Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00585

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00585

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ц.Н-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:НШШГГ холбогдох

            үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ахариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4/31262 анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн авч эс зөвшөөрөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, гэвч дээрх гомдлын хариуг өгөөгүй.

Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Ц.Н нь Ашид билгүүн ХХК-иар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 дүгээр байрны 63 тоотод байршилтай 77 м.кв талбайтай орон сууцыг үнэлүүлэхэд 164.434.970 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16 м.кв талбайтай орон сууцыг 143.202.600 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин нь дээрх орон сууцыг 178.417.000 төгрөгөөр үнэлсэн нь хэт өндөр үнэлсэн. Миний орон сууц 164.434.970 төгрөгийн үнэтэй байхад 178.417.000 төгрөгөөр хэт өндөр үнээр үнэлсэн тул анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй болно.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16м.кв талбайтай орон сууцыг Ашид билгүүн ХХК нь 143.202.600 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин 95.220.000 төгрөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын ХД 39 дүгээр байрны 63 тоот орон сууцыг 178.417.000 төгрөгөөр үнэлсэн мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот орон сууцыг 95.220.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Наас 183.723.222 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ц.Над шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 27-нд, 2017 оны 9 дүгээр сарын 05-нд, 2017 оны 9 дүгээр сарын 14-нд 2017 оны 10 дугаар сарын 10-нд, 2017 оны 10 дугаар сарын 12-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020360 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн.Төлбөр авагч мөн адил шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн.

Талуудын хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178.417.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95.220.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Нын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн, харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоожээ.

Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол гарч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Ц.Н нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Ч.Намуун-Ундрах нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 185.700.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төграгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай захирамж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 751 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 15-18 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 04, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот мэдэгдлүүдээр ... шүүхийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот мэдэгдлээр Ц.Над мэдэгджээ. /х.х-ийн 19,21,24,28,31-р хуудас/

Мөн тус мэдэгдлээр Ц.Ныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналыг гаргаж болохыг мэдэгдсэн байна.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17280868/03 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17280868/04 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 22,23,25,27,29,32 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Ц.Н дээрх үл хөдлөх хөрөнгийг бие даан үнэлж, зах зээлийн үнийг тогтооход хүндрэлтэй байх тул шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр ирүүлжээ./хх-ийн 33-р хуудас/

Төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК нь шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 358 дугаартай албан бичгийг ирүүлжээ./хх-ийн 34-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай 331 дугаартай тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх-ийн 35-61-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 10,12-ны өдрүүдэд Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 95.220.000 төгрөгийн 70 хувиар тооцон 66.654.000 төгрөгөөр, 178.417.000 төгрөгийн 70 хувиар тооцон 124.891.900 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Ц.Над 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 мэдэгдэлийг мөн өдөрт нь түүнд гардуулан өгсөн байна. /хх-ийн 62,89-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдаа явуулах тухайгаа нийтэд мэдээлнэ гэсний дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Өнөөдөр сонинд энэ тухай нийтэлсэн байна.

Төлбөр төлөгч Ц.Н нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу 21 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 185.700.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төграгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь ...шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хэт өндөр үнээр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Мөн төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч өндөр үнээр үнэлсэн нь түүний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэсгүй юм.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Наас 185.700.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төгрөгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Н-аас 185.700.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543225 төгрөгийн хамт гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО