Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02167

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02167

 

 

 

Уламжлалт анагаах ухааны элэг

судлалын клиник төв УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтулга

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3128 дугаартай шийдвэрийн дагуу Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ-аас 458 247 213 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоосон ба Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472 958 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 27 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248 458 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248 458 000 төгрөг гэж тус тус үнэлсэн.

Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн квадрат метрийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 000 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын хүчин зүйл, хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломжтой байдал зэргийг харгалзаж үзээгүй, эд хөрөнгийн үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан объект бөгөөд өнөөдрийн байдлаар 18 орчим айл амьдардаг. Бусдад түрээслэх зэргээр ашиг орлого олох, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг харгалзаж үзээгүй, үнийг тодорхойлох итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3128 дугаар шийдвэрээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" УТҮГ-аас 458 247 213 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоол гаргаж хадгалалт, хамгаалалтыг өмчлөгч нарт үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472 958 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 27 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248 458 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248 458 000 төгрөг гэж тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор төлбөрт төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Гэвч өмчлөгч, төлбөр төлөгч нар нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэлгээг гаргаж өгсөн тул хөндлөнгийн шинжээч томилогдон барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Хөрөнгийн шинжээчийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 8 дугаар зүйлд заасны дагуу хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоон харьцуулсны үндсэн дээр үнэлгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломж, байршил зэргийг харгалзаж үзээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эсэхийг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ-аас асуугаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан хүсэлтийг төлбөр төлөгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ-ын зүгээс хүсэлт гаргах эрхийг нь зөрчиж, үнэлгээ хийлгүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг зөрчиж, үнэлгээ хийлгэсэн.

Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах 758мкв талбайтай, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472 958 000 төгрөг үнэлсэн байдаг.

Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах 758мкв талбайтай, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан объект бөгөөд өнөөдрийн байдлаар 18 орчим айл амьдардаг. Бусдад түрээслэх, үйл ажиллагаа явуулах зэргээр ашиг орлого олох боломжтой, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, тухайн байршилд барилга байгууламж барих, шинэчлэн засварлах зэргээр тухайн байршил дахь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг үлэмж нэмэгдүүлэх боломжтой зэрэг байдлыг харгалзаж тооцож үзээгүй, үнийг тодорхойлох итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, хөрөнгийн үнэлгээг хэт багаар тогтоосон байна.

Тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн мкв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 000 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, Зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох Байршлийн итгэлцүүр зэргийг буруу тооцоолсон. Богд хан уул, зайсангийн аманд байршилтай, тусдаа бие даасан объектийн үнийг Нисэхэд байрлах угсармал орон сууцны өрөө байртай харьцуулсан, Био комбинатад байрлах орон сууцны өрөөний үнэтэй харьцуулж үнэ цэнийг тодорхойлсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой алдаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон энэхүү хэргийг шийдвэрлэхтэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөх буюу тодорхой хөрөнгөө барьцаалуулсан хөрөнгийн өмчлөгч иргэд болох Ц.Хажидсүрэн, Ц.Базаргүр, Е.Цэрмаа, Ж.Цэндсүрэн, У.Золзаяа, Ж.Бадамханд нарын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. Энэ нь тус хэрэгт эрх ашиг нь хөндөгдөж зайлшгүй оролцох ёстой иргэд байсан. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхээ зөрчигдөхөөс сэргийлж эдгээр иргэд хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж, хэргийг яаравчлан шийдвэрлэх зорилгоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хуулиар олгосон эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хурал болсон өдөр энэхүү хэрэгт оролцож буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хоцорч ирсэн байхад шүүх хуралдаанд оролцуулалгүй өмгөөлөгчийг байлцуулан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл биечлэн оролцох талаар хүсэлтээ илэрхийлсэн, өмгөөлөгч ч гэсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биечлэн оролцуулах талаар хүсэлтээ илэрхийлсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02726 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03128 дугаар захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эвлэрэн хэлэлцэж 458 247 213 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 51-53/

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны зүйл болох Ц.Хажидсүрэн, Ц.Базаргүр, Ё.Цэрмаа нарын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 29 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууц, Ж.Цэндсүрэн, У.Золзаяа, Ж.Бадамханд нарын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 27 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууц, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 62,64,66,68,70,73/ Дээрх ажиллагаанд талууд маргаангүй. Харин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж маргажээ.

Хариуцагч нь албадан дуудлага худалдаанд барьцааны хөрөнгийг боруулах зорилгоор төлбөр авагч, төлөгч төлөгч болон хөрөнгийн өмчлөгч Ц.Хажидсүрэн, Ц.Базаргүр, Ё.Цэрмаа, Ж.Цэндсүрэн, У.Золзаяа, Ж.Бадамханд нараас үнийн санал авсан байна. Талууд санал тохиролцоогүйн улмаас төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журамд нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч талууд шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг шинжээчийг татгалзан гаргах журам зөрчсөн гэж үзэхгүй.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ жишиг үнэ, өртгийн, орлогын аргыг ашиглан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 29 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууцыг 248 458 000 төгрөг, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 27 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууцыг 248 458 000 төгрөг, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 м.кв талбай бүхий орон сууцыг 472 958 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна. /хх96 дахь тал/ Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв УТҮГ нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Базаргүр, Ё.Цэрмаа, Ж.Цэндсүрэн, Ц.Хажидсүрэн нараас гуравдагч этгээдийн хувиар оролцох хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх137/

Мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуягт мөн сарын 14-ний өдөр мэдэгдсэн болох нь Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудсаар нотлогдож байх тул түүний эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. /хх126/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД