Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01310

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01310

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Солонголиш ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 878 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Батжаргал нь үйлдвэрлэл худалдааны Солонголиш ХХК-ийн захирал Б.Нямсүрэнтэй тохиролцож Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг Солонголиш ХХК захиалагчтай гэрээлж авсан бөгөөд улмаар миний бие уг ажлыг хийхээр болж тус эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хугацаанд нь бүрэн дүүрэн, хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Харин энэхүү ажлын нийт зардал 8 000 000 орчим төгрөгийг захиалагч байгууллагаас Солонголиш ХХК-ийн захирал Б.Нямсүрэн авсан бөгөөд үүнээсээ надад 5 000 000 гаруй төгрөг өгч үлдэгдэл 2 878 000 төгрөгийг өгөөгүй. Солонголиш ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2 878 000 төгрөг төлөх тухай баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй. Иймд Солонголиш ХХК-аас 2 878 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Солонголиш ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Батжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181\ШШ2017\02254 тоот шүүхийн шийдвэрээр уг асуудпыг шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон байхад дахин дахин шүүхэд хандаад байх үндэсгүй. Б.Нямсүрэн миний бие нь Солонголиш ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч одоогийн байдлаар үйлдвэрлэл 2015 оноос хойш зогссон. Ч.Батжаргал бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй, мөнгө төгрөг өгсөн, авсан ямар ч баримт байхгүй. Ч.Батжаргал нь 2 878 000 төгрөг өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч компанийн захиралд үзүүлнэ гээд гуйгаад байсан юм. Ингээд энэ бичгийг хийж өгсөн дараа нь ингэнэ гэж бодоогүй миний удирдлаган дор олон удаа ажиллаж байсан хүн юм. Иймээс энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх зааснаар хариуцагч Солонголиш ХХК-аас 2 878 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Солонголиш ХХК-аас 61 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хүний компанид ажиллаж байгаад идэж уусан асуудалд ороод байна, та 2 878 000 төгрөг өгөх үнэн гэсэн баталгаа бичиж өгөөч өртэй, Макс группын захиралдаа үзүүлнэ гээд гуйгаад байхаар Солонголиш ХХК-ийн захирал Б.Нямсүрэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 36/2015 дугаартай албан бичиг хийж өгсөн байдаг. Уг албан бичгийг нотлох баримт болгож байгаад гомдолтой байна. Ч.Батжаргалыг таньдаг, тусалж дэмждэг болохоор албан бичиг хийж өгсөн. Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлэгт вакум цонх хийлгэх ажлын санал ирэхэд нэхэмжлэгч болох Ч.Батжаргалаар хийлгэж төлбөр тооцоог дуусгасанн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, ажлын хөлс тохирсон, үр дүнг хүлээн авсан, хөлс төлсөн баримтгүй байхад шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн. Хэрэгт мөнгө өгсөн, авсан, шилжүүлсэн баримт байхгүй. Хариуцагчийн дансаас ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг орж ирсэн, уг мөнгийг зарлага болгож шилжүүлсэн, бэлнээр авсан байдал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь хариуцагч Солонголиш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 878 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Солонголиш ХХК нь 2015 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлэгт вакум хаалт хийх ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай гэрээ байгуулсан боловч уг ажлыг нэхэмжлэгчээр хийж гүйцэтгүүлэн ажлыг нь хүлээн авч, 5 000 000 төгрөгийн хөлс төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг оролцуулж болно гэж заасан бөгөөд шүүх талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Хэрэгт нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал ...5 000 000 төгрөгийн ажил байсан дээр нь хаалтын ажил нэмэгдээд 7 878 000 төгрөг болсон гэсэн тайлбар өгсөн тэмдэглэл, мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...Ч.Батжаргалд миний бие нь цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2 878 000 төгрөг төлөх нь үнэн болно. Төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна гэсэн төлбөр төлөх тухай албан бичиг зэрэг баримтууд авагдсан байх ба шүүх дээрх баримтуудад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь төлбөр төлөх тухай гэх баримтыг нэхэмжлэгчийн гуйлтаар үйлдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ