Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01770

 

М З К ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1453 дугаар магадлалтай,

 М З К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Т-д холбогдох, 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшиний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М З К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр Д.Т- 64.083.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Д.Т- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 9 дүгээр сард Д.Т- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцыг манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү орон сууц манай өмчлөлд шилжсэн боловч Д.Т- нь одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарсаар байна. Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцнаас Д.Т-ыг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Дээрх маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь Д.Т- гэж үзэж байна. Тиймээс хууль ёсны өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ суллаж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоотод орших 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204004481 дугаартай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Т- /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч М З К ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М З К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1453 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч этгээд нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймээс шүүхэд тус эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан этгээд нь тус эд хөрөнгийн өмчлөгч эсэх нь хэргийн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр үлсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа тохиолдолд бүртгэлийг үнэн зөв гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа өөрийгөө тус байрны өмчлөгч хэмээн тодорхойлдог. Мөн тус байрны өмчлөх эрхийн асуудлаар иргэний хэрэг үүсгэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг тус байрны өмчлөгч гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэл нь шаардлага болон үндэслэх хэсгээс бүрдэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага хэсгийг тодорхойлон гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаагүй. Гэтэл нэхэмжлэлд тусгагдсан тодорхойлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тодруулж шүүхэд өгсөн. Үүнийг нь анхан шатны шүүх хүлээн авч тус өдөр гардуулах ажиллагаа хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаснаар нэхэмжлэлийг шаардлагыг тодруулсан тайлбар өгөх боломжтой юм. Нэхэмжлэлд тусгагдаагүй шаардлагыг тодруулах боломжгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь тодорхойлон гаргаагүй тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийг шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан гэж үзсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Тиймээс хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтаа гаргаж өгөх эрхтэй. Гэтэл хариуцагчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Өөрийн тайлбар татгалзал болон түүнийг нотолсон баримтаа гаргаж өгөх боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар өмчлөлийн асуудлаар маргаантай байгаа тохиолдолд тус хэргийг шийдвэрлэхээс өмнө уг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М З К ББСБ ХХК нь Д.Т-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 41 тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч, “...орон сууцны хууль ёсны өмчлөгч Д.Т-, өмчлөлийн зүйлээ чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан байна.

Нэхэмжлэгч М З К ББСБ ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/0192 дугаар шийдвэр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000611595 тоот гэрчилгээг нотлох баримтаар гаргажээ.

Нэхэмжлэгчийн тайлбар, дээрх баримтуудаас үзвэл хариуцагч Д.Т- шүүхийн шийдвэрийн дагуу М З К ББСБ ХХК-д 64.083.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн,  төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийг хангуулахаар шийдвэрт заасан, шийдвэрийг биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны явцад дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлснээр төлбөр авагч өмчлөгч болсон нь тогтоогдсон, хариуцагч эдгээр үйл баримтыг үгүйсгээгүй байна.

Дээрх байдлаас нэхэмжлэгч өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдснээр  хариуцагчийн өмчлөх эрх дуусгавар болох тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зохигчийн хооронд өмчлөх эрхийн асуудлаар шүүхэд өөр маргаан үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа тодруулсныг шүүх хариуцагчид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар өгөх үүргийг хүлээлгэж, мөн өдрөө шүүх хуралдааныг зарлаж зохигчдод хуралдааны зарыг хүргүүлжээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн, шүүх дээрх ажиллагаануудыг хийхдээ хууль зөрчөөгүй байна.

Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00989 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1453 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ