 удаа жил дараалан 10% нэмэгдүүлсэн, онцгой албан татварыг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан, “УБТЗ” ХНН -ийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар 111 119 635 012,93 төгрөг байсан. Энэ нь Д.Жигжиднямаа, Л.П, Усольцева С.Я нар гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно.

Тав.”Уын дарга ДЖигжиднямаа нь ажил хүлээн авсанаасаа хойш контрактын үүргийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Дэмжлэг хүсэх тухай” № 10/1478 албан тоотыг “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн байдаг.

Энэхүү албан тоотоор ХНН “УБТЗ” нь контрактаар хүлээсэн бүхий л нөхцлийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүрэгтэй. Контрактын 6.6-д заасны дагуу контрактын 5. 1 дэх пунктаар тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктад заасны дагуу албаны орон сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ гэснээр мөнгөн төлбөрийг олгосон.

Зургаа.”У” нийгэмлэгийн Дүрмийн 29 дүгээр зүйлийн Шалган байцаах Тэгш эрхт комисс нь тус нийгэмлэгийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын тайлангийн 2.3.1 дэх пунктад “Л.Пын албаны зориулалтаар амьдарч байгаа орон сууцны хаяг, худалдан авсан авсан нөхцөл, гэрээ бусад үзүүлэлтүүдийг дурьдаад контрактын гэрээний 5.9 дэх пунктаар олгогдсон эрхийн хүрээнд Замын даргын амьдрах зориулалтаар худалдан авсан байна. Контрактын гэрээний 6.6-д Замын даргын буруутай үйлдэл/эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктаар тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9 дэх пунктад заасны дагуу албаны сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ. Нийгэмлэгийн Дүрмийн 17 ”д“ зүйлийн дагуу тухайн орон сууцны байшинг нийгэмлэгийн данснаас хасч, үнэ төлбөргүйгээр Л.Пын өмчлөлд нь шилжүүлэх асуудлыг Ерөнхий хорооны ээлжит хуралд оруулж хэлэлцүүлэх” гэсэн чиглэл өгсөн.

Долоо. Хэдийгээр контрактын гэрээний нөхцлийг талууд сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ч“ УБТЗ”-ын одоогийн удирдлага нь контрактын нөхцөлийг биелүүлэхгүй гэж Тээврийн прокурорын газар болон Хан-Уул дүүргийн прокурорын газар ба Цагдаагийн байгууллагуудад давхардуулан гомдол гаргах зэргээр арга саад хийсээр өнөөг хүрлээ.

Тухайлбал “УБТЗ-“ын дарга Д.Жигжиднямаа нь Л.Пыг хуурамч контракт үйлдэж нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгууллагын өмч хөрөнгөд хохирол учруулж, ашиглан шамшигдуулж байна гэсэн гомдлыг Төмөр зам дахь Цагдаагийн газарт гаргасан.

Цагдаагийн байгууллага тухайн асуудлыг мөрдөн шалгаад Тээврийн Прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 930 дугаар Тогтоолоор “Л.П нь Контрактын дагуу тухайн орон сууцыг эзэмшиж байгаа, мөн энэ нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна” гээд Ерөнхий хорооны дарга В.Н Морозовтой байгуулсан 2015 оны 7 'дугаар 31-ний өдрийн /контракт/ гэрээгээр асуудлыг шийдвэрлэх юм байна гэж дүгнэсэн. Прокурорын тогтоолд дээрх үйлдэл нь /контракт/ гэрээн дээр үүссэн маргаан байх тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурьдсан.

Гэтэл “УБТЗ”-ын 1-р орлогч дарга Милостных И.В нь Замын дарга Д.Жигжиднямаагийн даалгавраар дахин Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлсэст хандаж гомдол гаргасан. Тухайн гомдлыг шалгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 535 дугаар тогтоолоор “уг хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” нь тогтоогдсон тул хэрэг бүртгэх үндэслэлгүй гэж үзэж татгалзсан байна.

Нэхэмжлэл дээр орон сууцыг чөлөөлөх хуулийн үндэслэл огт дурьдаагүй байна. Хууль болон гэрээг зөрчсөн болохыг тодорхойлох нь иргэний маргаанд хариуцагч болох эсэхийг шийдвэрлэдэг. Замын дарга Л.Пын тус байгууллагад ажиллах хангамж урамшуулал, нөхөн төлбөр, эрх үүрэг мөн хариуцлага нь энэхүү контрактын гэрээгээр зохицуулагддаг байсан. Иймд “УБТЗ” ХХН нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдал, үндэслэл тайлбарыг хянан үзэж “УБТЗ” ХНН- ээс гаргасан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.П миний бие 2015 оны 7-р сарын 31-ний өдрөөс эхлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн даргаар ажиллаж эхэлсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн даргаар томилон, ажиллах хугацаандаа Төрийн өмчийн хороо /хуучин нэр/ Л.П надад байгуулсан контрактийн гэрээний нөхцлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцыг “Өнөр девелопмент” ХХК-иас худалдан авч, эзэмшүүлсэн. Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд нийгэмлэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасныг үндэслэн Компани тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон дээр дурьдсан контрактийн нөхцөлийг тус Нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан. Ерөнхий хорооны 2015 оны 7-р сарын 31-ний өдрийн хурлын протокол №4 Замын даргатай байгуулах контрактийн нөхцөлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан. Тус нийгэмлэгээс иргэн Л.П надад байгуулсан контрактийн гэрээний 5.9 дэх заалтад “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг амьдрах. амрах таатай нөхцөл бүрдсэн албаны байр эсхул бие даасан, тохилог орон сууцаар хангах ба контрактийн гэрээ дуусгавар болоход тухайн орон сууцыг Замын даргад унэ төлбөргүй шилжүүлнэ” гэж гэрээнд заасан тохиролцооны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцыг Л.П надад Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн зүгээс эзэмшүүлсэн. Гэвч миний бие үүрэгт ажлын хугацаанаас өмнө 2016 оны 09-р сарын 27-ны өдөр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн даргын үүрэгт ажлаас, үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд миний бие ажиллаж байх хугацаанд контрактийн гэрээний 3.4 дэх заалтад заасан үүргүүдийг зөрчилгүй, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул контрактын гэрээний 6.6 дах заалтыг биелүүлэх нөхцөл бүрдсэн. Миний биеийг ажлаас чөлөөлөх үед ажлыг амжилттай хийсэн тухай Уын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаас талархал илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний бие контрактийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажилласан гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс дүгнэсэн байдаг. Тухайлбал: ажил хүлээлгэж өгөх хүртэл 2 жилийн хугацаанд бүх ажилчдын цалин урамшууллыг 2 удаа жил дарааллан 10% нэмэгдүүлсэн, “УБТЗ” ХНН-ийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар 111.119.635.012,93 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай Д.Жигжиднямаа, Л.П, Усольцева С.Я нар гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн зүгээс өнөөдрийг хүртэл иргэн Л.П надад байгуулсан контрактийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Л.П миний бие уг орон сууцанд орсон үеэс эхлэн ашиглалтын зардлаа төлж, ямар нэг иргэний үүргийн зөрчилгүй оршин сууж байна. Нөгөө талаараа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нь миний контрактийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн “Дэмжлэг хүсэхтухай” №10/1478 тоот албан тоотыг “УБТЗ”-ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн билээ. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн зүгээс өнөөдрийг хүртэл, дээрх асуудлыг Ерөнхий хороо шийдэхгүй байна гэх зэрэг янз бүрийн шалтгаан хэлсээр өдий хүрлээ.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” Нийгэмлэгийн, Иргэн Л.Птай байгуулсан 2015 оны 7 сарын 31-ний өдрийн Контрактийн гэрээний 5.9, 6.6-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Замын даргаар томилогдож, контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан, мөн Ерөнхий хороонд контркатын нөхцлийг оруулж, тодорхой асуудлуудыг тусгаж тохиролцсон байдаг. Мөн дахин контрактын гэрээг Ерөнхий хорооны шийдвэрээр 2015 оны 7 дугаар сарын 31-нд байгуулсан. Контрактад зааснаар 370 м.кв орон сууцыг Л.Пт зориулан эзэмшүүлж байсан. Гэрээний 5.9-д зааснаар өмчлүүлэхээр, эсхүл 6.8-д зааснаар буцаан авахаар харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө, үндэслэлээ ч дурдуугүй цуцласан. Тиймээс 59.-д зааснаар орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүрэг үүссэн. Орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг зөвшөөрөхгүй, бүхий л зардлыг төлж хууль ёсоор амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн хариуцсан ажлаа үр дүнтэй, сайн хийсэн болох тайлан болон хурлын протоколоор нотлогдоно. Мөн ямар нэгэн эрх мэдлээ хэтрүүлсэн, дур мэдэн худалдан худалдан авах гэрээ байгуулсан, контрактын гэрээнд өөрчлөлт оруулсан зүйл байхгүй, мөрдөгдөж байсан дүрэм журмыг зөрчөөгүй. Энэ талаар эрүүгийн журмаар хангалттай шалгуулсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.П нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр “У” нийгэмлэгийн Даргаар томилогдон ажилласан. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд “У” нийгэмлэг нь “Өнөр девелопмент ХХК”-тай байгуулсан “Орон сууц бариулах тухай гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 1 484 253 000 /нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг хөрөнгийг “У” нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Контрактын 5.9 дэх заалтад “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах ...” гэж заасны дагуу түр эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын дарга Л.Пыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1-222 тушаал гарч түүнтэй байгуулсан контрактийг цуцалсан. Контрактыг цуцалсантай холбогдуулан орон сууцыг шилжүүлэх эсэх асуудлаар Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гарч улмаар шийдвэрийн 9.1 дэх заалтаар “УБТЗ” ХНН-ийн балансад байгаа Улаанбаатар хот Хан- Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг Замын даргад даалгасан шийдвэр гаргасан.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн 2016 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах, худалдах, тухайлбал “УБТЗ” ХНН-ийн өмчлөлд байгаа УБ, ХУД-1 хаягаар байрладаг 3 давхар 370мкв орон сууц,1,484,3 сая төгрөгийн өртөгтэй байрыг худалдаж авсан өртгөөр нь өмнөх Замын дарга Л.Пт 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09/423 тоот албан бичгээр тухайн байрыг  худалдаж авсан өртгөөр нь төлж авах санал явуулсан. Хариуг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн ба Хувь нийлүүлэгчдийн хурал эсвэл “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн хууль эрх зүйн газрын саналыг Хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах, Ерөнхий хорооны хурлаас эрхээ авч гэрээ зурсан даргатайгаа шууд хэлцэл хийх саналтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар Ерөнхий хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлын 7.3 дах заалтаар дээрх байрыг зах зээлийн үнэлгээгээр зарах шийдвэрийг тус тус гаргаад байна. “УБТЗ” ХНН-ийн хувьд үндсэн хөрөнгийн данснаас хасахдаа “УБТЗ”-ын үндсэн хөрөнгийг данснаас хасах тухай журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхий хороо гаргадаг.

Иймд Л.Пыг одоо эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах “У” нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлээс хасах, шилжүүлэх эрхийг Ерөнхий хороо шийдвэрлэдэг, гэтэл Ерөнхий хорооны шийдвэрээр худалдан борлуулах шийдвэр гарсан тул шилжүүлэх боломжгүй юм. Контрактын гэрээ байгуулсан талаар бол маргахгүй, гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй боловч гэрээг дүгнэсэн шийдвэр гарах ёстой байсан. Мөн уг Хан-Уул дүүргийн 11 хороо, Цэцээ гүнд байрлах орон сууцыг биш өөр орон сууцыг санал болгоод өгөх бололцоотой. Тиймээс орон сууц хөлслөх журмыг зөрчсөн тул уг журамд зааснаар ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн бол орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У” нь хариуцагч Л.Пт холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.П нь нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь замын дарга Л.Птай байгуулсан гэрээ дуусгавар болж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн тул ажиллаж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан албаны орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-тай байгуулсан контрактын гэрээнд өөрийн буруутай биш шалтгаанаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд албаны орон сууцыг өмчлүүлэхээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, контрактын гэрээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурлын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5 дугаар протоколын “...Арвангуравдугаар асуудлаар шийдвэрлэсэн нь 2.”УБТЗ” ХНН-ийн даргаар ноён Л.Пыг томилох”-оор шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын даргатай контрактын гэрээ байгуулжээ. /хэргийн 131-143, 173-181-р хуудас/

Мөн Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий хорооны эчнээ бус хурлын №3 протоколын 9.3-д “”УБТЗ” ХНН-ийн дарга болон “УБТЗ” ХХН-ийн Ерөнхий хорооны дарга нарын хооронд байгуулах хөдөлмөрийн контрактын гэрээний нөхцлүүдийг 7 хоногийн дотор “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороонд ирүүлэхийг “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пт даалгах”, Ерөнхий хорооны эчнээ хурлын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №4 протоколоор “...Нэгдүгээр асуудлаар шийдвэрлэсэн нь 1.”УБТЗ” ХНН-ийн даргатай байгуулах контрактын гэрээний нөхцлийг хавсралтын дагуу дэмжих, 2.”УБТЗ” ХХН-ийн даргатай хийх контрактын гэрээнд “УБТЗ” ХНН-ийн нэрийн өмнөөс гарын үсэг зурахыг “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга В.Н.Морозовт даалгах асуудлыг шийдвэрлэсэн байна. /хэргийн 36-42, 52-53-р  хуудас/

Уг хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ыг төлөөлж “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов М.Н, Замын дарга Л.П нарын хооронд контрактын гэрээг байгуулж, энэхүү контрактаар Нийгэмлэгийн ерөнхий хорооны шийдвэр /2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Протокол №5/ үндсэн дээр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” ХНН-ийн замын даргын албан тушаалд томилогдсонтой холбогдох хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, гурван жилийн хугацаатайгаар байгуулжээ. /хэргийн 54-61-р хуудас/

Зохигч талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг контрактын гэрээг байгуулан ажиллаж байсан талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-222 тоот “Контракт дуусгавар болгох тухай” тушаалаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “и”, 22 дугаар зүйлийн “а”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 дугаар протокол, контрактын гэрээний 6.5 дах заалтыг үндэслэн “УБТЗ”-ХНН-ийн дарга Л.Птай байгуулсан контрактын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгожээ. /хэргийн 14-р хуудас/

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын №3 дугаар протоколд “...Шийдвэрлэсэн нь 1.”УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 17 дугаар зүйлийн “и” заалтыг үндэслэн Ноён Л.Пыг “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх, “УБТЗ” ХНН-ийн даргын албан тушаалд ноён Д.Жигжиднямааг томилох, 2.”УБТЗ” ХНН-ийн дарга Л.Птай байгуулсан контрактын гэрээг цуцлах, 3.Ноён Л.Пт талархал илэрхийлэх“ талаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 76-80-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан контрактын гэрээ дуусгавар болсон, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул үүргээ гүйцэтгэхдээ эзэмшиж байсан албаны орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа “УБТЗ” ХНН-ийн гэрээ байгуулах дүрэм зөрчсөн, орон сууцыг хөлслөх гэрээг нийгэмлэгтэй байгуулаагүй хууль бусаар эзэмшиж байна гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээнд өөрийн буруугаас биш шалтгаанаар гэрээг дуусгавар болгосон бол албаны орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр заасан, “УБТЗ” ХНН-ийн санаачилгаар контрактын гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн тул орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №ТST05 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г “Өнөр девелопмент ХХК, “У” хувь нийлүүлсэн нийгэмлэг нарын хооронд байгуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцээ гүн хотхоны ТН5 байрны В1-3 давхарын 205 тоот 370 м.кв орон сууцыг нийт 1 745 985 900 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд орон сууцны хөнгөлттэй үнэ болох 639 253 000 төгрөг, 845 000 000 төгрөг, нийт 1 484 253 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “У” ХНН-ээс “Өнөр девелопмент” ХХК-д шилжүүлсэн талаар зохигч талууд хүлээн зөвшөөрсөн маргаагүй. /хэргийн 6-10-р хуудас/

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000576230 дугаар гэрчилгээнд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У” бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл буюу уг шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, хууль бусаар эзэмшиж байгаа этгээд байна.

 

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын даргатай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д “энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ”, 6.6-д “замын даргын буруутай үйлдэл эс үйлдэл байхгүй байхад Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд түүнд энэхүү контрактын 5.1-д тогтоосон 6 сарын контрактын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ба энэхүү контрактын 5.9-д заасан албаны орон сууцыг нь өмчлөлд нь шилжүүлнэ” гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 54-61-р хуудас/

 

Зохигч талуудын хооронд байгуулсан контрактын гэрээг гэрээний 6.1-д зааснаар гурван жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 6.5-д “Нийгэмлэг нь Замын даргатай байгуулсан контрактыг Ерөнхий хорооны шийдвэрээр ямар ч үед хугацаанаас нь өмнө цуцлаж болно. Замын даргын бүрэн эрхийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцлана” гэж зааснаар контрактын гэрээг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-222 тоот “Контракт дуусгавар болгох тухай” тушаалаар хугацаанаас нь өмнө цуцлажээ. /хэргийн 59-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь тушаалд дурдсанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “и”-д “Ерөнхий хороо нь замын дарга, түүний орлогч, замын ерөнхий инженер, замын санхүү нягтлан бодох хэлтсийн дарга нарыг томилох ба өөрчлөнө”, 22 дугаар зүйлийн “а”-д “замын дарга нь тушаал шийдвэр гаргах эрхтэй”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын №3 дугаар протокол, контрактын гэрээний 6.5 дах заалтыг тус тус үндэслэсэн байна. Контрактын гэрээний 6.5-д гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлүүдийг заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг ямар үндэслэлээр цуцласан, уг гэрээг цуцлахад Замын даргын буруутай үйлдэл, эс үйлдэл байсан эсэх талаараа баримтаар нотлоогүй тул 6.6-д заасан замын даргын буруутай үйлдэл, эс үйлдэл байхгүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцласан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа контрактын гэрээний 6.6-д заасан нөхөн төлбөрийг олгосон, хүлээн авсан талаараа маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрмүүдийг зөрчсөн, контрактын гэрээг өөрт ашигтайгаар өөрчлөн байгуулсан гэж тайлбарласан боловч Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны эчнээ хурлын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №4 протоколоор ”УБТЗ” ХНН-ийн даргатай байгуулах контрактын гэрээний нөхцлийг хавсралтын дагуу дэмжих, контрактын гэрээнд “УБТЗ” ХНН-ийн нэрийн өмнөөс гарын үсэг зурахыг Ерөнхий хорооны дарга В.Н.Морозовт даалгаж, контрактын гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан контрактын гэрээний 3.3.3-д замын дарга нь “нийгэмлэгийн дүрмээр тухайн хэлцлийг байгуулах тухай шийдвэрийг гаргах эрх нь Нийгэмлэгийн удирдах бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад иргэний эрх зүйн хэлцлийг байгуулах”, 3.3.4-д “хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тогтоосон журмын дагуу данснаас хасах, худалдан авах, түрээслэх, шилжүүлэх, борлуулах, ингэхдээ Нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрийн үндсэн дээр л Нийгэмлэгийн эд хөрөнгийг шилжүүлж, борлуулж, данснаас хасна” гэж зааснаар Замын дарга нь 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №ТST05 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г “Өнөр девелопмент ХХК-тай байгуулах эрхтэй байх бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ны гэрээ байгуулах журмын 2.1.1-д заасан “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 22-р зүйлийн “б” заалтын үндсэн дээр Замын дарга Хөрөнгө данснаас хасах, зээл авах /зээл шимтгэл/ томоохон хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцлийг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 85, 89-р зүйлүүд, “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 17-р зүйлийн “д”, 22-р зүйлийн “в” заалтуудад нийцүүлэн “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэрийг үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэснийг зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “в”-д төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх, шилжүүлэх, боруулах, тогтоосон журмаар данснаас хасах. Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гарсны дараа сая гүйцэтгэнэ. /энэхүү дүрмийн 17 дугаар зүйлийн “д”-д/ гэж заасан боловч хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээ байгуулсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ны гэрээ байгуулах журмын 1.5-д заасан томоохон хэлцэл, 1.6-д заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсан талаар нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

Мөн зохигч талуудын хооронд байгуулсан контрактын гэрээний 7.3-д “замын даргын гэм буруутай нь зөвхөн шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор тогтоогдоно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 930 тоот Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас гаргасан Уын даргаар ажиллаж байсан Л.П нь хуурамч гэрээ контракт үйлдэж, “У”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж 41-05 тоот хаягт байрлах байрыг ашиглаж, нийгэмлэгийн өмч хөрөнгөд хохирол учруулан ашиглан шамшигдуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд “дээрх үйлдэл нь гэрээ /контракт/ дээр үүссэн маргаан байх тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээр татгалзсан, мөн нэхэмжлэгч нь гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй байх тул хариуцагчийг орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрмүүдийг зөрчсөн, контрактын гэрээг өөрт ашигтайгаар өөрчлөн байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Л.Пыг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай орон сууцыг эзэмших эрхгүй, хууль бусаар эзэмшиж байгаа этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар зохигч талууд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын даргатай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д ...ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах, контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлэх, 6.6-д “замын даргын буруутай үйлдэл эс үйлдэл байхгүй байхад Ерөнхий хорооны шийдвэрээр энэхүү контрактыг хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд түүнд ...нөхөн төлбөр олгох ба 5.9-д заасан албаны орон сууцыг нь өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Контрактын гэрээний 1.5-д “талууд энэхүү контрактын нөхцөлийг үнэнч шударгаар биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь контрактын гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний 6.6-д заасан нөхцөл үүссэн тул орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг шилжүүлэхийг шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, уг орон сууцыг шилжүүлэх, данснаас хасах асуудлыг Ерөнхий хороо шийдвэрлэнэ, Ерөнхий хорооны шийдвэргүйгээр орон сууцыг шилжүүлэх боломжгүй, Ерөнхий хорооны хурлаар уг орон сууцыг худалдан борлуулах шийдвэр гарсан, нийгэмлэгийн орон сууцны дүрэмд зааснаар гэрээ цуцлагдсан бол орон сууцыг эргүүлэн өгөх үүрэгтэй гэж маргасан.

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлын протокол №4-д “...есдүгээр асуудлаар шийдвэрлэсэн нь 1.”УБТЗ” ХНН-ийн балансад байгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловруулж “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг замын даргад даалгах“-аар шийдвэрлэсэн байна. /хэргийн 111-117-р хуудас/

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У” ын үндсэн хөрөнгийг данснаас хасах журмын 1.2-д “журмын үйлчлэх хүрээ нь зөвхөн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын өмчлөлд багтах үндсэн хөрөнгөд хамаарна” гэж заажээ. /хэргийн 105-110-р хуудас/

Гэвч “УБТЗ” ХНН-ийн замын дарга нь Ерөнхий хорооны хуралд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, хаягт байршилтай нийт 370 м.кв талбайтай орон сууцны 3 давхар байшинг худалдан борлуулах талаар санал боловсруулсан эсэх нь тодорхойгүй, контрактын гэрээг дүгнээгүй, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын дарга Д.Жигжиднямаа нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр контрактад заасан үүргээ биелүүлэхэд дэмжлэг хүсэх тухай албан бичгийг ”УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Б.Цогтгэрэлд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 118-р хуудас/

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 1-д “энэхүү дүрмийн зорилго нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” ХНН-ийн өмчлөлийн орон сууцны санг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3-д “орон сууцны сан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн өмчлөлд байна”, 4-д “орон сууцны сан нь Уын байгууллага, салбар нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон түүнд ажиллаж байгаад өндөр насны, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд зохих журмын дагуу хөлслүүлэн ашиглахад зориулагдана” гэж заасан, нэхэмжлэгч нь хариуцагчтай Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контрактын гэрээ байгуулсан, уг контрактын гэрээний 5.9-д “...Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах”-аар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн орон сууцны дүрэм зөрчсөн гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан контрактын гэрээг ямар үндэслэлээр цуцласан талаараа баримтаар нотлоогүй, гэрээний 6.6-д заасан замын даргын буруутай үйлдэл, эс үйлдэл байхгүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцласан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын №3 дугаар протоколд “...ноён Л.Пыг “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг цуцлаж, ноён Л.Пт талархал илэрхийлэх“-ээр шийдвэрлэсэн, 6.6-д заасан нөхөн төлбөрийг олгосон байх тул контрактын гэрээний 5.9-д заасан албаны орон сууцыг нь өмчлөлд нь шилжүүлэх үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-д контрактын гэрээний үүргийг биелүүлж, орон сууцыг хариуцагч Л.Пын өмчлөлд нь шилжүүлэхийг даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын хариуцагч Л.Пт холбогдуулан гаргасан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Л.Пын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай, Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвсийн орлогод, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 7 509 015 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3 754 507 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН