Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01739

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1310 дугаар магадлалтай,

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

С ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.878.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...С ХХК-ийн захирал Б.Нямсүрэнтэй тохиролцож Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг С ХХК захиалагчтай гэрээлж авсан бөгөөд улмаар миний бие уг ажлыг хийхээр болж тус эмнэлгийн вакум хаалт хийх ажлыг хугацаанд нь бүрэн дүүрэн, хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Харин энэхүү ажлын нийт зардал 8.000.000 орчим төгрөгийг захиалагч байгууллагаас С ХХК-ийн захирал Б.Нямсүрэн авсан бөгөөд үүнээсээ надад 5.000.000 гаруй төгрөг өгч үлдэгдэл 2.878.000 төгрөгийг өгөөгүй. С ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2.878.000 төгрөг төлөх тухай баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй. Иймд С ХХК-аас 2.878.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181\ШШ2017\02254 дугаар шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон байхад дахин шүүхэд хандах үндэслэлгүй. Б.Нямсүрэн нь С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч одоогийн байдлаар үйлдвэрлэл 2015 оноос хойш зогссон. Ч.Б бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй, мөнгө төгрөг өгсөн, авсан ямар ч баримт байхгүй. Ч.Б нь 2.878.000 төгрөг өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч компанийн захиралд үзүүлнэ гээд гуйгаад байсан болохоор хийж өгсөн дараа нь ингэнэ гэж бодоогүй миний удирдлаган дор олон удаа ажиллаж байсан хүн юм. Иймээс энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх зааснаар хариуцагч С ХХК-аас 2.878.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-аас 61.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1310 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ч.Б нь хүний компанинд ажиллаж байгаад идэж уусан асуудалд ороод байна та 2.878.000 төгрөг өгөх үнэн гэсэн баталгаа бичиж өгөөч өртэй Мах группын захиралдаа үзүүлнэ гээд гуйгаад байхаар нь 2015 ны 8 сарын 11-ний өдөр 36/2015 дугаартай албан бичиг хийж өгсөн. Уг албан бичгийг нотлох баримт болгож Ч.Б нь мөнгө нэхэмжлэн удаа дараа шүүхэд хандаж өөрийнхөө талд шүүхийн шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. С ХХК-ны захирал Б.Нямсүрэн нь Ч.Быг 2010 оноос хойш таньдаг туслаж дэмждэг, итгэдэг болохоор л дүүдээ итгэж албан бичиг хийж өгсөн. Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч С ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс тохирсон, үр дүнг хүлээн авсан, хөлс төлсөн баримт байхгүй байхад шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэлт хийсэн. Хэрэгт мөнгө өгсөн, авсан шилжүүлсэн тухай баримт байхгүй. Хариуцагч С ХХК-ийн харилцах дансуудаас ажлын хөлсөнд 8.000.000 төгрөг орж ирсэн, уг мөнгийг зарлага болгож шилжүүлсэн, бэлнээр авсан нь харагдахгүй байгаа. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С ХХК-с ажлын хөлсийн үлдэгдэл 2.878.000 төгрөг гаргуулах Ч.Бын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, 5.000.000 төгрөг ажлын хөлсөнд өгсөн гэх баримт хэрэгт байхгүй, ...мөнгө төлөх баталгааг өөр зорилготой бичүүлж авсныг шүүх үнэлснийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Ч.Б нь С ХХК-ийн захиалгаар Архангай аймгийн Батцэнгэл сумын өрхийн эмнэлэгт вакум хаалт хийж, ажлын хөлсөнд 8.000.000 төгрөг авахаар тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатайг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Ч.Б гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг хүлээн авсан нь нотлогдсон байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл болгож, С ХХК-ийн захирал Б.Нямсүрэнгийн гарын үсэг бүхий 2015.08.11-ний өдрийн “...цонх хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 2.878.000 төгрөг төлөх нь үнэн болно. Төлбөрийг энэ онд багтаан барагдуулна” гэсэн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02254 дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргасныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Өмнө нь Ч.Б ажлын хөлсний үлдэгдэл 2.878.000 төгрөгийг Б.Нямсүрэнгээс  нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо “...Ч.Б нь ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулсан тул Б.Нямсүрэнгээс ажлын хөлс шаардах эрхгүй” гэсэн дүгнэлт хийсэн ба уг шийдвэрт тусгагдсан хариуцагч Б.Нямсүрэнгийн тайлбараас үзвэл  тэрээр компанийг төлөөлж Ч.Баар ажил гүйцэтгүүлэх захиалга өгч, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг өгсөн, үлдэх мөнгийг өгч чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00784 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1310 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ