Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 784

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.878.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяанар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б  нь Үйлдвэрлэл худалдааны “С ” ХХК-ийн захирал Б.Нямсүрэнтэй тохиролцож Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг “С ” ХХК захиалагчтай гэрээлж авсан бөгөөд улмаар миний бие уг ажлыг хийхээр болж тус эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хугацаанд нь бүрэн дүүрэн, хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн.

Харин энэхүү ажлын нийт зардал 8 сая орчим төгрөгийг захиалагч байгууллагаас “С ” ХХК-н захирал Б.Нямсүрэн нь бүрэн авсан бөгөөд үүнээсээ надад 5 сая гаруйг өгч үлдэгдэл болох 2.878.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа болно.

“С ” ХХК нь өөрийн компанийн албан бланк дээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2.878.000 төгрөг төлөх нь үнэн болно. Төлбөрийг энэ онд багтаан барагдуулна” гэсэн баталгаа гаргаж өгсөн. Гэтэл үүнээсээ хойш заасан хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө төлөхийг шаардах бүрт цаанаас мөнгө ороогүй төсвийн мөнгө болохоор оролгүй удаад байна гэдэг байсан боловч би захиалагч талаас мөнгөө бүрэн авсан болохыг нь мэдсэн бөгөөд 2017 оны 06-р сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу болсон шүүх хуралдаанд гэрч Болд болон хариуцагч Б.Нямсүрэн нарын мэдүүлгээр тухайн мөнгийг бүрэн авч “өр зээлээ дарсан” болох нь тогтоогдсон.

Энэхүү ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар 2017 оны 6 сард “С ” ХХК-ийн захирал Б.Нямсүрэнгийн оршин суугаа хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба шүүх Батжаргал нь Б.Нямсүрэнтэй бус “С ” ХХК-тай эрх зүйн харилцаа үүссэн хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд С  ХХК-иас 2.878.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ Нэхэмжлэгч Ч.Б ын нэхэмжлэлийн шаардлагад доорхи тайлбарыг бичиж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ч.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 181\ШШ2017\02254 тоот шүүхийн шийдвэр гарч уг асуудпыг шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон байхад дахин дахин шүүхэд хандаад байх үндэсгүй билээ.

Б.Нямсүрэн миний бие нь С  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч одоогийн байдлаар үйлдвэрлэл 2015 оноос хойш зогссон байгаа билээ. Ч.Б  бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй, мөнгө төгрөг өгсөн , авсан ямар ч баримт байхгүй билээ. Ч.Б  нь хүний компанинд ажиллаж байхдаа идэж, уусан асуудалд ороод байна та 2.878.000 төгрөг өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч компанийм захиралд үзүүлнэ гээд гуйгаад байсан юм.

Ингээд энэ бичгийг хийж өгсөн дараа нь ингэнэ гэж бодоогүй миний удирдлаган дор олон удаа ажиллаж байсан хүн юм. Иймээс энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингуй болгож өгнө үү”  гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч С  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.878.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Б.Нямсүрэн гэж хувь хүний хийсэн албан бичиг тул компани хариуцлага хүлээхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлэгт вакум хаалт хийхээр тохиролцож,  талууд гэрээний урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан “...Ч.Б д миний бие нь цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2.878.000 төгрөг төлөх нь үнэн болно. Төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна” гэх баримтад дурдсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж шаардсан бол, хариуцагч нь Б.Нямсүрэн нь хувиараа үйлдсэн баримт гэж маргасан.

 

Талууд бичгээр гүйцэтгэх ажил, түүний төлбөрийг тохиролцоогүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Б.Нямсүрэнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.878.000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2254 дүгээр шийдвэрээр “...хувьцаа эзэмшигч Б.Нямсүрэн С  ХХК-ийн төблөрийг иргэний хувьд хариуцах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, Б.Нямсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С  ХХК нь Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлэгт вакум хаалт хийх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар туслан гүйцэтгэгчээр Ч.Б ыг ажиллуулсан бөгөөд хариуцагч нь ажлын үр дүнгийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “Эхлээд 5.000.000 төгрөгийн ажил байсан дээр нь хаалтын ажил нэмэгдээд 7.878.000 төгрөг болсон., ...хариуцагч Б.Нямсүрэн нь хариуцагч хуулийн этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч С  ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 36/2015 дугаар албан бичгээр “...Ч.Б д миний бие нь цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2.878.000 төгрөг төлөх нь үнэн болно. Төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна” гэж төлбөрийн үлдэгдлийн баталгаа гаргасан бөгөөд хариуцагч нь уг бариммыг нэхэмжлэгчийн хүсэлтээр үйлдсэн гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч С  ХХК-иас 2.878.000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч С  ХХК-иас 2.878.000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С  ХХК-иас 61.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР