Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01283

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01283

 

 

Ц.Намуун-Ундрахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Намуун-Ундрахын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4/31262 анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн авч эс зөвшөөрөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, гэвч дээрх гомдлын хариуг өгөөгүй. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Ц.Намуун-Ундрах нь Ашид билгүүн ХХК-аар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 дүгээр байрны 63 тоотод байршилтай 77 м.кв талбайтай орон сууцыг үнэлүүлэхэд 164 434 970 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16 м.кв талбайтай орон сууцыг 143 202 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин нь дээрх орон сууцыг 178 417 000 төгрөгөөр хэт өндөр үнэлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16 м.кв талбайтай орон сууцыг Ашид билгүүн ХХК нь 143 202 600 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин 95 220 000 төгрөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Намуун-Ундрахаас 183 723 222 төгрөг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Намуун-Ундрахад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Намуун-Ундрахын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Намуун-Ундрахын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол гарч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Намуун-Ундрах нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Намуун-Ундрахаас 185 700 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543 225 төгрөгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үнэлснийг эс зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан ба гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөхгүй удаа дараа шаардуулж байж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн. Гэтэл шүүх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу. Мөн нэхэмжлэгч нь маргаж буй 2 орон сууцыг Ашид билгүүн ХХК-аас үнэлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэж байгаа нь үндэсэлэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төлбөр төлөгч Ц.Намуун-Ундрах нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай захирамжаар нийт 186 243 225 төгрөг Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17280868/03 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17280868/04 дугаартай тогтоолоор хураажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгтэй шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа нийцсэн.

Талуудын хүсэлтээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоолгохоор хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсноор шинжээч нь 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 95 220 000 төгрөг, 77 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Хариуцагч тал шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан таниулсан байх ба, шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, талуудаас үнэлгээнд гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналыг гаргаж болохыг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгтэй нийцсэн, төлбөр төлөгчид мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад санал гаргах эрхийг эдлэх боломж олгосон байна. /хх 62-63, 89-90/

 

Төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх ба энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд уг хугацааны дотор төлбөр төлөгч гомдлоо шүүхэд гаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь уг хугацааг хэтрүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ