Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01012

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01012

 

 

Бизнес фокус ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, Б.Бадралсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Бикнес фокус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Бизнес фокуc ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №НХААГ-14/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор манай байгууллагыг 54 хоногоор хугацаа хэтрүүлэн ажил гүйцэтгэсэн тул гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүн буюу 1 031 601 532 төгрөгөөс алдангид 27 853 241 төгрөг суутгасан. Иргэний хуулийн дагуу гэрээ дуусгавар болох өдөр ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан гэдгийг тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох ёстой байдаг. Иймд гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний алдангийн талаар зохицуулсан заалт хүчин төгөлдөр бус болохоор байна. Иймд хууль зөрчсөн гэрээний зүйл заалтаар алдангид авсан 27 853 241 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасны дагуу захиалагч этгээд нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар юм. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 тоот захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээ байгуулах, захиалагчийн хяналт тавих эрх, үүргийг хүлээн авсан бөгөөд улмаар гэрээний бүхий л харилцаанд захиалагчийн эрх, үүргийг эдэлж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий харилцаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хоорондох эрх зүйн байдал нь тодорхойгүй, хэдийгээр захиалагчийн хяналт тавих эрхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эдэлж байх хэдий ч гэрээнээс үүдэн гарах хохирол төлбөрийн асуудлыг хэн нь хариуцах нь тодорхойгүй мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь бие даасан байгууллага зэрэг шалтгаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээдүүд гэж үзэж байна. Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот гэрээний гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар дээрх заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайлбарт: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг 1 154 540 350 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч Бизнес фокус ХХК-тай гэрээ байгуулсан. Гэвч гүйцэтгэгч Бизнес фокус ХХК дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Гүйцэтгэгч Бизнес фокус ХХК хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг дахин сунгуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 315 тоот албан бичиг болон шинэчилсэн график ирүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай гэрээг сунгах үндэслэл байхгүй тул гэрээнд зааснаар алданги тооцохоор шийдвэрлэсэн. Мөн Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар батлагдсан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг батлах тухай журмыг үндэслэн гэрээг байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГ Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар захирамжид төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгасан. Гүйцэтгэгч Бизнес фокус ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 364 албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууссан. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 15/253 баталгаажсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тайлбарт: Нэхэмжлэгч Бизнес фокус ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх НХААГ-14/0159 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар тодорхой заасан байна. Гүйцэтгэгч компани болох Бизнес фокус ХХК нь гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн. Тэрхүү хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгах НХААГ-14/0159-01 дугаартай гэрээг байгуулж, ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэж дуусгахаар тогтсон. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг гүйцэтгэгч компани зөвшөөрч гэрээ байгуулсан болно. Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасны дагуу тодотгосон графикаар ажлаа гүйцэтгээгүйгээс дахин гэрээний хугацааг сунгуулахаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр төлөвлөгөөний дагуу ажлаа явуулаагүй нь гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэж үзсэн, мөн шалтгаангүйгээр 21 хоногоос дээш хугацаагаар ажлаа зогсоосон бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлага өгсөн ч гэрээг цуцлахгүйгээр зөвхөн хугацаа хэтэрсэн хоногийн алдангийг тооцохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч Бизнес фокус ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж дууссан, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15/253 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгч Бизнес фокус ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдэгдэж хугацаа хэтэрсэн алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоногийн хугацаанд тооцож, 27 853 241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компанийн захирал М.Оюун-Эрдэнэ гэрээ дүгнэсэн протоколыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Иймд Бизнес фокус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бизнес фокус ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь заалтын дагуу алдангид суутгасан 27 853 241 төгрөгөөс 24 628 118 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 225 123 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  298 000 төгрөг болон 70 200 төгрөгийг  тус тус  улсын  орлогод  хэвээр  үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 351 290 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулаж, нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн 3-д Хөрөнгө оруулалтыг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасан байдаг. Захирамжийн дагуу НХААГ-14/0159 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажилд хяналт тавьж ажилласан ба гэрээт ажил бүрэн хийгдэж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажин гарснаар манай байгууллагын хяналт дуусгавар болсон. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь санхүүжилт олгодог эрх бүхий этгээд биш, харин ажлыг гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг газар юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн Тав-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсөн ба улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдах авах бараа, ажил үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хууль, дүрмээр олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн захирамжид санхүүжүүлэгч хэн болохыг тодорхой заасан, санхүүжүүлэх үүрэг хүлээн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс гэрээний нэг тал болон оролцсон байдаг. Санхүүжүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага /Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/ байхад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар санхүүжүүлэх ёстой гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гзж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Бизнес фокус ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05 хувь) байна гэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Бизнес фокус ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний үнийг 1 154 540 350 төгрөгөөр хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь хуучин барилгыг буулгах ажлыг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгах, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, талууд гэрээний зүйлийг ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэх үүргээ хугацаа хэтрүүлж 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилга угсралтын ажлыг бүрэн дуусгасан байх ба хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах комиссын 15/253 дугаар акт үйлдэж, хүлээн авсан байна. /хх 96-97/

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-ийг гэрээт хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй хугацаа хэтэрсний алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоногоор тооцож, гэрээний нийт үнэ 1 031 601 532 төгрөгөөс алдангид 27 853 241 төгрөг суутгаж, үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 87/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцлийн 26.2-т Хэрэв гүйцэтгэгч байгууламжийг эсвэл түүний бүрэлдэхүүний аль нэг хэсгийг дуусгавар болгох хугацаанд, эсвэл ГЕН-ийн 40 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд багтаан дуусгаагүй бол гүйцэтгэгч гэрээний үнээс, эсвэл тоног төхөөрөмжийн тухайн хэсгийн үнээс ГТН-д тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө гэж, гэрээний тусгай нөхцөлд Алданги ногдуулах дээд хэмжээ: Гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0.05%) байна гэж заажээ.

 

Дээрх заалт нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Бизнес фокус ХХК, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн протоколоор ... хугацаа хэтэрсэн алдангийг тооцож суутган, үлдэгдэл 119 449 018 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хариуцагчийг зөв тодорхойлоогүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь барилгын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй, харин санхүүжилт олгодог эрх бүхий этгээд биш гэх гомдол үндэслэлтэй.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 4.3 дахь хэсэгт зааснаас үзвэл тус газарт нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээг санхүүжүүлэх эрхийг олгоогүй байын зэрэгцээ хэргийн 82 дугаар талд авагдсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захилагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгажээ.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний захиалагч тал хэдий ч уг байгууллагад хуулиар тухайн ажлыг санхүүжүүлэх үүрэг хүлээлгээгүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гэрээний дагуу үндэслэлгүйгээр суутгасан 24 628 118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Бизнес фокус ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заасан алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс гэх хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх заалтын дагуу алдангид суутгасан 27 853 241 төгрөгөөс 24 628 118 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Бизнес фокус ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 225 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 688 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ