Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00662

 

УАУЭСКТ УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2167 дугаар магадлалтай,

УАУЭСКТ УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УАУЭСКТ УТҮГ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3128 дугаар шийдвэрийн дагуу манайхаас 458.247.213 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоосон ба Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472.958.000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 27 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248.458.000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокийн 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248.458.000 төгрөг гэж тус тус үнэлсэн. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн квадрат метрийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3.000.000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын хүчин зүйл, хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломжтой байдал зэргийг харгалзаж үзээгүй, эд хөрөнгийн үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан объект бөгөөд өнөөдрийн байдлаар 18 орчим айл амьдардаг. Бусдад түрээслэх зэргээр ашиг орлого олох, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг харгалзаж үзээгүй, үнийг тодорхойлох итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Уг үнэлгээний тайланг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор төлбөрт төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Гэвч өмчлөгч, төлбөр төлөгч нар нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэлгээг гаргаж өгсөн тул хөндлөнгийн шинжээч томилогдон барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Хөрөнгийн шинжээчийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 8 дугаар зүйлд заасны дагуу хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоон харьцуулсны үндсэн дээр үнэлгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломж, байршил зэргийг харгалзаж үзээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай УАУЭСКТ УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2167 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч болон энэхүү хэргийг шийдвэрлэхтэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөх буюу тодорхой хөрөнгөө барьцаалуулсан хөрөнгийн өмчлөгч иргэд болох Ц.Хажидсүрэн, Ц.Базаргүр, Ё.Цэрмаа, Ж.Цэндсүрэн, У.Золзаяа, Ж.Бадамханд нарын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. Энэ нь дээрх хөрөнгөө барьцаалуулсан иргэд Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ зөрчигдөхөөс сэргийлж хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахаас, маргааны төрлөөс үл шалтгаалан эрх ашиг нь хөндөгдөж байгаа л бол тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрх олгосон хуулийн зохицуулалт гэж үзэж байна. Дээрх иргэд хуулиар олгосон эрхийнхээ дагуу уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой атал дээрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 38, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Энэхүү хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хөрөнгөө барьцаалуулсан этгээдүүдийг ийнхүү гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчигдөхөөс сэргийлж эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй ноцтой зөрчил буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-д заасан “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.” гэсэн зохицуулалт нь хэдийгээр иператив шинжтэй зохицуулалт биш боловч хууль тогтоогч Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн буюу сөргөөр нөлөөлөх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээлгэн оролцуулах замаар шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг олгосон зохицуулалт гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гомдлоор үүссэн хэргийн хувьд хамааралгүй мэтээр, шүүхээс гарах шийдвэр нь өмчлөгчдийн эрхэд сөргөөр нөлөөлөхгүй гэж тайлбарлаж оролцуулахаас татгалзсан захирамж гаргаж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь гомдлоор үүсэх болон нэхэмжлэлээр үүсэх хэрэг маргааны талаар ялгамжтай байхаар заагаагүй, хууль тогтоогчийн үзэл санаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэр нь аливаа этгээдийн эрх ашгийг хөндөхөөр, улмаар сөргөөр нөлөөлөхөөр байвал хэрэглэгдэх зохицуулалт юм. Анхан шатны шүүх хөрөнгийг нь албадан дуудлага худалдаагаар зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлгээгээр худалдахаар шийдвэрлэсэн маргааныг шийдэх гэж байхад сөргөөр нөлөөлөхгүй, өмчлөгчийн эрх ашгийг хөндөгдөхгүй гэж үзэх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тохиолдол боллоо гэж үзэх үндэстэй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

УАУЭСКТ УТҮГ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Худалдаа хөгжлийн ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн татгалзлыг дэмжиж тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03128 дугаар захирамжаар УАУЭСКТ УТҮГ-аас 458.427.213 төгрөг гаргуулж ХХБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

УАУЭСКТ УТҮГ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч ХХБ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 29 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А байрны 27 тоотод байрлах 135.6 м.кв талбай бүхий орон сууцыг   битүүмжлэн, хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох  ажиллагааг тус тус явуулжээ.

Төлбөр төлөгч УАУЭСКТ УТҮГ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, өмчлөгч тус бүрийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч ХХБ ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнийг тодорхойлох итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч УАУЭСКТ УТҮГ болон өмчлөгч Ц.Хажидсүрэн, Ц.Базаргүр, Ё.Цэрмаа, Ц.Ананд-Очир, Ж.Цэндсүрэн, У.Золзаяа, Ж.Бадамханд нарт үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 4/16149, 4/16150, 4/16151 тоот мэдэгдлийг 07 сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг, шуудангийн баримт зэргээр тогтоогджээ.

Өмчлөгч нарыг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтыг баримталсан нь буруу байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2167 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55 дугаар зүйлийн 55.2.2-т...” гэснийг “...55 дугаар зүйлийн 55.7-д...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.         

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч УАУЭСКТ УТҮГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ