Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00810

 

 Ч.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1282 дугаар магадлалтай, 

 Ч.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сэлэнгэ нь найз Я.Ариунаагийн хүсэлтээр өөрийн орон сууцыг барьцаалж Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч өгсөн. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 1901 дүгээр шийдвэрээр Ч.Ариунаа, Ч.Сэлэнгэ нараас 22,853,574 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Я.Ариунаа нь энэ бүхнийг зохицуулж өгнө гээд одоо хүртэл шийдэгдээгүй. Я.Ариунаа нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.01.10-ны өдрийн 4/988 дугаартай мэдэгдэл, 2019.10.11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020.01.14-ний өдөр гэнэт надад авчирч өгсөн ба тус мэдэгдлүүдийг хартал иргэн Ч.Сэлэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, Энхтайвны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 30,581,600 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020.01.15-ны өдөр Я.Ариунаагаас олж авахад сууцыг 43,688,000 төгрөгөөр үнэлсэн байсан ба энэ тухай надад мэдэгдээгүй, зөвхөн Я.Ариунаад мэдэгдсэн байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Сэлэнгийн өмчлөлийн орон сууцыг шинжээч томилж үнэлсэн атлаа мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаж болохоор заасан тул үнэлгээг 2020.01.15-ны өдөр Я.Ариунаагаас олж мэдэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, 30 мкв талбайтай, хамгийн багадаа 1 мкв нь 2 сая төгрөг буюу нийт 60 сая төгрөгөөр үнэлэгдэх учиртай. Гэтэл орон сууцыг үнэгүйдүүлж, 43,688,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, иргэнд хохиролтой. Миний бие 1 хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн бөгөөд Я.Ариунаагийн зээлийн төлбөрт ганц орон байраа хураалгаж, өвлийн хүйтэнд орон гэргүй болох дээрээ тулаад байна. Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, Энхтайвны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 43,688,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ч.Сэлэнгээгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101 дүгээр байрны 132 тоотод байрлах 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2019.03.12-ны өдөр 19300012/04 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2019.09.12-ны өдөр 18300921/09 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2019.10.09-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2019.10.09-ний өдөр авч талуудад 2019.10.11-ний өдөр үнэлгээний тайлан, мэдэгдлийн хамт танилцуулж гардуулж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сэлэнгэ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020.01.15-ны өдөр Я.Ариунаагаас олж авахад гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэвч Ч.Сэлэнгэ, Я.Ариунаа нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа тус бүрт хяналт тавьж оролцсон ба манай банктай удаа дараа уулзаж зээлийн өр төлбөр төлөх хугацаа олгуулахаар уулзаж байсан. Иймд Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101 дүгээр байрны 132 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020.01.30-ны өдрийн 01260 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.15-ны өдрийн 1282 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байгаа тухайд: Анхан шатны шүүх ...үнэлгээг 2019.10.11-ний өдөр талуудад мэдэгдсэн байна... гэж , давж заалдах шатны шүүх мөн үнэлгээг ...2019.10.11-ний өдөр мэдэгдсэнийг төлбөр төлөгч Я.Ариунаа нь өмчлөгч Ч.Сэлэнгэд дамжуулж өгөхөөр хүлээн авсан. Ч.Сэлэнгэ уг мэдэгдэлд гарын үсэг зурсан гэх дүгнэлтийг хийсэн. Ч.Сэлэнгэ нь төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болж бие даан оролцох эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар түүнд олгогдсон. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасан хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх тухай журмыг зөрчсөн буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээр төлбөр төлөгч Ч.Сэлэнгийн эрх хязгаарласан. ... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн тухайд: ... Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, Иргэний хуулийн 177.1-д заасан журмыг тус тус зөрчиж орон сууцны өмчлөгч Ч.Сэлэнгээс үнийн санал авалгүй шинжээч томилж, нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн үнэлгээнээс хамаагүй багаар үнэлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнийг огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. ... Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Ч.Сэлэнгэ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн маргааныг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ ...төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг Ч.Сэлэнгэд мэдэгдэлгүйгээр төлбөр төлөгч Я.Ариунаагаар дамжуулж өгсөн гэж, эрх хязгаарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.02-ны өдрийн 182/ШШ2018/01901 дүгээр шийдвэрээр Ч.Ариунаа, Ч.Сэлэнгэ нараас 22,853,574 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Я.Ариунаа, Ч.Сэлэнгэ нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Ч.Сэлэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205041269 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101-р байрны 132 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлнэ.

 Албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ба иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг үндэслэн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заажээ.

 Төлбөр төлөгч болох Ч.Ариунаа, Ч.Сэлэнгэ нар нь төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан эхлүүлснийг тэд нарт мэдэгдэж, улмаар барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101 дүгээр байрны 132 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, үнийн талаар санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 43,688,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019.10.11-ний өдөр өгчээ.

 Мөн хэргийн 64-67 дугаар талд нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн гарын үсэг бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд авагдсан, байх тул нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдлийг өөрт хүргүүлээгүйгээс эрх зөрчсөн гэх хяналтын гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

 Барьцааны үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг 43,688,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байгаа боловч, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтой болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасны дагуу гаргаагүй, татгалзал тайлбараа нотлоогүй байна.

 Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасантай нийцжээ.

 Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                           ШҮҮГЧИД                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ