Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01225

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906 505 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2010 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Рэйлком төвд мэдээллийн сүлжээний инженерээр ажилласан. Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн цахилгаанаар 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад УБТЗ-аас ой хээрийн түймэрт ажилласан ажилчид, УБТЗ-ын  залуучуудын төв байгууллагын харьяа салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийн уулзалт өдөрлөгийн арга хэмжээнд оролцох үүрэг даалгавар өгөгдсөн. Үүний дагуу төвийн захиралд танилцуулан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 730 тоот албан томилолтын үнэмлэхээр 08 дугаар сарын 25, 26-нд томилолт олгогдсон байдаг. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Рэйлком төвийн захирал Б.Намжилсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн ажилд гараагүй гэж буруутган үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутган 38 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаанд хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд албан томилолттой байх хугацаанд ахлах инженерийн шийдвэрээр сүлжээний инженер Ц.Цэлмэгийг ажиллуулсан байдаг. Иймд Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалыг хүчингүй, болгуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн. Тус тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар холбооны 48В-ын тогтмол тэжээл доголдсоноос үүдэж сүлжээний элемент гэмтэхэд мэдээллийн сүлжээний инженер Д.Түмэндэмбэрэл нь үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж Ээлжийн инженерийн ажил гүйцэтгэх журам-ын 2.3, 2.4, 2.5-ыг хангалтгүй гүйцэтгэж ажлын хариуцлага алдсанаас олон улсын РК-50/14 дугаарт транзит урсгал 1152 минутын туршид тасалдаж байгууллагад 1 500.00 ам.долларын хохирол учирсан тул түүний үндсэн цалинг гурван сарын хугацаагаар хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж заасан. Д.Түмэндэмбэрэл миний бие 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн ээлж хүлээн авахад РК-50/14 дугаарт транзит урсгалд тус өдрийн өглөөний 09:40 цагт гэмтэл гарсан байсан. Тус гэмтэл гарсан талаар Оросын холбооны улсын Трансс-телекомоос и-мэйл ирсэн байсан бөгөөд дамжуулахын инженер н.Зоригт хариу бичсэн байсан. Миний бие тус өдөр 14:00-20:00 цагийн ээлжид ажилласан бөгөөд тус хугацаанд Трансс-Телекомоос и-мэйл ирсэн бөгөөд тус и-мэйлд Сүхбаатар дахь төхөөрөмжийн платаа сольж үзээч гэсэн санал ирсэн талаар тухайн ажил хариуцсан дамжуулахын инженер Ү.Дугармаад мэдэгдсэн. Энэ бүх үйл явц нь ажил хүлээлцэх дэвтрээр нотлогддог. Үүний дараа Ү.Дугармаа инженер дамжуулахын инженер н.Зоригтыг тус өдрийн 20:00 цагийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатарт очиж плат солих талаар үүрэг өгч явуулсан. Дамжуулахын инженер Зоригт нь 10-11 өдрийн шилжих шөнө 05:00 цагт очиж гэмтлийг тэр дор нь зассан байдаг. Энэ үйлдэлд миний биеийг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү тасалдлын талаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхний шуурхай хурлыг 4 ээлжийн инженер, 2 дамжуулах инженер, ахлах инженер, хүний нөөц, дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин хурал хийж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 47 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Сүхбаатар аймагт гарсан гэмтэлд Д.Түмэндэмбэрэл миний бие гэм буруугүй бөгөөд тус гэмтлийн талаар холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн байдаг. Иймд Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг хүчингүй болгох, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өнгө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн тайлбарт: Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Баянбуурал амралтаас ирсэн. Энэ өдрийн орой 20 цагаас ээлжийн ажилдаа гарах ёстой байтал тасалсан бөгөөд ээлжинд гарч чадахгүй болохоо удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ээлжийн ажлаа тасалсан байж 48 цагийн амралтаа эдэлсэн болно. Энэ асуудлыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тогтоож 09 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн түүнд 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд Рейлком төвийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, цалин хөлсний зөрүү 906 505 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлд олгож, 906 505 төгрөгт ногдох хэмжээгээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын  дэвтэрт  нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 26 306 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараагийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж байсан бөгөөд 02 дугаар сарын 27-ны өдөр өмнөх хурал одоо тарж байна, одоо очлоо гэдгээ шүүгчийн туслахад хэлсээр байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулалгүй шүүх хурлыг хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг удаа дараа хойшлуулж байсан бөгөөд талуудыг оролцуулах нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэгжих боломж олгох ёстой байсан. Энэхүү хурлыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг анхаарсангүй.

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 2 дугаар бүлгиин 2.2-т заасны дагуу Цэлмэгийг ажиллуулж буй ажил олгогчийн үйл ажиллагаа билээ. Түүнээс биш нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийг 08 сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 08 сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл ажиллах ээлжээ тасалсан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд ээлжинд гарч чадахгүй болохоо урьдчилан мэдэгдэх үүргээс чөлөөлөхгүй болохыг шүүх анхаарсангүй. Хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан томилолтын хуудсанд 08 дугаар сарын 27-ний өдөр буцаж ирсэн мэтээр хуурамч бичилт хийсэн баримтыг шүүх мөн үнэлсэнгүй. Рэйлком төвийн 2017 оны 09 дүгээр арын 27-ны өдрийн шуурхай хуралд энэ асуудлыг асуусан удирдах бүрэлдэхүүнийг доромжилж буй ажилтан байж болохгүй болохыг шүүх анхаарсангүй. Шүүх шинээр ирсэн гадаад хэл дээрх баримтыг гаргаж өгснөөс хойш танилцуулах, нэмэлт нотлох баримт ирсэнтэй холбогдуулан тайлбар гаргах эрхээр хангаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчээс татгалзсан гэх асуудлыг шийдвэрлээгүй, гэрчээр оролцох ёстой М.Энхзул нь гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэж шүүхийг үл хүндэтгэсэн байхад дуудан ирүүлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

 Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906 505 төгрөг гаргуулж, түүнд ногдох хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талтай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Бизнес үйлчилгээний Рэйлком төвийн мэдээллийн сүлжээний инженерээр ажиллаж байсан бөгөөд ажил олгогч тал 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалын үндэслэлээ хариуцагч үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж нэг өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зарчил гаргасан гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад зохион байгуулагдсан Монголын Залуучуудын өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10:45 минутад явж, 26-ны өдрийн 16:45 цагт ирсэн болох нь Улаанбаатар төмөр замын замын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн цахилгаан, албан томилолтын үнэмлэх, зорчих эрхийн тасалбар зэргээр тогтоогдож байна. /хх 38, 41/ Хэргийн 43 дугаар талд авагдсан Рэйлком төвийн ээлжийн инженерүүдийн 2017 оны 08 дугаар сард ажиллах хуваариас үзвэл нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14:00-20:00 цагт, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 08:00-14:00, 20:00-00:00 цагт, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 00:00-08:00 цагт ажиллах ээлжийн хуваарь баталжээ.

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл хугацаанд албан томилолттой гэх үндэслэлээр тухайн өдрийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин тэрээр 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 00:00-08:00 цаг хүртэл батлагдсан хуваарийн дагуу ажиллаагүй болох нь тогтоогдсон тул хариуцагч тал ажил тасалсан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Улаанбаатар төмар зам нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар холбооны 48В-ын тогтмол тэжээл доголдсоноос үүдэж сүлжээний элемент гэмтэхэд үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж Ээлжийн инженерийн ажил гүйцэтгэх журам-ын 2.3, 2.4, 2.5-ыг хангалтгүй гүйцэтгэж, ажлын хариуцлага алдсанаас олон улсын РК-50/14 дугаарт транзит урсгал 1152 минутын туршид тасалдаж байгууллагад 1 500 ам.долларын хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан зөрчлийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захиргааны хурлаар илрүүлж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн байна.

 

Шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, уг тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болно.

 

Хэргийн 97 дугаар талд авагдсан цалингийн тооцооны карт гэх баримтад хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх боловч уг баримтад заасан цалин хөлс нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилттэй таарч байх тул нэхэмжлэгчийн үндсэн цалинг 844 560 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр суутгасан 506 736 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас цалин хөлсний зөрүү 506 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагч байгууллагын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ