Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01274

 

Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлалтай

Уын  нэхэмжлэлтэй Л.Пт холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370мкв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагч Л.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мын даргаар ажиллаж байсан Л.П нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр Замын даргаар томилогдсон. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд У нийгэмлэг нь Ө ХХК-тай байгуулсан орон сууц бариулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 15 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 484 253 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Байрны төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийгэмлэгийн Голомт банкны 1102047680 тоот данснаас 639 253 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 499201374 тоот данснаас 845 000 000 төгрөгөөр тус тус Ө ХХК-ийн 2715008744 дансанд шилжүүлсэн байна. Уг хөрөнгийг У нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, Өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь У нийгэмлэг нь эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр замын дарга Л.Пыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1- 222 тушаалаар түүнтэй байгуулсан контрактыг цуцалсан. Иймд Л.Пын эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах У нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцнаас чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.П миний бие дээр дурдсан орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд У нь контрактаар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн орон сууцыг миний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх үүрэгтэй. М нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл №5 үндсэн дээр Уын даргын албан тушаалд томилогдсон. У-ийн Ерөнхий хороо гэдэг нь Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөл юм. Тухайн үед Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №357 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр томилогдсон Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын баталсан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах Удирдамжийн дагуу ажилласан. Уг удирдамжийн 3, 4-т заасан эрхийг Монголын талын хувь нийлүүлэгчид олгосон байдаг.

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар болон У-ийн Замын даргын хооронд Контракт байгуулагдаж талууд замын даргын эрх хэмжээ, талуудын эрх үүрэг, хөдөлмөрийн хөлс, нөхөн төлбөр, хөнгөлөлтийн нөхцөл, ажил амралтын дэглэм, хөдөлмөрийн нөхцөл, контрактын үйлчлэх хугацаа, цуцлах нөхцөл зэргийг тохиролцсон. Энэхүү Контрактын 5.9-д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өнөр девеломент ХХК-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан ба 2015 оны 08 дугаар сард орон сууц ашиглалтад орсон. Орон сууцыг ашиглалтад орсны дараа гүйцэтгэгчээс хүлээн авч амьдарч эхэлсэн ба ашиглалтын зардлыг бүрэн хувь хүн хариуцан төлж ирсэн. Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд заасны үндсэн дээр Монгол улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг удирдлага болгон дээр дурдсан контрактын нөхцөлийг тус нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан. Энэ талаар Ерөнхий хорооны шат дараалсан шийдвэрүүд гарч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протокол №3-аар Замын дарга болон У-ын Ерөнхий хорооны даргын хооронд байгуулах Контрактын нөхцөлийг Ерөнхий хороонд танилцуулж хэлэлцүүлэхийг даалгасан ба мөн Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протокол №4-өөр Замын даргатай байгуулах контрактын нөхцөлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан. Үүний дагуу У-ын Ерөнхий хорооны дарга Морозов В.Н нь эрх хэмжээний хүрээнд М нийгэмлэгийн Замын даргатай мөн өдөр Контракт байгуулсан. Энэхүү контрактын 5.9, 6.6-д Замын даргад олгох нөхөн төлбөрийн нөхцөлийг сайжруулсан заалтууд нэмэгдсэн.

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын протокол №3-аар Л.П миний биеийг Уын даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн. Замын даргаас чөлөөлсөн хурлын шийдвэрт Л.Пын буруутай үйлдлийн улмаас контрактыг цуцалсан тухай байхгүй, хурлын тэмдэглэл болон амаар талархал илэрхийлсэн тул контрактын 5.9 заалт биелэх нөхцөл бүрдсэн. Уын дарга Д.Жигжиднямаа нь ажил хүлээн авснаасаа хойш контрактын үүргийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дэмжлэг хүсэх тухай № 10/1478 албан тоотыг У-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн байдаг. Энэхүү албан тоотоор ХНН У нь контрактаар хүлээсэн бүхий л нөхцөлийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүрэгтэй бөгөөд Контрактын 6.6-д заасны дагуу мөнгөн төлбөрийг олгосон.

У нийгэмлэгийн дүрмийн 29 дүгээр зүйлийн Шалган байцаах Тэгш эрхт комисс нь тус нийгэмлэгийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын тайлангийн 2.3.1 дэх пунктад заасан чиглэл өгсөн. Хэдийгээр контрактын гэрээний нөхцөлийг талууд сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ч У-ын одоогийн удирдлага нь контрактын нөхцөлийг биелүүлэхгүй гэж Тээврийн прокурорын газар болон Хан-Уул дүүргийн Прокурорын газар ба Цагдаагийн байгууллагуудад давхардуулан гомдол гаргах зэргээр арга саад хийсээр өнөөг хүрлээ. Тухайлбал У-ын дарга Д.Жигжиднямаа нь Л.Пыг хуурамч контракт үйлдэж нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгууллагын өмч хөрөнгөнд хохирол учруулж, ашиглан шамшигдуулж байна гэсэн гомдлыг Төмөр зам дахь Цагдаагийн газарт гаргасан. Цагдаагийн байгууллага тухайн асуудлыг мөрдөн шалгаад Тээврийн Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 930 дугаар тогтоолоор /контракт/ гэрээнээс үүссэн маргаан байх тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурдсан. Гэтэл У-ын 1-р орлогч дарга Милостных И.В нь Замын дарга Д.Жигжиднямаагийн даалгавраар дахин Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргасан. Тухайн гомдлыг шалгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 535 дугаар тогтоолоор хэрэг бүртгэх үндэслэлгүй гэж үзэж татгалзсан байна.

Хууль болон гэрээг зөрчсөн болохыг тодорхойлох нь иргэний маргаанд хариуцагч болох эсэхийг шийдвэрлэдэг. Замын дарга Л.Пын тус байгууллагад ажиллах хангамж урамшуулал, нөхөн төлбөр, эрх үүрэг мөн хариуцлага нь энэхүү контрактын гэрээгээр зохицуулагддаг байсан. Иймд У ХХН нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.П миний бие 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн М нийгэмлэгийн даргаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хороо /хуучин нэр/ Л.П надад байгуулсан контрактийн гэрээний нөхцөлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцыг Ө ХХК-аас худалдан авч, эзэмшүүлсэн. Тус нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлд нийгэмлэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасныг үндэслэн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон дээр дурдсан контрактийн нөхцөлийг тус Нийгэмлэгийн Ерөнхий хороотой зөвшилцөн зохих журмын дагуу байгуулсан. Ерөнхий хорооны 2015 оны 07 сарын 31-ний өдрийн хурлын протокол №4 Замын даргатай байгуулах контрактийн нөхцөлийг зөвшөөрч, Ерөнхий хорооны даргад гарын үсэг зурахыг даалгасан. Тус нийгэмлэгээс иргэн Л.П надтай байгуулсан контрактийн гэрээний 5.9 дэх заалтад заасан тохиролцооны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70 м.кв талбай бүхий орон сууцыг Л.П надад М Нийгэмлэгийн зүгээс эзэмшүүлсэн. Гэвч миний бие үүрэгт ажлаа хугацаанаас өмнө 2016 оны 09 сарын 27-ны өдөр үндэслэлгүй чөлөөлөгдсөн бөгөөд контрактын гэрээний 6.6 дах заалтыг биелүүлэх нөхцөл бүрдсэн. Миний биеийг ажлаас чөлөөлөх үед ажлыг амжилттай хийсэн тухай Уын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаас талархал илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний бие контрактийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажилласан. Гэтэл М Нийгэмлэгийн зүгээс өнөөдрийг хүртэл иргэн Л.П надад байгуулсан контрактийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Л.П миний бие уг орон сууцанд орсон үеэс эхлэн ашиглалтын зардлаа төлж, ямар нэг иргэний үүргийн зөрчилгүй оршин сууж байна. Нөгөө талаар М нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нь миний контрактийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 07-ны өдрийн Дэмжлэг хүсэх тухай №10/1478 тоот албан тоотыг У-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэлд хүргүүлсэн. Иймд М нийгэмлэгийн, иргэн Л.Птай байгуулсан 2015 оны 07 сарын 31-ний өдрийн контрактийн гэрээний 5.9, 6.6-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах З70.м.кв талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.П нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр У нийгэмлэгийн даргаар томилогдон ажилласан. Түүнийг Замын даргаар ажиллаж байх хугацаанд У нийгэмлэг нь Ө ХХК-тай байгуулсан Орон сууц бариулах тухай гэрээ-ний дагуу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг 1 484 253 000 /нэг тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг хөрөнгийг У нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000575230 дугаартай гэрчилгээ авсан ба Захиргаа удирдлагын албаны үндсэн хөрөнгийн бүртгэлд 1202011010 кодтойгоор бүртгэж авсан. Худалдан авсан орон сууцыг Замын дарга Л.Пыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан контрактын 5.9 дэх заалтад заасны дагуу түр эзэмшүүлж байсан. Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Замын дарга Л.Пыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарч, уг хурлын протоколыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын даргын Б-1-222 тушаал гарч түүнтэй байгуулсан контрактийг цуцалсан. Контрактыг цуцалсантай холбогдуулан орон сууцыг шилжүүлэх эсэх асуудлаар Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гарч улмаар шийдвэрийн 9.1 дэх заалтаар У-ийн балансад байгаа Улаанбаатар хот Хан- Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбайтай орон сууцны 3 давхар байшинг цаашид хэрхэн ашиглах, түүний дотор худалдан борлуулах талаар санал боловсруулж, У-ийн Ерөнхий хорооны хуралд танилцуулахыг Замын даргад даалгасан шийдвэр гаргасан. М нийгэмлэгийн 2016 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглах, худалдах, тухайлбал У-ийн өмчлөлд байгаа УБ, ХУД-1 хаягаар байрладаг 3 давхар 370 мкв орон сууцыг худалдаж авсан өртгөөр нь өмнөх Замын дарга Л.Пт 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09/423 тоот албан бичгээр тухайн байрыг  худалдаж авсан өртгөөр нь төлж авах санал явуулсан. Хариуг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн ба Хувь нийлүүлэгчдийн хурал эсвэл Оросын төмөр замууд нийгэмлэгийн хууль эрх зүйн газрын саналыг Хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах, Ерөнхий хорооны хурлаас эрхээ авч гэрээ зурсан даргатайгаа шууд хэлцэл хийх саналтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар Ерөнхий хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлын 7.3 дахь заалтаар дээрх байрыг зах зээлийн үнэлгээгээр зарах шийдвэрийг тус тус гаргаад байна. У-ийн хувьд үндсэн хөрөнгийн данснаас хасахдаа У-ын үндсэн хөрөнгийг данснаас хасах тухай журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхий хороо гаргадаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М-ын хариуцагч Л.Пт холбогдуулан гаргасан орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Л.Пын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай 370 м.кв талбайтай, Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлэхийг нэхэмжлэгч М-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 7 509 015 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3 754 507 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Л.Пын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч М-д шилжүүлэхийг даалгаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Л.Пын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 7 247 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 579 215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг үл харгалзан хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь бүрэн бодитой үнэлж чадаагүйгээс үүдэн хууль зүйн үйл явдалд эрх зүйн дүгнэлтийг илтэд буруу хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн улмаар шүүхийн магадлалын үндэслэл болгосон процессийн хуулийн холбогдох зохицуулалтыг илтэд буруу хэрэглэж гаргасан нь магадлалыг зөвтгөх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлал процессийн хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасан тухайд: Магадлалын тогтоох нь хэсэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2 дахь хэсгийг үндэслэж шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Тодруулбал: иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэдэг нь анхан шатны шүүхийн шийдэл үндсэндээ хэвээр үлддэг бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт бага хэмжээний засвар оруулдаг. Бага хэмжээний засвар гэдэг нь тооцоолол үг үсгийн алдаа, хууль хэрэглээний зүйл хэсэг нэмэх зэргээр хязгаарлагддаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдэл нь үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж нотлох баримтыг үндэслэж дүгнэж шийдвэрлэсэн шийдлийг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах шатны шүүх дүгнэлтээ анхан шүүхийн шийдлийг 100 хувь эсрэгээр нь дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2 дахь зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байхгүй тул хэрэглэх ёсгүй хуулийг шүүх хэрэглэж илтэд процессийн зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн агуулга, дүгнэлт нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдийн агуулга үндэслэлийн хувьд хоорондоо илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн хэрнээ хэрэглэсэн хууль нь бодит байдалд нийцэхгүй байгаа нь давж заалдах шатны магадлалын хууль хэрэглээний илэрхий алдааг нотолж, магадлал хүчин төгөлдөр үлдэх боломжгүй юм.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хууль зүйн үйл явдалд дүгнэлт буруу өгсөн тухайд: Магадлалын хянавал хэсэгт ...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд талууд Контрактын хугацаанд 5.9-д заасан орон сууцаар хангах бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нь гэрээний агуулга болон талуудын хэн алины хүсэл зоригт нийцүүлэн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ...

Магадлалын үндэслэл болж буй нотлох баримтууд нь хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгаж, үйл явдалд тус бүрт нь дүгнэлт хийж, хийсэн дүгнэлт нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй, бие биенээ үгүйсгэсэн, салаа утгагүй, ойлгомжтой байх учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлүүд нь бие биенээ үгүйсгэсэн салаа утга агуулсан шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх шаардлагыг хангаагүй биелэгдэх боломжгүй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган шаардах эрхээ гэрээний 5.9, 6.6-д заасны дагуу хэрэгжүүлэн гэрээний зүйлийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үр дагаврын хувьд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Зохигч ба хэргийн оролцогч шүүхээр дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр үйл ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан эрх зүйн үр дагавар үүснэ.

Нөгөө талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1, 73.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэгдэх бөгөөд материаллаг эрх зүйн хэм хэмжээний хувьд Иргэний хуулийн 238.1-д заасны дагуу харилцан тооцогдож хамтад нь шийдвэрлэх зүй ёсны шаардлага үүсч байгааг шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй.

Хариуцагч нь Контрактын гэрээний 5.9-д заасан шаардлага дахин гаргаж гэмээ нь гэрээний зүйл болох үндсэн нэхэмжлэлийн зүйлийг шаардах нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, эрх зүйн үр дагаврын хувьд нэг гэрээний харилцан тооцогдох шаардлагын талаар тус тусад нь шийдвэрлэх нь шүүхүүд харилцан адилгүй шийдвэр гаргахад хүргэх, гэрээний дагуу эзэмшүүлсэн хөрөнгө гэрээний нөхцөл шаардлага бүрдсэн үед эзэмшигчид нь шилжүүлж өгөхийг шаардах нөгөө талаар эзэмшил дуусгавар болсон нь өмчлөх эрхээ шаардсан нөхцөл нь харилцан тооцож шийдвэрлэхээс аргагүй юм.

Магадлалын хянавал хэсэгт “...иргэн хуулийн этгээд бусдын өмчлөлийн зүйлийг гагцхүү хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж болох бөгөөд Контрактын 5.9-д заасны дагуу маргааны зүйл болох орон сууцыг эзэмшиж байсан хариуцагч Л.П нь Контракт цуцлагдсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тухайн орон сууцыг эзэмших эрхгүй” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Контрактын гэрээний зүйл болох орон сууц нь Контрактын гэрээг ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүй шүүхээр тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн тохиолдолд гэрээний 5.9-д заасан орон сууцыг мөн гэрээний 6.6-д заасны дагуу өмчлөлд нь үнэ төлбөргүй шилжүүлэхээр үүрэг хүлээж гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэрээний дагуу эзэмшиж ирсэн бөгөөд Контрактын ур чадварыг үнэлж болзол тавьж өмчлөлд нь шилжүүлэх гэрээний нөхцөл бүрдсэн учир Иргэний хуулийн 106.1-д заасан хууль бус эзэмшил гэж үзэхгүй, хариуцагч Л.П нь дээрх гэрээний дагуу Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу хууль ёсоор эзэмшиж улмаар гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн тус маргаж байгаа орон сууцыг хариуцагч Л.П өөрийн эзэмшилд хууль бусаар эзэмдэж, эзэмших эрхийг хууль буюу гэрээгээр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 106.1-д заасан шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч зохицуулжээ.

Гэтэл мөн хуулийн 106.1-д заасан хууль бус эзэмшлийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, эзэмшил нь хууль ёсны бөгөөд өмчлөх эрхийг шаардах эрхээ хэрэгжүүлж У-д 2016.12.08, 2017.03.16, 2017.08.10-ны өдрийн албан бичгээр контрактын гэрээний 5.9-д заасан орон сууцыг 6.6-д заасны дагуу шилжүүлэхийг шаардаж байсан нь нотлогдоно.

Контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар дангаар цуцалснаас хойш Л.Пыг Төмөр замын цагдаагийн газар, Тээврийн прокурор, Хан-уул дүүргийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраар өртөөчлөн шалгаж гэм буруугүй нь 2017.10.23-ны өдөр эцэслэн шийдэгдсэн байдаг. (Гэм буруугийн талаар контрактын гэрээний 6.5-ийн эхний нөхцөл, 7.3-д заасан нөхцөл бүрдсэн байхыг ойлгохоор заажээ.)

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106.1-д заасан зохицуулалтыг хэрэглэхдээ хууль зүйн үйл явдалд нийцэхгүй дүгнэлт хийж тайлбарлан хэрэглэсэн болно.

Магадлалын хянавал хэсэгт ...талуудын тохиролцоог иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд контрактын 5.9-д зааснаас үзэхэд маргааны зүйл болох тухайн орон сууцыг хариуцагчийн эзэмшилд нь өгөхөөр гэрээнд тусгаагүй байна гэжээ...

2014.12.12-ны өдөр Контрактын гэрээг Төрийн өмчийн хорооны даргатай байгуулж гэрээний 5.7-ийн 4-д заасны дагуу “У” ХНН-ийн хөрөнгөөр Замын даргын өмчлөлд хувийн коттеж худалдан авах тус гэрээний нөхцөлийг биелүүлэхээр 2015.01.08-ны өдрийн “Ө” ХХК-тай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Цэцээ гүн хотхонд 41/5 тоот 370 метр квадрат байрыг замын даргын эзэмшилд шилжүүлэн улмаар Л.П нь амьдарч эхэлсэн бөгөөд контрактын нөхцөлийг биелүүлэх зорилгоор худалдан авч, “У” ХНН-ээс төлбөрийг төлсөн нь контрактын гэрээний 5.9-д заасан орон сууц гэдэг нь тогтоогдох юм.

“У” ХНН нь ОХУ болон Монгол Улсын хамтарсан 50:50 хувийн эзэмшлийн нийгэмлэг бөгөөд “ТУЗ” буюу Ерөнхий хороотой хууль ёсоор Контрактын гэрээг үргэлжлүүлэн байгуулах хууль ёсны шаардлагыг Орос талаас тавьж улмаар хамтарсан үйлдвэрийн Ерөнхий хороогоор хэлэлцэж Ерөнхий хорооны даргад эрх олгосны дагуу 2015.07.31-ний өдөр Контрактын гэрээг байгуулсан, уг гэрээний 5.9-д “энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны орон сууцаар хангах (Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газар, амьдрах амрах таатай нөхцөл бүрдсэн) бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэж зохицуулсан.

Гэрээний шууд утгаар зөвхөн Контрактын гэрээний нөхцөлийг биелүүлэхийн тулд хамтарсан үйлдвэр нь Замын даргад зориулж албан тушаалд томилогдсоны дараа дээрх байрыг авч өгсөн нь тогтоогддог, Контрактын гэрээний 5.9-д заасан нөхцөл болох тохилог, бие даасан амрахад таатай, ажил явуулдаг (Улаанбаатар хотод) газар зэрэг гэрээний нөхцөлийг хангасан орон сууц юм.

Иймд Иргэний хуулийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэсэн зохицуулалтад нийцсэн төдийгүй талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний нөхцөлийг хангаж ажилласан үйл явдал бүгд харилцан хамааралтай байгаагаас гадна, хожим зөвшөөрч уг орон сууц нь гэрээний 5.9-д заасан орон сууц мөн бөгөөд гэрээний 6.6-д заасны дагуу шилжүүлэх ёстой талаар нэхэмжлэгч “У” ХНН хүлээн зөвшөөрч Ерөнхий хороонд хандаж Л.Пт шилжүүлж өгөхийг хүссэн байдаг.

Гэтэл одоо тухайн орон сууцаа шаардаж байгаа нь нэхэмжлэгч өөрийнхөө шаардлагыг үгүйсгэж байгаа хэлбэр юм.

Мөн “У” ХНН-ийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллага буюу шалган байцаах комиссын (“У” ХНН-ийн 1968 оны дүрмийн 29 дүгээр зүйл) 2015, 2016 оны санхүүгийн хяналт шалгалтын тайланд маргаан бүхий байр нь Контрактын гэрээний зүйл мөн гэдгийг нотлосон баримт байсаар байхад шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал үгүйсгэгдэж байна.

Магадлалын хянавал хэсэгт ...хариуцагч нь өөрөө өндөр өртөг бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг ажил олгогчийг төлөөлөн байгуулж, уг орон сууцанд амьдарч байгаад өмчлөлдөө шилжүүлэхийг шаардаж байгаа нь шударга ёсны зарчим болоод Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.4, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэжээ. ..

Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээнээс эрс ялгаатай бөгөөд “У” ХНН-ийн 1968 оны дүрмийн 19 дүгээр зүйлээр Замын дарга нь бүх ажил хэрэг болон хөрөнгө хогшлыг тусгай итгэмжлэлгүйгээр эрхлэн барина, 22в зүйлээр төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх шилжүүлэх, борлуулах болон тогтоосон журмаар данснаас хасах эрхтэй, 22ж, 22з зүйлүүдээр нийгэмлэгийн нэрийн өмнөөс итгэмжлэл олгох, ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах эрх бүхий ажил олгогч гэдэгтэй нийцэхгүй алдаатай дүгнэлт байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хийсвэрээр өндөр үнэтэй орон сууц үндэслэлгүйгээр олж авч байгаа мэтээр дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ.

Тодруулбал: Хариуцагч Л.П нь ОХУ-ийн Ленинград хотод Төмөр замын инженер мэргэжил эзэмшиж, мэргэжлийн дагуу “У” ХНН-д инженер механикаас эхлээд Замын дарга хүртэл 34 жил тасралтгүй ажиллаж ирсэн туршлага арга барил, мэргэжлийн нарийн ур чадварыг үнэлж “У” ХНН-ийн Ерөнхий хорооны даргатай эрх үүрэг хариуцлагыг тодорхойлсон Контрактын гэрээ байгуулж өөрийн авьяас, ур чадварыг үнэлж нөхөн төлбөр, урамшууллыг тохиролцон Ерөнхий хорооны хурлаар батлуулж , түүнээс эрх олгосны дагуу Ерөнхий хорооны дарга В.Н.Морозовтой гарын үсэг зурсан байдаг.

“У” ХНН-ийн Замын дарга нь албан тушаалтан бөгөөд 1949 оны олон улсын хэлэлцээрийн салшгүй хэсэг 1968 нийгэмлэгийн Дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж Замын даргад олгосон эрх үүрэг хариуцлагад нийцүүлэн тусгайлан итгэмжлэлгүйгээр бүх төрлийн гэрээнд гарын үсэг зурсан ба хөлслөн авсан ажилчин албан хаагчдын цалин урамшууллыг жил бүр дараалан өөрийн үзэмжээр 10% нэмж 40 гаруй тэрбум төгрөгийг төмөр замчдын гар дээр илүү тавих, ажил хүлээлгэн өгөх үед дансандаа 111.4 тэрбум төгрөг үлдээх, жилийн эцэст үр дүнгээр ашгийн 3% хүртэл шагнал авах гээд түүнд шударгаар хөрөнгөжих,хангамж эдлэх     бүх боломж хууль, дүрэм, гэрээгээр олгогдсон.

Нөгөө талаар “Өнөр-Девелопмэнт” ХХК-тай харилцаж Контрактын гэрээний дагуу байрыг сонгож авч өгөх ажлыг Ерөнхий хорооноос Орос талыг төлөөлж буй “У” ХНН-ийн 1-р орлогч дарга И.А.Домборовский, Эдийн засаг санхүү эрхэлсэн замын орлогч дарга, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга С.Я.Усольцева нар зохион байгуулсан байдаг ба энэхүү үйл баримтыг нотолсон баримт хавтаст хэргийн 187 талд авагдсан 2015.03.09-ний өдрийн 12/45 тоот тодорхойлолт бүрэн нотлох юм.

Компанийн тухай хуулийн 89.1.4 “хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа” бол сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульчилжээ. Л.Пын хийсэн Орон сууц захиалан бариулах 2015.01.08-ны өдрийн Т5Т-05 тоот гэрээ нь Ерөнхий хорооны 2016.12.06-ны өдрийн хурлын Протокол № 4-өөр хэлэлцэн батлагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2015 оны Шалган байцаах комиссын шалгалтын санхүүгийн тайланд 2.3.1 дэх дүгнэлтээр бол Замын дарга эрх үүргээ хэрэгжүүлэн дүрмийн 22в-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 2015 оны батлагдсан төсвийн дагуу 1 484.3 сая төгрөгийн худалдан авалт хийж барилга байгууламжийн зүйл ангид орон сууцыг үндсэн хөрөнгөөр бүртгэсэн байна.

Энэхүү орон сууцыг Замын даргатай байгуулсан 2015.07.31-ний өдрийн Контрактын гэрээний нөхцөлийг биелүүлэх зорилгоор 5.9 заалтын дагуу Замын даргын албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд албаны орон сууцаар хангах эсвэл албаны тохилог бие даасан байраар хангах ба \нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулдаг оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдүүлсэн\ бөгөөд Контрактын гэрээ дуусмагц түүнд үнэ төлбөргүй шилжүүлэхээр заажээ.

Контрактын гэрээний 6.6-д засааны дагуу Замын даргын буруутай бус үйлдлээр \эс үйлдэхүй\ Ерөнхий хорооны шийдвэрээр түүнтэй байгуулсан Контрактын гэрээг цуцалсан тохиолдолд албаны орон сууц нь 5.9-д засааны дагуу түүний өмчлөлд шилжинэ. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дүрмийн 17-р зүйлд хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг борлуулах, данснаас хасахтай холбоотой шийдвэрийг Ерөнхий хороо гаргах тул шалган байцаах комисс нь дурдсан орон сууцыг Замын дарга асан Л.Пт үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг Ерөнхий хорооны ээлжит хуралд оруулж шийдвэрлүүлэхийг санал болгож байна гэжээ.

Контрактын гэрээний дагуу бие даасан тохилог орон сууцаар хангах үүргийг хэрэгжүүлж, энэхүү Монгол-Оросын хамтарсан санхүүгийн шалгалтын дүгнэлт бүхий “У” ХНН-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэж хожим контрактын нөхцөл шаардлага биелсэн болон Контракт албан ёсоор цуцлагдсан нөхцөл бүрдэж эд хөрөнгийн нөхөн төлбөр олгож буй тул дээрх хуулийн 89.1.4 дэх зохицуулалтад хамаарахгүй байна.

Нөгөө талаар хэлцлийн үр дүнд үүсэх орлого нь “У” ХНН-ийн бусад этгээдтэй үр ашигтай гэрээ байгуулсан шууд болон шууд бусаар ашиг өгсөн гэж ойлгогдоно.

Гэтэл дээрх гэрээ нь ашиг, орлого олох зорилго агуулаагүй Контрактаар ажиллаж байгаа этгээдийн хангамж урамшуулал, нөхөн төлбөрийг зохицуулсан агуулгатай гэрээ тул Компанийн тухай хуулийн 89.1.4-д хамааралгүй байхад шүүх хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 193.1 -д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” зохицуулалтыг иш татаж холбогдох үндэслэлийг заахдаа шүүх илтэд нэг талыг барьж хэргийг шийдсэн нь илэрхий харагдаж байна.

Тодруулбал: Контрактын гэрээний үүрэг биелүүлэх арга, хэлбэр, журмыг гэрээнд тодорхой тусгасан төдийгүй талуудад гэрээний аль нэг заалтын талаар эргэлзэж өөр өөр байдлаар тайлбарлаж анхан болон давж заалдах шатны шүүхэд маргаж байгаагүй болно.

Маргааны агуулга нь өмчлөлийн эрхийн талаар бус байр албадан чөлөөлөх, нөгөө талаас гэрээний дагуу байр шилжүүлэхийг даалгах шаардлагын хүрээнд маргасан байдаг.

Талуудын хооронд байгуулсан Контрактын гэрээний нөхцөлийг тус бүрээр нь “У” ХНН-ийн Ерөнхий хорооны 2015.06.25-ны өдрийн хуралдаан, Ерөнхий хорооны 2015.07.31-ний өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэж гэрээг байгуулах эрхийг Ерөнхий хорооны дарга В.Н.Морозовт олгосноор байгуулсан байдаг.

Контрактын гэрээнд тусгасан аль нэг заалт нь хоёрдмол утгыг агуулсан заалт байхгүй, хуулийн 198.2, 198.3, 198.4-д зохицуулсан нөхцөл байдал үүсээгүй, иргэний хуулийн 198.1-д заасан шаардлагыг хангасан атал хуулийн шаардлагыг зөрчиж дүгнэлт хийлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, үйл явдал: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.П миний бие Төрийн өмчийн хорооны даргатай Контрактын гэрээ (ХХ-ийн 131 тал) байгуулж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний хөлсөнд уг гэрээний 5.7-д заасны дагуу Замын даргын өмчлөлд хувийн коттеж (Таун хаус буюу эдлэн газартай бие даасан орон сууц) худалдан авч өгөхөөр тохиролцсон байдаг.

Дээрх гэрээний 5.7-д заасныг үндэслэн Оросын талын төлөөлөл 1-р орлогч И.А.Домбровский коттеж боломжгүй тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 41/5 тоот 370 м.кв орон сууцыг худалдан авах ажлыг зохион байгуулж, санхүү албаны дарга С.Я.Усольцева төлбөрийг хийсэн.

Ерөнхий хорооны 2015.06.25-ны өдрийн хурлаар ТӨХ-ны контрактаас гадна оросын тал энэ тэнцүү оролцох зарчмыг баримталж Ерөнхий хорооны даргатай контракт байгуулах ёстой гэж үзээд 2015.07.31-ний өдрийн контрактын гэрээг Ерөнхий хорооны дарга В.Н.Морозовтой байгуулсан.

Энэхүү контрактын 5.9-д албаны бие даасан тохилог орон сууц гэж ТӨХ-ийн 5.7-д заалтаар авсан орон сууцыг тооцож 2015 оны санхүүгийн хяналт шалгалтын зөвхөн түүнийг Л.Пын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн (ХХ-ийн 92 тал )

“У” ХНН нь ОХУ болон Монгол улсын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан нийгэмлэг бөгөөд 1968 оны Нийгэмлэгийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж тус дүрмийн дагуу Нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг дүрмийн 15-д зааснаар Ерөнхий хороо нэртэйгээр хэрэгжүүлдэг, Ерөнхий хороо албан тушаалтан Замын даргыг томилдог, чөлөөлдөг. Энэ дүрмийн дагуу томилогдсон Замын дарга Л.П Ерөнхий хороотой 2015.07.31-ний өдрийн контрактын гэрээг дахин байгуулсан нь энэхүү гэрээний үргэлжлэл юм.

Контрактын гэрээний дагуу Л.Пын хувийн өмчлөлд авч өгсөн байр болох Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 41/5 тоот 370 м.кв орон сууцыг Ерөнхий хорооны шийдвэр бүхий Контрактын гэрээний зүйл болж Л.Пын өмчлөлд шилжүүлж байгаагаа Д.Жигжиднямаа 2016.10.07-ны өдрийн 10/1478 албан тоотоороо Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд илэрхийлж хүсэлт гаргасан.

Контрактын гэрээгээр ажиллах хугацаанд Л.П нь өөрийн ажил үүрэгт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргаагүйг (XX- ийн 156-160 талд) Тээврийн прокурор, Хан-Уул прокурорын газраас тус тус эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолууд нь нотлох бөгөөд контрактын 7.3-д “замын даргын гэм буруу нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоно” Замын даргын буруутай үйлдэл тогтоогдоогүй тул контрактын зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

2. Контрактын үр дүн: Л.П нь контрактын хугацаанд 2015 онд “У” ХХН-ийн Үндсэн хөрөнгийг 8.663.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж (ХХ-ийн 87, 92 талд 2015 оны У-ийн санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар нотлогдоно) нийт 18.7 тэрбум төгрөгийн ажлын үр дүн гаргасан бөгөөд ажилчдын цалинг тухайн жилд 10%-иар нэмэгдүүлсэн ажиллах хугацаандаа нийт 120.2 тэрбум төгрөгийн үр бүтээлтэй ажилласан байдаг.

2016 онд ажил үүргээ удирдан гүйцэтгэх хугацаанд У-ийн үндсэн хөрөнгийг 71.5 тэрбум төгрөгөөр (ХХ-ийн 95 талд) нэмэгдүүлж, тухайн жилийн мөнгөн хөрөнгийн цэвэр ашиг 35.0 тэрбум (ХХ-ийн 103 талд) төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ажилчдын цалинг дахин 10%-иар нэмэгдүүлж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж өгөхөд байгууллагын (ХХ-ийн 86, 165 талд) дансанд 111.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн өгч үр бүтээлтэй ажилласан болно.

Л.Пыг контрактын гэрээний дагуу ажилласан хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж байсан тул 2016.09.27-ны өдрийн Ерөнхий хороо үүрэгт ажлаас чөлөөлөхдөө (XX-ийн 79 талд) чөлөөлөхдөө “Талархал” илэрхийлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ ажиллах хугацаандаа нэр төртэй биелүүлсэн тул контрактын бодит үр дүнгийн хангамж урамшууллыг авах эрхтэй юм.

3.Контрактаар хүлээсэн үүргийг ажил олгогчоос шаардах эрхийн тухайд: Л.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ 1 жил 9 сарын хугацаанд биелүүлсэн, үүрэгт ажлаас чөлөөлөх эрх нь Ерөнхий хороонд дүрмийн 17и, Контрактын гэрээний 6.5-д тус тус зааснаар хэзээ ч цуцлах эрх нь олгогдсон, энэхүү эрхээ хэрэгжүүлж 2016 оны УИХ-ийн сонгуулийн үр дүнд гарсан улс төрийн хүчин Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр орсноор ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нь нийтэд ойлгомжтой юм.

Контрактын гэрээний 6.5-д Замын даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлахаар 10 үндэслэл дурдсан ба түүнд хамаарахгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул гэрээний 6.6-д заасан үндэслэл бүрдсэн тул шаардах эрх гэрээний энэхүү заалтаар үүсэж байна. (Замын даргын гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь мөн гэрээний 7.3-д заасны дагуу Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдох ёстой энэ талаар тогтоосон үйл баримт байхгүй мөн хх-156-160 талд авагдсан баримтуудаар үгүйсгэгдэх юм)

Улсын Дээд Шүүхийн 2009.06.15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 106.1-д зохицуулалтыг тайлбарлаж “өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийн шаардлага тухайн гэрээний зохицуулалтад хамаарах тул энэ заалтыг гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд давхар баримтлах шаардлагагүй” гэж казуал тайлбар нь гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх шаардлага нь хуульд нийцэж буй юм.

4. Контрактын гэрээ дүгнэсэн эсэх, Л.П өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан эсэх: Контрактын гэрээг 2016.09.27-ны өдрийн Ерөнхий хорооны хурал ажлаас (ХХ-ийн 79 талд) чөлөөлөхдөө талархал илэрхийлсэн нь гэрээг дүгнэсэн гэж ойлгогдож байна.

Мөн ажлаас чөлөөлснөөс хойш албан ёсоор контрактын гэрээг дүгнээгүй контракт дүгнэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар Л.П нь “У” ХНН-д хүсэлтийг 2016.12.08-ны өдөр, 2017.03.16, 2017.08.10-ны өдөр (ХХ-ийн 98, 99, 199, 200 талд ) тус тус удаа дараа гаргаж байсан боловч гэрээг дүгнэх биш Л.Пыг гэм буруутай мэтээр Цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргаж, гомдлыг прокурорын байгууллага шалгаж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шалгаж дуусах мөчид залгуулан 2017.10.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган өнөөдрийг хүрлээ.

Шүүхийн шатанд Контрактын гэрээ дүгнэсэн эсэхийг тодруулах, дүгнэсэн бол холбогдох баримтыг “У” ХНН-ээс гаргуулахаар хүсэлтийг гаргасны дагуу “У” ХНН-ийн 2017.12.18-ны өдрийн 10/555 тоот албан бичгээр (ХХ-ийн 198 талд) Контрактын гэрээг дүгнэсэн эсэх эрх зүйн акт бичиг байхгүй, холбогдох баримтыг шүүхэд өгсөн гэдэг бичиг ирүүлсэн байдаг.

Эцэст нь өөрийн авьяас чадвар, мэргэшсэн нарийн мэргэжлийн ур чадвар, 34 жилийн туршлагаар М нийгэмлэгийг удирдаж үр бүтээлтэй шударгаар ажилласан нөхөн төлбөр, шагнал урамшууллыг гэрээний дагуу авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.2.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хууль зүйн үйл явдалд эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М нь Л.Пт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370мкв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар үндэслэгдсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт авагдсан баримтаар маргаж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэгдэж олгогдсон 000576230 дугаартай Гэрчилгээгээр нотлогдож байна.

Ажил олгогчоос хариуцагч Л.Пыг Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргаар ажиллаж байхад нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь зориулж, ажил олгогчоос ажилтантай байгуулсан Контрактад заасныг үндэслэн тус орон сууцыг эзэмшүүлж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Мын даргын Б-1-222 дугаартай “Контракт дуусгавар болгох тухай” тушаалыг үндэслэн нийгэмлэгийн өмч болох орон сууцыг чөлөөлөхийг шаарджээ.

Ажил олгогчоос ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь албан тушаалын байдал, хангамж эдлэх эрхтэй  нь холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Контрактын 5.9.-д зааснаар албаны орон байраар хангах үүрэгтэй бөгөөд Контракт дуусгавар болж, ажил олгогч ажилтнаас албаны орон байрыг чөлөөлөх шаардлага гаргаснаар Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар хариуцагчийн орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болно.

Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэн, хөрөнгөө бусдын хууль бус  эзэмшлээс шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 96 дугаар зүйлийн 96.3. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Л.П нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Контрактын 5.9. дэх заалтыг үндэслэн Контрактын дагуу эзэмшиж байсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Контрактын 5.9.-д “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэжээ.

Хариуцагчийн эзэмшиж байсан орон сууцыг гэрээний 5.9.-д заасан нөхцөлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээнд албаны орон сууцны талаар тухайлан нөхцөл заасан бөгөөд энэ нь “Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн” байна гэжээ.

М нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц Хан-Уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан “нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр” гэж үзэх боломжгүй байна.

Ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг Контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй тул хариуцагчийн тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1. дэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь ажил олгогчоос Контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Иймд “...давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Паас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 649 500 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД