Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01453

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Туулд холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр Д.Туул 64 083 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Д.Туул нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сард Д.Туул нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцыг манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү орон сууц манай өмчлөлд шилжсэн боловч Д.Туул нь одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарсаар байна. Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцнаас Д.Туулыг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Туулын тайлбарт: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь Д.Туул гэж үзэж байна. Тиймээс хууль ёсны өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ суллаж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоотод орших 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204004481 дугаартай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Туул /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Туулаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг заасан байна. 62 дугаар зүйлийн 62.1.4 нэхэмжлэлийг үндэслэл болон шаардлага гэсэн хэсэгтэй байхаар заасан байна. Нэхэмжлэгч "Мөнгөн зоос кредит" ББСБ нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаагүй. "Д.Туулыг байрнаас албадан чөлөөлж өгнө үү" гэх боловч ямар байрыг албадан чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байсан. Иймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтаа гаргаж өгөх эрхтэй. Шүүх хариуцагчид хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, тайлбар татгалзал болон түүнийг нотлосон баримтаа гаргаж өгөх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгч нь хууль бусаар Д.Туулын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь хариуцагч Д.Туулд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Туулаас 64 083 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож, шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Туул нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 202 байрны 41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Хэргийн баримтаар хариуцагч Д.Туулыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 202 байрны 41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар, түүнийг нотлох баримт гаргах хугацааг олгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ