Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01282

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01282

 

Ч.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С-э нь найз Я.Ариунаагийн хүсэлтээр өөрийн орон сууцыг барьцаалж Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч өгсөн. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1901 дүгээр шийдвэрээр Ч.Ариунаа, Ч.С-э нараас 22 853 574 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Я.Ариунаа нь энэ бүхнийг зохицуулж өгнө гээд одоо хүртэл шийдэгдээгүй. Я.Ариунаа нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/988 дугаартай мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020 оны 1 сарын 14-ний өдөр гэнэт надад авчирч өгсөн ба тус мэдэгдлүүдийг хартал иргэн Ч.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, Энхтайвны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 30 581 600 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ариунаагаас олж авахад сууцыг 43 688 000 төгрөгөөр үнэлсэн байсан ба энэ тухай надад мэдэгдээгүй, зөвхөн Я.Ариунаад мэдэгдсэн байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь С-ийн өмчлөлийн орон сууцыг шинжээч томилж үнэлсэн атлаа мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаж болохоор заасан тул үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ариунаагаас олж мэдэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, 30 мкв талбайтай, хамгийн багадаа 1 мкв нь 2 сая төгрөг буюу нийт 60 сая төгрөгөөр үнэлэгдэх учиртай. Гэтэл орон сууцыг үнэгүйдүүлж, 43 688 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, иргэнд хохиролтой. Миний бие 1 хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн бөгөөд Я.Ариунаагийн зээлийн төлбөрт ганц орон байраа хураалгаж, өвлийн хүйтэнд орон гэргүй болох дээрээ тулаад байна. Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, Энхтайвны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 43 688 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ч.С-ээгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 19300012/04 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 18300921/09 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авч талуудад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан, мэдэгдлийн хамт танилцуулж гардуулж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С-э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ариунаагаас олж авахад гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэвч Ч.С-э, Я.Ариунаа нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа тус бүрт хяналт тавьж оролцсон ба манай банктай удаа дараа уулзаж зээлийн өр төлбөр төлөх хугацаа олгуулахаар уулзаж байсан. Иймд Ч.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101 дүгээр байрны 132 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.С-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 01260 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх тухай журмыг зөрчсөн буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулалгүйгээр өмчлөгч Ч.С-ийн эрхийг хязгаарласан.

Хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаарх мэдэгдэл, тэмдэглэл, санал, холбогдох албан бичгийг төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ч.С-эд танилцуулсан, гардуулсан удаа байхгүй. Шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаанд Я.Ариунаа ганцаараа оролцож байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.С-эд албан ёсоор үнэлгээний талаар мэдэгдэл гардуулж байгаагүй атал шүүхээс хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн гэх үндэслэлгүйгээр дүгнэсэн. Орон сууц Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд багтах 2012 онд ашиглалтад орсон, барилгын элэгдэл байхгүй, хотын төвд байршилтай, үйлдвэр үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг зэрэг бүх зүйлдээ ойр, эрэлт ихтэй хөрөнгө атал өөрсдийн сонгосон компаниар үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.С-э, Я.Ариунаа нар нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ч.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 хороо, Энхтайвны өргөн чөлөө, Голден парк хотхон, 101 дүгээр байрны 132 тоотод байрлах орон сууцыг 43 688 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 22/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01901 тоот шийдвэрээр Я.Ариунаа, Ч.С-э нараас 22 853 574 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХКК-д олгуулах, Ч.С-ийн өмчлөлийн, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 101 дүгээр байр, 132 тоот орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх26 /

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 101 дүгээр байр, 132 тоот орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19300012/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 288 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх34, 40/

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 101 дүгээр байр, 132 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205041269 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Ч.С-э болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх1/

Хариуцагчаас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч тал гарын үсэг зурж хүлээж авсан байна. /хх38-39/

Төлбөр төлөгч нар нь маргаан бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа хариуцагч байгууллагад ирүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн байгууллагын шинжээчээр томилуулах хүсэлт гаргасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх40/

Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх40/

Холбогдох хуулиар хүлээх үүрэг хариуцлагыг танилцуулсан шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 43 688 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэнийг төлбөр төлөгч Я.Ариунаа нь өмчлөгч Ч.С-эд дамжуулж өгөхөөр хүлээн авсан. Ч.С-э уг мэдэгдэлд гарын үсэг зуран хүлээн авсан байна. /хх65/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Я.Ариунаа нь шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэж байсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан өөрөө зарж борлуулах тул хугацаа олгож өгөхийг хүссэн хүсэлтээр тогтоогдож байна. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх64/

Иймд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД