Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01532

 

Ц.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Н ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ- т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4/31262 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн авч эс зөвшөөрөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, гэвч дээрх гомдлын хариуг өгөөгүй. 

Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Ц.Н  нь “Ашид билгүүн” ХХК-иар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 дүгээр байрны 63 тоотод байршилтай 77 мкв талбайтай орон сууцыг үнэлүүлэхэд 164 434 970 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16 мкв талбайтай орон сууцыг 143 202 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин нь дээрх орон сууцыг 178 417 000 төгрөгөөр хэт өндөр үнэлсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 03 тоотод байрлах 16 мкв талбайтай орон сууцыг “Ашид билгүүн” ХХК нь 143 202 600 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин 95 220 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. 

Иймд дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1200 дугаар захирамжаар Ц.Н аас 183 723 222 төгрөг гаргуулж “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Н ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Н ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. 

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Н ын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол гарч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Н  нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Н аас 185 700 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543 225 төгрөгийн хамт гаргуулж “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 28-нд үнэлснийг эс зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.7-д заасны дагуу гомдол гаргасан ба гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөхгүй удаа дараа шаардуулж байж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “...хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн ба давж заалдах шатны шүүхээс энэ үүргээ хэрэгжүүлээгүй “Нэхэмжлэгчийн маргаж байгаа 2 орон сууцыг “Ашид билгүүн” ХХК үнэлгээний газраар үнэлүүлсэн ба дээрх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэтэл дээрхи баримт байсаар байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотлоогүй хэмээн үзэж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна” гомдолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зохигчийн хооронд үүссэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н  нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч НШШГГ  нь шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1200 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК болон хариуцагч Ц.Н  нарын эвлэрлийг баталсан ба НШШГГ  шүүгчийн захирамжийн дагуу Ц.Н аас 183 723 222 төгрөг гаргуулж, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгох ажиллагаа явуулсан байна.

Хариуцагчийн зүгээс төлбөр төлөгч Ц.Н ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Н ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч НШШГГ  битүүмжлэн, хурааж, үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоот 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч Ц.Н ын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тул эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ бодит бус болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хоёр этгээдийн үнэлгээний зөрүүг  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болгох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт болгож буй “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр Ц.Н ын өмчлөлийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийн нэг нь шинжээчийн дүгнэлтээс доогуур, нэг нь дээгүүр үнэлэгджээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН