Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01368

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01368

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Гантулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Оюуны зураг ХХК, С.Сэрээнэн, Т.Оюунчимэгт нарт холбогдох

 

Орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гантулгын нэр дээр гаргуулахыг Оюуны зураг ХХК болон хамтран хариуцагч Т.Оюунчимэг нарт даалгах, С.Сэрээнэнгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээ гардаж авсан үйлдэл үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч Т.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Гантулгын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Г.Гантулга нь 2011 онд орон сууц худалдаж авахаар Т.Оюунчимэгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 82 825 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, хэлцэл биелэгдсэн. Хариуцагч Т.Оюунчимэг нь уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч хүлээн авч, өнөөдрийг хүртэл тус орон сууцад амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уг байрны урьдчилгаа төлбөр болох 26 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дагуу хийх боловч 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 54 600 000 төгрөг, нийт 77 400 000 төгрөг өгсөн. Хариуцагч Т.Оюунчимэг нь байрны гэрчилгээ гаргах үүргийг хүлээсэн боловч, үүргээ биелүүлээгүй. Гэтэл С.Сэрээнэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр уг байрыг өөрийн өмчлөл болгон Ү-2206040673 тоот гэрчилгээ авсан байна. С.Сэрээнэн өөрийн өмч болгож гэрчилгээ авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан.

Улмаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Т.Оюунчимэгт холбогдуулж Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Т.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэд хэдэн үйл баримт тогтоосон. Маргаан бүхий орон сууц нь Т.Оюунчимэгийнх биш, хариуцагч Оюуны зураг ХХК-ийн өмчлөлийнх. Г.Гантулгаас шилжүүлсэн 77 400 000 төгрөг нь Оюуны зураг ХХК-ийн дансанд орсон. Оюуны зураг ХХК, Т.Оюунчимэг нь Г.Гантулгыг байрны төлбөрийг төлсөн учраас ордер болон гэрчилгээг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.Сэрээнэн гэдэг хүн уг байрны гэрчилгээг гаргуулан авсан байсан. С.Сэрээнэн гэх хүн тус эд хөрөнгийг хэрхэн олж авсан, маргаж байгаа орон сууцыг Оюуны зураг ХХК барьж, ашиглалтад оруулсан. С.Сэрээнэн нь Оюуны зураг ХХК-ийн захирал. Тэрээр өөрийн давуу эрхийг ашиглаж, өөрийн нэр дээр гэрчилгээг гарган авсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд С.Сэрээнэнгийн нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоот 3 өрөө орон сууцын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, С.Сэрээнэнг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сэрээнэнгийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Гантулга гэдэг хүн маргаан бүхий байрыг худалдаж авахаар Т.Оюунчимэгт 77 400 000 төгрөг өгч залилуулсан. Т.Оюунчимэг нь Н.Болормаа гэдэг хүнд залилуулсан. Дунд нь Б.Хосбаяр, И.Эрдэнэчимэг, С.Амарбаяр гэх 5, 6 хүн дамжсан. 2014 оны 01 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн. Н.Болормаа гэдэг хүн 10 хэдэн хүний байрыг залилсан асуудал цагдаад шалгагддаг. Энэ үед хариуцагч С.Сэрээнэн орон сууцаа суллаж өгөөч гэхэд настай хүн байгаа, баяр ёслол болж байна гээд гардаггүй. С.Сэрээнэнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нь орон сууцны мөнгөө Оюуны зураг ХХК болон С.Сэрээнэнд өгөөгүй, Т.Оюунчимэгт өгсөн. Уг байрыг бид албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад н.Одмөнх хариуцагчаар оролцон нэхэмжлэлийг авч, албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарч, дараа нь шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Оюуны зураг ХХК-ийн данс руу мөнгө ороогүй. Хэрэгт өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтад 5 000 000 төгрөгийг Т.Оюунчимэг, Б.Хосбаяр нийт 19 000 000 төгрөг, Н.Болормаа 5 000 000 төгрөг, Г.Гантулга 61 000 000 төгрөг биш 15 000 000 төгрөг төлсөн баримт нь худлаа. Г.Гантулга Оюуны зураг ХХК-тай гэрээ байгуулаагүй.

С.Сэрээнэн өөрийн өмчлөлийн байрыг зараагүй байхад Т.Оюунчимэг өөрийн байр мэт Г.Гантулгад зарж, Н.Болормаа гэдэг хүн мөн уг байрыг давхар зарсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр талд гэрээг Оюуны зураг ХХК-тай хийгээгүй, Б.Хосбаяр гэрээг авчирч, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Оюуны зураг ХХК-ийн тайлбарт: Батбуянтх ХХК захиалагчаар, Оюуны зураг ХХК гүйцэтгэгчээр оролцож, барилгыг барьж дуусгасан, 13 тоот нь миний өмчлөлийн байр. Нэхэмжлэл гаргасан Г.Гантулгыг би огт хараагүй, танихгүй, мэдэхгүй. Т.Оюунчимэг, Н.Болормаа гэх хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй, танихгүй, гэрээ хийж үзээгүй. Н.Болормаа, Т.Оюунчимэг гэх хүмүүсийг хайгаад олдохгүй, сураггүй хүнийг хайна гэдэг хэцүү, аргаа барж, гэрчилгээгээ гаргаж авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Би сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхээр явж байна гэжээ.

Хариуцагч Т.Оюунчимэгийн тайлбарт: Миний бие 2011 оны 05 дугаар сарын үед нэхэмжлэгчийн ээж И.Эрдэнэчимэгтэй уулзсан. Тухайн үед Н.Болормаа гэгчийн бусдад хямдхан байр авч өгдөг гэсэн үгэнд итгэж И.Эрдэнэчимэгээс 77 400 000 төгрөг авч Н.Болормаад өгсөн. Н.Болормаа нь И.Эрдэнэчимэгийг байранд оруулсан бөгөөд гэрчилгээг нь гаргаж өгнө гээд алга болсон. Би Г.Гантулгаас байр өгнө гэж мөнгө аваагүй бөгөөд түүний ээж И.Эрдэнэчимэг нь Н.Болормаагаас байр авсан. Би нэхэмжлэгчийн өмнө байрны гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны шударга өмчлөгч Г.Гантулга болохыг тогтоож , уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гантулгын нэр дээр гаргуулахыг Оюуны зураг ХХК болон хамтран хариуцагч Т.Оюунчимэг нарт даалгаж С.Сэрээнэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04688 дугаар шүүгчийн захирамжаар Хан-уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас Г.Гантулгыг гаргах, чөлөөлөх ажиллагааг хийхгүй байхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Сэрээнэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: Иргэн С.Сэрээнэн нь орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 хороо, Хавай таун, Туул гол гудамж бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд тэрээр иргэн Г.Гантулга, Т Оюунчимэг, Н.Болормаа, нарын хэнийг нь ч харж байгаагүй атал өмчлөгч бус этгээдүүд болох залилан мэхлэх гэмт хэргээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн таслагдсан Н.Болормаа мөн дээрх залилан мэхлэх гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан Т.Оюунчимэг нар нь иргэн С.Сэрээнэнгийн өмчийн орон сууцыг өөрийн мэтээр иргэн Г.Гантулгад худалдсан асуудал яригддаг. Тодруулбал иргэн Г Гантулга нь орон сууц худалдан авахаар орон сууцны урьдчилгаа мөнгөө иргэн Т.Оюунчимэгт, Т.Оюунчимэг нь Н.Болормаад, Н.Болормаа нь С.Амарбаярт өгсөн гэдэг. Цаашлаад н.Хосбаяр. И.Эрдэнэчимэг гэх олон хүмүүс байдаг. С.Сэрээнэнгийн хувийн данс руу дээрх хүмүүсийн алинаас нь ч мөнгө ороогүй, хэрэгт гагцхүү С.Сэрээнэнгийн дүү С.Амарбаяр гэх залуу 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөг авсан гэж СБД-ийн Цагдаагийн хэлтэст мэдүүлсэн, мөн С.Сэрээнэнгийн компанид 20 гаран сая төгрөг орсон баримт хэрэгт авагдсан хэдий ч шүүх хуралд С.Амарбаярыг гэрчээр асуулгаагүй, түүнчлэн С.Сэрээнэнгийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. С.Сэрээнэнгийн дүү С.Амарбаяр нь тухайн үед С.Сэрээнэнгийн компанид ажилладаг байсан тул тамга ашиглаж бэлэн мөнгөний орлогын баримт дээр тамга дарсан, мөн Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгээс нь харахад маргаан бүхии орон сууцны хөлс гэж 44 000 000 төгрөгийг хувьдаа авсан байж болзошгүй.

Нэхэмжлэгчийн "Оюуны зураг" ХХК-тай хийсэн орон сууцны захиалгын гэрээнд болон санхүүгийн баримтад зурагдсан гарын үсэг С.Сэрээнэнгийн гарын үсэг биш талаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Оюуны зураг ХХК болон иргэн С.Сэрээнэн, Т.Оюунчимэг нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гантулгын нэр дээр гаргуулахыг Оюуны зураг ХХК болон хамтран хариуцагч Т.Оюунчимэг нарт даалгах, С.Сэрээнэнгийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Оюуны зураг ХХК захиалан бариулж, улсын комисс хүлээн авсан нь тус компанийн нэр дээр олгогдсон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1-р хх 226-231/

Тэрээр уг орон сууцыг худалдан борлуулахаар Оюуны зураг ХХК 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Хосбаяртай, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Болормаатай тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэргийн 2 дугаар хавтасны 17-23 дугаар талд авагдсан байх бөгөөд Н.Болормаа нь гэрээний зүйлийг хямд үнээр худалдана гэсний дагуу хариуцагч Т.Оюунчимэг нэхэмжлэгч Г.Гантулгын ээж И.Эрдэнэчимэгээс 77 400 000 төгрөг авч Н.Болормаад, Н.Болормаа цааш нь Оюуны зураг ХХК-д дамжуулсан өгсөн, уг орон сууцанд нэхэмжлэгч одоог хүртэл ашиглалтын зардал төлж амьдарч байгаа нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт, гэрч С.Амарбаяр, Н.Болормаа нарын мэдүүлгээр нотлогдсон.

Хэдийгээр нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Оюуны зураг ХХК болон гэрч Н.Болормаатай бичгээр гэрээ байгуулаагүй боловч хариуцагч Оюуны зураг ХХК орон сууцыг худалдахаар Н.Болормаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Н.Болормаа цааш нь нэхэмжлэгчид гэрээг шилжүүлэн гэрээний зүйлийн үнээс 77 400 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд хэлцэл хийгдсэн, талуудын хэн алинд нь үүрэг үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууц бодитоор байх ба худалдан авсан барааны үнийг бүрэн гүйцэт төлөх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүлээнэ. Шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.Гантулгад, орон сууцны үнийг бүрэн төлсний дараа өмчлөгчөөр тогтоож, холбогдох бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах талаар шаардах эрх үүснэ.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Оюуны зураг ХХК болон Т.Оюунчимэгт холбогдох Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Шүүх хариуцагч С.Сэрээнэнд холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 121-136 дугаар талд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хариуцагч С.Сэрэнээнд хэрхэн шилжсэн талаарх баримтууд авагдсан байх ба шүүхээс уг үйл баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дшээгр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт хийжээ.

Хариуцагч Оюуны зураг ХХК-ийн захиалгаар орон сууц баригдсан байхад хариуцагч С.Сэрээнэн Батбуянт-Эх ХХК-ийн он сар өдөр, гэрээний үнийн засвартай бичиг баримтыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх ба эдгээр баримтууд нь хариуцагчийн тайлбарыг эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантулгыг Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Оюуны зураг ХХК, Т.Оюунчимэгт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Сэрээнэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ