Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182ШШ2020/00850

 

 

 

 

 

 

 

 

            2020         04         20  

         182/ШШ2020/00850

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч.С ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, гэрч Я.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.С нь найз Я.Аийн хүсэлтээр өөрийн орон сууцыг барьцаалж Х б аас зээл авч өгсөн. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  дүгээр шийдвэрээр Ч.А, Ч.С нараас 22.853.574 төгрөг гаргуулж Х б ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд Я.А нь энэ бүхнийг зохицуулж өгнө гээд одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Гэтэл Я.А нь НШШГын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай мэдэгдлийг 2020 оны 1 сарын 14-ний өдөр гэнэт надад авчирч өгсөн ба тус мэдэгдлүүдийг хартал иргэн Ч.С миний өмчлөлийн тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 30.581.600 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. НШШГын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ааас олж авахад миний орон сууцыг 43.688.000 төгрөгөөр үнэлсэн байсан ба энэ тухай надад мэдэгдээгүй, зөвхөн Я.Ад мэдэгдсэн байна. НШШГ нь миний өмчлөлийн орон сууцыг шинжээч томилж үнэлсэн атлаа надад мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаж болохоор заажээ. Миний бие өөрийн орон сууцны үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ааас олж мэдсэн тул орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Учир нь миний байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд 30 мкв талбайтай, хамгийн багадаа 1 мкв нь 2 сая төгрөг буюу нийт 60 сая төгрөгөөр үнэлэгдэх учиртай юм. Гэтэл миний орон сууцыг үнэгүйдүүлж, 43.688.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, иргэн надад хохиролтой. Миний бие 1 хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн бөгөөд Я.Аийн зээлийн төлбөрт ганц орон байраа хураалгаж, өвлийн хүйтэнд орон гэргүй болох дээрээ тулаад байгаад гомдолтой. Иймд Ч.С миний өмчлөлийн орон сууц болох тоотод байрлах 30 мкв талбайтай орон сууцыг 43.688.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01901 дугаар шийдвэрээр Я.А, Ч.С нараас 22.853.574 төгрөгийг гаргуулж “Х х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ч.Сгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тоотод байрлах 30 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр  дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 заасны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авч талуудад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан, мэдэгдлийн хамт танилцуулж гардуулж өгсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Ч.С нь НШШГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэн Ч.С, Я.А нар нь манай банктай 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тоот “Зээлийн гэрээ”, тоот ”Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 23.000.000.00  төгрөгийн зээлийг, жилийн 31.2 хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатай, хялбар зээлийн зориулалтаар авсан. Гэвч зээлдэгч Я.А, Ч.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс манай банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01901 тоот шүүхийн шийдвэрээр Я.А, Ч.С нараас зээлийн төлбөрт 22.582.710.75 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 270.864.00 төгрөг, нийт 22.853.574.75 төгрөгийг гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч Ч.Сийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. НШШГын тойргын шийдвэр гүйцэтгэгч тоотын 30.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж, хураах ажиллагааг тус тус гүйцэтгэсэн. Манай банкны зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн байгууллагын шинжээчээр томилуулах хүсэлт гаргасны дагуу НШШГаас шинжээч томилон үнэлгээг хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч Ч.С нь “...НШШГын 2019.10.11-ний өдрийн 4/21828 дугаартай мэдэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Я.Ааас олж авахад...” гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэвч Ч.С, Я.А нар нь НШШГаас явуулсан ажиллагаа тус бүрт хяналт тавьж оролцсон ба манай банктай удаа дараа уулзаж зээлийн өр төлбөр төлөх хугацаа олгуулахаар уулзаж байсан. Иймд Ч.Сийн нэхэмжлэлтэй НШШГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.С нь НШШГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГ нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ч.С, Я.А нар албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад  харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

НШШГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Я.А, Ч.С нараас 22.582.710 төгрөгийг гаргуулж Ххбанк ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Сийн хөрөнгө болох тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, “Х” ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 43.688.000 төгрөгийн үнэлгээг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч НШШГ нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Ч.С “Х” ХХК нь миний орон сууцыг 43.688.000 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч "Х“ ХХК-иар хийлгэсэн 43.688.000 төгрөгийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.С нь миний өмчлөлийн орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд 30 м.кв талбайтай хамгийн багадаа 1 м.кв 2.000.0000 төгрөг буюу 60.000.000 төгрөг байхад “Х” ХХК-ийн үнэлгээ  бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү НШШГаас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Сйн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн  дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН