Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/02726

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3128 дугаартай шийдвэрийн дагуу У УТҮГ-аас 458,247,213 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 27 тоот хаягт байрлах, 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоосон ба Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472,958,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 27 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөг гэж тус тус үнэлсэн.

Гэтэл тухай байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн квадрат метрийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3,000,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын хүчин зүйл, хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломжтой байдал зэргийг харгалзаж үзээгүй, эд хөрөнгийн үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан обьект бөгөөд өнөөдрийн байдлаар 18 орчим айл амьдардаг. Бусдад түрээслэх зэргээр ашиг орлого олох, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг харгалзаж үзээгүй, үнийг тодорхойлох итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний өмгөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл бол нэгдүгээрт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх 5 хаягт байрлах, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн хувьд байршлын хүчин зүйлийг харгалзаагүй. Зайсангийн ам бол хотын хамгийн өндөр өртөг бүхий байршил юм. Хоёрдугаарт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэг байрны, ижил хэмжээтэй хоёр байр нь дотоод засал тохижилтын хувьд ялгаатай байхад яг адилхан 248,458,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв. Иймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3128 дугаар шийдвэрээр У УТҮГ-аас 458,247,213 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч У УТҮГ-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 тоотод байрлах, 758 квадрат метр талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 19270546/10 дугаартай хураах тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу гудамж 93 байрны а блок байрны 29 тоот хаягт байрлах, 135,6 квадрат метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19270546/5 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19270546/12 дугаар хураах тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, их тойруу гудамж 93а дугаар байрны 27 тоот хаягт байрлах 135,6 квадрат метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19270546/6 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19270546/13 дугаар хураах тогтоолоор тус тус хурааж хадгалалт, хамгаалалтыг өмчлөгч нарт үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат метр талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472,958,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 27 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөг гэж тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У УТҮГ нь тус банктай 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-КСС2015071006-1 тоот Зээлийн гэрээ болон №БГ-К.СС2015071006-1-1 тоот, №БГ-КСС2015071006-1-3 тоот, №БГ-КСС2015071006-1-2 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/КСС160708035-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээ-г тус тус байгуулан 500,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 1.7%-ийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь №ЗГ-КСС2015071006-1 тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №БГ-КСС2015071006-1-1 тоот, №БГ-КСС2015071006-1-3 тоот, №БГ-КСС2015071006-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-үүдээр иргэн Ц.Х, Ц.Б, Ё.Ц, Ц.А нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А дугаар байрны А блок байрны 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий орон сууцыг, мөн иргэн Ж.Ц, У.З, Ж.Б нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93А дугаар байрны А блокын 27 тоот хаягт байрлах, 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцыг, У УТҮГ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758.0 квадрат метр талбай бүхий орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан.

Зээлдэгч У УТҮГ нь №ЗГ-КСС2015071006-1 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс зээлдэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 458,247,213 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03128 тоот захирамжаар хариуцагч У УТҮГ-аас 458,247,213 төгрөгийг гаргуулан банкинд олгуулах, хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нь 184/ШШ2018/03128 тоот шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр №184/ГХ2019/00162 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Улмаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор төлбөрт төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Гэвч өмчлөгч, төлбөр төлөгч нар нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэлгээг гаргаж өгсөн тул хөндлөнгийн шинжээч томилогдон барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Хөрөнгийн шинжээчийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 8 дугаар зүйлд заасны дагуу хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоон харьцуулсны үндсэн дээр үнэлгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэ цэнэ, ашиг орлого олох боломж, байршил зэргийг харгалзаж үзээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У Улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид УТҮГ гэх) нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн буюу нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийг зэх зээлийн хандлагаар үнэлэхдээ тус дүүргийн Нисэх, 19 дүгээр хороолол, Био комбинатад байрлах гурван үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж байрлалын итгэлцүүрийг эдгээр үл хөдлөх хөрөнгөөс бага оноо өгсөн, хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 2 орон сууц нь хэдийгээр хаяг, хэмжээ нь адил боловч дотоод засал ялгаатай байхад ижил үнэлгээ тогтоосон гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03128 дугаартай шийдвэрээр Х ХХК-ийн нэхэмжлэлтэй У УТҮГ-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 458,247,213 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч У УТҮГ-аас 458,247,213 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206007381 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 27 тоот хаягт байрлах, 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх-6-10/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2019/01471 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ГХ2019/00162 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19270546 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-30-32, 54/

НШШГГ нь төлбөр төлөгчид 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэн, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгийг хураасан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 19270546/5, 19270546/6, 19270546/7, 19270546/10, 19270546/12, 19270546/13 дугаар тогтоолуудаар тогтоогдож байна. /хх-57, 60, 62, 64, 66, 68, 70, 73/

Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах, У УТҮГ-т 4/15454 дугаартай мэдэгдлийг, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93 дугаар байрны А блок, 29 тоот хаягт оршин суух Ц.Х, Ц.Б, Ё.Ц, Ц.А нарт 4/15453 дугаартай мэдэгдлийг, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 93 дугаар байрны А блок, 27 тоот хаягт оршин суух, Ж.Ц, У.З, Ж.Б нарт 4/15452 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байх ба 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлбөр авагчтай зөвшилцөн барьцаа хөрөнгүүдийн үнийг тогтоож шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг, хэрэв тохиролцож чадаагүй бол үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгон, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулах тухай мэдэгджээ. /хх-69, 71, 74/

Үүнтэй холбоотойгоор төлбөр авагч Х ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өмчлөгч нарын зүгээс ирүүлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт давсан үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 5/4198 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг үнэлгээг тогтоолгох зорилгоор хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-83/ Мөн төлбөр төлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр барьцаа хөрөнгүүдэд мэргэжлийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлжээ. /хх-76/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоохоор Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хх-84-86/

Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/55 тоот хөрөнгө үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны эх-5 хаягт байрлах, 758 квадрат талбай бүхий, 2 давхар, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 472,958,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022914 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93А дугаар бүхий барилгын А блокын 27 тоот хаягт байрлах, 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2204022949 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, 93Б байрны 29 тоот хаягт байрлах 135.6 квадрат метр талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,458,000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх-87-97/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4/16148 дугаартай мэдэгдлээр Х ХХК-д, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4/16149 дугаартай мэдэгдлээр У УТҮГ-т, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4/16151 дугаартай мэдэгдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, их тойруу гудамж, 93А блок байрны 29 тоот хаягт оршин суух Ц.Х , Ц.Б , Ё.Ц , Ц.А  нарт, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4/16150 дугаартай мэдэгдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, их тойруу гудамж, 93А блок байрны 27 тоот хаягт оршин суух, Ж.Ц , У.З , Ж.Б  нарт хүргүүлсэн болох нь мэдэгдэл, шуудангийн байгууллагын тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-102-107/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн зүйлийн 55.2.2-т Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн талаар үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Хөрөнгө-эстимэйт ХХК нь үнэлгээг хөрөнгө нэг бүрээр олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зардлын хандлага, суурийн үнийн хандлага зэрэг тохирох аргуудыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийсэн нь үнэлгээ хийсэн тайлан, хариуцагч байгууллагаас хөтөлсөн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай тэмдэглэл, түүнчлэн үнэлгээчин Б.Б-с авсан гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх-80-86/

Нэхэмжлэгч хөрөнгийг хэт багаар үнэлсэн болохыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгчийн гаргаж тавьсан хөрөнгийн байршлын итгэлцүүрийг бага тогтоосон, хөрөнгийн ялгаатай дотоод заслыг харгалзан үзээгүй гэх үндэслэл нь тайлан болон гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч У  УТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай У  УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН